Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 1113

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Оын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2019/00750 дугаар шийдвэртэй, Н.Оын нэхэмжлэлтэй, “Н” ХХК-д холбогдох гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд 1 432 872 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.О, өмгөөлөгч Б.Уранзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Тэмүүжин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч Н.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би “Н” ХХК-тай 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай гэрээ байгуулан, байраа түрээслүүлж, зуучлалын хөлсөнд 1 100 000 төгрөгийг төлсөн. Түрээслэгч нь хугацаанаасаа өмнө байрнаас гарсан тул зуучлалын хөлсний зөрүү мөнгийг буцааж авахаа мэдэгдсэн боловч одоог хүртэл төлөөгүй байна.

Мөн түрээслэгч байрнаас гарахдаа ашиглалтын зардлаа төлөөгүй, өрөөнүүдийн гэрэлтүүлгүүд шатсан байсан. Эд хогшлын бүрэн бүтэн байдлыг хүлээлгэн өгөөгүй талаар М.Тэмүүжинд утсаар хэлсэн боловч өдийг хүртэл хохирлыг барагдуулаагүй байна.

Иймд зуучлалын хөлс 825 000 төгрөг, цахилгаан, интернэт, дулаан, СӨХ-ны төлбөр 354 872 төгрөг, шүүхийн зардал 33 000 төгрөг, эрэн сурвалжлуулах зардал 70 000 төгрөг, өрөөний гэрэлтүүлэг 50 000 төгрөг, бичиг хэрэг нотариатын зардал 70 000 төгрөг, унааны зардал 30 000 төгрөг, нийт 1 432 872 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч “Н” ХХК-ийн төлөөлөгч М.Тэмүүжин шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Н” ХХК нь Н.Отай орон сууц түрээслүүлэх зорилгоор зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Улмаар “Н” ХХК болон түрээслүүлэгч, түрээслэгч нарын хооронд 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр орон сууцны түрээсийн гэрээ гэх гурван талт гэрээ байгуулж, түрээслэгч нь түрээсийн байранд орсон. Н.О нь зуучлалын гэрээний 3.1, 4.6, түрээсийн гэрээний 2.5-д заасны дагуу 1 100 000 төгрөгийг зуучлалын хөлсөнд төлсөн байдаг. Зуучлалын гэрээний гол зорилго нь түрээслэгч олгж өгөх юм.

Түрээслэгч нь 2018 оны 11-12 дугаар сарын хугацаанд амьдарч, орон сууцыг түрээслэхээ больсон. Манай байгууллагын зүгээс зуучлалын гэрээний 4.8-д зааснаар дараагийн түрээслэгчийг санал болгоход Н.О түрээсийн гэрээ болон зуучлалын гэрээг цуцалж дахин түрээслүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн. Гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцалсан тохиолдолд түрээсийн гэрээний 2.5-д зааснаар зуучлалын хөлсийг буцаан олгох боломжгүй байдаг.

Мөн түрээсийн гэрээг Н.Оын санаачилгаар цуцалсан тул орон сууцыг түүнд хүлээлгэн өгсөн бөгөөд хүлээлгэн өгөх үед ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй бүрэн бүтнээр хүлээлгэж өгсөн байдаг.

Түүнчлэн, “Н” ХХК нь тодорхой хаягт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эрэн сурвалжлуулах шаардлага байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтыг өөрөө гаргах нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан зардал, хохирол гэх шаардлагууд нь баримтаар нотлогдохгүй бөгөөд тийм хохирол учраагүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч “Н” ХХК-аас 354 872 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Од олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 078 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч Н.Оаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37 876 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Н” ХХК-аас 11 296 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Од олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Н.О давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй. Шүүх талуудын хооронд байгуулсан зуучлалын гэрээг нотлох баримтаар үнэлээгүй, түрээсийн гэрээг баримталж зуучлалын гэрээ гэж зөрчилтэй дүгнэлт хийсэн байна. Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний 3.1-д заасныг шүүх үнэлээгүй. Түрээсийн гэрээний холбогдох заалтыг баримталж шийдвэр гаргасан атлаа түүнийг зуучлалын гэрээ гэж дүгнэсэнд гомдолтой.

Түүнчлэн, шүүх 1 100 000 төгрөгийг “Н” ХХК-ийн дансанд орсон гэдгийг харгалзан үзэлгүйгээр надад үлдсэн, хохирлоо барагдуулсан мэтээр дүгнэж байгаа нь буруу юм.

Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 000 төгрөгт маргахгүй. Хариуцагчийн зуучилсан БНХАУ-ын иргэн түрээслэх явцдаа түүний буруутай үйл ажиллагааны улмаас эд хөрөнгөд учирсан хохирол болох 50 000 төгрөгийн баримт, бичиг хэрэг нотариатын зардалд 70 000 төгрөгийн баримтууд хэрэгт авагдсан дансны хуулгаар нотлогдсон байхад нэхэмжлэгчээс гарсан бусад бүх зардлыг барьцаа мөнгөөр арилгасан гэж үндэслэлгүй дүгнэжээ.

Хариуцагчийг эрэн сурвалжлуулах ажиллагаа хийгдэж надад 70 200 төгрөгийн хохирол учирсан болох нь талуудын тайлбараар нотлогдсон, мөн хариуцагч тал үгүйсгээгүй байхад шүүх “...цагдаагийн хэлтсийн тодорхойлолт нь дангаараа эрэн сурвалжлах нэхэмжлэлийн шаардлагад 70 200 төлсөн болохыг нотлох хангалттай нотлох баримт болохгүй, нотлох үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж дүгнэсэн. Энэ нь хариуцагч талыг дэмжсэн, нэхэмжлэлийн шаардлага нэг бүрийг ямар нэг шалтгаанаар үгүйсгэн шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Дээрх бүх зардал нь энэ маргааны улмаас надад тодорхой хэмжээний зардал гарсан нь хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байхад хариуцагчийн зөвшөөрснөөс бусад бүх шаардлага тус бүрийг тодорхой шалтгаан дурдан үгүйсгэж, хэрэгсэхгүй болгосон нь шударга бус байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Н.О нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан зуучлалын гэрээ хугацаанаас өмнө цуцлагдсантай холбогдуулан учирсан хохиролд 1 432 872 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч зарим хэсэг буюу ашиглалтын зардал 354 872 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг “...гэрээ цуцлагдсанд манай байгууллагын буруу байхгүй учир зуучлалын хөлсний зөрүүг буцаан олгохгүй...” гэх үндэслэл заан татгалзжээ.

Талууд 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан, зуучлагч “Н” ХХК нь Н.Оын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Хансвил хотхоны 104 дүгээр байрны 906 тоот орон сууцыг түрээслэхэд зуучлах үйлчилгээ үзүүлэхээр тохиролцжээ. Улмаар “Н” ХХК, Н.О, түрээслэгч Чаожэ /Chaoge/ нар орон сууцны түрээсийн гэрээ байгуулж, Н.Оын орон сууцыг 2018 оны 8 дугаар сарын 02-ноос 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар Чаожэ /Chaoge/-д түрээслүүлсэн үйл баримт тэдгээрийн тайлбар, хэрэгт авагдсан дээрх гэрээнүүдээр нотлогдож байна. /хх 5-6, 36-37 дахь тал/ Энэ үйл баримтад талууд маргаангүй учир Н.О, “Н” ХХК-уудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Иймээс гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Зуучлалын хөлсийг буцаан шаардах эрхийн үндэслэл, мөн гэрээ цуцлагдсанаас хохирол учирсан эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

            Нэхэмжлэгч Н.О “...орон сууцыг түрээслэгч нь хугацаанаасаа өмнө гарсан” гэх үндэслэлээр хариуцагчаас зуучлалын хөлсөнд өгсөн 1 100 000 төгрөгөөс 825 000 төгрөгийг буцаан шаардсан байна.

            Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлагчийн гүйцэтгэх ажил нь үндсэн гэрээг байгуулах шалтгааны нэг нь болсон байхад хангалттай гэж үзнэ. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбараар хариуцагч “Н” ХХК нь нэхэмжлэгч Н.Од түрээслэгч олж өгч, гэрээ байгуулсан болох нь нотлогдож байх тул нэхэмжлэгч тал хариуцагчаас зуучлалын хөлсийг буцаан шаардах эрхгүй. /хх 6, 36-37 дахь тал/ Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулсан зуучлалын гэрээний 4.8, мөн орон сууцны түрээсийн гэрээний 2.5 дахь заалтуудыг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт нийцүүлэн зөв тайлбарласан байна.

Нэхэмжлэгч Н.О нь хариуцагч “Н” ХХК-иас гэрээний үүргээ биеүүлээгүйгээс учирсан хохиролд ашиглалтын зардалд 354 872  төгрөг, гэрэлтүүлгийн үнэд 50 000 төгрөг, бусад зардалд 203 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн учир үүнийг нотлох үүрэг нэхэмжлэгчид хуваарилагдана.

Талуудын байгуулсан орон сууцны түрээсийн гэрээгээр хариуцагч нь түрээслүүлсэн хөрөнгийн ашиглалтын байдалд хяналт тавих, хөлс төлөлтийн талаар гарсан зөрчлийг арилгуулах дагалдах үүрэг хүлээсэн байх тул хохирол учирсан нь нотлогдсон тохиолдолд нөхөн төлөх үр дагавар бий болохоор байна. /хх 5 дахь тал/

Нэхэмжлэгч талын шүүхэд гаргаж өгсөн зарлагын баримт /хх 41 дэх тал/ нь түрээслүүлсэн орон сууцны гэрэл эвдэрсэн, үүний улмаас нүдэн гэрэл 50 000 төгрөгөөр худалдан авч хохирсон гэдгийг эргэлзээгүй нотлоогүй байна. Анхан шатны шүүх энэ талаарх дүгнэлт зөв. Мөн бусад зардалд нэхэмжилсэн шаардлага тус бүрт нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу харьцуулан үнэлж, нэхэмжлэгчид хохирол учирсан гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй гэж үзэн, нэхэмжлэлийн шаардлагаас 354 872 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

            Иймд нэхэмжлэгч Н.Оын давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2019/00750 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37 876 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                             ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

                                                                                    Ч.ЦЭНД