| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2017/00373/И |
| Дугаар | 138/ШШ2017/00635 |
| Огноо | 2017-05-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 138/ШШ2017/00635
2017 05 29 138/ШШ2017/00635
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,
Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг 20 дугаар байрны 1-р подволд байрлах “Таван-өргөө” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,
Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг 25 дугаар байрны 61 тоотод оршин суух, ЖЯ75040568 регистрийн дугаартай, Боржигон овогт Аюулгүйсайханы Амартуяад холбогдох,
Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 389.940 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 3 сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Таван-Өргөө” сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Таван-Өргөө” сууц өмчлөгчдийн холбооны харьяа 20-р байрны 49 тоотыг эзэмшигч иргэн А.Амартуяа нь 2017 оны 3 сарыг дуусталх хугацааны дундын өмчлөлийн засвар үйлчилгээний сангийн хөлс 389.940 төгрөгийг манай байгууллагад төлөх ёстой бөгөөд Иргэний хуулийн 147 дугаар зүйлд заасны дагуу иргэний үүргээ биелүүлэхгүй байна. Иймд А.Амартуяагаас 389.940 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.Амартуяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манайх 20-р байрны 49 тоотыг 2006 оны 9 сарын 29-ний өдөр Доржсүрэн гэх хүнээс худалдан авсан ба тухайн үед СӨХ-д өр төлбөргүй гэсэн. Авсан цагаасаа хойш 2007-2013 оны 8 сарыг дуустал Энхтуяа гэдэг хүнд, 2013-2014 онд Батбаяр гэдэг хүнд тус тус түрээслүүлж байсан. Уг түрээслэгч нар нь тухайн үедээ төлбөрөө төлсөн гэдэг байсан ба СӨХ-оос өмнө нь 20-р байрны 49 тоот дээр ямар нэгэн өр төлбөрийн асуудал надтай ярьж байгаагүй тул төлбөрийг тухайн үед нь төлөгдөж байсан гэсэн ойлголттой байсан. Өртэй гэдгийг нэхэмжлэл гардаж аваад мэдлээ. ... “Таван-Өргөө” СӨХ нь бидний өмчлөлд ирээгүй байх үеийн төлбөр болон түрээслэж сууж байсан хүмүүсийн тухайн үедээ төлж байсан төлбөрийг төлөөгүй гэж олон жилийн дараа нэхэмжилж байгаа тул уг нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин сүүлийн 2 жилийн СӨХ-ны төлбөрийг төлөөгүй байгаа тул төлбөр болох 69.840 төгрөгийг уг айлаар нь яаралтай төлүүлж барагдуулна гэжээ.
Зохигчид шүүх дээр байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: “Таван-Өргөө” сууц өмчлөгчдийн холбооны харьяа 20-р байрны 49 тоотын оршин суугч А.Амартуяагаас засвар үйлчилгээний сангийн хөлс 389.940 төгрөгийг нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай СӨХ нь 276.450 төгрөгөөсөө татгалзан, үлдэгдэл 113.490 төгрөг нэхэмжилснийг хариуцагч А.Амартуяа нь төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул бид харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна. Бид энэ асуудлаар дахин маргахгүй гэдгийг ойлголоо гэжэээ.
Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Таван-Өргөө” сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч А.Амартуяад холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 389.940 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Таван-Өргөө” сууц өмчлөгчдийн холбооны захирал Д.Долгормаа нь нэхэмжлэлийн шаардлага болох 389.940 төгрөгний 276.450 төгрөгөөс татгалзан, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 113.490 төгрөг нэхэмжилснийг хариуцагч А.Амартуяа нь бүрэн төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцон эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч А.Амартуяа нь нэхэмжлэгч “Таван-Өргөө” сууц өмчлөгчдийн холбоонд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 113.490 /нэг зуун арван гурван мянга дөрвөн зуун ерэн/ төгрөгийг төлөхөөр эвлэрсэн учир зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12.348 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Амартуяагаас улсын тэмдэгтийн хураамжид 2.275 төгрөг, Хэрлэн сумын татварын албаны 5422106149 тоот данснаас 6.174 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Таван-Өргөө” сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ