Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 1087

 

 

 

 

 

 

 

 

 

“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/00440 дүгээр шийдвэртэй, “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй “А” ХХК, Ц.Б, Б.Т нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 405 000 000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн автомашин худалдах-худалдан авах гэрээ, Б.Төөс “А” ХХК-д автомашиныг шилжүүлсэн 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж ренжровер маркийн 2013 онд үйлдвэрлэсэн цэнхэр өнгөтэй SALGA2HF4DA112907 арлын дугаартай автомашины шилжилтийн бүртгэлээс “А” ХХК-ийг хасаж, буцаан Ц.Бы нэр дээр бүртгэхийг Автотээврийн үндэсний төвд даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Бы 09-09 УБЯ улсын дугаартай ренжровер маркийн автомашиныг “Ж” ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Ч.Баярсайханы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэдэндамба, өмгөөлөгч Б.Даваажанцан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн төлөөлөгч Д.Жадамба шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Б нь манай компанитай 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 30 000 000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай, барьцаанд 0999 УНД дугаартай ланд круйзер маркийн автомашин, 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 50 000 000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай, 9999 УБР лексус маркийн автомашин, мөн оны 12 дугаар сарын 03-ны өдөр 120 000 000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай, барьцаанд 0909 УБЯ ренжровер маркийн автомашиныг тус тус тавьж зээлсэн байдаг.

Улмаар Ц.Б нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээс зайлсхийх зорилгоор барьцаа хөрөнгийг санаатайгаар “Ж” ХХК-д мэдэгдэлгүй, зөвшөөрөлгүйгээр өөрийн хүү Б.Т рүү 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн автомашин худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлж, уг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр Б.Т нь автомашиныг 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр “А” ХХК-д шилжүүлэхдээ тус банк бус санхүүгийн байгууллагаас Ц.Бы авсан зээлийн дагуу шилжүүлсэн байна. Дээрх автомашин шилжүүлсэн хэлцэлүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8, 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

Ц.Б нь зээлээ төлөөгүй, гэрээнүүдийн хугацааг сунгуулж байсан. 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл 60 000 000 төгрөг, алданги 30 000 000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл 60 000 000 төгрөг, алданги 30 000 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийнзээлийн гэрээний үлдэгдэл 150 000 000 төгрөг, хүү 14 424 840 төгрөг, алданги 75 000 000 төгрөг, нийт 405 000 000 төгрөг болсон.

Түүнчлэн, 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр эхний ээлжинд 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор 60 000 000 төгрөгийг төлж барагдуулах, 09-09 УБЯ улсын дугаартай, ренжровер маркийн автомашины өмчлөх эрхийг шилжүүлэх, харин үлдсэн төлбөрүүд дээр зээлдүүлэгчтэй дахин тохиролцох, өгөөгүй тохиолдолд зээлдүүлэгчээс эрүүгийн журмаар гомдол гаргах мэдэгдлийг хүлээн авсан тухай баталгаа үйлдсэн байдаг боловч уг үүргээ хэрэгжүүлээгүй.

 Манай зүгээс дээрх үйлдлийн талаар Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс, прокурор, ахлах прокурорт шат дараалан хандсан ч зээлийн гэрээний маргааныг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх талаар дурдаж, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан.

Иймд Ц.Баас зээлийн гэрээний үүрэгт 405 000 000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн автомашин худалдах-худалдан авах гэрээ, Б.Төөс “А” ХХК-д автомашиныг шилжүүлсэн 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж ренжровер маркийн 2013 онд үйлдвэрлэсэн цэнхэр өнгөтэй SALGA2HF4DA112907 арлын дугаартай автомашины шилжилтийн бүртгэлээс “А” ХХК-ийг хасаж, буцаан Ц.Бы нэр дээр бүртгэхийг Автотээврийн үндэсний төвд даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Автомашин барьцаалж авсан зээлийн төлбөр тооцоог бүрэн төлж дуусгасан. 8444 УНЕ улсын дугаартай, бенз маркийн автомашин хүү Б.Тийнх бөгөөд тэр автомашиныг оруулаад 4 автомашин барьцаалсан. Би мөнгөө байнга бэлнээр аваачиж өгч байсан. Мөн нэхэмжлэгчээс төлбөр тооцоо дуусгаж байж машин гаргаж өгдөг. Төлбөр дуусахаар төлбөр мөнгө дууссан гэх баримт өгдөг, тэр баримтыг би манаачид үзүүлж байж машинаа авдаг. Би төлбөрөө төлөөд дууссан болохоор машинаа авсан, төлбөрөө төлөөгүй бол хүний машиныг зүгээр өгөхгүй байсан. Орлого, зарлага бичихдээ зарлага хаах гэж байгаад орлого гэж бичсэн тохиолдлууд их гарсан гэжээ.

Хариуцагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Т нь 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр манай байгууллагаас зээл авахыг хүсч, уг хүсэлтийн дагуу ренжровер маркын 2013 онд үйлдвэрлэсэн, цэнхэр өнгөтэй, SALGA2HF4DA112907 арлын дугаартай автомашиныг барьцаалан зээл олгосон. Уг зээлийг олгоход Б.Тийг “Ж” ХХК-тай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргаантай эсэхийг манай компани мэдэх боломжгүй бөгөөд “Ж” ХХК-иас хамтран хариуцагчаар татсан үед л мэдсэн болно.

Одоогоор барьцааны зүйл нь манай компанид байхгүй бөгөөд Б.Т нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн төлж барагдуулаагүй. Иймд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсэн ба манай компанийн зээлийн гэрээний үүргийг бүрэн хангаж барагдуулсан тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг шилжүүлэх бүрэн боломжтой гэжээ.

Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Би тус компаниас 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний барьцаанд өөрийн эзэмшлийн ренжровер маркын 09-09 УБЯ улсын дугаартай автомашиныг барьцаалсан бөгөөд дээрх зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон атал “Ж” ХХК нь барьцаалсан автомашиныг хууль бусаар өөрийн эзэмшилдээ авч өнөөдрийг хүртэл хугацаанд өгөөгүй.

Шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа дээрх автомашиныг өөрийн эзэмшилд байхгүй мэтээр хууль, шүүхийн байгууллагыг санаатайгаар төөрөгдөлд оруулж байсан болно. Иймд өөрийн эзэмшилд байсан ренжровер маркын 09-09 УБЯ улсын дугаартай автомашиныг “Ж” ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэв.

Нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн төлөөлөгч Д.Цэдэндамба сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Ренжровер маркийн 09-09 УБЯ улсын дугаартай автомашиныг барьцааны гэрээгээр барьцаалж, нийт 150 000 000 төгрөгийг зээл авсан. Энэхүү машины гэрчилгээг Ц.Б нь техникийн үзлэгт оруулна гэж худал хэлэн авч яваад бусадруу шилжүүлсэн байдаг. Барьцаа хөрөнгөд байгаа эд зүйлийг бусдад шилжүүлэх гэж байгаа бол заавал мэдэгдэх ёстой байдаг. Гэтэл манайд мэдэгдсэн зүйл байхгүй. Одоо уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн төлөлт хийгдэж дуусаагүй байгаа бөгөөд хэзээ, ямар байдлаар зээлийн төлбөрийг төлж дуусгаснаа хариуцагч өөрөө нотолж чадахгүй байна. Иймд автомашиныг барьцаанаас чөлөөлөн буцаан өгөх боломжгүй гэв.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Баас 219 578 880 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 185 421 120 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10, 56.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Б, Б.Т нарын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан автомашин худалдах-худалдан авах гэрээ, хариуцагч Б.Т, хариуцагч “А” ХХК-ийн хооронд 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хийгдсэн автомашин шилжүүлэх хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, ренжровер маркийн 2013 онд үйлдвэрлэсэн цэнхэр өнгөтэй SALGA2HF4DA112907 арлын дугаартай автомашины шилжилтийн бүртгэлээс “А” ХХК-ийг хасаж, хариуцагч Ц.Бы нэр дээр буцаан бүртгэхийг Авто тээврийн үндэсний төвд даалгаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэг заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ц.Бы 09-09 УБЯ улсын дугаартай ренжровер маркын автомашиныг “Ж” ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Б үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох барьцаалсан 09-99 УНД улсын дугаартай ланд круйзер маркийн, 2008 онд үйлдвэрлэсэн автомашин, 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн барьцааны гэрээний зүйл болох 99-99 УБР улсын дугаартай, лексус маркийн, 2010 онд үйлдвэрлэсэн, хар өнгөтэй автомашин, 09-09 УБЯ улсын дугаартай, ренжровер маркийн, 2013 онд үйлдвэрлэсэн, цэнхэр өнгөтэй автомашинуудаар үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, “Ж” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 476 097 төгрөг, хариуцагч Ц.Бы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Баас улсын тэмдэгтийн хураамжид 1 326 044 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.Б давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр нь хэт нэг талыг барьж гаргасан гэж үзэж байна. Тус мөнгийг Ц.Б нь бүрэн төлж барагдуулсан учир тус газарт бичиг баримтуудыг өгсөн. Ямар ч төлбөр төлөөгүй буюу төлбөрийг бүрэн барагдуулаагүй тохиолдолд барьцаанд байгаа автомашинуудыг бичиг баримтын хамт буцааж олгодоггүй болно. Шүүх анхнаасаа дүгнэлт хийхдээ буруу тооцоолсон тооцоон дээрээ үндэслэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

              Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлх баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарласан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

            Нэхэмжлэгч “Ж” ХХК нь хариуцагч Ц.Б, Б.Т, “А” ХХК нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 405 000 000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, Б.Т, “А” ХХК нарын хооронд хийгдсэн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн автомашин худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж гэрээгээр шилжүүлсэн Ренжровер маркийн автомашины эзэмших эрхийн бүртгэлээс “А” ХХК-ийг хасч, Ц.Бы нэр дээр бүртгэхийг Автотээврийн үндэсний төвд даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч Ц.Б нь Ренжровер маркийн автомашиныг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

            Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт авагдсан зээлийн гэрээнүүд, Ж ХХК-ийн 2013-2017 оны орлого, зарлагын дэвтэр, түүнд хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрээний талуудын тайлбар зэрэг нотлох баримтуудыг харьцуулан үнэлж, талууд өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн зээлийн гэрээ байгуулан, гэрээгээр тохиролцсон мөнгийг шилжүүлэн авснаар “Ж” ХХК, Ц.Б нарын хооронд зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт нийцжээ. /1хх 3-6, 2хх 102-103 дахь тал/

Зээлийн гэрээний тал болох “Ж” ХХК, Ц.Б нар дээрх үйл баримтад маргаангүй, харин зээлийн үүргийг бүрэн биелүүлсэн эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

Нэхэмжлэгч “Ж” ХХК нь хариуцагч Ц.Бд 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 30 000 000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай, 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн гэрээгээр 50 000 000 төгрөгийг, мөн оны 12 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 120 000 000 төгрөгийг мөн дээрх нөхцлөөр тус тус зээлдүүлж, түүний эзэмшилд бүртгэлтэй 3 автомашиныг барьцаалан гэрээ байгуулсан үйл баримт хэргийн 3-6 дахь талд авагдсан зээлийн гэрээнүүдээр тогтоогдсон.

Хариуцагч Ц.Б зээлийн гэрээгээр шилжүүлсэн авсан мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ биелүүлсэн гэх боловч хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн 2013-2017 оны орлого, зарлагын дэвтэрт хийсэн үзлэгийн тэмдэглэл, 3 зээлийн гэрээний ард талд зээлийн эргэн төлөлтийн талаар тооцоо нийлж, хариуцагч Ц.Б гарын үсэг зурж баталгаажуулсан  тэмдэглэгээ зэрэг баримтуудаар уг татгалзал няцаагдаж байна. Хариуцагч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээл, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасан хүү төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэх нөхцөл байдлаа баримтаар нотолж чадаагүй байна.

Мөн нэхэмжлэгч “Ж” ХХК, хариуцагч Ц.Б нар өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн харилцан тохиролцсоны үндсэн дээр 3 зээлийн гэрээний хугацааг сунгаж, гарын үсэг зурж баталгаажуулсан болох нь зээлийн гэрээний ард бичигдсэн тэмдэглэлээр нотлогдож /хх 3-5 дахь тал/ байна. Хариуцагчийн зүгээс уг баримтыг няцааж бусад гэрээний хугацааг сунгаагүй гэх үндэслэлээр маргаагүй тул талуудын хоорондын гэрээний сунгагдсан хугацаагаар тооцсон нэхэмжлэгчийн нэхэмжлэл Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт нийцнэ.

Анхан шатны шүүх гэрээ цуцлагдсан эсэх тухай үйл баримтын талаар дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэг заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн. Талуудын гэрээний сунгалт гэх баримтад хийгдсэн бичилт, тэдгээрийн гарын үсэг зурсан нөхцөл байдлаас үзэхэд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2, 43 дугаар зүйлд зааснаар хүү тогтоосон, сунгасан гэрээ байна. Энэ тохиолдолд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 185 421 120 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт нийцэхгүй боловч уг шийдвэрт нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй. Иймд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын буюу диспозитив зарчмын хүрээнд гомдол гаргаагүй асуудлаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж даж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Хариуцагч Ц.Б нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйл баримт тогтоогдсон учир нэхэмжлэгч тал түүнээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж буй нь Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.5 дэх хэсэгт нийцэх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Харин Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болоогүй тул нэхэмжлэгчийг барьцааны хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэхгүй. Иймээс  хариуцагч Ц.Бы, барьцаа хөрөнгө болох Рэнжровер маркийн автомашиныг  нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй тул хариуцагч Ц.Бы давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

            Анхан шатны шүүх, нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн хариуцагч Б.Т, Ц.Б, “А” ХХК нарт холбогдуулан гаргасан Б.Т, “А” ХХК нарын хооронд хийгдсэн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн автомашин худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулж гэрээгээр шилжүүлсэн Рэнжровер маркийн автомашины эзэмших эрхийн бүртгэлээс “А” ХХК-ийг хасч, Ц.Бы нэр дээр бүртгэхийг Автотээврийн үндэсний төвд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан Автотээврийн үндэсний төвийн лавлагаа, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 7/7014 тоот албан бичиг, түүний хавсралт /1хх 23-25 дахь/, тээврийн хэрэгслийн бүртгэх маягт, Ц.Б, Б.Т нарын хооронд байгуулагдсан автомашин худалдах-худалдан авах гэрээ /1хх 116-117 дахь тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /2хх 27 дахь тал/, хариуцагч нарын тайлбар зэрэг нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10, 56.5 дахь хэсэгт нийцжээ. Зохигчид шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт давж заалдах гомдол гаргаагүй байна.

            Дээрх үндэслэлээр хариуцагч Ц.Бы давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/00440 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ц.Бы давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Ц.Баас улсын тэмдэгтийн хураамжид 1 036 044 төгрөг гаргуулан, улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                             ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                                    Ч.ЦЭНД