| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 319/2025/0123/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/140 |
| Огноо | 2025-06-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/140
2025 06 05 2025/ШЦТ/140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Б.Энхтулга, шүүгдэгч С.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
******* аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулгаас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ******* ургийн овогт *******гийн *******д холбогдох 2436000000148 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 06 дүгээр сарын 05-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1969 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ******* аймгийн Жаргалант сумын ******* багийн 11-19 тоотод оршин суудаг, урьд ******* аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 70 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 60.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан. ******* ургийн овогт *******гийн *******.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Яллагдагч С.******* нь ******* аймгийн Жаргалант сумын ******* багийн 11-19 тоотод байх өөрийн гэртээ 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө 01 цагийн орчим иргэн Н.*******гийн нуруу хэсэгт зэвсгийн чанартай зүйл болох тонгоргоор 1 удаа хатгаж, түүний биед бүсэлхий нурууны зүүн доод хэсгийн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө 01 цагийн орчим ******* аймгийн Жаргалант сумын ******* багийн 11-19 тоотод байх өөрийн гэртээ тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас Н.*******гийн нуруу хэсэгт зэвсгийн чанартай зүйл болох тонгоргоор 1 удаа хатгаж, түүний биед бүсэлхий нурууны зүүн доод хэсгийн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж, хөнгөн хохирол хохирол санаатай учруулсан нь хэрэгт цугларсан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал), хохирогч Н.*******гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-30, 48-49, 103-104 дэх тал), гэрч Б.Сарантуяагийн мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55 дахь тал), ******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Д.Тогтохын 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 431 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 34-36 дахь тал), ******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Н.Еламаны 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 49 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 40-43 дахь тал), ******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Т.Зоригоогийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 64 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 78-81 дэх тал), иргэний нэхэмжлэгч М.*******гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 115-116 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан, талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч С.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч Н.******* мөрдөн шалгах ажиллагааны үед “...Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл нэхэмжлэхгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Надад гомдол санал байхгүй, тухайн үед бид хоёр үл ойлголцлоос болж маргасан...” гэж (хавтаст хэргийн 103 дахь тал) мэдүүлжээ. Хохирогчийн эмчилгээний зардал 31,050 төгрөгийг шүүгдэгч Эрүүл мэндийн даатгалын санд төлж барагдуулсан нь болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт, хүсэлтээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийн энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч С.*******, түүний өмгөөлөгч Н.******* нарын хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг түүнд сануулав.
Энэ хэргийн учир шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч С.*******д сануулсугай.
5. Шүүгдэгч С.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн 2536000000148 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.*******аас гаргуулах хохирол, төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНТӨГС