Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2017/ШЦТ/068

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа,

Улсын яллагч: Э.Гантулга,

Хохирогч *******

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 92 дугаар зүйлийн 92.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,  ******* овогт ******* ******* /*******/

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дутуу төрсөн өөрийн хүү нярай *******гийн биед 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр тарианы 6 ширхэг хугархай зүүг хатгаж оруулан түүнийг алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/      

            ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “…Би 2016 оны 12 дугаар 30-ны өдөр Жаргалант сумаас аймагт ирж Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт ирсэн өдрөө хэвтсэн. 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хөдөө гэрт байхад миний ус гарч аймаг руу сумаас ирсэн. 6 сар гарантай жирэмсэн байсан. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 11 цаг 37 минутанд төрж 1330 грамм хүү төрүүлсэн. Төрөөд хүүхдийн биеийн байдал хүнд байсан ба төрөхөөс өмнө эмч Алтанхуяг, Мөнхжаргал нар нь “ерөнхийдөө 6 сартай дутуу нярай дутуу төрөөд найдвар муу, хүнд шүү, ус нь гараад байгаа болохоор зайлшгүй төрүүлэх шаардлагатай” гэж хэлж байсан. Хүүхэд төрөнгүүт эмч эмчилж инкубаторт байсан. Намайг тухайн өрөөнд орж гарч байхад хүүхэд дутуу төрсөн түүний амьсгалж байгаа нь ч мэдэгдэхгүй хэцүү харагдаж байсан. Сувилагч нараас асуухад “дутуу хүүхэд чинь хэцүү шүү, бид нар хүүхдийн биеийн байдлыг харна, яаж ч магадгүй” гэж хэлж байсан. Би 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өглөө 08 цаг өнгөрөөгөөд орсон юм. Сувилагч нь чи наад хөхөндөө сүү оруулаач гэж загнаж байсан. Миний хөхөнд сүү ороогүй байсан юм. Тухайн үед надад хэцүү юм юм л бодогдож байсан. 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр манай хүүхдийн хамт өөр хоёр хүүхэд инкубаторт байсан ба би 08 цаг гэж ороод тэр хоёр 09 цаг өнгөрөөгөөд гарсан. Би хамт гараад эргэж хүүхэд дээрээ орсон. Намайг эргээд ороход 10 цаг 30 минутын орчим л болж байсан байх. Тэгээд хүүхэд байнга унтаа байдалтай, дутуу төрсөн хүүхэд чинь том болоод ямар нэгэн гажигтай болчих байх гэж бодож байгаад би нэг мэдэхнээ нярайн өрөөний сувилагчийн дугуйтай тэргэнцэр дээрээс тарианы зүү авч үзүүр хэсгийг нь хугалаад хүүхдийн цээжний хэсэгт нь нэгийг, хоолой хэсэгт нь 5-6 ширхэг тарианы зүүний хугалж авсан үзүүрүүдийг хатгаж оруулсан. Яг хаана хаана нь хийснээ тод сайн санахгүй байна. Тэгээд хугарсан зүүнүүдийг би халаатныхаа халаасанд хийсэн байж байгаад хүнгүй байхад хогийн сав руу хийсэн. Гэтэл тэр өдрийн үдээс хойш 16 цаг нилээд өнгөрч байхад хүүхдийн амнаас цус гарч эмч нар эмчилгээ хийсэн. Би эмнэлгээс 06-ны өдөр гарсан.

... 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр би зүүг хийсэн. Өрөөний үүдэнд байсан хогийн саванд хийсэн. Хүүхдэд арай жижигхэн зүүгээр тариа хийж байсан байхаа. Зүүнүүдийг би сувилагчийн тэргэнцэр дээрээс авсан. Тухайн өдөр би уг нь зүүнүүдийг хогийн саванд хийсэн гэж бодож байтал нэг хугархай зүү миний халаасанд үлдсэн байсан ба халаасанд явж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр би хүүхэд дээрээ очсон байж байгаад хүн байхгүй үед нь хогийн сав руу хийчихсэн.

...Миний хүүхэд дутуу төрсөн инкубаторт байж байхыг нь харах хэцүү, миний сэтгэл санаа маш хүнд байсан. Мөн тарианууд хийлгээд байсныг нь харах хэцүү байсан ба ингэж зовж байхаар зовохгүйгээр үхүүлье гэж бодоод зүү хийсэн. Би үүнийг өөрөө бие даан шийдсэн бөгөөд энэ талаар хэнд ч хэлээгүй. 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн орой хүүхдийн амнаас цус гарахад би нөхөртэйгээ ярьсан . Тэгж байхад зүү хийсэн талаараа хэлэх гэсэн боловч хэлж чадаагүй..." гэх мэдүүлэг / хх-ийн 105-108, 111- 115/

Хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт

Би эхнэртэйгээ 2014 онд гэр бүл болж, 2015 онд охин, 2016 онд хүү төрсөн. 2016 оны 12 дугаар сарын сүүлээр намайг хөдөө байхад манай эхнэр дутуу төрөх гээд ус гарчихлаа гэсэн. Би 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр аймагт ирж эмнэлэгт үзүүлчихээд 2017 оны 01 дүгээр сарын 03-ны орой би сумруугаа явсан. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр аймагт ирчихээд буцсан. 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хэрэг болсныг аймгийн цагдаагийн газарт ирж мэдсэн. 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүүхдээ хотруу авч явж эмчилгээ хийлгэсэн. Одоо хүүхдийн биеийн байдал хэвийн бойжиж байгаа гэв.

Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...******* 2016 онд жирэмсэн болсон ба 2016 оны 12 дугаар сарын сүүлээр ус нь гарч дутуу төрөх гээд аймагт 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ирж эмнэлэгт хэвтээд 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дутуу төрсөн байсан. Би төрөх үед нь Баянхонгор аймагт байж байгаад тэр оройноо Жаргалант сум руу буцаад 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ирээд болсон явдлын талаар мэдсэн. ******* надад хэлэхдээ хүүхэд дутуу төрөөд инкубаторт эмчилгээ хийлгээд хэцүү байсан, миний сэтгэл санаа хүнд байсан би 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүүхдийнхээ бие рүү зүүнүүд хугалаад хийчихсэн гээд уйлж хэлсэн. 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн орой над руу миний эхнэр ******* залгаад “хүүхдийн амнаас цус гараад байна” гээд уйлж ярьсан. Хүүхдийг би эмч нарын хамт Баянхонгор аймгаас Улаанбаатар хот руу 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр авч явсан ба очоод Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүргэн тэндээ эмчилгээ хийлгэж хүүхдэд хагалгаа хийхэд хоолой, цээж, хэвлийнээс нь нийт 6 ширхэг хугарсан зүүний урд хэсэг гарч ирсэн. Зүүнүүдийг надад эмч нар нь харуулсан. Одоо хүүхдийн биеийн байдал тогтворжиж сүүндээ орсон байгаа. ******* нь өөрийн хүүхдийг алах, түүний бие рүү зүү хугалж хийсэн талаар огт юм хэлээгүй. 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр л цагдаа дээр ирээд мэдсэн. Жирсэмсэн байхдаа хэвийн надтай урдынх шигээ л харьцаж хэвлийд байгаа хүүхэдтэй хайртай, хүүхдээ гаргаад дөрвүүлээ сайхан амьдрана энэ тэр гээд л зүгээр л байдаг байсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Бага хүүгийн биеийн байдал тогтворжиж сайжирч байгаа ... гэх мэдүүлэг /хх-ийн 32-36, 2-р хх-ийн 163-164 /,

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 ...Манай тасагт 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Жаргалант сумаас ирж хэвтсэн гэх ******* нь 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 11 цаг 37 минутанд дутуу төрж 1330 грамм жинтэй хүү төрүүлсэн. *******гийн нярай дутуу төрсөн ба төрөх тасгийн нярайн эмчилгээний 208 тоот өрөөнд инкубаторт эмчлэгдэж байсан. Эмчлэгч эмчээр ажиллаж байсан. 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн орой би ээлжинд гарах ёстой байсан ба 16 цаг 30 минутанд ээлжээ авах үед *******гийн нярайн амнаас 15 цаг 40 минутанд эхэлж цус гарсан гэж хэлж байсан. Өмнө нь цусыг соруулсан. Тэгээд эмч нар хамтран эмчилгээг хийж эхэлсэн. Нярай анх төрөхдөө 40 долоо хоногтой төрөх байтал 28 долоо хоногтой дутуу төрсөн ба биеийн байдал нь хүнд байсан. 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр би ээлжтэй гарч байхад 12 цаг 45 минутанд халдвар хяналтын бага эмч н.Цэдэвсүрэн орж ирээд *******гийн нярай хэвтэж байсан өрөөний хог хаягдалыг шалгасан. Тухайн өрөөнд хаалганы хажууд хоёр ширхэг хогийн сав байдаг ба тусгай энгийн гэж ангилдаг. Тусгай хогийн саванд хүний биед хүрсэн, шүлс, цусаар бохирлогдсон эмнэлгийн нэг удаагийн хэрэгслүүдийг хаядаг. энгийн хогийн саванд цаас, гар арчсан сальпитка гэх мэт хогийг хаядаг. Мөн сувилагчийн тэргэнцэр дээр аюулгүйн хайрцаг гэж байдаг бөгөөд түүн дээр үзүүртэй зүү, шиприз, тарианы сав гэх мэт зүйлүүдийг хийдэг. н.Цэдэвсүрэн эмчийг шалгахад энгийн хогийн савнаас ямар нэгэн зүйл гарч ирээгүй. Тухайн үед нярайн ээж ******* өрөөнд байсан. н.Цэдэвсүрэн эмчийг гарсны дараа нярайг рентгенд харуулахаар н.Тоджаргал эмч бид хоёр явсан ба ******* мөн явлаа гээд гарсан. Намайг тухайн үед ирэхэд сувилахуйн арга зүйч н.Оюунчимэг ирчихсэн байсан. Энгийн хогийн савнаас зүү гарч ирсэн байна, яагаад хог хольсон бэ гэсэн. би зүү хийгээгүй гэж хэлээд хартал зүү байсан. Оюунчимэг эмчийг гарсны дараа би хогийн савнаас зүүг авч үзтэл урд хэсэг нь хугарсан ногоон өнгийн зүү байсан. Би гайхаад ийм зүү энэ хогийн сав руу хийгээгүй тэглээ ч зүүг аюулгүйн хайрцаганд хийдэг тул өрөөнд эмч, би, ******* бид гурав л орсон... 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Цэдэвсүрэн эмчийг 208 тоот өрөөнөөс гарсны дараа ******* уг өрөөнд ганцаараа үлдсэн 208 тоот өрөө нь үүдэндээ тусдаа өрөөтэй ба би орж гараад үүдний өрөөнд хүүхдийг рентгенд авч явахаар бэлдэж байсан. Тэгж байхад ******* хүүхдийнхээ хажууд өрөөнд байж л байсан... гэх мэдүүлэг/ хх-ийн 40-42 /

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ...2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 11 цаг 37 минутанд ******* нь 28 долоо хоногтойдоо 1330 грамм хүү төрүүлсэн. Нярай дутуу төрсөн учир шууд эрчимт эмчилгээ хийж эхэлсэн. Онош нь амьсгал хямралын хам шинж, 28 долоо хоногтой дутуу нярай гэж оношлогдон эмчлэгдэж байсан. 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 16 цаг 40 минутанд нярайн сувилагч Бямбацэрэн намайг дуудуулж “*******гийн нярайн амнаас цэвэр цус гараад байна” гэхээр нь ортол нилээд их цэвэр цус гарсан байсан ба тухайн үед цус тогтоох эмчилгээ бичиж хийлгэсэн. Тухайн үед ээлж хүлээлцэх цаг болоод би хүүхдийн тасаг руу явсан. 19 цаг 30 минутанд “*******гийн нярайн амнаас дахин цус гарлаа, бөглөрөөд амин үзүүлэлтүүд буураад байна” гэхээр нь би ирэхэд дахин цус гарсан байсан. Тэгээд нярайн ходоодны гуурс хийхээр болж гуурсыг хэмжээд хийтэл гүйцэт орж өгөхгүй байсан ба гадны ямар нэгэн нөлөөгүй бол гуурс орохгүй байна гэдэг нь улаан хоолойн төрөлхийн битүүрэл байна гэж сэжиглээд оношоо батлахын тулд рентегений эмч, мэс заслын эмч Эрчулуун нарыг дуудаж тодосгогчтой рентген харалт хийхэд нярайн цээжний 2, 3 дугаар нугалмаас доош тодосгогч бодис явахгүй саатсан. Угаасаа тодосгогч бодис нь шингэн ба шууд ходоод руу орох ёстой байсан. Тэгээд нярай нь улаан хоолойн төрөлхийн битүүрэлтэй байна гэж үзээд хоолыг нь сойж эмчилгээ хийж эхэлсэн. Улаанбаатар хот Эх хүүхдийн Эрүүл мэндийн үндэсний төвөөс дээрх байдлыг хэлж зөвлөгөө авахад цусыг тогтоо, биеийн байдлыг тогтворжсоны дараа хагалгааны асуудлыг шийднэ гэж зөвлөсөн. 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нярай халуурахаар нь хатгаа аваад хүндэрчихсэн юм болов уу гэж бодоод цээжний рентген зураг авахуулсан ба мөн тодосгогчтой бодис уулгахад шууд ходоод руу орсон. тэгээд зургийг авахуулаад 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр зураг угаагдаж зургийг харахад гадны биет сэжигтэй байна гэж бодсон ба 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр мэс заслын эмч Эрчулууны хамт харахад Эрчулуун эмч “гадны биет байна” гэж хэлсэн ба үүний дагуу цагдаад мэдэгдсэн. 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр рентгенд нярайг харуулчихаад ирэхэд манай тасагт эмнэлэгийн хог хаягдалын ангиллаар шалгалт явж байсан ба халдвар судлаач үзэхэд хогийн саванд зүү байгаагүй, дараа нь сувилахуйн арга зүйч Оюунчимэг хогийн саванд зүү байсан талаар д хэлсэн. Тэгээд нөгөө хогийн савнаас зүүг гаргаж үзэхэд хугархай зүү байсан.. Хүүхэд рүү анх зүү хийгээд түүнээс хойш ямар хугацааны дараа ямар ямар шинж тэмдэг өгөх нь тогтоох боломжгүй. Шинж тэмдэг өгөхгүй байж болно. Хэрэв судас дайрсан бол цус алдах шинж тэмдэг ажиглагдана. Тухайн хүүхэд рүү зүү хийсний улмаас цэвэр цус амаар нь гарах шинж тэмдэг ажиглагдсан. Энэ нь судас дайрсан гэсэн үг. Харин яг ямар хугацааны дараа цус гарч эхлэх вэ гэхээр тухайн хүний өөрийн биеийн онцлог байдал, яг хаана ямар эд эрхтэн дайрсан зэргээс хамаараад цаг хугацаа нь ямар ч байж болно… гэх мэдүүлэг / хх-ийн 43-46, 50-51/

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ...2017 оны 01 дүгээр сарын 05-ны өглөө 08 цаг 30 минутаас 09 цагийн хооронд Баасансүрэн сувилагчаас ээлжийг хүлээж аваад нярайг 09 цагт хооллох үед ******* хажууд байсан. Би 10 цаг 30 минутын орчимд өлгий даавууг угаалгад өгч, урд өдрийн угаалгасан даавууг очиж авдаг ба тэр ажлаар угаалга руу явсан байсан. Тухайн өдрийн 16 цаг 40 минутанд *******гийн нярайн амнаас цэвэр цус гарсан. Эмч ыг дуудаж цус тогтоох эмчилгээг хийсэн. Мөн витамин К хийгээд байж байхад дараагийн жижүүр сувилагч ирж бид хоёр ажил хүлээлцсэн…гэх мэдүүлэг / хх-ийн 43-44 /

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр би ажил дээрээ иртэл *******гийн нярай гэх хүүхэд биедээ 6 ширхэг зүүтэй холбогдох шинжилгээнүүд хийгдсэн байсан. Тухайн үед мэс заслын асуудлыг хариуцаж байсан ба эхлээд үзсэн эмч улаан хоолойн битүүрэл гэсэн онош тавьсан байсан тэр онош үгүйсгэгдэж зүү байна гэж үзээд хагалгаанд оруулах шийдвэр гарч уг нярайд хагалгаа хийж нярайн биеэс 6 ширхэг зүүнүүдийг гаргаж авсан. Нярайн баруун доор хүзүүний урдаас дээшээ чиглэлтэй улаан хоолойн хөндийд үзүүр нь байрласан, улаан хоолой цагаан мөгөөрсөн хоолойн ард, дээд хэсэгт голтоор 2 ширхэг, доод голтод 1 ширхэг, гэдэсний хөндийд 1 ширхэг тус тус 1-3 хэмжээтэй 6 ширхэг тарианы шипризний зүүний урд хэсэг нь байсан. Эмнэлгийн хэллэгээр бол зүүнүүд амь насанд нь аюултайгаар байрласан байсан... гэх мэдүүлэг / 52-53/

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 …2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өглөө 09 цаг өнгөрч байхад *******гийн 88834169 дугаар руу өөрийн дугаараас залгаж ямар хоол авах талаар асуусан. Тэгээд хэсэг хугацааны дараа хоолоо аваад гарч байна гэж ******* руу яриад гэрээс гараад эмнэлгийн гадаа ирээд ******* руу залгах гэхэд миний утасны нэгж дууссан байсан. Би очоод нилээд удаан хүлээсэн ба 10 цаг нилээд өнгөртөл хүлээсэн. Би уг нь гэрээсээ гарахдаа гарч байна гэж ярьсан байсан. Би урд нь хоол цай өгөхөд гарч ирэхдээ зүгээр байдаг шигээ л царайтай гарч ирээд авдаг байсан. Гэтэл тэр 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн өглөөний хоол цайг гарч ирж авахдаа царай нь уйлсан цонхийсон гэмээр царайтай байсан. Би “юу болсон, хүүхэд зүгээр рүү” гэж асуухад “хүүхэд зүгээрээ, зүгээр” гэж хэлээд хоол цайгаа аваад цааш яваад өгсөн. Би өдөр нь 13 цагийн орчимд утсаар мөн ярьсан ба хоол цай аваад эмнэлэг дээр очсон. Би орж хоол цайг нь өгсөн. Ороход өглөөний өгсөн хоолыг идээгүй байсан , “яагаад хоолоо идээгүй юм, эмч чинь загнасан юм уу” гэхэд “үгүй” гэж байсан. Сувилагч нь хөхөндөө сүү оруул гээд загнаад байсан гэж өмнө нь надад ярьж байсан. Тэгээд надтай юм ярихгүй байгаад байсан. Би унд өгчихөөд гэртэй хариад байж байтал *******гийн нөхөр ******* над руу яриад “хүүхдийн амнаас цус гараад байна, та эргээд эмнэлэг дээр очоодох” гэхээр нь би эргэж эмнэлэг дээр 16 цаг өнгөрч байхад очсон. Би эмнэлэг дээр очиход хүүхдийн амнаас цус гарч байна гээд эмч, сувилагч нар эмчилгээ хийж байсан. ******* нь эмнэлгээс 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гарсан… гэх мэдүүлэг / хх-ийн 54-56/

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Манай сувилахуйн алба, чанарын алба, халдвараас сэргийлэх хяналтын гэсэн гурван албанаас 2011 оны 158 тоот Эрүүл мэндийн сайдын тушаалын хэрэгжилт, мөн сайдын 2014 оны 187 тоот тушаалын хэрэгжилтэд дэмжлэг хяналтыг 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрүүдэд хийсэн. 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нэгдсэн төрөх тасагт хяналтыг хийж ажилласан. Халдвараас сэргийлэх хяналтын албаны сувилагч Цэдэвсүрэн 12 цаг 40 минутын орчимд төрөх тасгийн нярайн эмчилгээний өрөөнд орж хогийн ангилан ялгалтыг үзэж шалгахад ямар нэгэн зөрчил илрээгүй байдаг. Би хүүхдээ сургуульд хүргэж өгчихөөд 14 цаг 30 минутанд төрөх тасагт ирж нярайн эмчилгээний өрөөнд ороод хогийн ангилан ялгалтыг хартал ердийн буюу энгийн хогийн савыг гишгэж онгойлтол дотор нь ногоон өнгийн артай тарианы зүү харагдаж байсан. Тэгж байхад тус тасгийн сувилагч нярай тэврээд орж ирсэн ба би түүнд “чи хогоо хольсон байна” гэхэд “би холиогүй” гэхээр нь чи хараа гээд зүүг харуулсан. өдөр эгчийг үзэхэд хогийн саванд зүү байгаагүй зүгээр байсан ямар сонин юм , би зүү хийгээгүй гээд гараараа авах гэхээр нь би зүүг авч болохгүй гэж авахуулаагүй. Тэгээд би тэндээс гарч явсан. Намайг гарч явсны дараа бээлий өмсөөд уг зүүг авч үзэхэд хугарсан зүү гарч ирсэн ба эмч нарыгаа дуудсан гэж дараа нь надад хэлж байсан. Тухайн үед би өөрөө төрөх тасгийг хариуцсан сувилахуйн арга зүйч байсан ба өдөр хүн үзсэн гэсэн боловч шалгамаар санагдаад үзсэн…гэх мэдүүлэг / хх-ийн 60-62/

Гэрч ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 20 цагийн орчимд төрөх тасгийн нярайн эмчилгээний тасгаас дуудахаар очиход *******гийн нярай гэх эрэгтэй хүүхэд цусаар бөөлжсөн, ходоодны зооноз нь орохгүй байна гэсэн зовиуртай байсан. Үзэхэд хүүхдийн биеийн байдал хүндэвтэр уруул ам нь хөхөрсөн, цустай бөөлжсөн байсан. Цээж хэвлийн хэлбэр зөв амьсгал хоёр талдаа жигд оролцож байсан, эмгэг шуугаангүй, хүүхдийн цулцангийн амьсгалтай, хэвлий зөөлөн тайван эмзэглэлгүй, бага зэргийн цардгардуу байсан. Тэгээд эмч нартайгаа ярилцаж байгаад рентгенд тодосгогчтой цээж гэрэлд харахаар болж рентгенд очоод тодосгогч бодис улаан хоолойд байрлуулсан зоонозоор шахаж харахад тодосгогч бодис улаан хоолойн дээд гуравны нэгээс доош явахгүй ходоодонд орохгүй байсан. Тэгээд улаан хоолойн төрөлхийн битүүрэлтэй байна гэж онош тавьсан. Эх нялхасын эмчээс зөвлөгөө авахад тухайн үед амьсгалын дутагдалтай, дутуу төрсөн, жин багатай нярай учир амьсгал зүрх судасыг тогворжуулах эмчилгээ хийсний дараа дараагийн эмчилгээ хийх талаар ярилцъя гэсэн. 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр эмч над руу залгаад рентген зураг авахуулсан чинь нярайн дотор гадны биет байхаар үүсгэвэрүүд байна хамтарч үзъе гэхээр би рентген дээр мэс заслын их эмч Бат-Очир эмчийн хамт очиж үзэхэд *******гийн нярайн хүзүүнд 3 ширхэг, баруун эрүүн дор 1 ширхэг, цээжний хөндийд 1 ширхэг /зүрх орчимд/ 1 ширхэг, хэвлийд 1 ширхэг, хүйсний доогуур 1 ширхэг тус тус гадны биет харагдаж байсан. Би бол зүү байж магадгүй гэж оношилсон. Тухайн зүү мэт зүйл байх газар орчмын гадна хэсэгт нь улаан өнгийн хатгасан гэмээр цэгүүд үүссэн байсан... гэх мэдүүлэг/ хх-ийн 63-65 /

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ...2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр сувилахуйн арга зүйч ийн хамт төрөх эмэгтэйчүүдийн тасагт хог хаягдалын менежментийн үнэлгээ хийхээр шалгалт явуулсан. Тэгээд би нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн нярайн эмчилгээний 208 тоот өрөөнд 12 цаг 45 минутын орчимд ороход өрөөнд сувилагч, эмчилгээтэй нярай байсан. Би ороод хогоо хольсон байна уу гэж энгийн болон тусгай хогийн савнуудыг гишгэж дарж онгойлгож үзэхэд ямар нэгэн хог холилдоогүй хогийн саванд тарианы зүү байгаагүй. Намайг өрөөнд орж үзлэг хийгээд удаагүй байхад цайны 13 цаг болж байсан. Би үзчихээд гараад явсан ба сувилагч завгүй л ажлаа хийгээд гүйгээд байсан. Гэтэл өдөр сувилахуйн арга зүйч нярайн эмчилгээний 208 тоот өрөөнд орж хогийн савнуудыг шалгахад энгийн хогийн саванд тарианы зүү байна гэж байсан. Намайг үзэхэд бол зүү байгаагүй юм. Төрөх тасгийн нярайн эмчилгээний өрөөний хогийн саванд үзлэг шалгалтыг 2017 он гарсаар үзээгүй, шалгаагүй байж байгаад сайдын тушаалын хэрэгжилтийг хангахаар 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шалгаж үзсэн. Хогийн савнуудад ууттай ба ердийн хогийг асрагч гаргаж хаядаг энэ хар өнгийн ууттай байдаг. Хогийн цэг дээр шууд аваачиж хаядаг. Аюулгүйн хайрцагтай хог болон тусгай хогийн саванд шар өнгийн уут байдаг ба түүнийг сувилагч тусгай мэргэжилтэн аваад тасаг дотор байрлах түр хог байршуулах цэгт тавиад түүнийг хог хаягдлын ажилтан аваачиж тусгай хог хадгалдаг цэгт аваачиж хаядаг. Дараа нь шатааж устгадаг. Хогийг хэзээ ч задалж уудалж харж болдоггүй. Уутыг 3 хуваасны 2-ны хэмжээнд хүрэнгүүт хаядаг. Хогийг өдөр болгон хаяж байгаа. Заавал өдрөө гэхгүй ба хэмжээнд хүрэнгүүт хаях ёстой. Өдөрт хэдэн удаа ч хаяж болно. Би ердийн хогийн савыг сайн харсан ба зүү огт байгаагүй. Миний нүдэнд лав харагдаагүй… гэх мэдүүлэг / хх-ийн 66-68 /

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 …2017 оны 01 дүгээр сарын 05-ны орой намайг гэртэй байж байхад эмнэлгээс яаралтай хүнд хүүхэд байна, рентгенд харах хэрэгтэй байна тодосгогчтой харалт хийнэ гэсэн. Над руу ярих үед орой болсон ажлын бус цаг байсан. Би хүнд хүүхэд гэсэн учир 15 минутын дараа ажил дээрээ ирсэн. эмч, нярайн сувилагч болон мэс заслын эмч бид нар нярайд тодосгогч бодис уулган шинжилгээг хийхэд улаан хоолойн дээд гуравны нэг хэсгээс доош явахгүй саатаад байсан. Тэгээд улаан хоолойн битүүрэл байна гэж үзсэн ба 2-3 минутын дараа дахин давтан цээжийг гэрэлд харахад тодосгогч бодис явахгүй саатсан хэвээр байсан. Тэгээд нярайг улаан хоолойн битүүрэл байна гэж оношилсон. Тухайн үед хуучин аппаратаар харалт хийсэн учир зураг хадгалах боломжгүй тухайн үед дижитал аппарат эвдэрсэн байсан. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр эмч над руу яриад “Улаанбаатар хотоос эмч нар дуудах боллоо, тийм учраас хүүхдийн зургийг авч өвчний түүхэнд хавсаргасан байх ёстой” гэсэн ба би том хүний флюр аппаратан дээр хүүхдийн зургийг авахад тодосгогч бодис улаан хоолойгоор саадгүй доош ходоод руу орсон. Тэгээд рентгенд харж зургийг аваад түүний бие дотор хэвлийд, цээжний доод хэсэг болон цээжний дээд хэсэг, ямар нэгэн зүйл байх шиг байсан. Эмч бид нар зургийг үзээд цээжинд байгаа зүйлийг гуурс, хэвлийд байгаа зүйлийг гадна өлгийн дээр тодосгогч бодис байх шиг байна гэж үзсэн. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр мөн ажил тарсан орой гэртэй байж байхад 20 цагийн орчимд “төрөх тасагт яаралтай ир” гээд дуудахаар нь очиж рөнтгөнд *******гийн нярайн гэх зургийг авч харахад өмнө нь хүүхдийн биед байсан гэмээр зүйлүүдийн хэвлийд өмнө нь байсан нь тэндээ, цээжний дээд болон цээжний доор байгаа хэсгийн байрлал өөрчлөгдсөн байсан. Тэгээд өмнөх болох 2017 оны 01 дүгээр сарын 09- ний өдөр авсан зураг, 2017 оны 01 дүгээр сарын 12-ний өдөр авсан зургийг харьцуулан үзэхэд нярайн биед хэвлийд нэг ширхэг, цээжний дээр хэсэгт 3 ширхэг, цээжний дор хэсэгт нэг ширхэг, эрүүний дор нэг ширхэг гадны биет байна гэж үзсэн. Гэхдээ тухайн үед би эрүүний хэсгийг анзаараагүй ба маргааш өглөө нь би ажил дээрээ ирээд дахин зургийг харахад эрүүнд байсан байна лээ. Гэхдээ энэ талаар би өвчний түүх дээр бичээгүй. Учир нь 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр цагдаагаас нярайн өвчний түүхийг хуулбарлан авч явсан учир нэмж бичихээр болохгүй байх гэж бодоод би бичээгүй юм... 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр, 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр авсан зураг дээр нийт 6 ширхэг гадны биет харагдаж байсан. Байрлал нь бага зэргийн өөрчлөгдсөн учир нь амьд биет хүүхэд хөдөлж байдаг учир мөн хүүхдийн зургийг авч байгаа байрлал өөр байгаа учир гадны биетийн байрлал өөрчлөгдсөн байж болно. Рентген аппарат өөрөө зураг хадгалдаг ба би тэр хадгалсан 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр, 2017 оны 01 дүгээр сарын 12-ний өдрүүдийн зургийг авч ирээд харж байгаад байцаалт өглөө. Тухайн хүүхэд нь өөрийн гэсэн нэр, регистрийн дугаар байхгүй байдаг ээжийнх нь регистр /*******/-аар бичсэн. Сүүлийн авсан рентген зураганд дээр регистрийг буруу бичсэн байсан. Нэг тоо зөрсөн… гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 165-167/,

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 02 сарын 20-ны өдрийн №101 тоот

1.*******гийн биед хүзүү болон хэвлийн хөндий рүү нэвтэрч хатгагдсан эрүүний баруун дор, хүзүүний зүүн хэсэгт, улаан хоолой нэвт хатгагдсан залгиурт, хэвлийд өрц рүү чиглэсэн, бүдүүн гэдэсний урдуурх хэсэгт нийт 6 ширхэг гадны биет орсон гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.9 болон 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэл, эмчилгээний үр дүнгээс хамаарна... гэх дүгнэлт / хх-ийн 79-81/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 сарын 07- ны өдрийн №457 тоот

1. Шинжээч эмч ын гаргасан 2017 оны 02 сарын 20-ны өдрийн 101 тоот дүгнэлттэй санал нэг байна. *******гийн биед учирсан гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай шалгуураар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

2.*******гийн биед хүзүү, цээж, хэвлийд нэвтэрч хатгагдсан шарх, хүзүү, цээж, хэвлий дэх гадны биет бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.9 болон 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэл, эмчилгээний үр дүнгээс хамаарна.

5. *******гийн биеэс 6 ширхэг металл гадны биет авагдсан нь хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн он саргүй Нярайн толгойноос тавхай хүртэлх эгц байрлалын рентген зураг, 2017 оны 01 сарын 16-ны өдрийн мэс заслын тэмдэглэл болон бусад бичиг баримтаар батлагдаж байна... гэх дүгнэлт / 2-р хх-ийн 174-177/,

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц, эмгэг судлалын дүгнэлт

1.******* нь ямар нэгэн сэтгэцийн өвчингүй.

2.Үйлдсэн хэргийн талаар үнэн зөвийг тайлбарлаж мэдүүлэг өгөх чадвартай.. гэх дүгнэлт / хх-ийн 92/

-Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол /хх-ийн 1-2/, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-6 /, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10, 20, /, хураан авах тогтоол, эд зүйлийг хураан авч үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 21-23, 25-27, 28-29, 2-р хх-ийн 159-160/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 26, 37 /, эд хөрөнгө битүүмжилэх тогтоол, тэмдэглэл / хх-ийн 18-19 /, Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 02 сарын 20-ны өдрийн №101 дугаар дүгнэлт /хх-ийн 79-81/, Шүүх сэтгэц, эмгэг судлалын дүгнэлт / хх-ийн 92-93 /, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас /хх-ийн 170-173/, төрсний дараа эхэд үзүүлэх тусламж, үйлчилгээ хяналтын хуудас / хх-ийн 174-181/, төрөлтийн түүх /хх-ийн 182-211/, нярайн хүүхдийг шилжүүлэх дүгнэлт / 2-р хх-ийн 1-143/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 сарын 07- ны өдрийн №457 дугаар дүгнэлт / 2-р хх-ийн 173-176/ шүүгдэгч *******гийн хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Жаргалант сумын 2 дугаар багийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 03 тоот тодорхойлолт /хх-ийн 117/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 116/, шүүгдэгч *******гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 120/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дутуу төрсөн өөрийн хүү нярай *******гийн биед 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр тарианы 6 ширхэг хугархай зүүг хатгаж оруулан түүнийг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх –ийн 105-108, 111-115 /,

хохирогч *******ын ... би 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүүхдийнхээ бие рүү зүүнүүд хугалаад хийчихсэн гээд уйлж,...над руу миний эхнэр ******* залгаад “хүүхдийн амнаас цус гараад байна.. гээд ярьсан... гэх мэдүүлэг / хх –ийн 32-36, 2-р хх-ийн 163-164 /,

 гэрч гийн ... 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн орой би 16 цаг 30 минутанд ээлжээ авах үед *******гийн нярайн амнаас 15 цаг 40 минутанд эхэлж цус гарсан гэж хэлж байсан. Өмнө нь цусыг соруулсан,... тэгээд эмч нар хамтран эмчилгээг хийж эхэлсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 40-42 /,

гэрч ын ... 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр мэс заслын эмч Эрчулууны хамт харахад хүүхдийн биед “гадны биет байна” гэж хэлсэн ба үүний дагуу цагдаад мэдэгдсэн, хүүхэд рүү зүү хийсний улмаас цэвэр цус амаар нь гарах шинж тэмдэг ажиглагдсан... гэх мэдүүлэг / хх-ийн 43-46, 50-51 /,

 гэрч ын ... Тухайн үед мэс заслын асуудлыг хариуцаж байсан ба эхлээд үзсэн эмч улаан хоолойн битүүрэл гэсэн онош тавьсан байсан тэр онош үгүйсгэгдэж зүү байна гэж үзээд хагалгаанд оруулах шийдвэр гарч уг нярайд хагалгаа хийж нярайн биеэс 6 ширхэг зүүнүүдийг гаргаж авсан... гэх мэдүүлэг / хх –ийн 52-53 /,

гэрч ийн ... *******гийн нөхөр ******* над руу яриад хүүхдийн амнаас цус гараад байна, та эргээд эмнэлэг дээр очоодох гэхээр нь очиход хүүхдийн амнаас цус гарч байна гээд эмч, сувилагч нар эмчилгээ хийж байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 54-56 /,

гэрч ы ... 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр эмч над руу залгаад рентген зураг авахуулсан чинь нярайн дотор гадны биет байхаар үүсгэвэрүүд байна хамтарч үзъе гэхээр би рентген дээр мэс заслын их эмч Бат-Очир эмчийн хамт очиж үзэхэд *******гийн нярайн хүзүүнд 3 ширхэг, баруун эрүүн дор 1 ширхэг, цээжний хөндийд 1 ширхэг /зүрх орчимд/ 1 ширхэг, хэвлийд 1 ширхэг, хүйсний доогуур 1 ширхэг тус тус гадны биет харагдаж байсан. Би бол зүү байж магадгүй гэж оношилсон. Тухайн зүү мэт зүйл байх газар орчмын гадна хэсэгт нь улаан өнгийн хатгасан гэмээр цэгүүд үүссэн байсан … гэх мэдүүлэг / хх-ийн 63-65/,

гэрч гийн... сувилахуйн арга зүйч нярайн эмчилгээний 208 тоот өрөөнд орж хогийн савнуудыг шалгахад энгийн хогийн саванд тарианы зүү байна гэж байсан,…би ердийн хогийн савыг сайн харсан намайг үзэхэд бол зүү байгаагүй,…гэх мэдүүлэг / хх-ийн 66-68 /,

гэрч гийн …2017 оны 01 дүгээр сарын 05-ны орой намайг гэртэй байж байхад эмнэлгээс яаралтай хүнд хүүхэд байна, рентгенд харах хэрэгтэй байна тодосгогчтой бодис уулган шинжилгээг хийхэд уулан хоолойн битүүрэл байна гэж үзсэн,..Тухайн үед хуучин аппаратаар харалт хийсэн,…дахин рентген зураг авсан,... зургийг харьцуулан үзэхэд нярайн биед хэвлийд нэг ширхэг, цээжний дээр хэсэгт 3 ширхэг, цээжний дор хэсэгт нэг ширхэг, эрүүний дор нэг ширхэг гадны биет байна гэж үзсэн… гэх мэдүүлэг / хх-ийн 2-р хх-ийн 165-167/ нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 02 сарын 20-ны өдрийн №101 дугаар дүгнэлт /хх-ийн 79-81/, Шүүх сэтгэц, эмгэг судлалын дүгнэлт / хх-ийн 92-93 /, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас /хх-ийн 170-173/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 сарын 07- ны өдрийн №457 дугаар дүгнэлт / 2-р хх-ийн 173-176/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

Иймд Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******г эх нь нярай хүүхдээ алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хэрэгт авагдсан баримтаар хохирогч ******* нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” талаар мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******гаас гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч *******гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хх-ийн 120/ Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул тэдгээрийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн... хүүхдийн эрүүл мэндийн дэвтэрт “ 3-4 сартай хүүхдийн эрүүл мэндийн үзлэгт хүүхдийн өсөлт, жин, урт, өндөр, хөгжилт зэргийг тэмдэглэлд ...хүү *******гийн өсөлт хэвийн, хөгжилт сайн / Z+2/ ... гэсэн бичилттэй ба хүү *******гийн биед учирсан гэмтэл болох гэмт хэргийн улмаас учирсан гэм хор арилсан байна.

Иймд шүүгдэгч *******д ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй, харин шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч ******* нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, 3 нас хүрээгүй хүүхэдтэй болон түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.8, 55.1.9, 55.1.10-д зааснаар тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тодорхой хугацаагаар хойшлуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тарианы зүүний урд хугархай 6 ширхэг, ногоон өнгийн хуванцар артай тарианы зүүний хойд хэсэг 1 ширхэгийг устгаж, *******гийн рентген зураг 3 ширхэгийг хохирогч *******т буцаан олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч .*******гийн эзэмшлийн “...2 тооны адуу...” битүүмжилсэн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч *******д олгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******г эх нь нярай хүүхдээ алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 60 дугаар зүйлийн 60.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 92 дугаар зүйлийн 92.1-т зааснаар шүүгдэгч *******г нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 зааснаар шүүгдэгч *******д нэг жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.3-д зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд ялтан ******* нь гэмт хэрэг шинээр үйлдвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тарианы зүүний урд хугархай 6 ширхэг, ногоон өнгийн хуванцар артай тарианы зүүний хойд хэсэг 1 ширхэгийг устгаж, *******гийн рентген зураг 3 ширхэгийг хохирогч *******т буцаан олгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Шүүгдэгч *******гинй эзэмшлийн “...2 тооны адуу...” битүүмжилсэн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч *******д буцаан олгосугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч *******д урьд гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА