Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2021/ДШМ/455

 

 

 

 

     2021            5             13                                         2021/ДШМ/455

 

С.Тд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Мөнхөө, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор С.Батгэрэл,

шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч Л.Доржпүрэв,  

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 2021/ШЦТ/144 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Батгэрэлийн бичсэн эсэргүүцлээр С.Тд холбогдох 2005014711174 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

С.Т,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 390 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, тус хэрэгт баривчлагдсан 2 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон 16 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, үлдэх 224 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосон,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 329 дугаартай шийтэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;

 

Шүүгдэгч С.Т нь 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 20 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Алтай хотхоны 22 дугаар байрны гадна зогсоолоос хохирогч Б.М эзэмшлийн 69-39 УБЧ улсын дугаартай хар өнгийн “Митсубиши Делика” маркийн автомашиныг “түр өгч байгаач, хүнд юм хүргэж өгөөд ирье” гэж хууран авч явсны улмаас 14.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.М эзэмшлийн 69-39 УБЧ улсын дугаартай, хар өнгийн “Митсубиши Делика” маркийн автомашиныг “миний машин байгаа юм, барьцаалаад мөнгө зээлчих, цагаан сарын дараа өгнө” гэж хохирогч Л.Аээс 1.700.000 төгрөгийг Хаан банкны 5020810313 дугаарын дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: С.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Тд 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 2.600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.600.000 төгрөгөөр торгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 390 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 216 цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт цагдан хоригдсон 2 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжээр тооцон хасаж, биечлэн биелүүлэх торгох ялыг 2.570.000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор С.Батгэрэл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах саналтай байна. Энэ хэрэгт 2020 оны 7 дугаар сарын 12-ноос 2020 оны 7 дугаар сарын 14-нийг хүртэл 48 цаг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 30.000 төгрөгөөр тооцож, нийт 1.970.000 төгрөгийн торгох ялаар шийтгэх саналтай. Шүүгдэгч С.Т нь Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 329 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон, мөн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг эдлээгүй тул ялыг нэмж нэгтгэн нийт 2570 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.570.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах саналтай. Түүнчлэн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 390 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 224 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял биелүүлээгүй нь 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 01/2040 дугаартай Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан тоотод “ялтан С.Т нь 216 цагийн ялыг хэрэгжүүлээгүй" гэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоногоор тооцож 27 хоног хорих ял шийтгэл оногдуулах, оногдуулсан ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тусад нь эдлүүлэх саналтай байна. Оногдуулсан ялыг ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал тавьсан боловч шүүхээс Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 390 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 216 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” хэмээн үзэж байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

 

Шүүгдэгч С.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би шүүхийн шийдвэр биелүүлэх газарт байхдаа сүүлийн хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа гэж бодит байдлыг хэлж байсан. Мөрдөн байцаагчаас байцаагдаж байгаа нь үнэн гэсэн тодорхойлолтыг авч өгч байсан. ...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, Дархан-Уул аймгийн шүүхийн шийдвэр биелүүлэх албаны лавлагаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй байна гэсэн баримтаар хариуцлагыг хүндрүүлж болохгүй. Тухайн ялыг солих асуудлыг нэг төрлийн шийтгэл гэж үзэх учир эх сурвалж нь тодорхой байх ёстой. Тухайн гэмт хэрэгт холбогдсон хүний өөрийн буруутай ажиллагаанаас болж ял эдлээгүй бол өөр асуудал. Дуудсан цагт ирээгүй, оршин суух хаягаа сольсон, утсаа аваагүй зайлс хийсэн бол өөр асуудал байсан. Ийм учир анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэсэн, хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч С.Т нь 2020 оны 2 дугаар сарын 19-ний орой 20 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Алтай хотхоны 22 дугаар байрны гадна зогсоолоос хохирогч Б.М эзэмшлийн 69-39 УБЧ улсын дугаартай хар өнгийн “Митсубиши Делика” маркийн автомашиныг “түр өгч байгаач, хүнд юм хүргэж өгөөд ирье” гэж хууран авч 14.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.М эзэмшлийн 69-39 УБЧ улсын дугаартай, хар өнгийн “Митсубиши Делика” маркийн автомашиныг “миний машин байгаа юм, барьцаалаад мөнгө зээлчих, цагаан сарын дараа өгнө” гэж хохирогч Л.Аээс 1.700.000 төгрөгийг Хаан банкны 5020810313 дугаарын дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.М: “...С.Т надад хандан “машинаа надад түр өгч байгаач, ойрхон гарчихаад хүнд юм хүргэж өгчихөөд ирье” гэсэн. ...Миний машиныг 2020 оны 2 дугаар сарын 19-ний орой 19 цаг өнгөрч байхад надаас аваад явсан. Тэгээд С.Тыг гэрээсээ гараад явсны дараа ойролцоогоор 2-3 цагийн дараа ирэхгүй болохоор нь би түүний гар утас болох 95152130 дугаар руу өөрийн 99057647 дугаараас зөндөө олон удаа залгахад тэрээр гар утсаа авахгүй байсан. ...” /хх 26-27/,

 

хохирогч Л.Аийн “...Өнгөрсөн цагаан сар буюу 2020 оны 2 дугаар сарын эхэн үеэр С.Т нь эхнэр гээд нэг хүүхний хамтаар над дээр ирээд “машин барьцаанд аваад оронд нь хэдэн төгрөг зээлээч” гэсэн. Тэгэхээр нь би тухайн үед мөнгө байхгүй гээд зөвшөөрөөгүй юм. Тэгсэн чинь “1.500.000 төгрөг зээлчих, цагаан сарын дараа өгчихнө” гээд өдөржин гуйсан. Тэгэхээр нь би түүнд итгээд цагаан сарын дараа буцаагаад өгчих юм байна гэж бодоод өөртөө байсан 1.500.000 төгрөгийг С.Тын хэлсэн 5020810313 гэсэн ХААН банкны данс руу 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хийсэн. Мөн тэр өдрөө дахин 200.000 төгрөг нэмээд өгөөч гэхээр нь би өөрийн бөгжөө ломбарданд 200.000 төгрөгөөр тавиад дээрх данс руу хийсэн. ...” /хх 31-32/,

 

гэрч М.Аы “...Б.М, С.Т бид нар Төгсөөгийн гэр болох Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Алтай хотхоны гэрт нь байж байсан чинь С.Т Б.Мд хандан “түлхүүрээ өгчих, Меркури орж эгч дээрээ оччихоод ирье” гэж хэлээд Мөнх-Эрдэнийн “Mitshubishi delica” машиныг нь гуйгаад аваад явсан. ...” /хх 35/,

 

шүүгдэгч С.Тын яллагдагчаар өгсөн “...Тэгээд би Мөнх-Эрдэнийн “Mitshubishi delica” маркийн 69-39 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж яваад Алтансүх гэх “Теди” төвд гар утас зардаг хүн дээр очоод 1.500.000 төгрөгийн барьцаанд тавьсан ба үүнээс хойш Б.М над руу залгаад машинаа авъя гээд байхаар нь сүүлдээ үнэн учраа хэлээд найз нь мөнгөний хэрэг гарчихаад байхаар нь чиний машиныг Алтансүх гэх хүнд мөнгөний барьцаанд тавьчихлаа гэж хэлсэн. ...” /хх 57/ гэх мэдүүлгүүд,

  

“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 40/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан бусдыг залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, ...” гэж тус тус заасан ойлголтууд нь тус тусдаа хууль зүйн ойлголтыг илэрхийлдэг тул шүүгдэгчийн аль үйлдэлд аль шинж нь тохирч байгаа талаар анхан шатны шүүх дүгнэлт хийж байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад нийцэх төдийгүй шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангана.

 

Түүнчлэн прокурорын шатанд ч дээрх хууль зүйн ойлголтуудыг хэргийн үйл баримттай хамааруулан зөв тодорхойлон ирүүлж байх онолын болон практик хэрэгцээ шаардлага гарсаар байна.

 

Цаашид, дээрх нөхцөл байдлыг мөрдөгч, прокурор, анхан шатны шүүх анхаарч ажиллах нь зүйтэй.

 

Шүүгдэгч С.Тын хохирогч Б.М эзэмшлийн 14.300.000 төгрөгийн үнэ бүхий 69-39 УБЧ улсын дугаартай “Митсубиши Делика” маркийн автомашиныг “түр өгч байгаач, хүнд юм хүргэж өгөөд ирье” гэж авч яваад барьцаанд тавих байдлаар бусдын эзэмшилд шилжүүлэн өгсөн үйлдлийг,

мөн Б.М эзэмшлийн 14.300.000 төгрөгийн үнэ бүхий 69-39 УБЧ улсын дугаартай “Митсубиши Делика” маркийн автомашиныг “миний машин байгаа юм, барьцаалаад мөнгө зээлчих, цагаан сарын дараа өгнө” гэж Л.Аээс 1.700.000 төгрөгийг ХААН банкны 5020810313 дугаарын дансаар шилжүүлэн авсан үйлдлийг тус тус залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Прокурор С.Батгэрэл “...240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 216 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар сарын 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” хэмээн үзэж байна. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг баримталж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээнд нийцүүлэн ял шийтгэл оногдуулах нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно:” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус заажээ.

 

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ.

 

Анхан шатны шүүх С.Тын шинээр үйлдсэн гэмт хэрэгт нь торгох ял шийтгэл оногдуулж, тухайн хэрэгт эдлэх ялыг нэг мөр тогтоосны дараа өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэсэн, мөн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаас тусад нь эдлүүлэхээр тогтоосон нь дээрх хуулийн хэм хэмжээг зөрчөөгүй гэж үзэв.  

 

Шүүгдэгч С.Т нь өмнө нь 2 удаа шүүхээр ял шийтгүүлсэн байх боловч хохирогч Б.М, Л.А нарыг залилан мэхэлсэн гэмт хэргийн хохирлыг төлсөн байдлыг болон шүүгдэгчийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн торгох ял оногдуулсныг давж заалдах шатны шүүх хөндөхгүй орхив.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 2021/ШЦТ/144 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор С.Батгэрэлийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

 

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

                       

 

                        ШҮҮГЧ                                                                        Т.ӨСӨХБАЯР