Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 15 өдөр

Дугаар  2021/ДШМ/392

 

 

 

 

     2021           4             15                                         2021/ДШМ/392

 

Д.Дт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Батзориг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Халиун,

шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Б.Даваажанцан,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЗ/481 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Халиуны бичсэн 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 17 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч Д.Дт холбогдох 1841000730341 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Д.Д,

Шүүгдэгч Д.Д 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэд даргын албан тушаалд, мөн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус ажиллаж байх хугацаандаа 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Эрчимт сүлжээ зам” ХХК-тай Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Парксайд резиденс” хотхоны 821 дүгээр байрны 1201 тоотод байрлах 274.78 м.кв 8 өрөө орон сууцыг 659.472.000 төгрөгөөр, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Парксайд резиденс” хотхоны 821 дүгээр байрны В1 давхарт байрлалтай 35, 36 дугаартай тус бүр 18 м.кв талбайтай авто зогсоолыг 56.000.000 төгрөгөөр буюу нийт 715.472.000 төгрөгөөр орон сууц захиалах гэрээг өргөж авсан эцэг О.Тгийн нэрээр байгуулж, уг гэрээнд эхнэр Э.Д гарын үсэг зурж баталгаажуулан, эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийн төлбөрт 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд 679.236.000 төгрөгийг бэлнээр болон дансаар төлсөн,

2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Парксайд резиденс” хотхоны 822 дугаар байрны зоорины давхрын 35, 36 хаягт байрлалтай тус бүр нь 18 м.кв талбайтай авто зогсоол, 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Парксайд резиденс” хотхоны 821 дүгээр байрны 1201 тоотод байрлах 274.78 м.кв 8 өрөө орон сууцны 90.16 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус эхнэр Э.Дгийн нэр дээр гаргуулан авч, хөрөнгө орлогын мэдүүлэгтээ эхнэр Э.Дд эцгээс нь өвлүүлсэн хөрөнгө мэтээр худал мэдүүлэн хөрөнгө орлогоо нуусан, өөрийн хөрөнгө орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэйгээр тайлбарлаж чадаагүй гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Д.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...талийгаач О.Тгийн хөрөнгө орлогын албан ёсны бүхий л холбогдох баримтыг гаргуулж нягтлан шалгах;

2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр “Эрчим сүлжээ зам” ХХК-ийн кассад бэлнээр тушаасан 170.000.000 төгрөгийг талийгаачийн буяны ажилд цугларсан мөнгө гэж Д.Д тайлбарлаж байх тул уг мөнгөний эх үүсвэрийн талаар шалгаж тогтоох;

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Дгийн өгсөн: “...2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Эрчим сүлжээ зам” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь 40608173 тоот дансанд “Дашдондогийн Д.Ц”-ын Хас банкин дахь 5000464895 тоот данснаас “О.Т байрны төлбөр 99093309, 99118896” гэсэн утгаар орсон 50.000.000 төгрөгийг ээж Д.Ц нь хүүхдүүдээ байр авахад нь нэмэрлэж өгсөн байгаа юмаа. ...” гэх мэдүүлэг /3хх 42-45/-ийн дагуу Д.Дийн хадам эх Д.Цаас гэрчийн мэдүүлэг авах;

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Бийн өгсөн: “...2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Эрчим сүлжээ зам” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь 40608173 тоот дансанд 50.000.000 төгрөг “Үржиншаддүвлин хийд” гэсэн утгаар орлого орж ирсэн. ...” гэх мэдүүлэг /3хх 78-80/-ийн дагуу тус орлогыг чухам хэн, юуны учир шилжүүлсэн болохыг холбогдох хүмүүсээс тодруулж асуух;

Д.Д өөрийн хуучин орон сууцыг Г.Гад худалдсан мөнгөнөөс шинэ орон сууцны үлдэгдэл төлбөрт цувуулж өгсөн гэж мэдүүлсээр байх тул шүүгдэгчийн үндэслэлгүйгээр нэмэгдсэн гэх хөрөнгө, орлогын хэмжээг тодорхой тогтоох.

Иймд мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул ... Д.Дт холбогдох 1841000730341 дугаартай 16 хавтаст эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийлгэхээр Нийслэлийн Прокурорын газарт буцааж, Д.Дт авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох, хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй болохыг дурдаж” шийдвэрлэжээ.

Прокурор Э.Халиун бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх дараах нөхцөл байдлууд байна. Үүнд: Шүүгчийн захирамжийн 1 дэх заалтад “талийгаач О.Тгийн хөрөнгө орлогын албан ёсны бүхий л холбогдох баримтыг гаргуулж нягтлан шалгах” талаар дурджээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар О.Тгийн арилжааны банкинд данс эзэмшдэг талаар лавлагааны хуулгыг авч, үзлэг хийсэн. Мөн Татварын ерөнхий газрын 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 12/2771 дугаартай албан бичиг, Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газрын 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 06/66, 06/71, 05/294 дугаартай албан бичгүүдээр түүний нэр дээр хэдэн тооны мал байсан эсэх, улсад татвар төлж байсан эсэх талаар лавлагаа гаргуулан авсан байх төдийгүй түүний өргөмөл хүү болох гэрч Т.Эрдэнэбулганы “...Талийгаач аав О.Тд үнэт эдлэлүүд байдаг байсан. Тэрнээсээ ганц нэг шавь нартаа хөөрөг бөгж зэрэг зүйлүүд тарааж өгсөн байх. Нас барснаас нь хойш үлдсэн зүйлүүд нь надад байгаа. Миний хувьд үлдсэн үнэт эдлэлийг нь хадгалаад байж байна. 2002 оноос хойш Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг, Галдаагийн энгэр гэх газарт суурьшсан. Адуу 200 гаруй, үхэр 300-400, хонь, ямаа 1000 орчим мал байдаг байсан. 2009 онд шиг санаад байна, Төв аймгийн Алтанбулаг сумын мянгат малчин болж байсан. Өөр хөрөнгө гээд байх зүйлгүй. ...” гэсэн мэдүүлэг зэрэг хууль ёсны нотлох баримтуудаар нөхцөл байдал тодорхой нотлогдсон гэж прокурор дүгнэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа явуулснаар ямар үр дүнд хүрэх, тухайн мөрдөн шалгах ажиллагааг ямар зорилгоор гүйцэтгэх шаардлагатай болохыг шүүхийн шийдвэрт тодорхой тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, прокурор мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдсон үйл баримтанд үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд шүүх шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг “түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд” шийдвэрлэх хууль зүйн зохицуулалттай.

Энэ нь прокурорын дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзвэл гэм буруутайд тооцох, өмгөөлөгчийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзвэл гэм буруугүйд тооцох шийдвэр гаргах замаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх”, мөн “Гэм буруугүйд тооцох” зарчим хэрэгжих учиртай.

Шүүгчийн захирамжийн 2 дахь заалтад “2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр “Эрчим сүлжээ зам” ХХК-ийн кассад бэлнээр тушаасан 170.000.000 төгрөгийг талийгаачийн буяны ажилд цугларсан мөнгө гэж Д.Д тайлбарлаж байх тул уг мөнгөний эх үүсвэрийн талаар шалгаж тогтоох” талаар дурджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 170.000.000 төгрөг нь талийгаачийн буяны ажилд цугларсан мөнгө болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоогүй байна. Хэдийгээр шүүгдэгч Д.Д нь 170.000.000 төгрөгийг талийгаачийн буяны ажилд цугларсан мөнгө хэмээн шүүхийн шатанд мэдүүлсэн боловч мэдүүлгийнхээ эх сурвалжийг баримтаар нотолж чадаагүй, өөрөөр хэлбэл хэн, хэзээ, хэдэн төгрөг өгсөн болох нь баримтаар нотлогдоогүй нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн байхад шүүх тухайн асуудалд бодитой дүгнэлт хийгээгүй гэж үзнэ.

Шүүгчийн захирамжийн 3 дахь заалтад “Д.Дийн хадам эх Д.Цаас гэрчийн мэдүүлэг авах” талаар дурджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Авлигатай тэмцэх газрын мөрдөгч, комиссар Э.Мөнхцэнгэл нь Д.Дийн хадам эх болох Д.Цаас гэрчээр мэдүүлэг авах зорилгоор түүнтэй холбогдоход “би мэдүүлэг очиж өгөхгүй, хүүхдүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй” гэснийг мөрдөгч тэмдэглэл болгон үйлдсэн нь хавтаст хэрэгт байгаа бөгөөд тухайн хүнээс мэдүүлэг авахаар дуудах, шаардах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг зөрчихийн зэрэгцээ, мөн хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй.” гэж заасан мөн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхийг тус тус зөрчихөөр байна.

Хэрэв дээрх хуулиудыг зөрчиж Д.Цаас мэдүүлэг авсан тохиолдолд тэрхүү мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар тооцохгүй байх нөхцөл байдал үүсэх тул Д.Цаас гэрчээр мэдүүлэг авах боломжгүй гэж үзэж байна.

Шүүгчийн захирамжийн 4 дэх заалтад “Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Бийн өгсөн: 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Эрчим сүлжээ зам” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь 40608173 тоот дансанд 50.000.000 төгрөг “Үржиншаддүвлин хийд” гэсэн утгаар орлого орж ирсэн. ...” гэх мэдүүлэг /3хх 78-80/-ийн дагуу тус орлогыг чухам хэн, юуны учир шилжүүлсэн болохыг холбогдох хүмүүсээс тодруулж асуух” гэж дурджээ.

Хэрэгт цугларсан гэрч Б.Дгийн “...Сардаа иргэдийн ном хуруулсны мөнгө гэж дунджаар 15.000.000-22.000.000 төгрөгийн орлого ордог. Цагаан сарын үеэр орлого арай ихэсдэг ба 40.000.000-50.000.000 төгрөгийн орлого ордог. Орсон орлогоос 13.000.000-15.000.000 төгрөгийг цалинд, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд 2.800.000 орчим төгрөг, дулаанд 1.600.000-1.700.000 орчим төгрөг, цахилгаанд 500.000-600.000 орчим төгрөг, хог, усны төлбөрт 300.000-350.000 орчим төгрөг, мөн сардаа их хуралтай өдөр идээ цагаанд 1.500.000 орчим төгрөг, лам нарын хоол хүнсэнд 3.000.000 орчим төгрөг төлдөг. Үндсэндээ зарлага давсан үед цагаан сараар орж ирж байгаа орлогоор нөхөж төлөөд явдаг. ...Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн 50 гаран сая төгрөгийн өртэй, Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст хүн амын орлогын албан татварын 20 гаран сая төгрөгийн өртэй байгаа. ...” гэсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад баримтуудаас үзэхэд Үржиншаддүвлин хийдэд орж ирсэн гэх орлогоос 50.000.000 төгрөг шилжүүлсэн болох нь нотлогдохгүй байна.

Шүүгчийн захирамжийн 5 дахь заалтад “Д.Д өөрийн хуучин орон сууцыг Г.Гад худалдсан мөнгөнөөс шинэ орон сууцны үлдэгдэл төлбөрт цувуулж өгсөн гэж мэдүүлсээр байх тул шүүгдэгчийн үндэслэлгүйгээр нэмэгдсэн гэх хөрөнгө, орлогын хэмжээг тодорхой тогтоох” гэж дурджээ.

Хэрэв шүүгдэгч Д.Дийг өөрийнхөө хуучин орон сууцыг Г.Гад худалдаж, худалдсан мөнгөнөөс шинэ орон сууцны үлдэгдэл төлбөрт төлсөн гэж үзвэл шүүх Д.Дийн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх 679.236.000 төгрөгөөс тухайн байр зарсан гэх мөнгийг хасаж тооцох боломжтой бөгөөд энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй тул дахин мөрдөн шалгах ажиллагаа хийх үндэслэлгүй гэж үзэж байна.

Дээрх нөхцөл байдлуудаас нэгтгэн дүгнэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзнэ.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЗ/481 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Д.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2012 онд тухайн байрыг миний өргөж авсан аав О.Т худалдаж авсан. 2012 оноос хойш төлбөр нь төлөгдөж явсан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болсон. Хүний ажил, амьдралтай холбоотой асуудал яригдаж байгаа учраас энэ талаар сайтар нягтлан шалгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Дийн өмгөөлөгч Б.Даваажанцан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Мөрдөн шалгах ажиллагаа нь гэмт хэргийн зорилго, гэм буруу зэргийг тогтоох ёстой байдаг. Анх хэрэг бүртгэлтийн хэргийг албан тушаалаа хэтрүүлсэн, сонгон шалгаруулалтыг зөв явуулсан эсэх талаар нээсэн. Сүүлдээ 2012 онд байр захиалсан гэх асуудал руу орсон. Анхан шатны шүүх тухайн хэргийн үйл баримтыг зөв үнэлсэн. О.Т гэх хүний хөрөнгийг тогтоох шаардлагатай гэж шүүх дүгнэсэн. Гэтэл прокуророос тухайн хүний дансыг шалгаж, Төв аймгийн Алтанбулаг сумаас малын хөлийн тоог авсан нь хангалттай гэж үзэж байгаа нь өрөөсгөл байна. Зөвхөн дансаар гүйлгээ хийдэггүй. Төв аймгийн Алтанбулаг сум нь О.Тгийн амьдарч байсан нутаг биш, сүүлийн 2-3 жил ирж өвөлжиж байсан нутаг юм. Анхан шатны шүүхээс О.Тгийн хөрөнгө, орлогыг тогтоох зайлшгүй шаардлагатай, мөн түүний үүсгэн байгуулсан “Үржиншаддүвлин” хийдэд холбогдуулан үнэлгээ хийх, шинжээч томилох зайлшгүй шаардлагатай байсан. 3.000 м.кв газартай, хурал хурдаг хийдтэй, 3 давхар ажилчдын байртай объект юм. Эндээс олсон орлогоосоо мөнгө төлж байсан гэх баримт байгаа. Анх байр захиалахад төлсөн 150.000.000 төгрөгийг тодруулах шаардлагатай гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн. Тухайн компани нь 2014 онд одоогийн “Шинэ төрх” үйлчилгээний төвийн 3 давхарт байрладаг, гаднаа 27 гишгүүр бүхий шаттай байсан. Иймд О.Т алхаж орж чадахааргүй байсан ба 2015 онд зүрхний хагалгаанд орсон. Эдгээр нөхцөл байдлыг тогтоох ёстой байсан. О.Тгийн нас барсан огноо болон “Эрчим сүлжээ зам” ХХК-д мөнгө төлсөн огноо хоёрын хооронд 49 хоногийн зай байдаг. Шалтгаант холбоо нь огноогоор холбогддог. Энэ талаарх баримтыг “Үржиншаддүвлин” хийдээс гаргуулж өгнө гэсэн тайлбарыг хэлдэг боловч энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй. Д.Д Д.Цаар дамжуулж мөнгө төлсөн эсвэл Д.Ц сайн дурын үндсэн дээрээс 50.000.000 төгрөг өгсөн талаар Д.Ц гэрчээр мэдүүлэг өгөхөөс татгалзах зүйлгүй. Харин Д.Дийн хувийн байдалтай холбоотой бус, 50.000.000 төгрөгийг ямар учраас шилжүүлсэн бэ гэдэг нь чухал учраас энэ асуудлыг зайлшгүй тодруулах нь зүйтэй. “Үржиншаддүвлин” хийдээс орж ирсэн мөнгийг тодруулах нь зүйтэй, зөвхөн уг хийдийн дансны хуулганд үндэслэн мөнгө орж ирэх боломжгүй гэж үзсэн нь өрөөсгөл болсон. Хэрэгт гэрч Доржсүрэнгийн мэдүүлэг авагдсан. Уг мэдүүлэгт 2012 онд 220.000.000 төгрөгөөр өргөл барьсан, мөн онд 200.000 ам.долларыг өргөл барьж байсан гэсэн байдаг. Энэ талаар дахин нэмж ажиллагаа хийгдээгүй. Иймд энэ талаар тодруулах нь зүйтэй. Мөн энэ гэмт хэргийн зорилго, сэдэл, хохирлыг тодруулах үүднээс зайлшгүй дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Д.Дт холбогдох хэргийг анхан шатны шүүхээс шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчлан заасан ба тэдгээрийг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолдог хэдий ч шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тохиолдолд хэргийг прокурорт буцаах үндэслэл болдог.

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлуудыг хянаж, шийдвэрлэх ёстой байдлыг шийдвэрлээгүй байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Албан тушаалтанд бий болсон их хэмжээний хөрөнгийн эх сурвалж буюу ямар аргаар, хэнээс шилжин ирсэн нь тодорхойгүй, эх үүсвэр тогтоогдохгүй байгаа үед хууль бус орлого олсных нь төлөө албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжийг үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэргийн шинж тодорхойлдог онцлогтой.

Үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэргийн хувьд, нийтийн албан тушаалтан бүрэн эрхийн хугацаандаа үйлдсэн байх, хууль ёсны орлогын эх үүсвэрээс давсан хөрөнгө, орлого нь их хэмжээгээр нэмэгдсэн байх, санаатай үйлдэгдсэн байх, их хэмжээгээр нэмэгдсэн орлого, хөрөнгөө үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй байх зэрэг шинжийг хангасан байхаар хуульчилжээ.

Нийтийн албан тушаалтан гэдгийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1ш, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-4.1.9 дэх хэсгүүүдэд зааснаар ойлгоно.

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байдлыг албан тушаалтны албаны эрх, үүргээ хэрэгжүүлсэн хугацаатай хамтатган буюу хөрөнгө бий болсон цаг хугацааг албан тушаалтаны албан тушаал эрхэлж байсан цаг хугацаатай хамтатган авч үзэх бөгөөд харин цаг хугацааны хувьд зөрж байвал бий болсон эд хөрөнгийг албан тушаалтны албаны үйл ажиллагаатай холбоотой болохыг заавал нотлох шаардлагатай. 

Хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн байх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдсэн байхыг ойлгоно.

Гэмт хэрэгт холбогдсон этгээдээс хөрөнгөө хууль ёсны болохыг батлахыг шаардаж буй нь прокурорыг шүүгдэгчийн гэм бурууг баримтаар нотлох үүргээс чөлөөлж байгаа, яллагдагч, шүүгдэгч зөвхөн өөрөө гэм буруутайгаа болон гэм буруугүйгээ нотолж буйн аль аль нь биш бөгөөд прокурор гэмт хэрэгт холбогдсон этгээдийн хөрөнгийг орлоготой нь дүйцэхгүй байгааг хангалттай баримтаар нотолсны эцэст яллагдагч, шүүгдэгчид хариу тайлбар гаргах, яллах дүгнэлтэд эргэлзээ төрүүлэх зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Долдугаар бүлэгт заасан нийтлэг эрх хадгалагдсаар байх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдах бүрэн боломжтой юм.

Нөгөөтэйгүүр, хөрөнгө, орлогоо хууль ёсны болохыг тайлбарлахыг нийтийн албан тушаалтанд үүрэг болгож, хэргийн зарим нөхцөл байдлыг яллагдагч, шүүгдэгчээр нотлуулснаар хэрэг шийдвэрлэгдэхгүй бөгөөд гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гаргасан тайлбарыг няцаах, түүнийг үндэслэлгүй болохыг баталж, няцаан нотлох нь прокурорын нийтлэг үүрэгт хамаарах тул нотолгооны тэнцвэр хангагдаж шүүхийн шатанд гэм буруугүйн зарчим зөрчигдөхгүй гэж үздэг.

Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн тухайд албан тушаалтны албаны эрх мэдлээ урвуулсан үйлдэл, эс үйлдэхүйг шалгаж тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн боловч түүний хөрөнгө хууль ёсных нь орлогоос давсан, үл дүйцэж байгааг нотолсноор прокурорын гэм бурууг нотлох ажиллагааны стандарт хангагдах бөгөөд энэ тохиолдолд шүүгдэгчийн гэм бурууг нотлох хуульд заасан үүргээс прокурор чөлөөлөгдөхгүй тул бусад гэмт хэргийн нотолгооны стандартад тавигддаг гэм буруугүйн зарчим энэ гэмт хэрэгт нэгэн адил үйлчлэхийг анхаарвал зохино.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй бол” гэж зааснаас үзэхэд, эхлээд тухайн албан тушаалтны хууль ёсны орлогыг тодорхой тогтоож, тухайн орлого нь хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдэхэд ямар хэмжээний нөлөө үзүүлсэн эсэхийг тогтоосны эцэст өөрийнх нь хууль ёсны орлогоос тусдаа үүссэн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн байдалд дүгнэлт өгөх учиртай. 

Яллах дүгнэлтэд, Д.Дийн албан тушаал эрхэлж байсан цаг хугацааг 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн гэж албан тушаал эрхэлж байсан цаг хугацааг тодорхойлсон бол гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацааг 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл гэж заажээ.

Иймд, Д.Дийн нийтийн албан тушаалтанд хамаарах албан тушаал эрхэлж эхэлсэн, дуусгавар болгосон цаг хугацааг тодорхой зааж, уг хугацаанд буюу тухайн жилд хууль ёсны хөрөнгө орлого нь ямар хэмжээтэй байсан, уг хэмжээнээс тухайн жилд ямар хэмжээгээр нэмэгдсэнийг тодорхой дүгнэж, яллах дүгнэлтэд тодорхой заах нь зүйтэй.

Харин албаны эрх, үүргээ хэрэгжүүлсэн хугацаатай зөрж буй эд хөрөнгө байвал албаны үйл ажиллагаатай холбоотой болохыг нотлож ирүүлэх шаардлагатай.

Яллах дүгнэлтэд хэргийн үйл баримтыг тодорхой тусгаснаар тухайн асуудлуудад шүүх хууль зүйн дүгнэлт өгөх нөхцөл бүрддэг болно.

Үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэргийн хувьд, өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлахаас бусад хэргийн нөхцөл байдлыг прокурор тогтоож, шүүхэд нотлох ажиллагааг хэрэгжүүлдэг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг шалган тогтоож, хэргийн үйл баримтын талаар яллах дүгнэлтэд маш тодорхой тусгахыг хуульд заасан.

Шүүгчийн захирамжид “...талийгаач О.Тгийн хөрөнгө орлогын албан ёсны бүхий л холбогдох баримтыг гаргуулж нягтлан шалгах, 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр “Эрчим сүлжээ зам” ХХК-ийн кассад бэлнээр тушаасан 170.000.000 төгрөгийг талийгаачийн буяны ажилд цугларсан мөнгө гэж Д.Д тайлбарлаж байх тул уг мөнгөний эх үүсвэрийн талаар шалгаж тогтоох” гэж заасан ажиллагааны талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй байна гэж үзэв.

Харин шүүгчийн захирамжид заасан бусад мөрдөн шалгах ажиллагааг явуулах нь зүйтэй байх бөгөөд ингэхдээ, Д.Дийн хадам эх Д.Цаас заавал мэдүүлэг авах байдлаар бус холбогдох байгууллагуудаас шаардлагатай материалуудыг гаргуулан 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар уг хүний хөрөнгийн эх үүсвэрийг зайлшгүй шалгаж тодруулах шаардлагатай байна.

Эдгээрийг шалгаж тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, ...хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэсэн тухайн хуулийн зорилгод нийцэх юм.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт дурдсан зарим үндэслэлд өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийг хэвээр үлдээж, “шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЗ/481 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Э.Халиуны бичсэн 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 17 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                                        Т.ӨСӨХБАЯР