Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 1086

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Мийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2019/00660 дугаар шийдвэртэй, Л.Мийн нэхэмжлэлтэй, Л.Бод холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номиндалай, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

Нэхэмжлэгч Л.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Л.Бод 3 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай зээлдүүлсэн. Гэрээний хугацаа дуусч Л.Б нь зээлийг төлөөгүй байна. Иймд 3 000 000 төгрөгийг Л.Боос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид удаан хугацаагаар хамтарч ажиллаж, бие биедээ мөнгө шилжүүлэн өгч авалцаж байсан. 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 1 000 000 төгрөг, мөн оны 5 дугаар сарын 13-ны өдөр би 2 000 000 төгрөгийг тус тус төлж дуусгасан. Махаа зарахаараа би зээлээ өгдөг. Өнөөдрийн байдлаар дансны хуулганаас харахад 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 240 000 төгрөгийг өгсөн, үүнээс өөр байдлаар мөнгө өгч байсан зүйлгүй.

Л.Мийн данс руу миний данснаас нийт 15 672 000 төгрөгийг 11 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн бөгөөд хамтарч ажиллах хугацаандаа 2 удаа тооцоо нийлсэн байдаг.

Эхний удаа 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр н.Ганбаагийнд хийсэн тооцоогоор нийт 7 075 000 төгрөгийг Л.Мд өгөх үлдэгдэлтэй гарсан. Үүнээс тухайн өдөрт нь 4 600 000 төгрөг, дансаар 2 000 000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 500 000 төгрөг, нийт 7 100 000 төгрөгийг шилжүүлж тооцоо дууссан байдаг.

Мөн анхан шатны шүүхэд 2 гэрчийг байлцуулан 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 1 253 000 төгрөгийн тооцоо нийлж, Л.Мийн хамтран амьдрагч Д.Энхжаргалд өгсөн. Д.Энхжаргал үүнийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Ингээд талуудын хоорондын тооцоо дуусгавар болсон гэв.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Л.Боос 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Мийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Л.Мөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номиндалай давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд хамтран ажиллах харилцаа байсан ба хамтарч мал авах мөнгийг Л.Мөнхөр гаргаж, зарж ашиг хуваарилах ажлыг Л.Б хийдэг байсан. Л.Б нь бүх тэмдэглэл дэвтэрт бичээстэй гэж хэлдэгч шүүхэд баримтаа өгдөггүй. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Харин 3 000 000 төгрөг авснаа хариуцагч хүлээн зөвшөөрдөг.

Талууд 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр мал, мах худалдан авах зорилгоор хөдөө яваагүй, энэ мөнгийг Л.Б авсан байдаг.

Л.Мийн данснаас их хэмжээгээр мөнгө гаргах үед талууд хөдөө явж, мал, мах авсан байдаг нь хамтарч ажиллаж байгаа нь харагдаж байна. Гэтэл Л.Б хөдөө хамт явах үедээ Л.Мийн дансруу 1 300 000 төгрөг шилжүүлж, буцаан авч мах худалдан авснаа “Л.Мд махны үнэ болон ашиг өгсөн” гэж тайлбар хийдэг. Эндээс үзэхэд Л.Б Л.Мөөс мөнгө гаргуулан мал, мах авчихаад ашиг хуваар асуудлыг өөрөө хариуцдаг нь харагддаг.

Нэхэмжлэгчээс зээлж авсан 3 000 000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 1 000 000 төгрөг, мөн оны 5 дугаар сарын 13-ны өдөр 2 000 000 төгрөг тус тус төлсөн гүйлгээний утга нь мах гэж хийсэн байдаг. Уг нэхэмжилж буй мөнгөөр хариуцагч мах аваагүй, өөрийн хувийн хэрэгцээндээ хэрэглэсэн, түүнчлэн, 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хөдөө яваагүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Л.М нь хариуцагч Л.Боос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, уг мөнгийг төлж дуусгасан гэх үндэслэл заан маргасан байна.

Хэрэгт Л.М, Л.Б нарын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, тооцоолол хийсэн гар бичмэл, гэрч Д.Энхжаргалын мэдүүлэг зэрэг баримтууд авагджээ. /хх 11-12, 28-29, 40-42, 106 дахь тал/

Эдгээр бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Л.Мийн ХААН банкны 5042335307 тоот данснаас 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 240 000 төгрөг, мөн оны 3 дугаар сарын 30-ны өдөр 3 000 000 төгрөг, 4 дүгээр сарын 22-ны өдөр 4 000 000 төгрөг, 5 дугаар сарын 08-ны өдөр 8 000 000 төгрөг, мөн сарын 18-ны өдөр 4 800 000 төгрөг, 26-ны өдөр 7 000 000 төгрөг, 6 дугаар сарын 13-ны өдөр 4 500 000 төгрөг, мөн сарын 21-ний өдөр 10 550 000 төгрөгийн зарлагадсан гүйлгээ хийгдсэн байна. Дээрх мөнгө шилжүүлсэн гүйлгээний утгыг “мах, мал” зэргээр бичсэнээс үзэхэд уг мөнгийг махны наймаа хийх зорилгоор авч, буцаан өгөхдөө тодорхой хэмжээний ашиг өгч байсан гэх хариуцагчийн тайлбар нотлогдож байна.

Талууд дээрх үйл баримтад маргаангүй, харин  2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчээс шилжүүлсэн 3 000 000 төгрөгийг хариуцагч буцаан төлсөн эсэх нь маргааны зүйл болжээ.

Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх боломжтой гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй. Иймд гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Л.М хариуцагч Л.Бод 3 000 000 төгрөг зээлдүүлсэн гэх тайлбар нь өөрийн ХААН банкнаас шилжүүлсэн мөнгийг хариуцагч хэрхэн буцаан төлсөн тухай тайлбар, тооцоолол, банкны депозит дансны хуулгад бичигдсэн мөнгөн шилжүүлгийн агуулга, мөнгө шилжүүлсэн огноо зэргээр тогтоогдож байхаас гадна хариуцагч Л.Б уг тайлбарыг баримтаар няцааж чадаагүй байна. /хх 11-12, 14-18, 24-29, 35-36, 53-88, 92-96 дахь тал/

Мөн гэрч Д.Энхжаргал, Д.Насанжаргал нарын мэдүүлэг нь талуудын маргаж буй 3 000 000 төгрөгийг буцаан төлсөн гэх үйл баримтад хамааралгүй байхаас гадна /хх 40-41 дэх тал/ хариуцагч Л.Б нь 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 1 000 000 төгрөг, 5 дугаар сарын 13-ны өдөр 2 000 000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Л.Мийн дансанд “мах” гэж гүйлгээний агуулга бичиж шилжүүлсэн болох нь хэргийн 77, 82 дугаар талд авагдсан Л.Бын ХААН банкны дансны хуулгаар тогтоогдож байна.

Иймээс хариуцагчийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй тул түүнээс 3 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь уг хуульд нийцнэ.

Давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасанд харшлахгүй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2019/00660 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Боос зээлийн гэрээний үүрэгт 3 000 000 /гурван сая/ төгрөг гаруулан нэхэмжлэгч Л.Мд олгосугай.” гэж, 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч Л.Боос 62 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                             ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                                    Ч.ЦЭНД