2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1607

 

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Сэрчмаа,

улсын яллагч С.Алтай /томилолтоор/,

хохирогч *******,

шүүгдэгч ******** нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* холбогдох эрүүгийн 2410 02947 1987  дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ***** оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт ******** тоотод оршин суух,

урьд Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн 1999 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 307 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 90.1 дүгээр зүйлд зааснаар 2 жилийн хугацаанд тэнсэн харгалзах ял хүлээж байсан, ***********,*********

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч *********** нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрийгөө өмгөөлөх” эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

           шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******** “...одоогоос 1 жилийн өмнө амралтын өдөр гэр бүлээрээ гол руу явах гээд хүнсний юм аваад, хоол зардаг газраас нь хуушуур авах гээд зогсож байсан. Би өөрөө и мартад гар утасны лангуу ажиллуулдаг. Тэгээд салат авъя гэж яриад очсон. Савлаад тавьсан салатнууд мөн том савтайгаа салатнууд байсан. Том савласан нь гоё харагдаад байхаар нь энэнээс нь савлуулаад авч болох уу гэсэн чинь ямар ядаргаатай юм бэ, савласнаасаа авчхаач гээд над руу уурласан. Энийг савлах чинь чиний ажил биш юм уу гэсэн чинь ямар ядаргаатай юм бэ, би энд бас ажил хийж байна гэсэн. Тэгээд ирснээ алийг нь авах гээд байгаа юм бэ гэхээр нь том савлаж авсан салатнаас нь авчихъя гэсэн чинь бээлий ч үгүй гараараа хийснээ хилл дээр тавиад өгсөн. Чи бээлий өмсдөггүй юм уу гэсэн чинь ямар ядаргаатай юм бэ гээд уурлаад байхаар нь танай зохион байгуулагч чинь байна уу гэсэн чинь би эзэн нь байна гэсэн. Ямарваа нэгэн даргаа дууд гэсэн чинь юм аа авсан бол зайлаач ээ гэсэн. Хажууд талаас хоёр эмэгтэй ирснээ энэ охин дандаа ингэдэг гэсэн. Тэгсэн чинь энэ охин үйлчлүүлэгч гэхээрээ ингэдэг юм уу гэж хэлсэн. Гэнэт утсаа гаргаад бичлэг хийгээд эхэлсэн. Би хэзээ ч хараал хэлж байгаагүй. Энэ хүн худлаа яриад байна. Гарыг нь дарсан зүйл байхгүй. Камерын бичлэгт юу болсон талаар харагдана. Би гар утсыг нь очиж аваад цагдаа дуудъя гэж хэлсэн. Энэ хүний гаргаж өгсөн бичлэгт хашхираад орилоод намайг түлхэж байгаа бичлэг байхгүй байсан. Одоо чамайг од болгоод өгье гэж хэлээд бичлэг хийгээд эхэлсэн. Тэгэнгүүт тэнд нэг хүн ирснээ бид хоёрын нэг өрөөнд оруулаад суулгасан. Ахаа уучлаарай, миний буруу байж ээ гэсэн. Тэгэхээр нь би бичлэгээ устгачих гэсэн. Ахынх нь бас бухимдал төрлөө гээд бие биеэсээ уучлалт гуйсан. Гарч явж байгаад зохион байгуулагчтай нь таараад надаас юу болсон талаар асуухаар нь танайх харьцааны асуудал дээр анхаарахгүй бол болохгүй юм байна даа гэсэн чинь зохион байгуулагч нь харин тийн энэ охин дээр 2 ч удаа гомдол ирсэн гэж хэлсэн. Өөр ямар ч гараа далайсан үйлдэл надад байхгүй ...” гэв.

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ****** “...Би номадс байгууллагад 4 жил ажиллаж байгаа. Би тогооч мэргэжилтэй хүн. Бээлий өмсөөгүй гэж байна. Та миний гарыг гэмтээгээгүй байсан бол би энд ингээд зогсож байхгүй байсан. Би сэтгэл санааны хохиролтой байна. Одоо гадаа бороо, цас орохоор миний гарын үеэр хатгаж өвддөг. Хэрвээ та гэм буруугүй байсан бол өнөөдөр хоёулаа байраа солиод суух байсан байх. Би тэр газар ажиллаад 4 жил болж байна. Эргэн тойрны тэр хавийн хүмүүс бүгд намайг мэднэ. Хэрвээ би бээлий өмсдөггүй, ажлаа муу хийдэг байсан бол аль хэдийн ажлаасаа гарсан байгаа. Та хийх үйлдэл хэлэх үгээ бодож хэлээч ээ. Та насанд хүрсэн хүн байж хийх үйлдэл хэлэх үгээ, хийх үйлдлээ жаахан бодож хэлээч ээ. Хийсэн зүйлээ яагаад хийгээгүй гэж худлаа яриад байгаа юм бэ. Аль алиныхаа цагийг үрээд байлгүй шийдүүлмээр байна. Би таныг танихгүй, нэрийг чинь ч мэдэхгүй шүү дээ  Сэтгэл санааны хохирол төлбөр нэхэмжилмээр байна...” гэв.

 

Эрүүгийн 2410029471987  дугаартай хэргээс:

Улсын яллагч: хохирогч  ***** мэдүүлэг (хавтаст хэргийн 24, 27-28 дахь тал), гэрч ****** мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 9227 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 43-44 дэх тал), шинжээч  эмч ****** мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дэх тал),Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт ирүүлсэн “Өчигдөр 19 цагийн үед үйлчлүүлэгчдээ зодуулсан” гэх гэмт хэргийн талаарх мэдээлэл (хавтаст хэргийн 10 дахь тал), 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 13-16 дахь тал), эд мөрийн  баримтаар хураагдсан 1 сиди зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

 

Шүүгдэгч, хохирогч нар нь “нэмэлтээр шинжлэн судлуулах  зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2410029471987  дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

 Шүүх хуралдаанд шүүгдэгч нь өөрийгөө хохирогчийн гарыг мушгиж гэмтээгээгүй  талаар мэтгэлцэж оролцсон бол хохирогч гэм буруутайд тооцуулах байр сууринаас улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

 

шүүгдэгч *******  нь 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Е-март салбарт хохирогч ******* “утсаар бичлэг хийлээ” гэх шалтгаанаас болж маргалдаж, утсыг хохирогчийн гараас булааж авах явцдаа Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 9227 дугаартай шинжээчийн дүгнэлтэд заасан “...***** биед баруун тохой, бугуйн үений зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийг (хавтаст хэргийн 43-44 дэх тал), учруулсан үйл баримт тогтоогдож, уг хэрэгт шүүгдэгч ******** нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

 

Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч  ********* “...2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 13.30 минутын үед ажил дээрээ ажлаа хийгээ сууж байхад  нэг эрэгтэй хүн ирээд салат авъя гэсэн. Тэгэхээр нь би савлачихсан байгаа та нээгээд аваарай гэж хэлсэн чинь би заавал эндээс авмаар байна гэж хэлсэн.  Тэгэхээр нь тухайн авна гэсэн газраас нь хийгээд өгсөн чинь тухайн эрэгтэй хүн миний урдаас давцан дээр шидээд байсан тэгэхээр нь за уучлаарай та гээд тухайн салатыг өөр газар хийсэн. Тэгээд тухайн хүн намайг хараагаад түлхээд байхаар нь би гар утас дээрээ бичлэг хийж авсан. Би гар утсаа гаргаад бичлэг хийсэн чинь тухайн хүн миний гарыг мушгиад хойшоо дарсан. Тухайн хүн манай байгууллагад гомдол гаргаж өгөөд намайг цалингийн хувь хасуулсан хэдэн хувь хасуулсан талаар мэдэхгүй байна. Тэгээд би гэмтэл согог үндэсний төв дээр очоод үзүүлэхэд гар зөөлөн эдийн гэмтэл үүссэн байна гээд цагдаагийн байгууллагад хандсан. ...Тухайн хүн миний баруун гарыг мушгисан хоёр гарыг маажсан миний гар дээр ил харагдах гэмтэл шарх байхгүй., ...үйлчлүүлэгч над руу дайраад байхаар нь баталгаажуулах зорилгоор гар утсаа гаргаж ирээд тухайн үйлчлүүлэгч рүү харуулж бичлэг хийхэд тэр эрэгтэй үйлчлүүлэгч над руу орилж байгаад миний гар утсыг авч шидэх гээд байсан бөгөөд баруун утас барьчихсан байсан гарыг маань доош нь хүчтэй дарахад миний баруун гар хүчтэй өвдөөд байсан бөгөөд хөндүүрлэж байгаад зүгээр болчих байх гэж бодоод цааш тэр эрэгтэй үйлчлүүлэгч утсыг маань булааж аваад өөрийнхөө хармаанд хийсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24, 27-28 дахь тал),

           мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ****** “...2024  оны 07 дугаар сарын 07-н өдөр Хан-уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Е март худалдааны төвийн Б1 давхрын хүнсний тасагт худалдааны зөвлөхөөр ажиллаж байсан тэгээд өдөр 13 цаг өнгөрч байхад ***** нь өөрийн ажил болох дэвтэр дээрээ хөтөлгөөгөө хийж  байхад нэг эрэгтэй ногоон майктай  үйлчлүүлэгч хүрч ирээд ****** ширхгийн хоол салад зэрэг зүйлс авъя гэж хэлэхэд ***** нь тухайн үйлчлүүлэгчид хандаж харилцаагүй дэвтэр  дээрээ хөтөлгөөгүй хийгээд сонсоогүй  байдалтай байхад нөгөө үйлчлүүлэгч нь ****** үл хүндэтгэж үйлчлүүлэгчийн тоогоогүй гэсэн зүйлийг ногоон майктай эрэгтэй үйлчлүүлэгч нь ***** руу бухимдсан....тэгээд тэр 2 хоорондоо маргалдаж эрэгтэй үйлчлүүлэгч нь тухайн лангууны бүтээгдэхүүний шилэн хаалгыг баруун зүүн тийш  хүчтэй хааж онгойлгож дургүйцлээ илэрхийлэхэд  ******** нь юм авахгүй бол яв гэсэн шаардлага тавихад нөгөө хүн нь ****** загнаж уурлаж дайраад байсан. Тэгээд ***** нь гар утсаа гаргаж ирээд тухайн үйлчлүүлэгч рүү бичлэг хийгээд байхаар нь ногоон майктай эрэгтэй үйлчлүүлэгч бүр их уурлаж мөн адил гар утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд байсан. Тэгээд ******* лангуунаас гараад тухайн ногоон майктай үйлчлүүлэгч дээр очоод юм авахгүй бол та явна уу гэхэд нөгөө эрэгтэй үйлчлүүлэгч нь бичлэг хийгээд байсан гар утсыг нь гараас нь мушгиж булааж аваад гар утсыг нь өмднийхөө халаасанд хийсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дахь тал),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 9227 дугаартай “...****** биед баруун тохой, бугуйн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь тухайн үед үүссэн шинэ гэмтэл байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 43-44 дэх тал),

шинжээч  эмч ****** “...учирсан гэмтэл нь гарыг мушгих олон цохих аль ч үед үүсэх боломжтой гэмтэл юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дэх тал),

           Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт ирүүлсэн “Өчигдөр 19 цагийн үед үйлчлүүлэгчдээ зодуулсан” гэх гэмт хэргийн талаарх мэдээлэл (хавтаст хэргийн 10 дахь тал),

            2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: үзлэгээр илэрсэн  нөхцөл байдал: 2024  оны 07 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хан-Уул Емарт салбарын 1 давхрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийхээр  тогтов. Тус хяналтын камерын бичлэгт хохирогч  ***** иргэн ****** маргалдаж байх бөгөөд ****** гартаа утас барьсан байх бөгөөд ******* тус гар утсыг гараас нь хүчээр булааж авч байгааг зургаар харуулав гэжээ. (хавтаст хэргийн 13-16 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бодитой учирсан байхыг шаардана. Тодруулбал энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын заавал байх, зайлшгүй тогтоох шинж нь шалтгаант холбоо юм.

 

Хохирогч ******* эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч *******хохирогч **** гар утсыг нь авахаар татаж мушгиж дарсан идэвхтэй үйлдлийн улмаас үүсгэгдсэн шалтгаант холбоотой болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй субьект болох хохирогч ******, гэрч ****** мэдүүлэг, камерын бичлэг, шинжээчийн дүгнэлт, дуудлагын лавлагааны хуудас, түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

 

Эрүүгийн эрх зүйн онолын хувьд гэм буруугийн санаатай хэлбэр нь шууд болон шууд бус санаатай гэсэн төрөлтэй бөгөөд аль аль нь гэмт этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай шинжийг мэдэж, ухамсарласан оюун санааны шинжээрээ адилхан боловч хор уршигт зориуд хүргэхийг хүссэн эсэх шинжээрээ ялгагдана.

 

Хэдийгээр шүүгдэгч ****** шууд хүний эрүүл мэндэд хохирол учруулах сэдэлт, зорилго байгаагүй байх боловч тухайн үйлдлийн улмаас тодорхойлох боломжгүй хор уршиг учрах боломжтойг урьдчилсан мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн биед халдаж, үйлдлээрээ хор уршигт хүргэснийг гэм буруугийн шууд бус санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч ****** нь шүүхийн хэлэлцүүлэгт “би гарыг цохиогүй, бичлэг хийгээд байхаар нь утсыг нь булааж авсан” гэж мэдүүлдэг ба  утсыг булаах явцдаа хохирогчийн гарыг мушгиж дарсан үйлдлийг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр түүнийг цагаатгах үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгчийн мэдүүлэг нь бусад хэрэгт цугларсан нотлох баримтаар давхар нотлогдоогүй тохиолдолд дангаараа түүнийг цагаатгах үндэслэл болохгүй ба түүний хууль бус үйлдлийг тус дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн 2410029471987 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдсон ****** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь эмчилгээний зардлын баримт ирүүлээгүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “....сэтгэцэд учирсан гэм хорын хохирол нэхэмжилж...”, улсын яллагч “...хохирол төлбөрийн тухайд хохирогч гаргаж өгсөн баримт байхгүй байна. Цаашид баримтаа бүрдүүлээд Иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй ...(шүүх хуралдааны тэмдэглэл) байр суурь тус тус  илэрхийлсэн.

 

Мөрдөгчөөс Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын дагуу “хоёрдугаар” зэрэглэлд хамаарч байгааг хохирогч **** танилцуулахад хохирогч зөвшөөрсөн баримтыг (хавтаст хэргийн 88 дахь тал) хэрэгт хавсаргасан боловч Шүүх шинжилгээний тухай хуулийн 40  дүгээр  зүйлийн 40.1-д “...Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг ...”  гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Шинжилгээний байгууллага тогтоож, дүгнэлт гаргана гэж заасан тул хохирогч ********* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Хоёр.  Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ****** гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* “...1,000,000 төгрөгөөр торгох  ял оногдуулах...”, хохирогч “..ял хүндрүүлэх талаар санал гаргаагүй...” гэх санал, дүгнэлтийг гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, ингэхдээ эрүүгийн хариуцлагын нийтлэг зорилгыг хангах, түүнчлэн гэмт үйлдлийн шинж чанар болон ял шийтгэлийн хэр хэмжээ хоорондын харьцаагаар зүй зохистой нийцсэн байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн. 

 

Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.4 дэх заалтад заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, 6.6  дугаар  зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр ял оногдуулж, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                    

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч **********,********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* оногдуулсан 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга)  төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын  хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

 5. Хохирогч ******** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээсүгэй.

 

6.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ****** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт  хавсарган үлдээж, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

8. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ЭНХЦЭЦЭГ