Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2017/ШЦТ/077

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Хохирогч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 201705000175 тоот хэргийг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч Монгол улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, хувьд ногдох хөрөнгөгүй, ******* овогт ******* *******, /*******/

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 20 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7-9-27 тоотод *******тай хувийн таарамжгүй байдлаас марган улмаар зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч *******ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн

... 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 22 цагийн үед гэртээ амарч байхад манай төрсөн ах С. Бат-Оршихын эхнэр ******* архи уучихсан танихгүй хүнтэй хамт орж ирээд “ чи намайг яагаад гуйлагчингаар дууддаг юм, би чамаас юу гуйсан юм” гээд нэхээд байсан. Би нялх хүүхэдтэй орой болчихсон байхад хэрүүл хийгээд яах гээд байгаа юм гэхэд тоохгүй надруу дайраад нүүр ам самардаад, гэрийн эд хогшил эвдчихгээд байсан. Би ******* эгчийн нүүрлүү нь гараараа хэд хэдэн удаа цохиж, гэрээсээ чирч гаргасан... гэх мэдүүлэг / хх-ийн 28-29

Хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

Хохирогч *******ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн

 ...манай нөхрийн дүү ******* 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр манайд ирээд гуйлгачин минь манай уур нүдүүр хаана байна гээд уурлаад явсан байсан. 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр найзтайгаа нэг пиво уучихаад *******ийнд очоод чи яахаараа намайг гуйлгачингаар дууддаг юм, хадаг сүү тавиагүй танай ахтай суусан болохоор чи намайг ингэж дээрэлхэж байгаа юм уу гэхэд тэгж байна гэж хэлээд барьж аваад миний нүүр лүү гараараа 3-4 удаа цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №215 дугаартай

1.*******ын биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний алим, хүзүү баруун эгэм цус хуралт, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, шанаа, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 18/

-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол / хх-ийн 1/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл / хх-ийн 12-14/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №215 дугаартай дүгнэлт /хх-ийн 18/, шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 34/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн Засаг даргын 2017.05.17-ны өдрийн 452 тоот тодорхойлолт /хх-ийн 35/, шүүгдэгч *******ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 40/ зэрэг нотлох баримтуудын шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэрэг бүртгэлтийн шатанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 20 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7-9-27 тоотод *******тай хувийн таарамжгүй байдлаас марган улмаар зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч *******ийн... ******* эгчийн нүүрлүү нь гараараа хэд хэдэн удаа цохиж, гэрээсээ чирч гаргасан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/, Хохирогч *******... миний нүүрлүү гараараа 3-4 удаа цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн № 215 дугаартай ...*******ын биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний алим, хүзүү баруун эгэм цус хуралт, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, шанаа, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******т холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт зүйлчилж яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******т бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хх-ийн 40/ Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч *******д нотлох баримтгүйгээр 200000 төгрөгийг төлсөн, шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон бөгөөд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан байх тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

Дээрх гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарах тул Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “Гэмт хэрэг үйлдсэн этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасны дагуу Д.Цэдэнбатаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн болно.

Уг хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Тайж овогт ******* *******ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч *******ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-д зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шүүгдэгч *******т урд авсан батлан даалдад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т урд авсан батлан даалдад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА