Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/88

 

2025       04           01                                               2025/ШЦТ/88

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Б.Энхтулга, шүүгдэгч Н.Бямбадаваа, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Байлгас ургийн овогт Насанжаргалын Бямбадаваад холбогдох 2536000000083 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн 1983 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хар-Ус багт оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Байлгас ургийн овогт Насанжаргалын Бямбадаваа,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:

Яллагдагч Насанжаргалын Бямбадаваа нь Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны 2025/ЗШ/07 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ согтуугаар буюу 2,05 хувийн согтолттой 43-40 ХОЕ улсын дугаартай Тоёото приус-30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон, Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт 2025 оны 01 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө замын хөдөлгөөнд оролцохдоо 07-94 ХОА улсын дугаартай Тоёото приүсс маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар

1.1. Шүүгдэгч Н.Бямбадаваа нь Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны 2025/ЗШ/07 дугаартай шийтгэврээр “Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан хугацаанд буюу 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-ны өдрийн шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар 07-94 ХОА улсын дугаартай Тоёото приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож, зам тээврийн осол гаргасан нь хэрэгт цугларсан 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл(хавтаст хэргийн 2 дахь тал), жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “Насанжаргалын Бямбадавааг alcotest багаж ашиглан шалгахад 2.05 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдоо...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал), Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай” тэмдэглэл (хавтаст хэргийн 4-5 дахь тал), 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 7-10 дахь тал), 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн зам тээврийн осол дээр тогтоосон акт (хавтаст хэргийн 11-12 дахь тал), тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл(хавтаст хэргийн 13-23 дахь тал), Вендо хөрөнгө үнэлгээний төвийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №49654/ДД№32666705 дугаартай “үнэлгээгээр тогтоогдсон дүн 1,986,200 төгрөг” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 33-36 дахь тал), хохирогч Н.Адуучбаатарын “... Би тухайн өдөр 23 цаг 50 минутын орчимд захын дээд талын Хаан банкнаас урагшаа чиглэлтэй өөрийн эзэмшлийн 07-94 ХОА улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа явж байхад урдаас цагаан өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж ирээд мөргөсөн. Тэгээд би гайхаад машинаасаа буугаад харсан чинь нөгөө цагаан машины жолооч бас машинаасаа бууж ирээд шууд хойшоо чиглэлд алхаад явахаар нь би араас хэд хэдэн удаа дуудсан боловч эргэж харалгүй гуйвж дайвсан байдалтай машинаа орхиод цаашаа яваад өгсөн. Би тухайн үед цагдаагийн байгууллагад дуудлага өгөх гээд байж байхад замын цагдаа нар ирсэн. Тэгээд би тухайн хүний хашаа чиглэлтэй явсан, мөн ямар хувцастай явсныг нь цагдаа нарт хэлсэн. Тухайн машин нь 43-40 ХОЕ улсын дугаартай цагаан өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгсэл байсан. Миний машины урд нүүр, гуффер, ражаатар, хамгаалалтын цагаан хаалт, зүүн талын их гэрэл, зүүн шанаа, машины хамар /копуд/ зүүн хэсгээрээ сэвтсэн, байдалтай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дахь тал), хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Адуучбаатарын “... Н.Бямбадаваа нь надад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Одоо ямар нэгэн санал гомдол байхгүй” гэх дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дэх тал), зөрчлийн 2436000924 дугаартай хэрэгт  (хавтаст хэргийн 50-65 дахь тал), Ховд аймгийн Прокурорын газрын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2536000000083 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 72-74 дэх тал), Н.Бямбадаваагийн яллагдагчаар өгсөн “... би тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2,05 хувийн согтолттойгоор тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасан нь үнэн. Хохирогч Н.Адуучбаатарт учирсан хохиролд 2,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 83-84 дэх тал), гэрч Б.Цогбаярын “...Би Адуучбаатар гэх хүнийг огт танихгүй.  А.Ганзаяагаас уг тээврийн хэрэгслийг худалдаж авсан хүн байх гэж бодож байна. Надад 07-94 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үүссэн эвдрэл гэмтэлтэй холбоотой асуух зүйл нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 89-90 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан, талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

1.3. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 25-ны өдрийн 2025/ШЗ/07 дугаартай шийтгэврээр зөрчил гаргагч Н.Бямбадавааг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар “жолооч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдсэн тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэжээ.

 

1.4. Хэрэгт цугларсан нотлох баримтаар жолооч Н.Бямбадаваа нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан хугацаанд дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэсэн шинжийг бүрэн агуулжээ.

 

1.5. Шүүгдэгч Н.Бямбадаваа нь мөрдөн байцаалтын шатанд өөрт нь холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар илэрхийлсэн, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Прокурорын санал болгож, шүүгдэгч  Н.Бямбадаваа, түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 9 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдаж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцохгүй байх дадлыг өөртөө бий болгох, мөн хуулийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

2.2. Иймд шүүгдэгч Н.Бямбадаваад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 9 сарын хугацаагаар тэнсэв.

2.3. Шүүгдэгч Н.Бямбадаваад тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2- т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдаж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцохгүй байх дадлыг өөртөө бий болгох, мөн хуулийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож ял оногдуулахыг болон мөн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг түүнд сануулав.

2.4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 25-ны өдрийн 2025/ШЗ/07 дугаартай шийтгэврээр зөрчил гаргагч Н.Бямбадавааг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар “жолооч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдсэн тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хассан бөгөөд уг хугацаа нь мөн өдрөөс эхлэн тоологджээ.

2.5.  Зөрчил гаргагч тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь эрүүгийн гэмт хэргийн шинжийг хангасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бямбадаваад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор тогтоов.

2.6. Энэ хэргийн учир шүүгдэгч Н.Бямбадаваа нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

2.7. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Байлгас ургийн овогт Насанжаргалын Бямбадавааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Байлгас ургийн овогт Насанжаргалын Бямбадаваагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 9 (ес) сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч Н.Бямбадаваагийн тэнссэн хугацаанд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдаж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцохгүй байх дадлыг өөртөө бий болгох, мөн хуулийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Н.Бямбадаваад тус тус сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бямбадаваад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ хэрэгжиж эхэлсэн үеэс эхлэн тоолсугай.

 6. Эрүүгийн 2536000000083 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.Бямбадаваагаас гаргуулах хохирол, төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж  түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д тус тус  зааснаар шүүгдэгч Н.Бямбадаваад оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн болон эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

 

 8.Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.РАУШАН