Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2023/0022

 

2022 12 27 128/ШШ2023/0022

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: Б***** ХХК

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч С.Г***** холбогдох зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*****, Ц.Т*****, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Б*****, хариуцагч С.Г*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*****, У.Х*****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч С.Г***** 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 0****** дугаартай шийтгэлийн хуудсаар Б***** ХХК/РД:*****/ нь цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасны дагуу хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

2.Гомдол гаргагч Б***** ХХК гомдлын шаардлагадаа: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0****** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэжээ.

3.Гомдол гаргагч Б***** ХХК гомдлын шаардлагын үндэслэлдээ: Манай Б***** ХХК нь барилгын материалын худалдаа, барилгын засал чимэглэл, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж бөгөөд манай компанид Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0****** дугаартай шийтгэх хуудсаар хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгууль оногдуулсан. Ингэхдээ биднийг 2022 оны 06 дугаар сарын 11-ээс 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэх үндэслэлээр торгууль оногдуулсан. Гэвч хариуцагчаас шийтгэлийн хуудаст баримталсан Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасан хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан зохицуулалтын урьдач нөхцөл нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: гээд 12.1.10 дахь хэсэгт хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх гэсэн нөхцөл бүрдсэн эсэхийг эрх бүхий этгээд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад шалган тогтоох шаардлагатай. Аливаа зөрчилд хохирогчийг тогтоож хохирлыг тооцон гаргадаг, хохирлын тооцоог гаргахдаа хуульд заасан эрх, үүргийнхээ хүрээнд эрх бүхий албан тушаалтан нотлох баримтыг цуглуулж тооцох үүрэгтэй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ гэж заасан. Гэтэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0****** дугаартай шийтгэлийн хуудаст хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх зөрчил болон өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн байдлыг тогтоогоогүй төдийгүй цементийн үнийг зохиомлоор хөөрөгдсөн гэх зөрчил нь хуулийн энэхүү зохицуулалтад хамааралгүй юм. Учир нь манай Б***** ХХК цементийн үйлдвэрлэгч биш бөгөөд зах зээлд давамгай байдал үүсгээгүйн зэрэгцээ мөн бусадтай үгсэн хуйвалдаж үнэ тогтоож картель үүсгэх угаас боломжгүй жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж юм. Манай компани нь цемент хүлээн авах, ачиж буулгах зардал, тээврийн зардал, ажиллах хүч, түлш шатахууны зардал, олох боломжтой ашиг зэргийг тооцон үзсэний үндсэн дээр цементийн үнийг тогтоож борлуулсан нь хэрэглэгчийн эрхийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм. Ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг ингэж төрөөс хүчээр тогтоох гэж оролдох, улмаар ийм зорилгоор хуулийн албадлагын арга хэмжээ авч байгаа нь зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн үндсэн дээр үнэ тогтдог чөлөөт эдийн засгийн зарчимд огт нийцэхгүй.

Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0****** дугаартай шийтгэлийн хуудсыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д захиргааны акт, ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох гэснийг үндэслэн хүчингүй болгож өгнө үү гэжээ.

4. Гомдол гаргагч Б****** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай Б****** ХХК нь барилгын материалын худалдаа, барилгын засал чимэглэл, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж бөгөөд цемент худалдан борлуулахаас гадна бусад төрлийн барилгын материалуудыг өөрсдийн барилгын материалын дэлгүүрээр худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг. Манай компани нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 2*** дугаартай шийтгэх хуудсаар хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгууль оногдуулсан. Ингэхдээ Б***** ХХК-ийг 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэх үндэслэлээр торгууль оногдуулсан. Гэвч хариуцагчаас шийтгэлийн хуудаст баримталсан Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дах хэсэгт заасан хууль ёсны ашиг сонирхолд харшлах эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нөхцөл бүрдсэн эсэхийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хянан тогтоогоогүй. Б***** ХХК-ийн хувьд цемент борлуулсны дүнд хууль бусаар хохирсон хэрэглэгч байхгүй байна. Өөрөөр хэлбэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас биднийг хууль бусаар бусдыг хохироосон гэж үзэж байгаа боловч энэ зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирсон этгээд байхгүй байгаа. Бидний хувьд цемент худалдан борлуулж байгаа этгээдийн хувьд өөрийн хүсэлт зоригоо илэрхийлэн зөвшилцөлд хүрч гэрээ хэлцэл байгуулсан харилцаа үүссэн байгаа. 1 дүгээр хавтаст хэргийн 47 дугаар талд Б****** ХХК-ийн хаан банкны дансны хуулга авагдсан байгаа. Үүнээс үзэхэд 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 9 сая төгрөг цементийн төлбөр орж ирснийг шалган тогтоосон байдаг. Энэ цементийн тухайд бид Д***** аймагт байрлах Э***** компаниас 1 тонныг 390,000 төгрөгөөр худалдан аваад цаашаа 450,000 төгрөгөөр зарж борлуулсан байгаа. Үүнтэй холбоотойгоор хууль бусаар хохироод байгаа гэх Ш***** ХХК-аас хавтаст хэрэгт тодорхойлолт ирүүлсэн байгаа.

Хоёрдугаарт, 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хийсэн хяналт шалгалтын танилцуулгад Б***** ХХК-ийг Цементийн бизнес эрхлэгчдийн холбоо-ны гишүүн бөгөөд бусад бизнес эрхлэгчтэй үгсэн хуйвалдаж үнийн хөөргөдөл үүсгэсэн байх боломжтой гэж тусгасан байдаг. Гэвч бид энэ холбооноос 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өөрсдийн хүсэлтээр гараад гишүүн байхаа больсон. Мөн М***** ХХК, М***** ХХК-аас 2022 оны 6 дугаар сард 494,603 тонн цемент үйлдвэрлэсэн байгаатай харьцуулан үзвэл Б***** ХХК-ийн худалдан авсан 182 тонн цемент нь цементийн зах зээлийн 0,0038 хувийг эзэлж байна. Цементийн бизнес эрхлэгчдийн холбоо-оос хасагдсан нөхцөл байдлыг тодруулалгүй хянан шалгах ажиллаагаа явагдсан байна.

Гуравдугаарт, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 1000 шуудай цементийг М***** ХХК-аас Б***** ХХК худалдан авсан гэж байна. Гэтэл цементийг М***** ХХК-тай манай компани нь хамгийн сүүлд 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр, 4 дүгээр сарын 30-ны өдөр нийт 198 тонн цемент авсан байдаг. Энэ нь цементийг М***** ХХК-аас хавтаст хэрэгт ирүүлсэн баримтаас тодорхой харагддаг. 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Д***** аймгийн С***** сум, *-р баг/Улаанбаатар хотоос 474 км зайд орших/ цементийг М***** ХХК-ийн гэрээт борлуулагч гэх Э***** ХХК-аас 1000 шуудай буюу 50 тонн цемент худалдаж авсан нь вагоноор наашаа ачигдаж ирсэн байдаг. Үүнийг хүлээн авахдаа Улаанбаатар хотод өөрсдийн барилгын материал борлуулдаг саравч түрээсийн зогсоол дээр хүлээн авсан байдаг. Энэ 50 тонн цементийг 1 тонныг нь 390,000 төгрөг буюу нийт 19,500,000 төгрөгөөр худалдан авсан. Энэ баримтыг хавтаст хэрэгт өгсөн байгаа. Э***** ХХК-аас гаргаж өгсөн тодорхойлолтыг мөн хавтаст хэрэгт өгсөн байгаа. Үлдсэн 132 тонн цементийн тухайд Дорноговь аймгийн Даланжаргаланд байрлах М***** ХХК-аас худалдан авсан. М***** ХХК-ийн хувьд 305 км зайтай оршдог. Энэ цементийг автомашинаас эсвэл вагоноор тээвэрлэн авчирсан байдаг. Төмөр замаар ачаа тээвэрлэн авчрахад үйлчилгээний хөлс гэж 8,533,700 төгрөгийг төлсөн байгаа. Мөн автомашинаар тээвэрлэн авчрахад 44,900,000 төгрөг төлсөн баримтуудаа бүгдийг хавтаст хэрэгт гаргаж өгсөн байгаа. Автомашинаар тээвэрлэхэд 1 тонн цементийг 100,000 төгрөгөөр тээвэрлэж байсан. Энэ нь илүү үнэтэй тусч байсан учир нь тухайн үед автомашины түлшний үнэ өссөнөөс тээвэрлэлтийн үнэ өссөн байсан. М***** ХХК-ийн хувьд шуудайны хомсдол үүссэн учир цемент ихээр гарах боломжгүй нөхцөлд байсан. М***** ХХК-аас ирүүлсэн албан бичиг хавтаст хэрэгт авагдсан байгаа. Мөн М***** ХХК-аас цемент авахын тулд жолооч нар 3-4 хоног гадаа оочирлож байж авч байсан. Үүнтэй холбоотойгоор ажиллах хүчний зардал өссөн байгаа. Хавтаст хэрэгт 48,900,000 төгрөгийн баримтыг хавсаргасан нь ачилт хийх зардлыг тусгасан байгаа нь юм. Ийм зардлууд өссөнөөс гадна 6 дугаар сарын Б***** ХХК-ийн аж ахуйн зардлууд мөн гарсан байгаа. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүйгээр зөрчлийн хуудас ногдуулсан байна. Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2022 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 2281 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

5.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т*****шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх Б***** ХХК-ийн цемент борлуулсан баримтыг шүүхэд ирүүлсэн байгаа. Төмөр замын тээвэрлэлтийн үйлчилгээний хөлсөнд 8,533,700 төгрөг, Улаанбаатар төмөр замын саравч түрээсийн төлбөрт 552,000 төгрөг, вагоноос машин руу, авто машинаас саравч болон агуулах руу зөөж буулгах грушикийн зардал 1,774,350 төгрөг, М***** ХХК-ийн Дорноговь аймгийн Даланжаргалан суман дах үйлдвэрээс автомашинаар Улаанбаатар хот хүртэлх цементийн тээвэрлэлтийн төлбөр 48,900,000 төгрөг тус тус зарцуулсан байгаа. Үүнээс гадна 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх Б***** ХХК-аас гаргасан тээврийн бусад аж ахуйн зардлуудын задаргааг шүүхэд баримтаар хүргүүлсэн байгаа. Манай байгууллага нийтдээ 15 ажилтантай үүний 8 ажилтан нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг бөгөөд 8 ажилтны нийгмийн даатгалын шимтгэлд 6 дугаар сард 542,726 төгрөг, 15 ажилтны гарт олгох цалин 30,000,000 төгрөг зарцуулсан. 7 ажилтан гэрээгээр ажилладаг. Мөн харуул хамгаалалтын зардал, өөрсдийн агуулахдаа харуул хамгаалалтын компанитай гэрээ хийн харуул хамгаалалт гаргадаг. 6 дугаар сард 1,716,000 төгрөг төлсөн.Б***** ХХК нь тухайн үед зээлтэй байсан. Репо бизнесийн зээл, Ажлын байр дэмжих зээлтэй бөгөөд тухайлбал, 2022 оны 6 дугаар сард зээлийн эргэн төлөлтөд үндсэн зээл, хүүгийн хамт 12,684,349.37 төгрөгийг тус тус төлсөн байгаа. Мөн 6 дугаар сарын цахилгаан, эрчим хүч, дизель түлш, шатахуун тос масло, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмж, шуудан холбоо, бичиг хэргийн зардал нийтдээ 50,595,433.32 төгрөгийг Б***** ХХК-аас зарцуулсан байна. Бид цемент бараа материал авч буй худалдан авагчдын захиалгын дагуу хот дотор хүргэлт хийж өгдөг ба хүргэлтээр авч буй тохиолдолд байршлаасаа хамааран 13,000-20,000 төгрөг цементийн төлбөр дээр нэмж тооцогддог. Өөрөөр хэлбэл цемент Улаанбаатар хот дотор 1 тонн нь 450,000 төгрөгөөр борлуулсан гүйлгээний хуулга хавтаст хэрэгт авагдсан байх бөгөөд үүний 13,000-20,000 төгрөг нь хүргэлтийн хөлсөнд тооцогдож, худалдан авагчаас хамтад нь шилжүүлсэн гэж ойлгох ёстой юм. Зургаадугаарт, бизнес эрхлэгч бидний хувьд Иргэний хууль болон Компанийн тухай хуульд зааснаар ашгийн төлөө хуулийн этгээд бөгөөд ямар нэгэн ашиггүйгээр бизнесийн үйл ажиллагаа явуулна гэж огт байхгүй. Бид цементийг худалдан борлуулахдаа 3-7 хувийн ашиг нэмдэг. Ашиг нэмдэггүй, ашиг хардаггүй бол бид цементийг Улаанбаатар хотоос 300-400 километрийн цаанаас тээвэрлэж авчрах шаардлага байхгүй. Цементийг Дорноговь аймгаас худалдан аваад эцсийн хэрэглэгчид хүргэхийн тулд бид маш олон төрлийн зардал гаргаж байж хэрэглэгчид хүргэдэг. Хэрэглэгчийг хууль бусаар хохироосон нэг ч үйлдэл байхгүй. Дорноговь аймагт байрлах үйлдвэрээс зөвхөн вагонд ачиж өгдөг. Үүнээс хойших тээврийн зардал, төмөр зам ашигласны төлбөр, тээврийн зардал, саравч түрээсийн зардал, ачилт буулгалтын хөлс, харуул хамгаалалтын зардал, ажилчдын цалин хөлс, аж ахуйн зардлууд гэх мэт бүх зардлуудыг бид гаргаж хэрэглэгчид очих эцсийн үнэ гардаг байгаа. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас бизнес эрхлэгч биднээс энэ олон зардал алхам тутамд гарч байгааг анхаарч үзээгүй торгууль ногдуулсанд бид гомдолтой байна. Ийм нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2022 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 2281 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

6.Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Б***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1992 онд Монгол улс Үндсэн хуулиараа төрийн, нийтийн аливаа өмчийг хүлээн зөвшөөрсөн. Үүнээс өмнө төрийн өмч гэдэг ойлголт байсан. Хуулийн Арван зургадугаар зүйлд хувь хүний ашиг сонирхлын талаар хуульчилсан байдаг. Хувь хүнээрээ эсвэл компани байгуулан ашгийн төлөө үйл ажиллагаа эрхэлж болно. Компанийн үндсэн зорилго бол ашиг олох байдаг. Өнөөдөр манай үйлчлүүлэгч ашгийн төлөө үйл ажиллагаа явуулсныхаа төлөө төрд шийтгүүлчхээд сууж байгаа нөхцөл байдал үүсээд байна. Тиймээс үнэ тогтоох асуудлыг ярих шаардлага гарч байна. Чөлөөт эдийн засгийн онолоор эрэлт нийлүүлэлтийн үндсэн дээр үнэ тогтдог. Чөлөөт өрсөлдөөний үндсэн дээр үнэ тогтдог. Хэзээ ч төрөөс үнэ тогтоосны төлөө шийтгэл өгдөггүй. Дэлхийн зах зээл өөрөө ийм болсон. Дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ гэдэг минут секундээр хэмжигддэг болсон. Манай улс мөн адил чөлөөт зах зээлийн эдийн засагтай. Гэтэл сүүлийн үед төрийг төлөөлж байгаа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар үнэ тогтооход оролцдог болсон байна. Үнэ чөлөөлөх салбарт нийтийн тээвэр, цахилгаан болон дулааны үнэ, зорчигч тээвэр зэрэг байна. Татвар төлөгчдийн мөнгөөр энэ салбарууд чөлөөлөгддөг. Үүнээс бусад бүх салбарууд чөлөөлөгдөөгүй. Татвар болон онцгой албан татвараар зохицуулагддаг. Цементийн салбарт төр оролцох ямар ч хуулийн зохицуулалт байхгүй. Гэтэл харамсалтай манай үйлчлүүлэгчийг 390,000 төгрөгөөр авсан цементээ 450,000 төгрөгөөр зарсан гэдэг үндэслэлээр шийтгэлийн хуудас оногдуулаад байна. Энэ төрөөс чөлөөт зах зээлд оролцож байгаа хэрэг юм. Хуучин төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед үнийг хүчээр барьдаг байсан. Одоо зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш ийм ойлголт байхгүй болсон. Хомсдолоос үүдэж үнэ хөөрөгдсөн гэдэг хар ярианы хэллэгээр яриад байна. Бодит байдал дээр цементийн нийлүүлэлт багассан. Нийлүүлэлт багасахад үнэ өсдөг нь зах зээлийн энгийн л хууль юм. Жишээ татахад хэдэн сарын өмнө төмсний нийлүүлэлт багасаад 400-500 төгрөг байсан төмс 5000 төгрөг хүрч байсан. Үүнээс үзэхэд нийлүүлэлт багасах нөгөө талд тухайн бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг гэдэг энгийн логик байдаг. Ковидын үед өндөг багасаад үнэ өсөж байсан. Эргээд нийлүүлэлт өсөхөд үнэ тогтворждог зах зээлийн хууль байдаг. Хариуцагчийн акт дээр тодорхой байдаг. Уутны нийлүүлэлт багассан тул цементийн хомсдол үүссэн, нийлүүлэлт буурсан гэдгийг өөрсдөө хүлээн зөвшөөрч байгаа. Миний сүүлд авсан статистик мэдээллээр 6 дугаар сард цементийн үнэ тонн нь 410,000 төгрөг байсан. Бид зах зээлийн үнээр зарсан. Ер бол өсгөөд зарсан ч болно. Хэрэв өөрөө зарж чадвал хэдээр ч зарж болно. Гэхдээ үнээ өсгөхөд тухайн бүтээгдэхүүн зарагдахгүй. Өрсөлдөөний зарчмын дагуу хямд үнэтэй бүтээгдэхүүн илүү зарагддаг. Тиймээс байгууллага өөрийн үйл ажиллагааны зардлыг нөхөхийн тулд хямд үнээр зарах хэрэгцээ үүснэ. Зах зээлд эзлэх хувь нь 0,038 хувь гэж хэллээ. Манай үйлчлүүлэгчийн зарсан бүтээгдэхүүн 1 хувь ч хүрэхгүй байна. 44 точик гэж яриад байгаа 15 саравч нь хоорондоо өрсөлдөгч нар учир картель үүсгэх ямар ч боломж байхгүй юм. Эдгээр этгээдүүд үгсэн хуйвалдаад ч зах зээлд үнэ тогтоох боломжгүй. Зах зээлийн үнийг тогтоох давамгай эрхтэй этгээдүүд нь хуулиараа тогтоогдсон байгаа. М***** ХХК, Х***** ХХК, М***** ХХК зэргийг хэлдэг болохоос эдгээр компаниудаас авч борлуулдаг жижиглэнгийн худалдаачдыг хэлэхгүй. Өнөөдөр шийтгэлийн хуудас оногдуулж байгаа нь чөлөөт зах зээлийн эдийн засагт оролцож байна гэж үзэхээр байна. Шийтгэлийн хуудас оногдуулж байгаа нь албадлагын арга хэмжээ авч үнийг барих зорилготой явуулсан арга хэмжээ байна. Дараагийн удаа үнээ тогтоохдоо эдний байгууллагаас асуух шаардлагатай болоод байна. Ийм бүдүүлэг ажиллагаа явагдсан.

Хоёрдугаарт, зардлын асуудал яригдана. Цементийг худалдан авахаас эхлээд вагон, тээвэрлэлтийн зардлаас эхлээд олон төрлийн зардал гардаг. Үүнийг тухайн байгууллага огт шалгаж үзээгүй байна. Манай үйлчлүүлэгч банкнаас зээл авсан байхаас гадна ачилтын зардал, тог цахилгаа, харуул хамгаалалт зэрэг байгаа. Ашигтай ажиллаад байгаа юм уу? алдагдалтай ажиллаад байгаа эсэхийг огт тогтоогоогүй байна. Зардалтай холбоотой баримтуудыг авалгүйгээр акт тавьсан байна. Цемент 9 дүгээр сард 700-800 мянган төгрөг хүрч байсан. Одоо зарим үйлдвэрийн үнэ 460-470 мянган төгрөг байгаа. Гэтэл бид 390,000 төгрөгөөр аваад 450,000 төгрөгөөр зарсан хэргээр торгууль тавиулаад сууж байна. Үнэ тогтооход Засгийн газар зөвхөн бодлогоор оролцдог. 2022 онд үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж байгаа нэрийдлээр Засгийн газраас импортоор оруулж ирж байгаа цементийн татварыг 20 хувь болтол нэмэгдүүлсэн. Хятадаас орж ирэх цементийн хэмжээ багасахаар цементийн хэмжээ багасаад үнэ нэмэгдсэн байгаа. Монголд 4 цементийн үйлдвэр байдгаар нэг нь ажиллахгүй байгаа. 9 сард Х***** ХХК уурын зуух шатсан гээд төлөвлөгөөт засвар хийсэн тул ажиллаагүй. Ингээд М***** ХХК, М***** ХХК 2 үлдсэн. 2 үйлдвэр ажиллахгүй 2 үйлдвэр ажиллаад, импортоор цемент орж ирэхгүй хомсдол үүсээд үнэ нэмэгдсэн. Зах зээл өөрөө эрэлт нийлүүлэлтийн хуулиараа хүссэн хүсээгүй үнэ нэмэгдэнэ гэдгийг харуулж байна. Гэтэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас үнэ хөөргөсөн, хомсдол үүсгэсэн гэж яриад байна. Үнэ хөөргөнө гэдэг нь картель үүсгэдэг давамгай аж ахуйн нэгжүүд хэлэлцэн тохирч, зах зээлд ноёлж байгаа этгээдүүд үнэ тогтоохыг хэлдэг юм. 1 хувь ч эзлэхгүй жижиг худалдаа эрхлэгч нар үнэ хөөргөж чадахгүй, зах зээлд нөлөөлөх ямар ч боломж байхгүй юм.

Зардлын хувьд түрүүн хэлсэнчлэн бид бүх зардлынхаа баримтуудыг гаргаж өгсөн. Шалгалт хийгдсэн. Гэхдээ дутуу хийгдсэн гэж үзэж байгаа. 15 аж ахуйн нэгжээс 6 аж ахуйн нэгжид акт тавьсан. Энэ 6 аж ахуйн нэгжүүд манай компани шиг хүндэтгэн үзэх шалтгаантай, өвчин зовлонтой, хөдөө орон нутагт зорчиж байсан тул холбогдох баримтуудаа гаргаж өгч чадаагүй учир богино хугацаатай, дутуу хийгдсэн шалгалтад хамрагдаж чадаагүй. Үндсэндээ бидний шүүхэд өгдөг шиг баримтуудаа гаргаж өгөөгүй тул акт тавиулаад үлдсэн байгаа. 44 точик буюу галт тэрэгний зогсоол дээр хоорондоо өрсөлддөг аж ахуйн нэгжүүд байгаа юм. Бидний акт тавиулаад байгаа нь 182 тонн буюу 6 чингэлэг цемент юм. Гэтэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын судалгааг харахад М***** ХХК нь 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай газрууд байна. М***** ХХК, М***** ХХК, Х***** ХХК-аас гадна импортоор цемент орж ирдэг. 9 дүгээр сард үнийн өсөлт гарахад Засгийн газар өдөртөө хуралдаад 20 хувийн татвараа хүчингүй болгосон. Хомсдол үүсээд үнэ өсөөд байна гэдгийг мэдэж байгаа учраас ийм шийдвэр гаргасан. Чөлөөт эдийн засагт төрийн оролцоо татварын бодлогоор л оролцох ёстой. Түүнээс албадлагын арга хэмжээ авдаггүй. Гэтэл 9 сард чингэлэг орж ирэхгүй байсан учир оройтсон 11 сард барилга угсралтын ажил зогссон учир үнэ тогтож байна. Одоо зөвхөн дулаанаа авсан барилгын дотоод засалд цемент хэрэглэнэ. Эрэлт багассан учир үнэ буцаад буурч байна. Яг ийм байдлаар зах зээлийн зарчмаар явдаг зүйлд арга хэмжээ аваад байна. Шалгалтыг дутуу хийсэн дээр нэмээд хэлэхэд сонголтгүй байсан талаар ярьж байна. Импортоор орж ирсэн цементийг авч болно, шууд үйлдвэрээс авч болно, гэрээ байгуулсан бетон зуурмагийн компаниас авч болох байсан. Тухайн 44 дүгээр точик Улаанбаатарын төвөөс хамгийн хол байрладаг. Эндээс авч болон 100 айл бусад газруудаас авч болно. Гэхдээ эдгээр нь үнэтэй болно. Учир нь нэмэн өртөг буюу зардлуудаа шингээсэн байгаа. Цементийг хаанаас ч авч болох байхад сонголтгүй, улсын хэмжээнд ганцхан 44 дүгээр точик дээр зардаг юм шиг үндэслэлээр акт тавьсан байна.

Хууль хэрэглээний асуудлыг ярина. Өрсөлдөөний тухай хуульд үнэтэй холбоотой зохицуулалт 3 газар байсан. Тус хуулийн 7.1.2-т бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох буюу давамгай байдалтай том компаниуд буюу М***** ХХК, М***** ХХК, Х***** ХХК-ууд хэлэлцээд хэт өндөр үнэ тогтоохыг хориглосон байгаа. Энэ нь зөв гэж үзэж байна. Учир нь эдгээр том компаниуд үнийг хэт өндөр тогтоож хэрэглэгчдийг хохироож болно. Бидний хувьд энэ ойлголтод хамаарахгүй жижиглэнгийн худалдаа эрхлэгчид юм.

Гуравдугаарт, Өрсөлдөөний тухай хуулийн 11.1-т аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараах гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно гэж заасан байна. М***** ХХК, М***** ХХК, Х***** ХХК-ууд хэлэлцээд үнийг тогтоовол энэ заалтад хамаарна. Энэ тохиолдолд заавал өсөх шаардлагагүй байдаг. Үнийг бууруулж байгаад жижиг аж ахуйн нэгжүүдийг зах зээлээс шахаж гаргаад буцаагаад үнээ өсгөдөг.

Дөрөвдүгээрт, 13.2.4-т дээрхээс бусад тохиолдолд энэхүү харилцааг хэрхэн зохицуулах талаар заасан байна. Төрийн захиргааны байгууллагын хориглох үйл ажиллагаанд бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахад, эсхүл нэг хэмжээнд барихад чиглэсэн үйл ажиллагааг хориглоно гэсэн байна. Хуулиар шууд хориглосноос бусад тохиолдолд төрийн байгууллага өөрөө үнэ тогтоох процесст оролцох, нэг үнэ тогтоох, эсвэл үнийг бууруулахад чиглэсэн байж болохгүй гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл чөлөөт зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн хуулиар үнэ тогтоно гэж хууль тогтоогчид өөрсдөө хуульчилсан байна. Үүнээс өөр зохицуулалт байхгүй. Гэтэл Өрсөлдөөний хуулийн 12.1.10-т заасан хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх гэдгээр торгосон байна. Хууль бус гэдэг нь ямар нэгэн хууль тогтоомж, захиргааны акт аль нэгийг нь зөрчсөн байх гээд байна. Өөрөө үнэ тогтоож байгаа процессуудыг хууль бус гэж хэлэхгүй. Хууль бус тохиолдлуудыг сая хэллээ. Бид эдгээр гаргасан зардлуудаа шингээгээд, ашгаа шингээгээд өөрсдөө үнээ тогтооно.

Чаддаг бол бид үнээ 10 дахин нугалаад нэммээр байна. Гэхдээ тийм өндөр үнэтэй бол биднээс бараа худалдан авахгүй хажуу талын хямд үнэтэй лангуунаас худалдан авна. Тэгээд бид бараагаа зарж чадахгүй нөхцөл байдалд хүрнэ. Цемент нь 3 сарын дотор зарах шаардлагатай байдаг бүтээгдэхүүн юм. Ийм тохиолдолд хууль бус худалдааны арга хэрэглэн хэрэглэгчийг хохироосон гэж байна. Хэрэглэгч хохирсон уу гэвэл цемент хомсодсон үед цемент авсан хэрэглэгчид харин ч эсрэгээрээ хожсон байна. Барилгын ажил нь дуусах дөхсөн байгаа байгууллага нь дандаа ардаа хугацаатай, цаг нартай уралдаж байдаг. Тухайн цаг хугацаандаа ашиглалтад орохгүй бол хэрэглэгч талаас шаарддаг, алданги торгууль төлдөг. Хугацаандаа орохгүй бол захиалагчийн өмнө алдагдал хүлээнэ, банкны зээл болон бусад алдагдал хүлээнэ. Тиймээс цемент олж авч байгаа нь хожсон гэсэн үг юм. Магадгүй бага зэрэг үнэтэй олж авсан байх. Гэхдээ эдгээр барилгын компани, аж ахуйн нэгжүүд хэн нь ч хохирсон гэж гомдол гаргаагүй. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гомдоогүй хүмүүсийн өмнөөс гомдоод яваад байна. Статистик харахад зах зээлийн үнээр нь зарсан байна. Үүнээс үзэхэд бид зардлуудаа нэмээд үзэхэд ашиг нь 3-7 хувийн ашигтай ажиллаж байгаа юм. Энэ жишгээр торгох юм бол дэлгүүр болгон руу ороод арга хэмжээ авах хэрэгтэй. Ялгаа байхгүй. Бид улс төрийн шалтгаанаар торгуулсан гэж үзэж байгаа. Тухайн үнийн өсөлтөөс шалтгаалаад зуурмагийн үнэ өсөөд, үүнээс шалтгаалан барилгын үнэ өссөн. Ингээд хэн нэгнийг буруутгах шаардлага гарсан. Тэгээд цемент борлуулж байгаа жижиг худалдаа эрхлэгчдийг элэг бариад ченжүүдээс болж өссөн гэдэг зүйл гаргаж торгууль ногдуулан гал намжаасан. Гэхдээ эцсийн бүлэгт жижиг худалдаа эрхлэгчид үүнд огт оролцоогүй байж үнэ өсгөсөн хэрэгтэн болоод хохироод үлдэж байна. Тиймээс эдийн засгийн онол яриад сууж байна. Зарчмын хувьд чөлөөт зах зээлтэй нийгэмд төр үнийн процесст оролцоод байна. Чөлөөт зах зээлийн эсрэг шийдвэр гаргасан байна. Иймд хууль заагдсан үндэслэл байхгүй, хяналт шалгалт дутуу хийгдсэн, гаргасан зардлуудыг хянаж үзээгүй, өнөөдрийн Монгол улсын чөлөөт зах зээлийн нийгэмд төрөөс оролцож байгаа зэргийг харгалзан үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна.

Чөлөөт зах зээлийн нийгэмд Төр үнэ тогтоох процесст оролцоод түүнийгээ шүүх дээр үндэслэлтэй үгүй гэж маргаж байгаад миний хувьд харамсаж байна. Монгол улсын хэмжээнд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн нийгэмд шилжсэнтэй холбоотойгоор үнэ чөлөөлөөгүй хэд хэдэн салбар байдаг. Үүнээс бусад салбарт хэдэн төгрөгөөр зарах нь зах зээлийнхээ хуулиар явах ёстой. Хэрэв бид үүнийг зөв гэж үзвэл буцаад төмс дээрээ эргэж очин арга хэмжээ авах шаардлагатай болно.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар буюу хариуцагч нь шийтгэл оногдуулсан үндэслэлээ тайлбарлаж чадахгүй байна. Хууль бус худалдааны арга хэрэглэн гэж байгаа нь хариуцагчийн дур зоргын асуудал болоод байна. Хариуцагч юу гэж үзнэ түүгээр болж байна. Гол барьсан заалт нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.9-д заасныг үзвэл хэрэглэгчийг хууран мэхлэх, хүч хэрэглэх зэрэг арга хэрэглэнэ гэж байна. Цаашид бид хэрэглэгчдээс сэтгэл ханамжийн баталгаа авч байх шаардлага гарч байх шиг байна. Ашгийн төлөө байгууллага буяны байгууллага биш. Бизнесийн үндсэн зарчим нь хамгийн бага зардлаар хамгийн өндөр ашгийг олоход байдаг. Зардал хэвийн байхад үнээ нэмлээ гэж байна. Энэ нь хууль бус худалдааны арга гэж байна. Ингэж чадаж байгаа бол сайн гэж бодож байна. Харин төрөөс үүнд оролцож болохгүй. 9 сая төгрөг буюу 25 цементийн асуудал энд яригдаад байна. Бид 50 тонн цементийг 1 тонн тутмыг нь 390,000 төгрөгөөр авсан. Үүнийг бүрэн гүйцэт шалгасан бол гараад л ирэх байсан.

450,000 төгрөг яаж гарч ирснийг түрүүн тайлбарласан. Эцсийн хэрэглэгчид хүрэн тээврийн зардал орсон байгаа. Налайх, Тэрэлж, Төв аймаг гэх мэт тал тал тийшээ тээвэрлэж байгаа. Нийт үнийг нэг удаа төлдөг болохоос цемент, ачилт, тээвэрлэлт гэж тус тусдаа үнийг төлдөггүй. Үүнийг нягтлан үзэлгүй акт тавьсан байна.

Барилгын компаниудыг хэрэглэгч гэж үзвэл бид ч бас хэрэглэгч юм. Та нар үйлдвэрийн үнээс өндөр үнээр зараад хэрэглэгчээ хохироосон гэж үзэж болохгүй. Эцсийн хэрэглэгч гэдэг нь тухайн барилгын худалдан авч байгаа иргэнийг хэлэхээс биш дунд нь аж ахуй эрхэлж байгаа этгээдүүд орохгүй. Тиймээс бид иргэдийг хохироогоогүй. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглээд байна. Хууль бус арга хэрэглэсэн зүйл байхгүй. Бид ямар хууль зөрчсөнөө одоог хүртэл мэдэхгүй байна. Бизнесийн үйл ажиллагаа явуулж ашгийн төлөө үндсэн зарчмаа хэрэгжүүлж байгаа. Хэдий нотлох баримтаас хасагдсан боловч Мөнхчулуун даргын нийтэд илэрхий баримтыг энд дурдах нь зүйтэй гэж үзэж байна. Агентлагийн дарга нь тээвэрлэлт, үйлчилгээ, цалин хөлс зэрэгт ашиг гэдэг үг ордог, зах зээл өөрөө өрсөлдөөнөөрөө үнээ тогтоодог гэсэн байсан. Манай цемент дээр мөн адил байна. Агентлагийн дарга нь зах зээлд үнэ хэрхэн тогтдогийг ойлгоод байхад байцаагч нар нь ойлгохгүй байна.

Тавдугаарт, үнэ тогтоох асуудалд нийлүүлэлт багассанаас өсдөг. Гэхдээ нөгөө талд эрэлт нь өөрөө үнэ өсгөдөг. Зах зээлд тухайн бараа хомсдохоор худалдан авагч тал нь үнэ хаялцаад үнийг өсгөдөг. 400,000 төгрөгөөр зарах захиалга авсан байхад өөр нэг хүн ирээд 450,000 төгрөгөөр худалдаж авъя гэдэг. Шалтгаан нь нийлүүлэлт боловч эрэлт үнэ тогтооход нөлөөлдөг. Үүнд макро эдийн засгийн нөлөөлөл харагдаж байна. Х***** ХХК 100 хувь дарханы зам руу цементээ нийлүүлсэн. Ингээд зах зээлд цемент хомсодсон. Энэ хомсдол, үнийн өсөлтөд бид ямар ч буруугүй. Бид 182 тонн цементийнхээ 20 тонныг үнэтэй зарсан хэрэгтэй энд сууж байна. Өнөөдөр тонн нь 500,000 гарсан байна. Ийм нөхцөл байдалд үүнийг зөв гэх юм бол цаашдаа хэрэглэгч гэдэг нэрийн доор хэн ч гомдол гаргаагүй байхад төрийн байгууллага дур зоргоороо торгодог ийм байдалд хүрээд байна.

Хуулийн зохицуулалт харахаар үнэтэй холбоотой зохицуулалт маш бага байдаг. Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т харин ч хариуцагчийн эсрэг зохицуулалт байна. Энэ заалтын хэрэгжилтэд хариуцагч байгууллага хяналт тавьж байгаа. Хууль тогтоогч үнийг нэг түвшинд барих эсвэл бууруулах чиглэлээр ажиллаж болохгүй гэсэн болохоос дээшээ өсгөхөд ямар нэг зохицуулалт байхгүй. Гэтэл мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т зааснаар хариуцагч орж ирээд байна. Тайлбартаа бид үнийг тогтоохгүй гэсэн хэдий ч үнэ өсгөсөн байна гээд торгож байгаа нь тогтоож байгаа нэг хэлбэр мөн. Бид торгуулахгүйн тулд үнээ барих хэрэг гарч байна. Үүнийг шүүх анхаарч үзээсэй. Гэрээт борлуулагч гэдэг дээр тайлбар хийхэд бид салбар төлөөлөгчийн байгууллага биш. Бид гэрээ байгуулж байж цемент авдаг. Гэрээ байгуулахгүйгээр үйлдвэрээс цемент авах боломжгүй. Ийм байхад ингэж мушгиж болохгүй. Төрийн ажил хэтэрхий мэргэжлийн бус байна. Биднийг ченж гэх байдлаар бүдүүлэг мэргэжлийн бус үг хэллэг ашиглаж болохгүй.

Үнэ тогтоох үйл ажиллагааг төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг гэж үздэг. Зах зээлийн нийгэмд үнийг нэмж зарахыг зөвшөөрдөг. Буцаад хуучин нийгэм рүү шилжээд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авдаг болж байгаа юм байна. Тээвэрлэлттэй холбоотой асуудлаар үнэ тогтоож болохгүй гэж байна. Тээвэрлэлт нь өөрөө М***** ХХК, М***** ХХК зэрэг шиг ийм нөхцөл юм. Бид зах зээлд 1 хувь ч эзлээгүй жижиг худалдаа эрхлэгчид юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.

7.Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч С.Г***** шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Б***** ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч С.Г*****ийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0****** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Тус газраас агентлагийн даргын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 01/14 дугаартай удирдамжийн дагуу цементийн үйлдвэрлэл, худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаа, цементийн үнийн өсөлт нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эсэхэд 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасныг удирдлага болгон зах, худалдааны төвүүдэд цементийн хомсдол үүсч, цементийн нийлүүлэлт эрс багассан хугацаанд буюу 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд У***** ХНН-ийн АБТЭМА-44-д цемент хүлээн авсан М***** ХХК, М***** ХХК-ийн гэрээт борлуулагч нийт 15 аж ахуй эрхлэгчид холбогдуулан дээрх хугацаанд цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл (картель) байгуулсан байж болзошгүй, хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн байж болзошгүй зөрчилд 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 2202000204 дугаартай зөрчлийн хэрэг нээж зөрчил шалгах ажиллагааг явуулсан.

Хяналт шалгалт болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар дараах нөхцөл байдал тогтоогдсон. Үүнд:

1.Гурвалжин, 44, Баянзүрх дүүрэгт байрлах Цайз, 100 айл зэрэг зах, худалдааны төвүүдэд М***** ХХК, М***** ХХК-ийн цементийн үнэ 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нэмэгдсэн;

2.Дотоодын цемент үйлдвэрлэгч аж ахуй эрхлэгчид нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 12-ны өдрүүдэд түүхий эдийн үнэ, тээврийн зардал өссөнөөс шалтгаалан цементийн үнийг нэмэгдүүлснээс хойш 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар цементийн үнэд өөрчлөлт оруулаагүй;

3.Зах зээлийн дийлэнх хувийг эзэлдэг М***** ХХК, М***** ХХК-ийн БНХАУ-ын импортоор оруулж ирдэг цементийн уутны нийлүүлэлт 2022 оны 06 дугаар сард тасалдсан, М***** ХХК-ийн хувьд У***** ХНН-тай цемент вагонд ачих төлөвлөгөөт гэрээний гүйцэтгэл хангалтгүй, хагас вагоны хангалт багассанаас шалтгаалан 44 зах дахь цементийн нийлүүлэлт 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрүүдэд тасалдаж, 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн цементийн нийлүүлэлт эрс багассан;

4.Зах, худалдааны төвүүдэд цементийн хомстол үүсч, цементийн нийлүүлэлт эрс багассан хугацаанд буюу 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд М***** ХХК-ийн гэрээт борлуулагч Б***** ХХК нь У***** ХНН-ийн АБТЭМА-44-д 182 тн цемент хүлээн авсан.

5.Б***** ХХК нь М***** ХХК-аас 1 тн цементийг 260,600 төгрөгөөр худалдан авах гэрээтэй болох нь тогтоогдсон.

6.Дотоодын цемент үйлдвэрлэгч аж ахуй эрхлэгчдээс цементийн үнэд өөрчлөлт оруулаагүй, тээврийн зардал/вагон/ болон бусад зардал өсөөгүй байхад Б***** ХХК нь Сонгинохайрхан дүүрэгт байрлах барилгын материалын 44 захад цементийн нийлүүлэлт эрс багассан, хомстол үүссэн нөхцөл байдлыг ашиглан 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 1 тн тутамд 368,857 төгрөг, 06 дугаар сарын 17-ны өдөр 1 тн тутамд 330,000 төгрөгөөр худалдан борлуулж байсан цементийг 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 450,000 төгрөг болгон цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн худалдан борлуулж хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн болох нь тус компанийн Хаан банкны 5****** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон.

Дээрх зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаар Б***** ХХК нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасныг зөрчиж, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдсон тул тус компанид Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0****** дугаартай шийтгэлийн хуудас нь үндэслэлтэй юм.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу Б***** ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

8.Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Агентлагийн даргын 2022 оны 6 дугаар сарын 21-ний удирдамжийн дагуу цементийн үйлдвэрлэл, худалдаа эрхэлж байгаа аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд цементийн үнийн өсөлт, Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль болон бусад хууль тогтоомж зөрчсөн эсэхэд 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн байдаг.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 2 дахь хэсгийн 4 дэх заалтыг удирдлага болгон зах, худалдааны төвүүдэд цементийн хомсдол үүсэж, нийлүүлэлт эрс багассан хугацаа буюу 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Улаанбаатар Төмөр замын 44 дүгээр цемент хүлээн авах цэгт байрлах М***** ХХК болон М***** ХХК нарын гэрээт борлуулагч болох 15 аж ахуйн нэгжид холбогдуулан дээрх хугацаанд цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүнийг үнийг хэлэлцэн тогтоож, картель байгуулсан байж болзошгүй гэж үзээд хуульд харшлах замаар хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн байж болзошгүй гэж үзээд 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдөр тус зөрчилд зөрчлийн хэрэг нээн, зөрчил шалгах ажиллагаа явуулсан байдаг.

Хяналт шалгалт болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар дараах нөхцөл байдал тогтоогдсон байдаг.

Нэгдүгээрт, гурвалжин, 44, цайз, 100 айл зэрэг зах худалдааны төвүүдэд М***** ХХК болон М***** ХХКийн цементийн үнэ 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нэмэгдсэн. Дотоодын цементийн аж ахуй эрхлэгч нар нь хамгийн сүүлд 2022 оны 6 дугаар сард цементийн үнээ нэмэгдүүлснээс хойш 6 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар цементийг үйлдвэрийн үнэд ямар нэг өөрчлөлт ороогүй байсан. Гуравдугаарт, зах зээлийн дийлэнх хувийг эзэлдэг М***** ХХК болон М***** ХХК-ийн Хятад улсаас импортоор оруулж ирдэг цементийн уутны нийлүүлэлт 2022 оны 6 дугаар сард тасалдсан. М***** ХХК-ийн хувьд Улаанбаатар Төмөр замтай хийсэн гэрээний биелэлт хангалтгүй байсан. Үүнээс шалтгаалан 44 дүгээр зах дах цементийн үзүүлэлт 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 15-ны өдрүүдэд тасалдсан. 6 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн цементийн нийлүүлэлт эрс багассан нөхцөл байдалтай байсан. Дөрөвдүгээрт, зах, худалдааны төвүүдэд цементийн хомсдол үүсэж, цементийн нийлүүлэлт эрс багассан хугацаанд буюу 6 дугаар сарын 11-ний өдрөөс 26-ны өдрүүдэд М***** ХХК-ийн гэрээт борлуулагч Б***** ХХК нь Улаанбаатар Төмөр замын 44 дүгээр зах дээр 182 тонн цемент хүлээн авсан нь тогтоогдсон. Б***** ХХК нь М***** ХХК-аас 1 тонн цементийг 260,600 төгрөгөөр худалдан авах гэрээтэй болох нь тогтоогдсон. Б***** ХХК-аас ирүүлсэн борлуулалтын мэдээнээс үзэхэд тухайн үед буюу 6 дугаар сард 1 тонн цементийг 243,000 310,000 төгрөгөөр цааш нь худалдан борлуулна гэсэн байдаг. Дотоодын цемент үйлдвэрлэгч нараас цементийн үнэд ямар нэг өөрчлөлт оруулаагүй. Вагоноор авч байгаа цементийн хувьд тээвэрлэлтийн болон бусад өртөг зөрдөл өсөөгүй байхад Б***** ХХК нь Сонгинохайрхан дүүрэгт байрлах 44 дүгээр зах дээр нийлүүлэлт эрс багассан, хомсдол үүссэн нөхцөл байдлыг ашиглаад 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 1 тонн тутмыг ойролцоогоор 360,000 орчим төгрөгөөр худалдаж байсан цементийг 6 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 450,000 төгрөг болгон цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл иргэдийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн байна. Тухайн компанийн Хаан банкны 5****** гэсэн дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга дээрээс тогтоогдсон байдаг. Мөн Б***** ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч буюу гүйцэтгэх захирал нь 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн мэдүүлэг өгсөн тэмдэглэлдээ тухайн үед өртөг зардал хэд гардаг вэ гэсэн асуултад нийт өртөг зардал ойролцоогоор 275,500 285,400 төгрөг болдог гэж мэдүүлсэн. Мөн тухайн үед Улаанбаатар Төмөр замын 44 дүгээр зах дээр хүлээн авсан цементээ цааш нь хэдэн төгрөгөөр худалдан борлуулсан бэ гэсэн асуултад 450,000 төгрөгөөр зарсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Өмгөөлөгчийн зүгээс эрэлт нийлүүлэлтийн тухай ярьж эрс үгүйсгэсэн гэж байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас үгүйсгэсэн зүйл байхгүй. Худалдан борлуулах ёстой эсвэл хэдээс дээш худалдан борлуулж болохгүй гэсэн зүйлийг яриагүй. Цементийг худалдан борлуулах үнийг тогтоосон агуулга байхгүй. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд зааснаар хэрэглэгчийн эрхийг хамгаалах тэр дундаа ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдүүдийн хууль бус үйл ажиллагаанаас хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, зах зээлд шударга өрсөлдөөнийг хэрэгжүүлж ажилладаг байгууллага юм. Энэ чиглэлийн хүрээнд тухайн хяналт шалгалтыг хийж тус нөхцөл байдлыг тогтоосон. Үүний дагуу тухайн компанид торгууль оногдуулсан байгаа.

Зардлыг тооцоогүй, судлаагүй гэдэг зүйлийг хэлж байна. Зардлыг дээр хэлсэнчлэн мэдүүлэг авсан тэмдэглэл дээр асууж тусгасан байгаа. Тухайн хууль ёсны төлөөлөгчөөс өртөг зардал хэд гардаг талаар дэлгэрэнгүй мэдүүлсэн байгаа. Энд зөвхөн вагоноор авсан цементийн тухай ярьж байгаа болохоос машинаар авсан цементийн талаар огт яриагүй. Машинаар авсан цементийн тухайд ямар нэгэн байдлаар авч үзээгүй.

Мөн тухайн компани нь жижиглэнгийн зах зээлийнхээ 0,1 хувьд ч хүрэхгүй борлуулалт хийдэг гэж байна. М***** ХХК-аас ирүүлсэн албан бичгийг харвал 6 дугаар сард нийт 20 компанид үйлдвэрлэсэн цементээ нийлүүлсэн байдаг. Үүний 11 барилгын компани нь барилга болон бетон үйлдвэрлэдэг компани байсан. Үлдсэн 9 компани нь М***** ХХК-тай гэрээтэй жижиглэнгээр худалдан борлуулдаг, хэрэглэгчид зардаг байгаа. Эдгээр үйл баримтыг бүхэлд нь авч үзвэл Б***** ХХК нь тухайн жижиглэнгийн зах зээлд тодорхой хувийг эзлэх боломжтой гэж үзэж болохоор байгаа гэдгийг дурдаж байна. Тухайн компани зах зээлд хэдэн хувийг эзэлж байгаа, давамгайлагч компани мөн эсэхийг тухайн компани биш Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас тодорхой зах зээлийн судалгааг хийсний үндсэн дээр аргачлалын дагуу тогтоодог. Тиймээс зах зээлийнхээ 0,1 хувьд хүрэхгүй гэдэг тайлбар нь үндэслэлгүй байна.

Хэрэглэгч хохироогүй гэж байна. Манай байгууллагыг хохироогүй хүмүүсийн өмнөөс гомдол гаргаад байна гэж байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хувьд гол чиг үүрэг нь энэ юм. Хэрэглэгч хохирсон гэж гомдол гаргаагүй байлаа ч гээд зүгээр өнгөрөөх биш бид сайн дураараа хяналт шалгалт хийгээд байгаа мэт ойлголттой байна. Цемент авсан иргэд өөрсдөө гомдол гаргаагүй байж болно. Гэхдээ хяналт шалгалт эхлэхээс өмнө нийт иргэд, хэрэглэгчдээс манай газар цементийн үнэ хэт өндөр байна гэсэн гомдол ирсний дагуу хяналт шалгалт хийж эхэлсэн байдаг. Хэрэглэгч тухайн компанийг үйлдвэрээс хэдэн төгрөгийн үнээр аваад, хэдэн төгрөгөөр зарж байгаа вэ, тухайн компани хэдэн төгрөгийн өртөг зардал гаргаад ирж байгаа вэ зэргийг ямар нэгэн байдлаар тухайн хэрэглэгч мэдэх боломжгүй тул хэдэн төгрөг илүү төлснөө хэрэглэгч өөрөө мэдэх боломжгүй. Тиймээс хохирсон хэрэглэгч байхгүй гэдэг тайлбар нь үндэслэлгүй байна. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасан хэрэглэгчийг хууль бус худалдааны арга хэрэглэн хохироосон гэх зөрчлийн хувьд заавал хэрэглэгч хохирсон байхыг шаардахгүй.

Зөрчлийн хэрэгт авагдсан баримтаар болон хяналт шалгалтаар авагдсан баримтуудаар Б***** ХХК нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасныг зөрчин хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэгсэл ашиглан үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон тул шийтгэлийн хуудсыг оногдуулсан. Энэ шийтгэлийн хуудсыг хариуцагчийн зүгээс үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Гомдол гаргагч Б***** ХХК-аас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч С.Г***** холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №0****** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргажээ.

            2.Шүүх гомдол гаргагчийн гомдол, түүний үндэслэл, гомдолдоо хавсаргасан баримтууд болон хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, доорх үндэслэлүүдээр гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэв.

            3.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 01/14 дүгээр удирдамжаар Өрсөлдөөний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.2, 22.1.3 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн цементийн импорт, үйлдвэрлэл, худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж байгаа эсэхийг шалган тогтоох, шаардлагатай арга хэмжээг авах зорилгоор батлагдсан байна.

            3.1.Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч С.Г***** 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 0****** дугаартай шийтгэлийн хуудсаар Б***** ХХК/РД:*****/ нь цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасны дагуу хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

            4.Гомдол гаргагчаас ... 1992 онд Монгол улс Үндсэн хуулиараа төрийн, нийтийн аливаа өмчийг хүлээн зөвшөөрсөн. ... Компанийн үндсэн зорилго бол ашиг олох байдаг. Өнөөдөр манай үйлчлүүлэгч ашгийн төлөө үйл ажиллагаа явуулсныхаа төлөө төрд шийтгүүлчихээд сууж байгаа нөхцөл байдал үүсээд байна. Тиймээс үнэ тогтоох асуудлыг ярих шаардлага гарч байна. Чөлөөт эдийн засгийн онолоор эрэлт нийлүүлэлтийн үндсэн дээр үнэ тогтдог. Чөлөөт өрсөлдөөний үндсэн дээр үнэ тогтдог. Хэзээ ч төрөөс үнэ тогтоосны төлөө шийтгэл өгдөггүй.

4.1. ... Өрсөлдөөний тухай хуульд үнэтэй холбоотой зохицуулалт 3 газар байсан. Тус хуулийн 7.1.2-т бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох буюу давамгай байдалтай том компаниуд буюу М***** ХХК, М***** ХХК, Х***** ХХК-ууд хэлэлцээд хэт өндөр үнэ тогтоохыг хориглосон байгаа. Энэ нь зөв гэж үзэж байна. Учир нь эдгээр том компаниуд үнийг хэт өндөр тогтоож хэрэглэгчдийг хохироож болно. Бидний хувьд энэ ойлголтод хамаарахгүй жижиглэнгийн худалдаа эрхлэгчид юм.

4.2.Хоёрдугаарт, Өрсөлдөөний тухай хуулийн 11.1-т аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараах гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно гэж заасан байна. М***** ХХК, М***** ХХК, Х***** ХХК-ууд хэлэлцээд үнийг тогтоовол энэ заалтад хамаарна. Энэ тохиолдолд заавал өсөх шаардлагагүй байдаг. Үнийг бууруулж байгаад жижиг аж ахуйн нэгжүүдийг зах зээлээс шахаж гаргаад буцаагаад үнээ өсгөдөг.

4.3.Гуравдугаарт, 13.2.4-т дээрхээс бусад тохиолдолд энэхүү харилцааг хэрхэн зохицуулах талаар заасан байна. Төрийн захиргааны байгууллагын хориглох үйл ажиллагаанд бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахад, эсхүл нэг хэмжээнд барихад чиглэсэн үйл ажиллагааг хориглоно гэсэн байна. Хуулиар шууд хориглосноос бусад тохиолдолд төрийн байгууллага өөрөө үнэ тогтоох процесст оролцох, нэг үнэ тогтоох, эсвэл үнийг бууруулахад чиглэсэн байж болохгүй гэж байгаа юм.

4.4. ... Зарчмын хувьд чөлөөт зах зээлтэй нийгэмд төр үнийн процесст оролцоод байна. Чөлөөт зах зээлийн эсрэг шийдвэр гаргасан байна. гэж тус тус тайлбарлан маргаж байна.

5.Харин хариуцагчаас ... цементийн нийлүүлэлт эрс багассан хугацаанд буюу 6 дугаар сарын 11-ний өдрөөс 26-ны өдрүүдэд М***** ХХК-ийн гэрээт борлуулагч Б***** ХХК нь Улаанбаатар Төмөр замын 44 дүгээр зах дээр 182 тонн цемент хүлээн авсан нь тогтоогдсон. Б***** ХХК нь М***** ХХК-аас 1 тонн цементийг 260,600 төгрөгөөр худалдан авах гэрээтэй болох нь тогтоогдсон. Б***** ХХК-аас ирүүлсэн борлуулалтын мэдээнээс үзэхэд тухайн үед буюу 6 дугаар сард 1 тонн цементийг 243,000 310,000 төгрөгөөр цааш нь худалдан борлуулна гэсэн байдаг. Дотоодын цемент үйлдвэрлэгч нараас цементийн үнэд ямар нэг өөрчлөлт оруулаагүй. Вагоноор авч байгаа цементийн хувьд тээвэрлэлтийн болон бусад өртөг зардал өсөөгүй байхад Б***** ХХК нь Сонгинохайрхан дүүрэгт байрлах 44 дүгээр зах дээр нийлүүлэлт эрс багассан, хомсдол үүссэн нөхцөл байдлыг ашиглаад 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 1 тонн тутмыг ойролцоогоор 360,000 орчим төгрөгөөр худалдаж байсан цементийг 6 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 450,000 төгрөг болгон цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл иргэдийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн байна. Тухайн компанийн Хаан банкны 5****** гэсэн дугаартай дипозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон байдаг.

5.1. ... Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас цементийг худалдан борлуулах үнийг тогтоосон агуулга байхгүй. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд зааснаар хэрэглэгчийн эрхийг хамгаалах тэр дундаа ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдүүдийн хууль бус үйл ажиллагаанаас хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, зах зээлд шударга өрсөлдөөнийг хэрэгжүүлж ажилладаг байгууллага юм. Энэ чиглэлийн хүрээнд тухайн хяналт шалгалтыг хийж тус нөхцөл байдлыг тогтоосон. Үүний дагуу тухайн компанид торгууль оногдуулсан байгаа.

5.2. ... Цемент авсан иргэд өөрсдөө гомдол гаргаагүй байж болно. Гэхдээ хяналт шалгалт эхлэхээс өмнө нийт иргэд, хэрэглэгчдээс манай газар цементийн үнэ хэт өндөр байна гэсэн гомдол ирсний дагуу хяналт шалгалт хийж эхэлсэн байдаг. Хэрэглэгч тухайн компанийг үйлдвэрээс хэдэн төгрөгийн үнээр аваад, хэдэн төгрөгөөр зарж байгаа вэ, тухайн компани хэдэн төгрөгийн өртөг зардал гаргаад ирж байгаа вэ зэргийг ямар нэгэн байдлаар тухайн хэрэглэгч мэдэх боломжгүй тул хэдэн төгрөг илүү төлснөө хэрэглэгч өөрөө мэдэх боломжгүй. Тиймээс хохирсон хэрэглэгч байхгүй гэдэг тайлбар нь үндэслэлгүй байна. Хэрэглэгчийн хууль бус худалдааны арга хэрэглэн хохироосон гэх зөрчлийн хувьд заавал хэрэглэгч хохирсон байхыг шаардахгүй. хэмээн татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

            6.Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:12.1.10.хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх гэж, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7.хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж тус тус заасан.

            6.1.Дээрх Зөрчлийн тухай хуулийн зохицуулалтаас үзвэл ... эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол ... гэсэн нөхцөл заасан байх ба энэ төрлийн хууль бус үйлдэл, үйл ажиллагаанд Эрүүгийн хуулийн 18.1 дүгээр зүйлийн 2.Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед үнийн хөөрөгдөл, бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдолыг бий болгосон бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр ял шийтгэнэ., 3.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг арван мянган нэгжээс наян мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байна.

            6.2.Эндээс үзвэл хэрэв гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед үнийн хөөрөгдөл, бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдолыг бий болгосон тохиолдолд зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгч, давамгай байдалтай аж ахуй эрхлэгч байхаас үл хамааран[1][1] зохих этгээдэд хариуцлага ногдуулах хууль зүйн боломжтой. Иймд гомдол гаргагчийн зүгээс маргасан Б***** ХХК нь монополь, давамгай байдалтай аж ахуйн нэгж биш учир үнэ хөөрөгдөх боломжгүй, үнэ үндэслэлгүй нэмэгдүүлсэн ч үүрэг хариуцлага хүлээх этгээд биш гэдэг тайлбар үгүйсгэгдэнэ.

            6.3.Гэвч хариуцагчаас Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь хэсэгт заасныг зөрчиж, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагааг Б***** ХХК явуулсан гэдгийг нотолж чадаагүй буюу гомдол гаргагч нь хуулиар тодорхойлсон цаг үед үнийн хөөрөгдөл, бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдол бий болгосон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн Өрсөлдөөний тухай болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд бараа бүтээгдэхүүн хомсдолд орсон нөхцөлд үнэ нэмэхгүй байх үүргийг нэхэмжлэгчид хүлээлгэсэн зохицуулалт байхгүй байх тул хариуцагч зөрчлийг хуульд заасан журмын дагуу зохих ёсоор шалган тогтоосон гэж үзэхгүй.

            6.4.Тодруулбал, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1.Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ гэж, мөн зүйлийн 2.Эрх бүхий албан тушаалтан, прокурор нь хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримтыг гаргуулан авч болно, 4.15 дугаар зүйлийн 1.Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ гэж, 7.1 дүгээр зүйлийн 1.Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна гээд, мөн зүйлийн 1.1.тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх гэж зааснаас үзэхэд хариуцагч нь зөрчлийг тогтоохтой холбоотой бүхий л ажиллагааг хийх эрх, үүрэг нь хуулиар олгогдсон, үндэслэл болгож буй хуулийн заалтад ямар ямар асуудлыг шалгаж тогтоох ёстой талаар тоочиж заасан байгааг анхаарч шалгаагүй байна.

            6.5.Хэдийгээр Өрсөлдөөний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.Энэ хуулийн зорилт нь аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах ..., 14 дүгээр зүйлийн 14.1.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн., 22 дугаар зүйлийн 22.1.Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалтыг дараахь үндэслэлээр явуулна:22.1.3.өөрийн санаачилгаар гэж тус тус заасан боловч хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь хуульд заасан чиг үүрэг, бүрэн эрхээ хэрэгжүүлж шийдвэр гаргахдаа хуульд үндэслэх учиртай.

6.6.Шүүх хуралдаанд хариуцагчаас нэхэмжлэгчийг цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан гэж буруутгах болсон үндэслэлээ Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.9.Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно. гэж заасныг зөрчсөн гэж тайлбарлах боловч ашгийн төлөө байгууллага өөрийн борлуулж буй бараа, бүтээгдэхүүнийн үнийг нэмэгдүүлсэн нь дээр дурдсан хууль бус үйлдлүүдийн алинд хамаарах нь тодорхойгүй байна.

            6.7.Түүнчлэн ... Б***** ХХК-ийн хувьд үнэ нэмэх бодит шалтгаан, нөхцөл байдал тогтоогдоогүй байхад тухайн компани хэрэглэгчийн сонголт хийх хязгаарлагдмал нөхцөл байдал, хомсдол үүссэн нөхцөл байдлыг ашиглан өөрт нь цементийн нөөц байсаар байхад үнээ нэмэгдүүлээд үүнийг чөлөөт зах зээлийн үнийн өсөлтөд харшилсан, хэт өндөр үнээр тогтоож үнийн хөөсрөлт үүсгэсэн гэж үзэж байна гэх татгалзлын үндэслэлээ нотолж чадаагүй буюу нэхэмжлэгчид үүрэг болгосон аливаа хэм хэмжээ байхгүй байх тул Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:13.2.4.бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахад, эсхүл нэг хэмжээнд барихад чиглэсэн; гэж заасныг хариуцагч хэрэгжүүлж ажиллах ёстой гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй.

            6.8.Иймд хариуцагч эрх бүхий албан тушаалтан гомдол гаргагчид шийтгэл оногдуулах үндэслэл болсон нөхцөл байдлыг бүрэн тогтоолгүйгээр хуулийн хязгаарлалтаас давуулан үүрэг хүлээлгэх замаар шийтгэсэн нь зөв биш, тодруулбал гомдол гаргагч компанийг Өрсөлдөөний тухай хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд заасан хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан гэж буруутгаж байгаа бол яг ямар хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн эсэхийг тогтоох ёстой атал тогтоогоогүй, өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн хуульд зааснаас үзвэл гагцхүү гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед үнийн хөөрөгдөл бий болгосон тохиолдолд л нэхэмжлэгч хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх боломж хариуцагчид байхад хуульд үндэслэх зарчмыг үйл ажиллагаандаа баримтлаагүй нь буруу байна.

            6.9.Нэгэнт Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байхаар хуульчилсан буюу чөлөөт зах зээлтэй улс орон атал хуулийн хязгаарлалтаас давж гомдол гаргагч Б***** ХХК-ийн бизнесийн үйл ажиллагаанд оролцож байгаа нь хууль тогтоомжид нийцэхгүй тул дансны хуулгаар цемент зарсантай холбоотой баримтад дүгнэлт өгөх шаардлагагүй бөгөөд төр аливаа этгээдийн бизнесийн үйл ажиллагаа, дотоод зохион байгуулалтад шууд оролцож өртөг зардлыг тооцоолох замаар бараа бүтээгдэхүүнээ худалдаалж байгаа үнийг зөв, буруу тогтоосон гэж шүүх нь зохисгүй гэж үзлээ.

7.Иймд дээрх үндэслэлүүдээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч С.Г*****ийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0****** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгов.

8.Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нотлох баримтын шаардлага хангаагүй нотлох баримтуудыг[2][2] шинжлэн судлаагүй бөгөөд тэмдэглэл үйлдэн буцааж өгөх талаар талуудад тайлбарлаж, шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.10, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.1, 1.3 дахь заалтыг тус тус баримтлан гомдол гаргагч Б***** ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0****** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

            2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Б***** ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч С.Г*****ээс гаргуулж гомдол гаргагчид олгосугай.

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.УРАНГУА

 

 

 

 


 

 

[1][1] Хууль хэрэглэх техникийн дагуу Эрүүгийн хуулийн бүтцийг авч үзвэл зүйл доторх заалтууд хоорондоо уялдаатай, гэмт хэрэг үйлдсэн этгээд буюу субъект дараагийн хүндрүүлэх заалтад хамаарч байгаа тохиолдолд Энэ гэмт хэргийг: гээд хүндрүүлэх, эсхүл гэмт хэрэг гэж үзэх өөр нөхцөл заасан боловч 18.1 дүгээр зүйлийн 2 дахь заалт нь бие даасан шинжтэй буюу 1 дэх заалтын субъектэд чиглэсэн агуулгатай биш байна.

[2][2] Хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзсэн болно.