| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 319/2025/0115/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/131 |
| Огноо | 2025-05-27 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | А.Батбаатар |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/131
2025 05 27 2025/ШЦТ/131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор ******* 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар яллах дүгнэлттэй, шүүгдэгч ******* холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд улсын яллагч А.Батбаатар, шүүгдэгч М., түүний өмгөөлөгч ******* нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранбилэг тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 02 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай, овгийн .
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар: Шүүгдэгч М. нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2.73 хувийн согтолттойгоор 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Ховд аймгийн ******* сумын багт улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
1.1. Шүүгдэгч М. нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2.73 хувийн согтолттойгоор 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Ховд аймгийн ******* сумын багт улсын дугаартай “Toyota prius-20” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь жолоочийн согтуурлыг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 7, 9 хуудас), жолоочийн эрх хасагдсан тухай лавлагаа (хавтаст хэргийн 22 хуудас), тээврийн хэрэгслийн гэрчилгээний лавлагаа (хавтаст хэргийн 12 хуудас), яллагдагч М.ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан, талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
1.3. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэсэн шинжийг бүрэн агуулжээ.
1.4. Шүүгдэгч М. нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Прокурорын санал болгож, шүүгдэгч М.ийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
2.2. Иймд шүүгдэгч М.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
2.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан торгох ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлав.
2.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан буюу шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор тогтоов.
2.5. Энэ хэргийн учир шүүгдэгч М. нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
2.6. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нь бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овгийн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/хоёр/ жил хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000/хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* оногдуулсан хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000/хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг сар тутам 225,000/хоёр зуун хорин таван мянга/ төгрөгөөр 12/арван хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч ******* тайлбарласугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолохыг дурдсугай.
6. Шүүгдэгч М. нь цагдан хоригдоогүйг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт ирүүлээгүй, зүйлгүй, энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.оос гаргуулах хохирол, төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ