Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Өлзиймэндийн Болорчимэг |
Хэргийн индекс | 128/2022/1060/З |
Дугаар | 128/ШШ2022/0943 |
Огноо | 2022-12-13 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 128/ШШ2022/0943
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг би, Нийтийн тээврийн газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч Ш.Ганбаатарт холбогдох Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор М.Энхтунгалагийн дүгнэлт бүхий зөрчлийн хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор М.Энхтунгалаг нь тус шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ...Нийтийн тээврийн газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч Ш.Ганбаатар 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр С.Хадбаатарыг Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх заалтад зааснаар 25.000 төгрөгөөр торгох торгуулийн шийтгэл оногдуулсан шийдвэр нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж хохирлын хэр хэмжээнд тохирсон байна гэх шударга ёсны зарчим, мөн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэх хууль ёсны зарчимд нийцэхгүй, үндэслэлгүй байх тул хүчингүй болгуулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэг мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус удирдлага болгон прокурорын дүгнэлт бичив гэжээ.
Нийтийн тээврийн газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч Ш.Ганбаатар тус шүүхэд хандан 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр бичгээр гаргасан тайлбартаа: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор М.Энхтунгалагийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 41 дугаартай дүгнэлттэй танилцаад зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нийтийн тээврийн газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч Ш.Ганбаатарт холбогдуулан, улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 0215902 тоот шийтгэлийн хуудсаар иргэн С.Хатанбаатарт Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар 25 нэгж буюу 25.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгууль, хохирол, нөхөн төлбөр оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичсэн байна.
Нийтийн тээврийн газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч Ш.Ганбаатар нь хүлээн зөвшөөрч байгаагаа 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тус шүүхэд хандан бичгээр тайлбар өгсөн байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу Нийтийн тээврийн газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч Ш.Ганбаатарт холбогдуулан гаргасан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор М.Энхтунгалагийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 41 дугаар дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, Нийтийн тээврийн газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч Ш.Ганбаатарын 2022 оны 10 дугаар сарын 26-ний өдрийн 0215902 дугаартай шийтгэлийн хуудаст прокурорын дүгнэлтэд зааснаар хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг үндэслэн Нийтийн тээврийн газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч Ш.Ганбаатарт холбогдуулан гаргасан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор М.Энхтунгалагийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 41 дугаар дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.