| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2022/00596/И |
| Дугаар | 101/ШШ2022/02200 |
| Огноо | 2022-05-11 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 101/ШШ2022/02200
2022 05 11 101/ШШ2022/02200
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: 000000000 тоотод оршин суух, Д-н Мийн /РД: 0000000/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 0000000 тоотод оршин суух, Ч-н Мөт /РД: 00000/ холбогдох
6,589,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М,
Хариуцагч Ч.Мө,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Дамба,
Гэрч Ч.Алтанцэцэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Д.М нь Монголын эрүүл ард сан төрийн бус байгууллагыг төлөөлсөн Л.Лхаасүрэнтэй сайн дурын үндсэн дээр Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12-р хороолол, 47-5 байрны нийт 47 м.кв талбай бүхий Хараа зүйн чиглэлийн үйл ажиллагааг явуулах шаардлагыг бүрэн хангасан байрыг хөлслөх буюу түрээслэх тухай 07 тоот гэрээг байгуулсан.
Дээрх үл хөдлөх хөрөнгийн сарын түрээсийн төлбөр 2,000,000 төгрөг бөгөөд Ч.Мө бид хоёр хувааж төлөхөөр тохирсон.
Гэрээний дагуу Д.М би эзэмшил, ашиглалтдаа аж ахуйн үйл ажиллагаагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд дараахь шалтгааны улмаас эрх маань хязгаарлагдаж хохирол учирч саад бэрхшээл тулгарч байна.
Би 2021 оны 08 сарын 01-нээс эхлэн гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулах үедээ өмнөх түрээслэгч Ч.Мөтэй ажлын байраа хуваан хэрэглэх тухай аман хэлэлцээр хийж үйл ажиллагаа явуулах үед манай ажиллах ёстой 2 хоног дээр 2 удаа Ч.Мө үйл ажиллагаа явуулсан.
Тухайн өдрийн орлого болох 2,270,000 төгрөгийг хараа зүйн төвийн орлогын дэвтэр дээр тэмдэглэгдсэн. Үүнээс болж манайл орж ирэх байсан орлого ороогүй.
Мөн Ч.Мө ажлын байрны 2 том өрөөний нэг болох Хараа зүйн төв-ийн хараа оношлох өрөөнд өөрийн эд зүйлээ хийж авахгүй байгаагаас шалтгаалан түрээсийн талбайг бүрэн ашиглаж чадаагүйгээс манай байгууллагын үйл ажиллагааны орлого буурч үйлчлүүлэгчид тав тухгүй үйлчлүүлж, эрэлт буурч хохирол учирсан.
Тиймээс Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж заасны дагуу ашиглагдахгүй байгаа 16.5 м.кв талбайг Ч.Мөээс албадан чөлөөлүүлэх, мөн ашиглуулаагүй өрөөний төлбөрийг сарын 1,000,000 төгрөгөөр тооцон 2021 оны 09 сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 сарыг дуустал хугацааны түрээсийн төлбөр 5,000,000 төгрөг, үйл ажиллагаа дур мэдэн явуулсан тухайн өдрийн орлого 2,270,000 төгрөг, нийт 7,270,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.
Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12-р хороолол, 47-р байрны 5 тоот дахь үл хөдлөх хөрөнгийн талбайн зарим хэсэг 16,5 м.кв талбайг хариуцагч Ч.Мө нь 2021 оны 09 сарын 01-ний өдөр чөлөөлсөн тул уг шаардлагаасаа татгалзаж байна.
2021 оны 09 сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 сарыг дуустал хугацааны түрээсийн төлбөр 5,000,000 төгрөг, үйл ажиллагаа дур мэдэн явуулсан орлого 1,589,000 төгрөг, нийт 6,589,000 төгрөгийг хариуцагч Ч.Мөээс гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ч.Мө шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ч.Мө миний бие Монголын эрүүл ард сантай 2016 оноос түрээсийн гэрээ байгуулан 31 м.кв талбайг түрээслэн түрээсийн төлбөрт сард 2,000,000 төгрөг төлөхөөр тохиролцон ажиллаж эхэлсэн.
Баянзүрх дүүргийн 1-р хороо, 47-р байр, 5 тоот нь хуучны 2 өрөө байр бөгөөд би хуучны 2 өрөөнд нь үйл ажиллагаа явуулж байсан ба арын өргөтгөлийг нь огт ашиглаагүй.
Түрээсийн төлбөрөө цаг тухайд нь төлөөд үйл ажиллагаагаа явуулж байтал тус санг үүсгэн байгуулсан Ч.Алтанцэцэг гэж хүн ирээд хууль бус хүнд түрээс өгч байна, энэ үйлдлээ зогсоо гэсэн тул 2020 оны 08 сараас түрээсийн төлбөрөө н.Палам гэж хүн рүү шилжүүлэхээ зогсоосон.
Учир нь н.Палам, Л.Лхаасүрэн нар сангийн үүсгэн байгуулагчдын гарын үсгийг хуурамчаар зурж, гэрчилгээг гаргуулж авсан үйлдэл нь илэрч улмаар цагдаад шалгагдаж эхэлсэн. Энэ асуудлыг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газар шалгаад прокурор хянаад хуурамч гэдгийг нь тогтоосон.
Тус сангийн бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 оны 07 сарын 21-ний өдрийн 3701 дугаар бүхий дүгнэлтээр хүчингүй болгосон.
Гэтэл 2021 оны 07 сард Д.М нь Монголын эрүүл ард сангийн удирдах зөвлөлийн гишүүн Ч.Алтанцэцэгтэй уулзан хойд талын өргөтгөлийн өрөөг түрээслэе гэсэн ба Ч.Алтанцэцэг уг өрөөг засч оффис болгоно гэж хэлээд гаргасан.
Уг өргөтгөлийн өрөө нь миний түрээслэж байсан өрөөнөөс 2 дахин том, тус байрны 31 м.кв талбайд ордоггүй өрөө бөгөөд тус байр нь өргөтгөлийн хамт 78 м.кв, хараа зүйн ашиглах талбай нь 48 м.кв ба өргөтгөлд сангийн эд хөрөнгийг хадгалах агуулах зориулалтаар ашиглаж байсан. Тус өргөтгөлд Д.М одоо амьдарч байгаа.
2021 оны 08 сард Д.М нь би энэ байрыг түрээслэхээр боллоо гээд хуурамч түрээсийн гэрээ бариад ирсэн. Л.Лхаасүрэн удирдах зөвлөлийн гишүүн Ч.Алтанцэцэгтэй зөвшилцөлгүй гэрээ байгуулсан байсан.
Ингээд би 2021 оны 08 сард Д.Мтой хамт ажилласан ба би түүнд 1,000,000 төгрөг өгсөн. Энэ хугацаанд намайг байнга хөөн байсан, надаас орлогын 4,061,000 төгрөг авсан. 2021 оны 09 сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг өг гэхэд нь би түрээс 10-ны өдөр өгөх гэрээтэй гээд өгөөгүй.
2021 оны 09 сарын 02-ны өдөр ажилдаа ирэхэд хаалга цоожилсон байсан. Би аргагүйн эрхэнд өөрийн түрээслэж байсан 15 м.кв үзлэгийн өрөөгөө лацдаад гарсан бөгөөд лацыг хөдөлгөж хаалгыг нь нугасаар нь салгаад тавьсан байсныг цагдаа дуудаж хаалгаа цоожилсон. Иймд Д.Мийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Талуудын ирүүлсэн баримтууд:
Нэхэмжлэгч Д.М нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Монголын эрүүл ард сантай 2021 оны 08 сарын 01-ний өдөр болон 2021 оны 09 сарын 01-ний өдөр байгуулсан Ажлын байр хөлслөх гэрээ-нүүд, Л.Лхаасүрэн, Д.М нарын иргэний үнэмлэхний хуулбар,
Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12-р хороолол, 47-р байр, 2 тоот хаягт байршилтай, 31 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Y-2204004594 дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Монголын эрүүл ард сан болох тухай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар,
Монголын эрүүл ард сангийн удирдах зөвлөлийн даргаар Л.Лхаасүрэнг томилсныг 2017 оны 10 сарын 04-ний өдөр бүртгэлд бүртгэсэн тухай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, мөн сангийн 2017 оны 10 сарын 02-ны өдөр баталсан дүрэм,
Монголын эрүүл ард сангийн удирдах зөвлөлийн дарга Л.Лхаасүрэнгийн 2021 оны 07 сарын 26-ны өдөр түрээслэгч Ч.Мөт хүргүүлсэн шаардлага,
Д.Моос 2021 оны 07 сарын 30-ны өдөр Хараа зүйн төвийн 2021 оны 08 сарын түрээсийн төлбөр Моос гэсэн агуулгатай 2021 оны 07 сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн баримт,
Монголын эрүүл ард санг улсын бүртгэлд бүртгэж 2001 оны 04 сарын 30-ны өдөр олгосон гэрчилгээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2022 оны 02 сарын 09-ний өдрийн Монголын эрүүл ард сангийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгийг түрээслэх явц дахь орлогыг бүртгэсэн дэвтэр /А4 бичгийн цаасны хэмжээтэй, эрээн өнгөтэй зөөлөн хавтас/ зэргийг нотлох баримтаар ирүүлжээ.
Хариуцагч Ч.Мө нь Хаан банк дахь 5041358451 тоот дансныхаа 2021 оны 08 сарын 02-ны өдрөөс 08 сарын 31-ний өдрийг дуустал хугацааны хуулга, Д.Мийн амьдарч байгаа гэх өрөөний болон хаалганы лац хөдөлгөсөн гэх гэрэл зургууд,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2020 оны 08 сарын 14-ний өдрийн лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2021 оны 12 сарын 30-ны өдрийн 7904 дугаартай Улсын бүртгэлийн зөрчил арилгах тухай дүгнэлт, мөн байцаагчийн 2020 оны 07 сарын 21-ний өдрийн 3701 тоот бүртгэл хүчингүй болгох тухай дүгнэлт,
Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 10 сарын 25-ны өдрийн 1571 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, үл хөдлөх хөрөнгийг түрээслэх явц дахь орлого, зарлага, үйл ажиллагаа хөтөлсөн гэх дэвтэр /цэнхэр өнгийн хатуу хавтас бүхий/ зэрэг нотлох баримтыг ирүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Ч.Мөт холбогдуулан 2021 оны 09 сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 сарын 31-ний өдрийг дуустал хугацааны түрээсийн төлбөр 5,000,000 төгрөг, үйл ажиллагаа явуулсан 2 өдрийн орлого 2.270.000 төгрөг, нийт 7,270,000 төгрөг гаргуулах, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12-р хороолол, 47-р байр, 5 тоот дахь үл хөдлөх хөрөнийн Ч.Мөийн түрээслэж байсан 16.5 м.кв талбай бүхий өрөөг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч Ч.Мө нь Монголын эрүүл ард сангийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12-р хороолол, 47-р байр, 5 тоот дахь үл хөдлөх хөрөнгийн тодорхой хэсгийг буюу өөрийн түрээслэж байсан 15 м.кв талбайг чөлөөлсөн тул талбай албадан чөлөөлүүлэх тухай шаардлагаасаа нэхэмжлэгч Д.М татгалзсан болохыг дурдлаа.
Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Ч.Мөт холбогдуулан гаргасан 2021 оны 09 сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 сарын 31-ний өдрийг дуустал хугацааны түрээсийн төлбөр 5,000,000 төгрөг, үйл ажиллагаа явуулсан 2 өдрийн орлого 2.270.000 төгрөгөөс 681.000 төгрөгийг хасч 1.589.000 төгрөг, нийт 6,589,000 төгрөгийг нэхэмжлэн уг шаардлагаа дэмжиж тайлбараа гаргалаа.
Нэхэмжлэгч Д.М нь Монголын эрүүл ард сангийн удирдах зөвлөлийн дарга Л.Лхаасүрэнтэй 2021 оны 08 сарын 01-ний өдөр түрээсийн гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12-р хороолол, 47-р байр, 5 тоот дахь үл хөдлөх хөрөнгийг 1 жилийн хугацаагаар түрээслэхээр тохиролцсон гэж тайлбарлалаа.
/ХХ-ийн 6-8 дугаар тал/
Нэхэмжлэгч Д.М нь Монголын эрүүл ард сангийн удирдах зөвлөлийн дарга Л.Лхаасүрэнтэй 2021 оны 09 сарын 01-ний өдөр 07 дугаартай Ажлын байр хөлслөх гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12-р хороолол, 47-р байр, 5 тоот хаягт байршилтай, 47 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204004594 дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1 жилийн хугацаатай түрээслэн, 47 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн сарын түрээсийн төлбөрт 2,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцон нотариатчаар гэрчлүүлсэн байна.
Дээрхи 2021 оны 09 сарын 01-ний өдрийн гэрээнд талууд хэн аль нь хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсээ зуран баталгаажуулсан ба 2022 оны 02 сарын 09-ний өдрийн лавлагаанд тус сангийн гүйцэтгэх удирдлага Лайжийн Лхаасүрэн тусгагдсан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
/ХХ-ийн 10-13, 86-87 дугаар тал/
Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12-р хороолол, 47-р байр, 5 тоот хаягт байршилтай, 31 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204004594 дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Монголын эрүүл ард сан болох нь 000606884 дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон ба уг үл хөдлөх хөрөнгөд өргөтгөл хэсэг баригдсан ба уг өргөтгөлийн хэмжээг гэрчилгээнд тусгагдаагүй талаар зохигч тайлбарласан бөгөөд энэ талаар хэн аль нь маргаагүй.
/ХХ-ийн 12 дугаар хуудасны ар тал/
Хариуцагч Ч.Мө нь нэхэмжлэгч Д.Мид түүний Хаан банк дахь 5021184431 тоот дансанд 2021 оны 08 сарын 19-ний өдөр 500,000 төгрөг, 2021 оны 08 сарын 21-ний өдөр 500,000 төгрөг, нийт 1,000,000 төгрөгийг 8 сарын түрээсийн төлбөр гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн нь Ч.Мөийн Хаан банк дахь 5041358451 тоот дансны хуулгаар тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй.
Мөн тэрээр Д.Мийн мөн дансанд 2021 оны 08 сарын 24-ний өдөр 628,000 төгрөг, 2021 оны 08 сарын 26-ны өдөр 846,200 төгрөг, 2021 оны 08 сарын 27-ны өдөр 424,000 төгрөг, 2021 оны 08 сарын 28-ны өдөр 783,000 төгрөг, 2021 оны 08 сарын 29-ний өдөр 380,000 төгрөг, нийт 3,061,000 төгрөгийг ямар нэгэн гүйлгээний утгагүйгээр шилжүүлсэн бөгөөд хариуцагч Ч.Мө уг шилжүүлсэн гэх мөнгөтэй холбоотой шаардлага гаргаагүй болно.
/ХХ-ийн 34-39, 42-44 дүгээр тал/
Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 оны 07 сарын 21-ний өдрийн 3701 дугаартай Бүртгэл хүчингүй болгох тухай дүгнэлтээр регистрийн 1009788 дугаарт бүртгэлтэй, Монголын эрүүл ард сангийн үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүн Х.Харпер, Элизабет Харт, Ч.Алтанцэцэг, Б.Нарханд нарыг хасч, үүсгэн байгуулагч удирдах зөвлөлийн гишүүнээр Л.Одсүрэн, С.Палам, К.Жархымбек, Б.Номин нарыг бүртгэсэн бүртгэлийг болон мөн тус санд 2017 оны 10 сарын 04-ний өдөр олгосон 000152123 дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгожээ.
/ХХ-ийн 55 дугаар тал/
Иргэн Ч.Алтанцэцэг нь цагдаагийн байгууллагад Монголын эрүүл ард сан ТББ-ын үүсгэн байгуулагчдын гарын үсгийг хуурамчаар үйлдэж намайг тус байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс хасч улсын бүртгэлд бүртгүүлсэн. ...Мөн байгууллагын хөрөнгийг завшсан гэх гомдлыг гаргажээ.
Уг гомдлыг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэс шалган 2020 оны 12 сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 210900016 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн ба уг хэрэгт мөн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.Дөлгөөн мөрдөн шалгах ажиллагаа явуулан 2021 оны 10 сарын 20-ны өдөр хэргийг хаах санал прокурорт хүргүүлсэн байна.
Дээрх хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор хянаад Л.Лхаасүрэн нь үүсгэн байгуулагчийн шийдвэр, тогтоолгүй С.Эрдэнэ, Д.Оюунгэрэл, Д.Ханд нарыг Монголын эрүүл ард сан ТББ-ын үүсгэн байгуулагчаар нэмж бүртгэсэн бүртгэл, мөн эрх олгосон, үүргээс чөлөөлсөн 2017 оны 10 сарын 02-ны өдрийн үүсгэн байгуулагчдын хурал-ын тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн, ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар дээрх гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа дуусахаар хуульчилсан бөгөөд цаашид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн тул хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэн 2021 оны 10 сарын 25-ны өдрийн 1571 дугаар бүхий Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор 210900016 дугаартай хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хааж шийдвэрлэсэн байна.
/ХХ-ийн 54, 54 дүгээр хуудасны ар тал/
Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2021 оны 12 сарын 30-ны өдрийн 7904 дугаартай Улсын бүртгэлийн зөрчил арилгах тухай дүгнэлтээр Монголын эрүүл ард сан ТББ-ын хувийн хэрэгт хадгалагдаж буй 2005 оны 03 сарын 22-ны өдрийн Хууль зүй дотоод хэргийн яамны мэргэжилтэн Оюунчимэг танаа гэх баримтын үүсгэн байгуулагчаар Д.Оюунгэрэл, С.Эрдэнэ, Д.Ханд гэсэн хэсгийг хүчингүй болгож, зохих тэмдэглэгээг хийх,
Уг баримтын бичилтийг хүчингүй болгосон талаарх мэдэгдлийг Монголын эрүүл ард сан ТББ-ын удирдах зөвлөлд Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан журмаар мэдэгдэх, тус ТББ-д холбогдох хуулийн этгээдийн улсын бүртгэлийн архив дахь баримтыг үндэслэн цахим санд бүртгэх, энэ дүгнэлтийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт хүргүүлэх гэжээ.
/ХХ-ийн 51-53 дугаар тал/
Ч.Алтанцэцэг шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:
...Ч.Алтанцэцэг миний бие тус сангийн үүсгэн байгуулагч юм. ... Д.М нь тус сангийн Вишн эмнэлэгт 1997-2001 онд шилчинээр ажилласан ба Ч.Мө 2002 оноос тус эмнэлэгт эмчээр ажиллаж байсан. ... 2002 онд тус сан уг үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан ба Ч.Мө 2016 оноос дээрх үл хөдлөх хөрөнгийг түрээслэсэн.
Д.М 2021 оны 06 сард уг хөрөнгийг түрээслэе гэж ирсэн ба би түүнд Л.Лхаасүрэнгийн хуурамч гарын үсэгтэй холбоотой асуудлыг хэлсэн. Тэрээр 2021 оны 07 сарын сүүлч болон 08 сард мөн ирж уулзахад нь би хүлээ гэсэн.
Д.Мийн түрээсийн төлбөр шилжүүлсэн С.Палам гэж хүн бол манай сангийн манаач ажилтай хүн бөгөөд тэрээр манай сангийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг,9-р хороо, Алтайн 104 тоотод амьдарч байгаа.
... Л.Лхаасүрэнгээс Монголын эрүүл ард сангийн тамга, тэмдгийг гаргуулах нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд түрүүчийн 7 хоногт иргэний хэрэг үүссэн байх. Мөн Л.Лхаасүрэн сангийн эд хөрөнгийг хувьдаа завшсан гэх асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа ... гэжээ.
Монголын эрүүл ард сангийн Д.Мтой байгуулсан 2021 оны 09 сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээний 1.3-т Энэхүү гэрээ нь зөвхөн гэрээнд оролцож байгаа талуудад үйлчлэх бөгөөд аливаа гуравдагч этгээдэд дамжуулан түрээслэх буюу түрээсийн гэрээг байгуулахгүй гэж заажээ.
Нэхэмжлэгч Д.М нь Монголын эрүүл ард сангийн удирдах зөвлөлийн дарга Л.Лхаасүрэнтэй 2021 оны 08 сарын 01-ний өдөр түрээсийн гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12-р хороолол, 47-р байр, 5 тоот дахь үл хөдлөх хөрөнгийг 1 жилийн хугацаагаар түрээслэхээр тохиролцсон гэх ба уг гэрээнд хаана байрлалтай ямар хөрөнгийг түрээслэж буй талаар тусгаагүй бөгөөд мөн гэрээний 1.3-т Энэхүү гэрээ нь зөвхөн гэрээнд оролцож байгаа талуудад үйлчлэх бөгөөд аливаа гуравдагч этгээдэд дамжуулан түрээслэх буюу түрээсийн гэрээг байгуулахгүй гэсэн байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ,
323 дугаар зүйлийн 323.1-т Гэрээнд өөрөөр заагаагүй бол түрээслэгч түрээсэлсэн эд хөрөнгийг гагцхүү түрээслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр дамжуулан түрээсэлж болно гэж тус тус заасан байна.
Нэхэмжлэгч Д.Мийн Монголын эрүүл ард сантай байгуулсан түрээсийн гэрээгээр түрээслэгч Д.Мид уг үл хөдлөх хөрөнгийг гуравдагч этгээдэд дамжуулан түрээслэх, давхар түрээслэхийг хориглосон байх ба тэрээр хариуцагч Ч.Мөээс түрээсийн төлбөр болон түрээсийн үйл ажиллагаа явуулсан өдрийн орлогыг шаардах эрхгүй байна.
Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 323 дугаар зүйлийн 323.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ч.Мөт холбогдох 6,589,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Мийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Л.Лхаасүрэн нь Монголын эрүүл ард сангийн хөрөнгийг хувьдаа завшсан гэх асуудлыг Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2020 оны 12 сарын 04-ний өдөр хэрэг бүртгэлтийн 200604528 дугаартай хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болох нь Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 10 сарын 25-ны өдрийн 1571 дугаар бүхий Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол болон Ч.Алтанцэцэгийн гэрчийн мэдүүлгээр тогтоогдсоныг дурдлаа.
/ХХ-ийн 54 дүгээр хуудасны ар тал/
Нэхэмжлэгч Д.М болон хариуцагч Ч.Мө нар нь дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийг түрээслэх явц дахь орлого, зарлага, үйл ажиллагаагаа хөтөлсөн гэх дэвтрүүдийг тус тус баримтаар ирүүлсэн ба уг дэвтрүүдийг талууд Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12-р хороолол, 47-р байр, 5 тоот дахь үл хөдлөх хөрөнгийг түрээслэх явц дахь үйл ажиллагааны үед хөтөлсөн гэж үзэх боломжгүй тул тухайн дэвтрүүдийг нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 323 дугаар зүйлийн 323.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ч.Мөт холбогдох 6,589,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Мийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Мийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 131,270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН