Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 01

 

З.Б нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар,  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0618 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2017/0800 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч: З.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргад холбогдох,

2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 221 дүгээр тушаал болон 222 дугаар тушаалын З.Б-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт-шалгалт, үнэлгээ дотоод аудитын газрын ахлах референтийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, Э.Э, нарийн бичгийн даргаар Г.Гантогтох нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0618 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 22 дугаар зүйлийн 22.1, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.6, 29 дүгээр зүйлийн 29.1, 37 дугаар зүйлийн 37.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.Б-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 221 дүгээр тушаал болон 222 дугаар тушаалын З.Б-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, З.Б-ыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт-шалгалт, үнэлгээ дотоод аудитын газрын Засгийн газрын ахлах референтийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 15480688 /арван таван сая дөрвөн зуун наян мянга зургаан зуун наян найман/ төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасны дагуу тооцон нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргад даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2017/0800 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0618 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 2016 оны Улсын их хурлын ээлжит сонгууль болсонтой холбогдуулж Засгийн газрын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж улмаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2016 оны 211 дүгээр тушаалаар Хэрэг эрхлэх газрын бүтэц, ажил үүргийн хуваарийг шинэчлэн баталсан. Тухайн цаг хугацаанд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ажлын туршлага бүхий албан тушаалтныг шилжүүлж өгөөч гэх утга бүхий албан бичгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ирүүлсэн байсан ба үүнтэй уялдуулж бүтцээр ажлын байр буюу орон тоо нь хасагдсан албан тушаалтан болох З.Б-ыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу нэмэгдэл баталгааг хангах үүднээс өөртэй нь харилцан тохиролцож, шилжүүлэн ажиллуулах тухай тушаалыг гаргасан бөгөөд энэ талаар З.Б-тай харилцан тохиролцсон талаар хүний нөөцийн мэргэжилтэн н.А нь шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг.

Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь З.Б нь тус байгууллагад ирэхгүй байгаагийн улмаас түүнийг томилох болон холбогдох хууль тогтоомжийн дагуу урьдчилсан мэдүүлгийг хянуулах боломжгүй байх тул тухайн албан тушаалтныг ирүүлэх арга хэмжээг авч өгнө гэсэн утга бүхий албан бичгийг мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн байдаг.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс ажлын байраар хангах байгууллагын албан бичиг, тушаалын агуулга зэрэгт өөр өөр дүгнэлтийг хийж байгаа нь хуулийг буруу хэрэглэж тайлбарласан гэж үзэж байна.

Энэ талаар магадлалд дурдахдаа ач холбогдол бүхий нотлох баримтыг хэргийн оролцогч гаргаж өгөөгүй байна гэж дүгнэжээ. Хэрэгт тухайн байгаа ажлын байраар хангах байгууллага буюу Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шүүхийн журмаар эргэлзээ бүхий нотлох баримтын тодруулах, талуудын маргаан бүхий үйл баримтад дүгнэлт хийх үүднээс Захиргааны хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-д заасан арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй атлаа хариуцагч талыг буруутгаж хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг ирүүлээгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан Монгол улсын Дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 15.1.1-д "орон тоо хасагдсан гэдэгт ...байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино" гэжээ. Иймд ажлын байрны гүйцэтгэх чиг үүрэг хуваагдаж хэд хэдэн этгээдэд шилжсэнийг ажлын байр хэвээр хадгалагдаж байна гэж үзэх боломжгүй юм.

Давж заалдах шатны шүүх нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын бүтцийн орон тооны хувьд гүйцэтгэх ажил үүргийнх нь хувьд бус тухайн бүтцийн нэгжийн ажилтны тоонд ач холбогдол өгч тухай албан тушаалтны ажлын байр хасагдаагүй гэж дүгнэсэн нь мөн хуулийн буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Нэгэнт Засгийн газрын хэрэг эрхлэх газрын шинэчлэн баталсан бүтцээр З.Б-н ажлын байр хасагдаж түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс өөртэй нь харилцан тохиролцож өөр байгууллагад шилжүүлсэн тушаал гарсан тул шинэчлэн баталсан бүтэц зохион байгуулалтыг хэрэгжүүлэх 222 дугаар тушаалаар чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, тэдгээрийг тайлбарласан Улсын дээд шүүхийн тогтоолд нийцсэн гэж үзэж байна. Энэ нь нэг албан тушаалтны талаар 2 өөр шийдвэр гаргаж зүйл биш юм. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх боловч маргааны үйл баримтад хамааралгүй хууль хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч З.Б нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргад холбогдуулан 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 221 дүгээр тушаал болон 222 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Маргаан бүхий 221 дүгээр тушаалаар Төрийн албаны хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг хэрэглэж, “өөртэй нь тохиролцсон” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Учир нь Төрийн албаны хуулийн 22 дугаар зүйл болон 27 дугаар зүйл нь өөр өөр нөхцөлд хэрэглэгдэх, нэгэн зэрэг хэрэглэгдэхгүй зохицуулалт юм. Тодруулбал, төрийн албан хаагчийг шилжүүлэх зохицуулалт нь зөвхөн ажилтан шилжүүлэн ажиллуулах ажлын шаардлага тухайн байгууллагад үүсэх болон тухайн албан хаагчтай шилжин ажиллах талаар урьдчилан тохиролцсон тохиолдолд хэрэглэгдэх бол бүтэц, орон тооны өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөх үндэслэл нь тухайн ажлын байрны чиг үүрэг хасагдсан, эсхүл цөөрсөн тохиолдолд хэрэглэгдэх, нэг төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаанд давхар үл хэрэглэгдэх зохицуулалтууд ба энэ талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.

Нөгөө талаар хариуцагчаас “нэхэмжлэгчтэй тохиролцсон” гэж маргаж байгаа боловч үүнийг нотолсон баримт байхгүй, гэрчийн мэдүүлгийг үндэслэн хариуцагчийг зөвтгөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь Төрийн албаны хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан “төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсон байх” шаардлага нь нэхэмжлэгчийн хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн баримтаар тогтоогдсон байх, энэ нь ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэсэн болохыг захиргааны байгууллага өөрөө нотлох үүрэгтэй. Түүнээс биш хариуцагчийн “орон тоо хасагдсан” тухай тайлбар нь хуулийн дээрх шаардлагад хамаарахгүй юм.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт “тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй ...” гэж, 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт “бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж тус тус зааснаас үзэхэд “нэхэмжлэгчтэй тохиролцсон” гэдгийг шүүхэд хөндлөнгийн этгээдийн мэдүүлгээр нотлох биш, маргаан бүхий тушаалыг гаргахаас өмнө захиргааны байгууллага нотолсон, холбогдох баримтыг цуглуулсан байх үүрэгтэй гэж үзнэ.

Түүнчлэн “бүтэц өөрчлөгдөж, нэхэмжлэгчийн эрхэлж байсан чиг үүргүүд хэд хэдэн ажлын байранд хуваагдсан” гэх хариуцагчийн тайлбар баримтаар тогтоогдоогүй, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 211 дүгээр “орон тоо шинэчлэн баталсан” тушаалаар Хяналт шалгалт, дотоод аудитын газрын орон тоо 8 байснаа 10 болж нэмэгджээ.

Төрийн албаны хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дахь хэсэгт зааснаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр албан тушаалд шилжих зохицуулалттай боловч тухайн тохиолдолд орон тоо хасагдаагүй, нэхэмжлэгчийн эрхэлж байсан ахлах референтийн орон тоо хэвээр үлдсэн тул хариуцагчийн дээрх тайлбар няцаагдаж байхаас гадна нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод заасан гол үүргүүдээс аль үүрэг нь ямар нэртэй ажлын байрны чиг үүрэгт нэмэгдсэн болох нь тодорхойгүй, энэ талаар хариуцагчаас үндэслэл бүхий тайлбар гаргаагүй байна. 

Нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажлын байрны чиг үүргийн нэр өөрчлөгдсөн байдал нь төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл биш, нэгэнт орон тоо хасагдаагүй тул нэхэмжлэгчийг өөр ажилд шилжүүлэн томилох урьдчилсан нөхцөл үүсээгүй, анхан шатны шүүхийн “аливаа ажилтныг албан тушаалд тухайлан томилоогүй, ерөнхий байдлаар ахлах референтийн ... гэх зэргээр томилдог” тухай дүгнэлт үндэслэлтэй, захиргааны байгууллагын тодорхой чиг үүрэгт холбогдуулан ажилд томилсон тушаал гаргаагүй байдал нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

Иймд, маргаан бүхий тушаалд Төрийн албаны хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсгийг хэрэглэсэн нь мөн хууль зүйн үндэслэлгүй, тухайн байгууллагад нэхэмжлэгчийн эрхэлж байсан ахлах референтийн орон тоо хасагдаагүй байна.

Маргаан бүхий 222 дугаар тушаалаар Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1 дэх хэсэг “өдөр тутмын үйл ажиллагааг удирдах” заалтыг хэрэглэж, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь буруу бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг нарийвчлан зохицуулсан Төрийн албаны хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй, нэгэнт 221 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон атлаа дахин ажлаас чөлөөлсөн зэргээр агуулгын зөрчилтэй болжээ.  

Дүгнэж үзэхэд, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдэл зөв байх боловч маргааны үйл баримтад шууд хамааралгүй, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно”, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “нийгмийн даатгалд даатгуулах” гэх заалтыг хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлалаас хассан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0618 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 221/МА2017/0800 дугаар магадлалын “тогтоох” хэсгийн 1 дэх заалтаас “Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1” гэснийг хасч, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн өмгөөлөгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ    

ШҮҮГЧ                                                                                        П.СОЁЛ-ЭРДЭНЭ