Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 104/ШШ2020/00117

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******од оршин суух *******гийн ******* /РД:*******/-ийн

 

Хариуцагч: *******, *******, ******* тоотод оршин суух гийн /РД:/-д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сэлэнгэмөрөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 1989 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Д.тай танилцан улмаар 1990 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Биднийг хамтран амьдрах хугацаанд 4 хүүхэд төрсөн, хүүхдүүд бүгд насанд хүрсэн. Одоо бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлт цуцалж өгнө үү гэв.

 

Хариуцагч  Д.  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан

 

тайлбартаа: Би нөхөр Г.*******той 1989 оноос 2019 оны 07 дугаар сарын 20-ны

өдрийг хүртэл 30 жил хамт амьдарсан. Энэ хугацаанд 4 сайхан хүүхэд төрүүлж өсгөн хүмүүжүүлсэн. Гэтэл 2016 оноос хойш хань Г.******* нь Хонхорт н. гэдэг миний насны хүнтэй нөхцөөд 3 жилийн хугацаанд сэтгэл санаа нь хувирч агсам тавьж янз бүрийн ааш араншин гаргаад гэртээ тогтохгүй болсон. Гэрийн ойролцоо 2 албан газарт ажилд оруулахад тогтоогүй. 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр мөн агсам тавьж намайг ач зээтэй хамт гэр орноо шатаана. Харин өөрөөс нь салахын бол шатаахгүй гэсэн шаардлага тавьсан тул би сална гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш Хонхорын хавьд ажил хийж байгаа. Иймээс энэ хүний хүсэлтээр салахаар боллоо гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзсэн.

 

Нэхэмжлэгч Г.******* хариуцагч Д.аас хувийн таарамжгүй үндэслэлээр гэрлэлт цуцлуулахыг шаардсан.

 

Хариуцагч Д. нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад маргаагүй.

 

Гэрлэгчид 1989 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хайр сэтгэлийн үндсэн дээр нэг гэрт ханилан сууж 1990 оны 03 дугаар сарын 03-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 26-д бүртгүүлж охин Д., хүү Д., Д., Д. нарыг төрүүлсэн байна./хх-7/

 

Гэрлэгчид шүүхээр гэрлэлт цуцлуулахдаа хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэж шүүхийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлалаар орсон боловч ажиллагаа амжилтгүй болсон байна. /хх-9-20, 45-57/

 

Шүүх 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцээд гэрлэгчдийг эвлэрч амьдрахыг даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сарын хугацаанд түдгэлзүүлсэн. Гэвч гэрлэгчид энэ хугацаанд эвлэрч амьдраагүй, хэн аль нь эвлэрэх талаар санаачлага гараагүй нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.-т зааснаар гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

 

Гэрлэгчдийн дундаас төрсөн 4 хүүхэд насанд хүрсэн, зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар шаардлага гаргаагүй, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулах шаардлагагүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасантай холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлого болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.6.,-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.-т зааснаар *******гийн *******, гийн нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Г.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгосугай.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Одгэрэлд даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авах үүрэгтэй, энэ хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ