Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
Хэргийн индекс | 104/2020/00045/И |
Дугаар | 104/ШШ2020/00136 |
Огноо | 2020-04-09 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 104/ШШ2020/00136
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Багахангай дүүрэг, 1 дүгээр хороо, Химийн гудамж, үйлдвэрлэлийн 47, 47-1, 47-2 Ахуй Мандал үйлдвэрлэлийн байр, ******* /РД:*******/-ийн
Хариуцагч: Налайх дүүрэг, 2 дугаар хороо, өөрийн байранд байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа ******* холбогдуулан
Төв аймгийн ******* мкв талбайтай ******* зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах нэгж талбарын дугаартай 500 мкв талбайтай ******* зориулалттай эзэмших эрхийн газрын үнэлгээний талаарх гомдлыг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сэлэнгэмөрөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* тайлбарлахдаа: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаар захирамжаар *******-иас 78.335.359 төгрөгийг гаргуулж *******-д олгохоор шийдвэрлэсний дагуу 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 2.914.000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 12.000.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 1.550.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1.000.000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 1.000.000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 500.000 төгрөг нийт 18.964.000 төгрөгийг төлж барагдуулсан ба үлдэх 59.551.351 төгрөг гаргуулах ажиллагааг Налайх дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг гүйцэтгэж байгаа. Шинжээч нь манай компанийн өмчлөлийн Төв аймгийн Баян сумын 3 дугаар багийн Цавчирт байрлах нэгж талбарын дугаартай, 500 м.кв талбайтай эзэмших эрхийн газар, 21.62 м.кв талбайтай, шатахуун түгээх станцын зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг 58.100.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Налайх дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг -ийг хуулийн дагуу томилсон эсэх, уг компани үнэлгээг үнэн зөв бодитой үнэлсэн эсэхийг шалгаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* тайлбарлахдаа: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 00020 дугаар захирамжтай -иас 78.335.359 төгрөгийг гаргуулж Үүр тээл ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх байгууллага иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгө болох харилцах дансуудыг битүүмжлэл хийгдэж, нийт төлбөрөөс 22.814.008 төгрөгийг төлж барагдуулсан. Үүнээс үлдэгдэл нь 55.701.351 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Уг төлбөрийн мөнгийг барагдуулахын тулд тус компанийн тээврийн хэрэгслүүдэд нь үзлэг нэгжлэг хийсэн байгаа. Үзлэг нэгжлэг хийхэд тээврийн хэрэгслүүд нь замын хөдөлгөөнд оролцдоггүй, үйлдвэрийн хашаанд байрлалтай, эвдрэл гэмтэл ихтэй байсан учраас уг тээврийн хэрэгслүүдийн захиран зарцуулах эрхийг сэргээж үл хөдлөх хөрөнгө рүү нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тус компанийн өмнөх захирал болох менежер н.Баттогтохын гаргасан хүсэлтийн дагуу Төв аймгийн Баян суманд байрлах шатахуун түгээх станцыг 500 м.кв газрын эзэмшлийн талбайтай газрын хамт битүүмжлүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаа явуулъя гэсэн саналын дагуу уг хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийж хураасан байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг талуудад мэдэгдэж, танилцуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжлээд үнийн санал авсан, Үүр тээл ХХК-иас 2019 оны 11 сарын 19-ний өдөр 66 дугаар албан бичгээр шинжээч томилж, үнэлгээг хийлгэх хүсэлтэй байгаагаа хэлсэн. -иас шатахуун түгээх станцаас 200 сая төгрөгөөр, газраа 950.000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналаа манайд ирүүлсэн. Хүсэлтүүдийн дагуу шинжээч томилсон, шинжээчийн байгууллагаар Мөнх оргил трейд ХХК-ийг томилсон. Шинжээчээр Б.ыг тогтоосон. Хөрөнгийн үнэлгээний тайлан хуулийн дагуу 3 хоногтоо гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад мэдэгдсэн, танилцуулсан. Хөрөнгийн үнэлгээтэй холбоотой асуудлыг шинжээч томилохдоо манайх эрх үүргийг танилцуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас үнэлгээ хийгээгүй учраас уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч -ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзсэн.
Нэхэмжлэгч хариуцагч Налайх, Багхангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдуулан Төв аймаг Баянсум 3 дугаар баг Цавчирт байрлах 21.62 м.кв талбайтай Шатахуун түгээх станцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байрлах нэгж талбарын дугаартай 500 м.кв талбайтай шатахуун түгээх станцын зориулалттай эзэмших эрхийг газрын үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн.
Хариуцагч Налайх, Багхангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг нэхэмжлэлд дурдсан хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1., Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.-т заасны дагуу үнэлгээ тогтоож, энэ зүйлийн 55.1.-д зааснаар мэдэгдсэн үндэслэлээр гомдлыг зөвшөөрөхгүй маргасан.
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 104/ШШ2018/00020 дугаар шүүгчийн захирамжаар -иас тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 78.000.000 төгрөг гаргуулж Үүр тээл ХХК-д олгохоор шийдвэрлэснийг хариуцагч байгууллага 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 105 дугаартай гүйцэтгэх хуудсаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэж 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол үйлдэж, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа өгч, шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдэж төлбөр авагчаас тайлбар авчээ.
Төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй учраас 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Төлбөр төлөгчийн биед болон эд хөрөнгөд үзлэг хийсэн 18310180/08 дугаартай акт үйлдэж маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгө, газарт үзлэг хийж 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 18310180/10 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол үйлдэж Төв аймаг Баянсум 3 дугаар баг Цавчирт байрлах 21.62 м.кв талбайтай Шатахуун түгээх станцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын дугаартай 500 м.кв талбайтай шатахуун түгээх станцын зориулалттай эзэмших эрхийг газрыг битүүмжилж мөн оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 183110180/12 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолоор дээр дурдсан үл хөдлөх хөрөнгө, газрыг хураах үйл ажиллагааг явуулж төлбөр авагч, төлбөр төлөгч нарт үнийн санал ирүүлэхийг мэдэгджээ.
Төлбөр авагч Үүр тээл ХХК 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр эд хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн шинжээчээр хийлгэх, төлбөр авагч 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 02/07 тоот албан бичгээр Төв аймаг Баянсум 3 дугаар баг Цавчирт байрлах 21.62 м.кв талбайтай Шатахуун түгээх станцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 200.000.000 төгрөгөөр, мөн хаягт байрлах нэгж талбарын дугаартай 500 м.кв талбайтай шатахуун түгээх станцын зориулалттай эзэмших эрхийг газрыг 950.000 төгрөгөөр үнэлж буй саналаа Налайх, Багхангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлжээ.
Шийдвэр гүйцэтгэгч Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1., 55 дугаар зүйлийн 55.2.-т зааснаар дээрх үл хөдлөх хөрөнгө, газарт үнэлгээ тогтоолгохоор 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 11/10 дугаартай тогтоолоор Мөнх-Оргил трейд ХХК-ийн үнэлгээчин Б.ыг шинжээчээр томилсон байна.
Үнэлгээчин Б. 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр үл хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмж, газрын зах зээлийн үнэ, цэнийг 58.100.000 төгрөгөөр үнэлж Хөрөнгийн үнэлгээний тайланг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээлгэн өгсөн байна.
Хөрөнгийн үнэлгээний тайланд Шатахуун түгээх станц барилга байгууламж, тоног төхөөрөмжийн өртгийн хандлагаар нийт дүнг 34.289.100 төгрөг гэж, эзэмшлийн газрын үнийг 1.815.000 төгрөг гэж, өртгийн хандлагын үнэлгээнд 30 хувийн, зах зээлийн харьцуулалтын үнэлгээнд 70 хувийн ач холбогдол өгч эцсийн үнэлгээг 58.1 сая төгрөгөөр тооцож гаргасан байна.
Шийдвэр гүйцэтгэгч 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төлбөр төлөгч, төлбөр авагч нарт 2/1056, 2/1057 тоот албан бичгээр Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.-д зааснаар үнэлгээний талаар мэдэгдэж 2020 оны 01 дүгээр сарын 24-ний дотор бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахыг мэдэгдсэн байна.
Төлбөр төлөгч Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-д зааснаар үнэлгээг зөвшөөрөхгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэгчээс үнэлгээг мэдэгдсэнээс өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй.
Нэхэмжлэгч нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гарсан Хөрөнгийн үнэлгээний тайлантай 12 дугаар сарын 24-ний өдөр танилцсан бөгөөд нэхэмжлэлийг хуульд заасан хугацаанд гаргасан байна.
Төлбөр төлөгч нь Сангийн сайдын 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 280 дугаар тушаалаар Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй үнэлгээчин Б.ын үнэлсэн үнэлгээг зах зээлээсээ хэт доогуур үнээр үнэлсэн, шийдвэр гүйцэтгэгч хуульд заасан журмыг зөрчсөн гэсэн үндэслэлийг зааж гомдсон.
Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.-д зааснаар шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, ...хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухай хөрөнгийг битүүмжилснээс хойш 1 сарын дотор түүний чанар, эргэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухай үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж тэмдэглэл хөтлөнө.
Хэрэгт авагдсан баримт зохигчдын тайлбараар энэ ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл төлбөр төлөгч хөрөнгийн үнийн талаар 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 02/07 тоот албан бичгээр Төв аймаг Баянсум 3 дугаар баг Цавчирт байрлах 21.62 м.кв талбайтай Шатахуун түгээх станцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 200.000.000 төгрөгөөр, мөн хаягт байрлах нэгж талбарын дугаартай 500 м.кв талбайтай шатахуун түгээх станцын зориулалттай эзэмших эрхийг газрыг 950.000 төгрөгөөр үнэлж буй саналаа Налайх, Багхангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлсэн. Шийдвэр гүйцэтгэгч орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж оролцогч талуудад мэдэгдэж тэмдэглэл хөтлөх ажиллагааг огт хийгээгүй. Төлбөр авагч Үүр тээл ХХК-ийн хүсэлтийг үндэслэн хөрөнгийн үнэлгээчин Б.ыг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.-т хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэх 6 үндэслэлийг зааж өгсөн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлбөгчийн үнийн саналыг төлбөр авагч буюу үүрэг гүйцэтгүүлэгчид танилцуулаагүй, түүнээс санал аваагүй, харилцан тохиролцуулах талаар арга хэмжээ аваагүй аваагүй байна.
Мөн түүнчлэн шийдвэр гүйцэтгэгчийн битүүмжилсэн, хураасан хөрөнгөд үнэлгээнд багтсан түгээгүүр, шатахуун хадгалах хэвтээ ган сав, аянга зайлуулагч, галын сарай, гадна гэрэлтүүлэг, камерын тоног төхөөрөмжүүд, үнийн самбар зэрэг тоног төхөөрөмжүүд ороогүй. Өөрөөр хэлбэл битүүмжлэх, хураах ажиллагаа хийгээгүйгээр ШТС-ийн тоног төхөөрөмжинд үнэлгээ хийлгэсэн зөрчил байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 109Ш дугаартай хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1., Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.7.-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******-ийн Төв аймгийн ******* мкв талбайтай ******* зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын дугаартай 500 мкв талбайтай эзэмших эрхийн газрыг нийт 58.100.000 төгрөгөөр үнэлсэн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 109/Ш дугаартай хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4.-т зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Налайх, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4, 119.7.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ