Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 110/ШШ2023/0006

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: Д.Х

              Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Я.С

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нарын хоорондын  нийгмийн даатгалын маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

              1. Нэхэмжлэгч Д.Х нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан, “Д.Хд өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс  өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах“-аар маргасан байна.

            2. Нэхэмжлэгч нь   2022 оны 7 дугаар сард Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор өргөдөл гаргасан ба тус хэлтсээс өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан   хариу өгчээ.

            3. Улмаар нэхэмжлэгч нь  өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан шийдвэрийн талаар  Нийгмийн даатгалын хэлтсийн  дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гомдол гаргасан байх ба гомдлын шаардлагын зөвлөлийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 42 дугаар тогтоолоор “ ... “С” ХХК-д уурын зуухны галч-машинистээр ажилласан хугацааг хөдөлмөрийн хүнд нөхцөлд оруулан тооцож, тэтгэвэр тогтоох боломжгүй” гэж  шийдвэрлэснээр нэхэмжлэгч нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.       

            4. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбарт:

4.1. Монгол улсын иргэн Д.Х нь одоо 55 настай, улсад 20-иос доошгүй жил ажилласан. Д.Хы Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар болон “С” ХХК-ийн уурын зууханд 1996 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал галч, машинистээр  ажиллаж байсан байдлыг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 10/ШШ2022/00536 дугаартай шийдвэрээр тогтоосон.

4.2. Д.Хы галч, машинистээр ажиллаж байсан хугацаа нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамрагдаж байна. Ингээд Д.Хаас тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст  2022 оны 7 дугаар сарын сүүлчээр өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр  тогтоолгохоор хүсэлт гарган холбогдох материалуудыг өгсөн боловч татгалзсан.

Дараа нь Д.Х нь 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд гомдол гаргасан. Гомдлын шаардлагын зөвлөлийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 42 дугаартай тогтоолоор хүсэлтийг ханган шийдвэрлэх боломжгүй гэж хариу өгсөн.

4.3. Ингээд Д.Х нь өндөр насны тэтгэвэр авах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа тул зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Д.Хд өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, Д.Хд 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга М.Армиягаас шүүхэд ирүүлсэн  хариу тайлбартаа:

5.1. Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар Тэтгэврийг  хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтыг баримталж өндөр насны тэтгэвэр тогтоодог. Хөдөлмөрийн хүнд нөхцөл гэсэн 4 дүгээр бүлэгт ажил мэргэжлийг нэрээр нь, ажиллаж байгаа салбараар нь баталсан байдаг.

5.2. Дээрх жагсаалтад иргэн Д.Хы ажиллаж байсан гэх Нийтийн ахуйн үйлчилгээний салбарт уурын зуухны галч, машинист гэсэн ажил мэргэжлийн нэр байхгүй тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан шимтгэл төлбөл зохих хугацааны болзлыг хангахгүй байна.

5.3. Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т, мөн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын 4 дүгээр зүйлд зааснаар иргэн Д.Хы тэтгэвэр тогтоолгоход гарсан саналын зөрүүг тус хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөл хянаж, 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 42 дугаар тогтоолоор тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн  жагсаалтад ажил мэргэжлийн нэр байхгүй учраас тэтгэврийг  нь хөнгөлөлттэй хэвийн бус нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй гэж шийдвэрлэсэн байна.

Иймд иргэн Д.Хд хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй гэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

6.1. Нэхэмжлэгч Д.Хы нэхэмжлэлтэй танилцсан. Нэхэмжлэгчийн тэтгэвэр тогтоолгоход шаардагдах нас болон нийт улсад ажилласан жилтэй маргахгүй. Бидний гол маргаж байгаа нь 12 жил 6 сар хэвийн бус нөхцөлд ажилласан гэдэгт маргаж байна. Нийгмийн даатгалын байгууллага Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуулийг хэрэгжүүлдэг. Хуульд зааснаар “... газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажилласан ажилтнуудын жагсаалтыг хөдөлмөрийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гэж заасны дагуу 2004 онд баталсан Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн  сайдын баталсан 77 дугаар тушаалд заасны дагуу хөнгөлөлттэй хэвийн бус нөхцөлийн  тэтгэврийг тогтоодог. Уг тушаалд ажил мэргэжлийг салбараар нь зааж өгсөн.

6.2.  Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар байгаа боловч тэнд уурын зуухны галч гэсэн мэргэжил нь салбарын жагсаалтад байхгүй. Тиймээс хэвийн бус нөхцөлөөр тэтгэвэр тогтоохоос татгалзаж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Д.Хд өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс  өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

2. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШШ2022/00536 дугаартай шийдвэрээр  Д.Х нь   Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газар болон “СУАТ” ХХК-ийн уурын зууханд 1996 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал галч, машинистээр ажиллаж байсныг  тогтоосон байх ба шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

3. Мөн нэхэмжлэгч нь 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албад татагдан Ардын армийн 065 /086/ дугаар ангид алба хааж, 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хугацаат цэргийн албанаас халагдсан болох нь хэрэгт авагдсан Монгол Улсын Батлан хамгаалах яамны батлан хамгаалах төв архивын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 3882 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаагаар тогтоогдсон.

4. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-т “Шимтгэл төлсөн нийт хугацааг тодорхойлохдоо тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос болон даатгуулагч өөрөө төлсөн нийт хугацааны дээр шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор хуульд заасан бусад хугацааг нэмж тооцно”, 3-т “Төр, аж ахуйн нэгж, байгууллагаас дараахь хугацааны шимтгэлийг тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд төлсөн тохиолдолд эдгээр хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно: 2/ цэргийн жинхэнэ албыг байлдагч, түрүүчээр хаасан хугацаа” гэж, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 3  дугаар зүйлд “Нийгмийн даатгалын тухай хуулиуд хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ажиллагчдын цалингийн сангаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн төр, хувийн өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, түүний дотор хоршооллын байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилласан бүх иргэнийг мөн хугацаанд нийгмийн даатгалд /ажилгүйдлийн даатгалаас бусад төрөлд/ даатгуулсанд тооцож уг хугацааг тухайн иргэний шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно. Үүнд ...  байлдагч, түрүүчээр цэргийн жинхэнэ алба хаасан хугацаа нэгэн адил хамаарна”  гэж тус тус заасан ба Д.Хы  дээрх шүүхийн шийдвэрээр ажилласнаар тогтоосон хугацаа 18 жил 9 сар 30 хоногийн,  цэргийн алба хаасан 2 жил 2 сар 10 хоногийн хугацааны нийгмийн даатгалын  шимтгэл төлөгдсөн гэж үзэхээр байна.

5. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй”, 8 дугаар зүйлийн  1-д “Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3-т “Газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажилласан даатгуулагч дор дурдсан болзлыг хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: 3/нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь мөн нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол тус тус өөрийн хүсэлтээр”, 6 дугаар зүйлд “Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэнээс хойш гаргасан бол өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэн, нас барсны дараагийн сар дуустал олгоно” гэж тус тус заасан.

6. Хариуцагчаас  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3-т заасан тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн нийт ажилласан хугацаа болон насны шаардлагыг нэхэмжлэгч Д.Х  хангаж байгаа талаар маргаагүй , харин “12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан байх” гэсэн  шаардлагыг хангаагүй гэж үзэж, Д.Хд өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан байна.

 Татгалзсан үндэслэлээ   “Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын  2004 оны  77 дугаар  тушаалын хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй  тогтоох  газрын дор болон  хөдөлмөрийн хортой, халуун,хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт” нь өөрөө салбар салбараар зохицуулан гаргасан жагсаалт бөгөөд  эрчим хүчний салбарын байнгын ажиллагаатай  уурын зуухны  галчийг  хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамааруулан зохицуулсан. Дээрх жагсаалтад иргэн Д.Хы ажиллаж байсан гэх нийтийн ахуй үйлчилгээний салбарт “Уурын зуухны галч машинист” гэсэн мэргэжлийн нэр байхгүй” гэж гэж тайлбарлажээ.

7. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн  77 дугаар тушаалаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун,  хүнд нөхцөлд хамаарах  ажил, мэргэжлийн жагсаалт”-ын “Дөрөв.Хөдөлмөрийн хүнд нөхцөл”-ийн 1-т “Эрчим хүч үйлдвэрлэлийн ...байнгын ажиллагаатай уурын зуухны галч” гэж  заасан.

8. Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 110/ШЗ3222/0299 дугаартай захирамжаар томилогдсон шинжээчид нь  нэхэмжлэгчийн ажиллаж байсан “С” ХХК-ийн уурын зуухыг “... Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-т “эрчим хүчний байгууламж” гэж эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах, түгээх шугам, дэд станци болон технологийн зориулалттай бусад байгууламжийг, мөн хуулийн 3.1.4-т “эрчим хүчний эх үүсвэр” гэж эрчим хүчний нөөцийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулж цахилгаан, дулаан үйлдвэрлэж байгаа байгууламжийг хэлнэ гэж томьёолсон байдаг ба “СТ” ХХК-ийн “Р” халуун усны газрын уурын зуух нь тус төвийн ажиллагсад, үйлчлэгчдийг тав тухтай дулаан байх хэрэгцээнд зориулж дулаан үйлдвэрлэх, мөн 30 хүний /цагт/ халуун усыг технологийн дагуу халаах зориулалттай тул эрчим хүчний байгууламж гэж үзэж болохоор гэж”, мөн уг  уурын зуухыг “... байнгын ажиллагаатай зуух” гэж, уг зуухад ажиллаж буй галч нарын хөдөлмөрийн нөхцөлийг “... хэвийн бус нөхцөлтэй” гэж  тус тус дүгнэжээ.

9. Нэхэмжлэгчийн “С” ХХК-ийн байнгын ажиллагаатай, дулаан үйлдвэрлэх эрчим хүчний байгууламжид буюу  уурын зуухад хэвийн бус нөхцөлтэйгөөр галч, машинистээр  ажиллаж байсан үйл баримт  нь  дээрх  шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгчийн ажилласан нөхцөлийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн  77 дугаар тушаалаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун,  хүнд нөхцөлд хамаарах  ажил, мэргэжлийн жагсаалт”-ын “Дөрөв.Хөдөлмөрийн хүнд нөхцөл”-ийн 1-т “Эрчим хүч үйлдвэрлэлийн ...байнгын ажиллагаатай уурын зуухны галч”-д хамааруулан “ хөдөлмөрийн хүнд нөхцөлд” тооцоход хуулиар хориглосон хэм хэмжээ байхгүй байна гэж шүүх дүгнэв.

10. Харин хариуцагч нь эрчим хүч үйлдвэрлэлийн харьяа байнгын ажиллагаатай уурын зуухны галчаар ажилласныг “хөдөлмөрийн хүнд нөхцөл”-д хамааруулан тайлбарлаж  байгаа атлаа  эрчим хүчний байгууламжид буюу байнгын  ажиллагаатай уурын зуухад хөдөлмөрийн хэвийн бус, ижил нөхцөлд  ажиллаж байсан галчийг “хөдөлмөрийн хүнд нөхцөл”-д хамааруулахгүйгээр уурын зуухын хаана харьяалагдаж байгаагаас шалтгаалан, тодруулбал, нийтийн ахуй үйлчилгээний салбарт галчаар ажилласныг “хөдөлмөрийн хүнд нөхцөл”-д тооцохгүй байгаа нь захиргааны байгууллагын үйл ажиллагаанд баримтлах Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т заасан “ … бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, нийгмийн даатгалын байгууллага болон нийгмийн даатгалын байцаагчийн үйл ажиллагаанд баримтлах Нийгмийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан   “Нийгмийн даатгалын байгууллага  ... даатгуулагч, ажил олгогчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэн хамгаалах” зарчимтай тус тус нийцээгүй байна.

11. Иймд  дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчээс гаргасан  өндөр насны тэтгэвэр тогтоох хүсэлтийг “12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан байх хуульд заасан шаардлагыг хангаагүй” гэх үндэслэлээр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан хариуцагчийн шийдвэр нь  үндэслэлгүй, хууль бус бөгөөд уг татгалзлын улмаас нэхэмжлэгчийн өндөр насны  тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Д.Хд 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн  өндөр насны тэтгэвэр тогтоохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

12. Захиргааны энэхүү хэрэгт шүүхээс шинжээч томилсон байх ба шинжээчийн хөлсөнд нийт 300  мянга төгрөгийг  шүүхийн  төсвөөс гаргаж шинжээчдэд олгосон  нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн  44.1-т “Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдон зайлшгүй гарах зардлыг шүүхийн зардал гэнэ”, 44.2-т “Шүүхийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ”, 44.3-т “Дараахь зардлыг хэргийн оролцогчоор нөхөн төлүүлнэ”, 44.3.1-т “шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үндсэн ажлын чиг үүрэгт хамаарахгүй бол ажлын хөлс”, 47 дугаар зүйлийн 47.1-т “Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж тус тус заасан байх ба энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдсан тул шинжээчдэд төлсөн шүүхийн зардлыг хариуцагч  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулах нь зүйтэй байна.

 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 8 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр  зүйлийн 3 дахь хэсгийн 3, 6 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангаж,  Д.Хд өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс  өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас  чөлөөлөгдсөн болохыг дурдаж,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг, шүүхийн зардалд 300.000 төгрөг, нийт 370200 төгрөгийг  хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс    гаргуулан улсын орлого болгосугай.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   З.ГҮЛБАРША