Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 104/ШШ2020/00114

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******, *******, ******* тоотод оршин суух *******ийн ******* /РД:*******/

 

Хариуцагч: *******, *******,******* тоотод оршин суух /РД:/

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөөс ноогдох 5.000.000 төгрөг гаргуулах, хүүхдийн Ирээдүй саятан хадгаламжийн хамтран эзэмшигчийг солиулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.*******, хариуцагч А., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сэлэнгэмөрөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2003 оны 08 дугаар сарын 10-ны өдөр нөхөртэйгээ танилцсан. 2006 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Биднийг хамтран амьдрах хугацаанд 2007 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүү Ө., 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүү Ө., 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр охин Ө. нар төрсөн. 2007 он хүртэл хамтдаа ажиллах болсон. 2014 оноос эхлээд нөхрийн ааш зан өөрчлөгдсөн, архи дарс уух болсон. 2014 оны сүүлээр нөхөр гэр бүлээс гадуурх харилцаатай болсон. Тухайн үед тэр асуудлаасаа болоод надаас уучлалт гуйсан боловч нөгөө хүүхэн нь байнга ярьж мессеж бичдэг байсан. 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тусдаа амьдрах болсон. Банкны зээл авч машин авсан боловч зээлээ төлөхгүй алга болсон. Сүүлийн жилүүдэд хүүхэдтэйгээ ярихаа больсон. А. нөгөө хүүхэнтэйгээ нийлээд 2 хүүхэдтэй болсон. Хүүхдүүддээ талхны мөнгө өгөөч гэхээр илүүчлэх мөнгөгүй гэж хэлдэг байсан. Хадгаламжийн дэвтэрт нь бичилт хийх гэхээр ерөөсөө болдоггүй юм. Тиймээс хадгаламжийн эзэмшигчийг солиулах хүсэлтэй байгаа юм. Эцэг хүний хариуцлага энэ хүнд байхгүй, өөр хүнтэй амьдарч амьдрал зохиосон болохоор гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийнхөө асрамжид байлгаж тэтгэж гаргуулна. Мөн 5.000.000 төгрөгөө буцаан авна. Хүүхдийн хадгаламж эзэмшигчийг солиулна гэв.

 

Хариуцагч А. шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Биднийг амьдрах хугацаанд ээж нь байнга амьдралд оролцоно. Намайг жаахан юм хийгээд амьдрах гэхээр байнга хийж байгаа ажлыг үгүйсгэж дэмждэггүй байсан. Нэг ч удаа гэртээ тухтай хоол идэж үзээгүй. Иймэрхүү маргаанаас болоод сүүлдээ тэвчээр алдагдаж хашираах санаатай гадуур явсан. А.******* ч энэ бүгдэд дүгнэлт хийхгүй байсаар 2015 оноос бүр тусдаа амьдарсан. Энэ хүн надаас мөнгө л нэхдэг. Би гутарч нилээн архи уусан. Нэг бүсгүйтэй уулзаж байсан. Гэтэл тэр хүн маань жирэмсэн болсон. 2017 оны намраас нөгөө хүнтэйгээ хамт амьдарч байна. Хадам ээжид хөөгдөж гарснаасаа болоод хүний зэрэгтэй тэр хүнд гологдохооргүй болоод хүүхдүүд дээрээ очно гэж бодсоор өдий хүрсэн. Хүүхдүүдтэйгээ ярихаар сэтгэл санаагаар унаад байна гэхээр нь ярихгүй байгаа. Нэгэнт тусдаа амьдраад олон жил боллоо, би ч тусдаа амьдралтай болсон болохоор гэрлэлт цуцлахыг зөвшөөрнө. Мөн хүүхдүүдээ эхийн нь асрамжид үлдээж, тэтгэлэг төлнө. Нэхээд байгаа 5.000.000 төгрөгийг төлнө. Харин хүүхдүүдийн хадгаламж эзэмшигчийг заавал эхийнх нь нэр дээр болгох албагүй. А.******* хүүхдүүддээ мөнгө хадгалах гэж л байгаа бол хүүхдүүдийнхээ нэр дээр хадгаламж нээж болох байлгүй дээ гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч А.******* хариуцагч А.аас тусдаа амьдраад олон жил болсон, өөр бусадтай ханилан суусан үндэслэлээр гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдийг өөрийн асрамжид авах, тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөөс ногдох 5.000.000 төгрөг гаргуулах, хүүхдийн Ирээдүй саятан хахадгаламжийн хамтран эзэмшигчийг солиулахыг шаарджээ.

 

Хариуцагч А. нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаас гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээж, хуульд заасан тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөөс ногдох 5.000.000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн. Харин хүүхдийн Ирээдүй саятан хадгаламжийн хамтран эзэмшигчийг солихыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Гэрлэгчид 2006 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болсныг 2006 оны 06 дугаар сарын 07-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 0059661-62-рт бүртгэж гэрчилгээ олгогдсон байна. Тэдний дундаас 2007 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүү Ө., 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүү Ө., 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр охин Ө. нар төрсөн байна.

 

Гэрлэгчид 2015 оны 05 дугаар сараас хувийн тараамжгүй байдлаас тусдаа амьдарсан, энэ хугацаанд эвлэрч амьдраагүй, хэн аль нь эвлэрэх санаачлага гаргаагүй, хариуцагч А. өөр эмэгтэйтэй ханилан сууж тэдний дундаас хүүхэд төрсөн үйл баримтад зохигч маргаагүй.

 

Эвлэрүүлэн зуучлалын уулзалтын тэмдэглэл, шүүх хуралдаан дээр гаргасан зохигчдын тайлбараас үзэхэд гэрчлэгчид хэн аль нь цаашид эвлэрч амьдрах боломжгүй, шүүхээс эвлэрүүлэх хугацаа өгсөн ч үр дүн гарахгүй болсон байна. Иймд гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж гарах үр дагаврыг дор дурьдсан байдлаар шийдвэрлэв. Үүнд: 1.Гэрлэгчдийн дундаас төрсөн хүү Ө., Ө., охин Ө. нар эцэг эхийг тусдаа амьдрах хугацаанд эхийн асрамжид байсан бөгөөд 8 настай хүү Ө., 9 настай хүү Ө. нар эхтэйгээ амьдрах санал гаргасан, эцэг А. хүүхдүүдийг эхтэйгээ амьдрахыг зөвшөөрсөн зэргийг үндэслэн насанд хүрээгүй, бага насны 3 хүүхдийг эх А.*******гийн асрамжид үлдээх

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг...нь насанд хүээгүй ...хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. Тэрээр хүүхдүүдээс тусдаа амьдарч байгаа ч энэ үүргээс чөлөөлөгдөхгүй учраас энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр. Мө Иймд хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээж эцэг А.аас хуульд заасны дагуу сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

 

Нэхэмжлэгч А.******* хариуцагч А.ыг банкнаас цалингийн зээл авахуулж зээлийг төлөөгүй үндэслэлээр 5.000.000 төгрөг гаргуулахыг шаардсан. Хариуцагч А. 5.000.000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн учраас шүүх энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн.

Харин хүүхдийн Ирээдүй саятан хадгаламжийн хамтран эзэмшигчийг солих шаардлагыг шүүх хангах үндэслэлгүй гэж үзсэн.

Хариуцагч А. нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-д зааснаар ХХК-тай хүүхдийн Ирээдүй саятан мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулж хүү Ө., Ө. нарын нэр дээр мөнгө хадгалуулсан үйл баримтад зохигч маргаагүй.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар хадгалуулагч нь мөнгөн хадгаламжийг дундаа хамтран өмчлөх, итгэмжлэл олгох, өвлүүлэх, гэрээслэх, бэлэглэх эрхтэй. Хадгалагч нь хадгалуулагчийн мөнгөн хөрөнгөнөөс зөвхөн түүний зөвшөөрөл буюу даалгавраар гүйлгээ хийх, дансны нууцыг хадгалах үүрэгтэй гэж зааснаас үзэхэд хадгалуулагч, хадгалагч 2-ын хооронд байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулах нь энэ хоёр талын хүсэл зориг байхад гуравдагч этгээд буюу шүүх түүнчлэн нэхэмжлэгч *******гийн хүсэлтээр хадгалуулагчийг солих боломжгүй юм.

 

Нэхэмжлэгч А.******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 439.280 төгрөг төлснийг улсын орлого болгож, нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.-д зааснаар *******ийн *******, нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар 2007 оны 07 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Ө., 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хүү Ө., 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Ө. нарыг эх А.*******гийн асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т заасныг баримтлан 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хүү Ө., 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр охин Ө. нарыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувь, энэ хуулийн 40.1.2-.т заасныг баримтлан 2007 оны 07 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Ө., 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хүү Ө., 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Ө. нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг А.аас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1.-д зааснаар хариуцагч А.аас 5.000.000 /таван сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.*******д олгосугай.

 

5. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1.5, 2.2, 2.5-д зааснаар нэхэмжлэгч А.*******гийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч А.ын ХХК-тай байгуулсан хүүхдийн Ирээдүй саятан мөнгөн хадгаламжийн хамтран эзэмшигч, хадгалуулагчийг солиулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч А.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 439.280 /дөрвөн зуун гучин есөн мянга хоёр зуун наян/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А.аас 369.080 /гурван зуун жаран есөн мянга наян/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.*******д олгосугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Одгэрэлд даалгасугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авах үүрэгтэй, энэ хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ