| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 194/2025/1337/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1563 |
| Огноо | 2025-06-03 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | С.Эрдэнэбаяр |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1563
2025 06 10 2025/ШЦТ/1563
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган, улсын яллагч С.Эрдэнэбаяр, шүүгдэгч Б.С /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Сд холбогдох эрүүгийн “2209034050540” дугаартай, 194/2025/1337/Э индекстэй хэргийг 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ххх тоотод оршин суух гэх, хэрэг хариуцах чадвартай,
- урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 53 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1999 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 17 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Б.С,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.С нь 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ххх улсад оршин сууж байхдаа гуталны захиалга авахаар фэйсбүүк орчинд шууд бичлэг хийж иргэн Б.Г нь ххх дүүргийн ххх дүгээр хороо “ххх ” хотхоны ххх тоот гэртээ байхдаа түүнээс захиалга хийхээр тохиролцож тухайн өдрөө ххх дугаартай данс руу 1.900.000 төгрөг, мөн оны 6 дугаар сарын 23-ны өдөр 5005195351 тоот данс руу 120.000 төгрөгийг шилжүүлсэн боловч Б.С нь түүний захиалсан бараа бүтээгдэхүүнийг өгөөгүй. Б.Гийн шилжүүлсэн мөнгийг буцаан төлөөгүй, буюу цахим хэрэгсэл ашиглах, хуурах аргаар бусдад 2.020.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Б.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... гэм буруу дээр маргах зүйл байхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлоо төлж барагдуулна гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Гийн:..би 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ххх захын нэгдсэн групп дээр Б.З гэсэн фейсбүүк хэрэглэгч лайв хийж байхаар нь үзэж байгаад гутал захиалаад ххх банкны М гэх нэртэй ххх тоот данс руу өөрийн ххх банкны ххх тоот данснаас 1,900,00 төгрөг шилжүүлсэн. Би тухайн лайв хийж байсан хүнээс хавар намрын 48 ширхэг гутал захиалсан. Дахин 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр лайв үзэж байгаад гутал захиалж ххх банкны ххх тоот данс руу өөрийн ххх банкны ххх тоот данснаас 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 120,000 төгрөг шилжүүлсэн. Лайв хийж байсан үл таних хүн 1 сарын дотор таны захиалсан бараа ирнэ гэж хэлсэн боловч ирээгүй, мессенжерээр холбогдохоор цаг хугацааг хойшлуулж байгаад бүр таг болсон. Ххх дүүргийн ххх дүгээр хороо ххх хотхон ххх тоот буюу гэртээ байх үедээ 2 удаагийн гүйлгээгээр 2,020,000 төгрөг шилжүүлсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 28-29 дүгээр тал/,
2.2. Б.Гаас гаргаж өгсөн түүний ххх дугаартай дансны хуулга. /хх-ийн 31 -32 дугаар тал/,
2.3. “ххх” банкны 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 29/10217 дугаартай ххх тоот дансыг Б.М гэгч ххх тоот дансыг Б.Г гэгч эзэмшдэг талаарх утга бүхий албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн данснуудын хуулга. /хх-ийн 45-61 дугаар тал/,
2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Мийн:...би өөрийн ххх банкны ххх тоот дансыг ххх улсад байх үедээ хажуу өрөөний С гэх эрэгтэй миний данс болохгүй байна, надад дансаа ашиглуулаач гээд гуйгаад байхаар нь ххх банкны ххх тоот дансыг түр хэрэглүүлэхээр өгсөн. 2022 оны 4 дүгээр cap орчимд дансаа өгч байсан шиг санаад байна гэх мэдүүлэг. /хх-ийн 75-76 дугаар тал/,
2.5. “ххх” банкны 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 29/3833 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б.Сын дугаартай дансны хуулга. /хх-ийн 69-72 дугаар тал/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Улсын яллагч хавтас хэргээс: яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримуудыг шинжлэн судлуулья гэв.
3.2. Шүүгдэгч хавтас хэргээс:шинжлэн судлуулах зүйл байхгүй гэв.
Гэм буруугийн талаар:
Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго болох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заан тодорхойлжээ.
Энэ зорилтыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчлан тогтоосон байна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж, эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагддаг тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн тодорхой заажээ.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Б.С нь 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ххх улсад оршин сууж байхдаа гуталны захиалга авахаар фэйсбүүк орчинд шууд бичлэг хийж иргэн Б.Г нь ххх дүүргийн ххх дүгээр хороо “ххх” хотхоны ххх тоот гэртээ байхдаа түүнээс захиалга хийхээр тохиролцож тухайн өдрөө ххх дугаартай данс руу 1.900.000 төгрөг, мөн оны 6 дугаар сарын 23-ны өдөр ххх тоот данс руу 120.000 төгрөгийг шилжүүлсэн боловч Б.С нь түүний захиалсан бараа бүтээгдэхүүнийг өгөөгүй. Б.Гийн шилжүүлсэн мөнгийг буцаан төлөөгүй, буюу цахим хэрэгсэл ашиглах, хуурах аргаар бусдад 2.020.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
- хохирогч Б.Гийн:..би 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ххх захын нэгдсэн групп дээр Б.З гэсэн фейсбүүк хэрэглэгч лайв хийж байхаар нь үзэж байгаад гутал захиалаад ххх банкны Мд гэх нэртэй ххх тоот данс руу өөрийн ххх банкны ххх тоот данснаас 1,900,00 төгрөг шилжүүлсэн. Би тухайн лайв хийж байсан хүнээс хавар намрын 48 ширхэг гутал захиалсан. Дахин 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр лайв үзэж байгаад гутал захиалж ххх банкны ххх тоот данс руу өөрийн ххх банкны ххх тоот данснаас 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 120,000 төгрөг шилжүүлсэн. Лайв хийж байсан үл таних хүн 1 сарын дотор таны захиалсан бараа ирнэ гэж хэлсэн боловч ирээгүй, мессенжерээр холбогдохоор цаг хугацааг хойшлуулж байгаад бүр таг болсон. Ххх дүүргийн ххх дүгээр хороо ххх хотхон ххх тоот буюу гэртээ байх үедээ 2 удаагийн гүйлгээгээр 2,020,000 төгрөг шилжүүлсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 28-29 дүгээр тал/,
- Б.Гаас гаргаж өгсөн түүний ххх дугаартай дансны хуулга. /хх-ийн 31 -32 дугаар тал/,
- “ххх” банкны 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 29/10217 дугаартай ххх тоот дансыг Б.Мд гэгч ххх тоот дансыг Б.Г гэгч эзэмшдэг талаарх утга бүхий албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн данснуудын хуулга. /хх-ийн 45-61 дугаар тал/,
- гэрч Б.Мийн:...би өөрийн ххх банкны ххх тоот дансыг ххх улсад байх үедээ хажуу өрөөний С гэх эрэгтэй миний данс болохгүй байна, надад дансаа ашиглуулаач гээд гуйгаад байхаар нь ххх банкны ххх тоот дансыг түр хэрэглүүлэхээр өгсөн. 2022 оны 4 дүгээр cap орчимд дансаа өгч байсан шиг санаад байна гэх мэдүүлэг. /хх-ийн 75-76 дугаар тал/,
- “ххх” банкны 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 29/3833 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б.Сын ххх дугаартай дансны хуулга. /хх-ийн 69-72 дугаар тал/, болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч эд зүйлээ бусдад залилуулж хохирсныг, шүүгдэгч, хохирогч, гэрч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх, шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч нь гутал захиалж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Б.Гаас 2.020.000 төгрөгийг шилжүүлэн авч байгаа Б.Сын дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай үйлдэл байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, хаан банкны дэлгэрэнгүй хуулга, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Б.Сын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгчийн зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Сыг “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хохирогч Б.Гтай шүүхээс утсаар ярихад биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралд оролцож боломжгүй байна. Шүүгдэгч Б.Саас 2.020.000 төгрөгний хохирлоо гаргуулж авмаар байна гэсэн тул шүүгдэгч Б.Саас 2.020.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Гд олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж Б.Сд нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх байдлаар цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Ингээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоов.
Шүүхээс шүүгдэгч Б.Сыг эрх зүйн туслалцаа авах эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Саас 2.020.000 /хоёр сая хорин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Гд олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хяан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ