Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/219

 

 

 

 

 

 

 

  2025        06         24                                          2025/ШЦТ/219

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,

Улсын яллагч Э.Гэрэлтуяа,

Хохирогч Э.Ж**********,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр,

Шүүгдэгч **************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б*************ын С*********д холбогдох эрүүгийн 253800************ дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,   

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч **************** нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Д********* шөнийн клубт 2025 оны 03 дугаар сарын 18-наас 19-ний шилжих шөнө Э.Ж**********гийн нүүрэн тус газарт нь цохиж, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, хэлэнд шарх бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч **************** нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Д********* шөнийн клубт 2025 оны 03 дугаар сарын 18-наас 19-ний шилжих шөнө Э.Ж**********гийн нүүрэн тус газарт нь цохиж, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, хэлэнд шарх бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 253800************ дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:   

Шүүгдэгч ****************гийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Болсон явдлаа яг сайн санахгүй байгаад байна. Сүүлд бүдэг бадаг санахад хүн цохисноо санаад байгаад яг ямар хүн цохисноо сайн мэдэхгүй байгаад байна. Найзыгаа дуудаж хариад гэртээ ороход хувцас нэлээн цус болчихсон байсан...гэм буруугийн талаар маргаангүй, баримтаа бүрдүүлээд ирвэл хохирлыг төлнө...” гэх мэдүүлэг,

Хохирогч Э.Ж**********гийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “…2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 00 цагийн үед ажлын найзууд болон эхнэрийн хамт Д********* бааранд орсон. Тэгээд ороод бүжиглээд байгаад эргээд хартал нэг залуу миний нүүр рүү цохичхоод гүйгээд яваад өгсөн. Миний хамт явж байсан ажлын найз Э*********** хойноос нь очиж барьж авсан чинь зугтаагаад явсан байсан. Тэгээд ажлын найз М************ надад хэлэхдээ С********* гэдэг залуу байсан. Өмнө нь стандарт хэмжил зүйд ажиллаж байсан гэж надад хэлсэн. Миний нүүр буюу хамар хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. ...Бид хоорондоо тохиролцоод тухайн эмчилгээний зардалд 8,000,000 төгрөг өгөхөөр болсон. Хэрэв миний эмчилгээний зардалд 8,000,000 төгрөг хүрэлцэхгүй байвал эмчилгээний зардлын баримтаа С*********д гаргаж өгөөд зөрүү хохирлын нөхөн төлбөрийг бүрэн барагдуулж өгнө гэж харилцан тохиролцсон болно...Хамрын таславч, хамрын ясны хугарал засах мэс заслын заалттай гэсэн... Мэс заслын өмнөх болон дараах эмчилгээтэй холбоотой зардал юм...Баримтаа бүрдүүлээд дараа нь нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Э***********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 00 цаг 40 минутын үед хамт ажилладаг найзуудаараа Д********* руу орж бүжиглэж байсан. Тэгсэн нэг залуу бид хэдийн хамт явж байсан эхнэр, найз охид руу дөхөөд биед нь хүрээд байсан. Тэгэхээр бид хэд жоохон цаашаагаа бүжиглэчих гэж хэлсэн. Тэгсэн яваад өгсөн. Тэгээд бид хэд гарах гээд бүжгийн талбайн хажууд зогсож байсан. Тэгсэн нөгөө залуу гэнэт хажуугаас орж ирээд Ж**********г цохиод унагаасан. Тэгээд Ж*********** ах дээр очсон хамраас нь цус гарсан байсан. Тэгээд тэнд байсан хүмүүс саяны цохидог залууг чинь С********* гэдэг одоо байж байхад нь цагдааг нь дуудаад өгөөч гэсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 8-р хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гомдол (хх-ийн 2-3-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 154 дугаартай: “...1. Э*************ийн Ж**********гийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, хэлэнд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Хатуу мохоо зүйлийн үйлдлээр үүснэ.

3. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирч байна.

4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 13-14-р хуудас),

Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл (хх-ийн 20, 40-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч Ж.Т************ийн нэхэмжлэл (хх-ийн 41-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 35-р хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 24-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 25-р хуудас), ЦЕГ-ын хайлтын системийн захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн лавлагаа (хх-ийн 36-37-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 253800************ дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирогч Э.Ж********** нь 8,000,000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн боловч хэрэгт холбогдох баримтыг өгөөгүй тул баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэх саналыг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Хохирогч Э.Ж**********гийн нүүрэн тус газар нь цохиж хөнгөн хохирол учруулсан гэм буруутай байдлаа хүлээн зөвшөөрч оролцож байна. Өөрийн үйлдлийн улмаас учирсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.

Шүүгдэгч **************** нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих,  хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Шүүгдэгч **************** нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Д********* шөнийн клубт 2025 оны 03 дугаар сарын 18-наас 19-ний шилжих шөнө Э.Ж**********гийн нүүрэн тус газарт нь цохиж, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, хэлэнд шарх бүхий хөнгөн хохирол учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ****************гийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч Э.Ж**********гийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Б.Э***********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 8-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гомдол (хх-ийн 2-3-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 154 дугаартай дүгнэлт (хх-ийн 13-14-р хуудас), эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл (хх-ийн 20, 40-р хуудас), иргэний нэхэмжлэгч Ж.Т************ийн нэхэмжлэл (хх-ийн 41-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.

Шүүх шинжилгээний тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Э.Ж**********гийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч ****************гийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч ****************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.  

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч **************** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч **************** нь хохирогч Э.Ж**********гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байна. Хохирогч Э.Ж********** нь хамрын хагалгаа хийлгэх  эмчилгээний зардал 8,000,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ж.Т************ нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 201,960 төгрөгийг тус тус нэхэмжилж байх боловч энэ талаарх баримтаа гаргаж өгөөгүй, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Харин иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь 201,960 төгрөгийн хохирлоо, хохирогч Э.Ж********** нь хамрын хагалгаа хийлгэх 8,000,000 төгрөгийн эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар тус тус шүүгдэгч ****************гаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар торгох шийтгэл оногдуулах заалтыг хэрэглэж болохоор байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хамгийн бага хэмжээгээр торгох ялыг оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ****************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч **************** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 35-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч **************** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж шүүгдэгч ****************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв. 

Эрүүгийн 253800************ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т******** овогт Б*************ын С*********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б*************ын С*********г 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч **************** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

4. Эрүүгийн 253800************ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь 201,960 төгрөгийн хохирлоо, хохирогч Э.Ж********** нь хамрын хагалгаа хийлгэх 8,000,000 төгрөгийн эмчилгээний зардлаа тус тус нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч ****************гаас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****************д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР