Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2017/02121

 

                                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: З ОНӨААТҮГ-т холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: ............................шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 1989 оны 8 дугаар сард Автобус 1-р баазад жолоочоор анх ажилд орсноос хойш 2017 оны 7 дугаар сарыг хүртэл ажилласан. Ажиллах хугацаандаа өөрийн үүрэгт ажлаа сайн хийж гүйцэтгэж, төлөвлөгөө нормоо 100% биелүүлж байсан учир хөдөлмөрийг минь үнэлж Онц тээвэрчин, Осолгүй манлай, автобус баазын 40, 50, 55, 60 жилийн ой медалиуд, Авто тээврийн 80, 90 жилийн ойн медалиуд, Нийслэлийн хүндэт өргөмжлөл, Нийслэлийн хүндэт үнэмлэх, 2017 оны байгууллагын шилдэг жолоочоор шалгарч өргөмжлөл үнэ бүхий зүйлээр тус тус шагнагдаж байсан. Гэтэл Зорчигч тээвэр нэгтгэл ОНӨАӨТҮГ-ын захирлын 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Б/635 тоот тушаалаар ажлын бус амралтын өдөр зөрчил гаргасан гэж намайг ажлаас үндэслэлгүй халсан. Миний бие тус баазад тасралтгүй 27 жил ажилласан 53 настай бөгөөд өндөр настны тэтгэвэрт гарахад 2 жил дутуу байгаа. Би 2017 оны ажил үүргийг сайн биелүүлээд, амралттай байх хугацаандаа бааз дээр очиж дусал тариа хийлгээд, Үйлдвэрчний эвлэлийн дарга Н.Төрбатад өргөдөл өгчихөөд явж байгаад н.Даваасүрэнтэй таарсан. Гэтэл н.Даваасүрэн дарга намайг согтуу явж байсан гэсэн мэдүүлэг өгөөд ажлаас халсан байдаг. Миний чих хатуу тул чанга ярьдаг, н.Даваасүрэнтэй намайг яагаад 2 дугаар бааз руу шилжүүлсэн талаар л ярилцсан. Би согтуу байгаагүй, хэрвээ архи уусан байсан бол багаж үлээлгээд, цагдаагийн байгууллагад мэдэгдэж болох байсан. Ажлаас халсан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 38.4, Хөдөлмөрийн дотоод журмын 1.7, 6 гэсэн заалтыг үндэслэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4 дахь хэсэгт ноцтой зөрчил гэдгийг зааж өгсөн. Гэтэл М.Б тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд яг ийм зүйлийг зөрчих юм бол ноцтой зөрчил гэнэ гэж заасан зүйл байдаггүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.Б  Зорчигч тээвэр нэгтгэлийн 2-р баазад кантоны жолоочоор ажилладаг байсан. 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Зорчигч тээвэр нэгтгэлийн захиргааны байранд согтуу ирж, удирдах албан тушаалтнуудтай муудалцсан. Байгууллагын жижүүр, удирдах албан тушаалтнууд согтуу үед нь ажлаас гаргаж явуулсан байдаг. Ийнхүү хөдөлмөрийн дотоод журам зөрчсөний улмаас 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Б/635 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар байгууллагын тээврийн хэрэгслийн дотор болон байгууллагын орчин, “А” бүс,  жижүүрийн автобус ажлын байранд ажил тарсны дараа архи согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, ажил үүргээ согтуугаар гүйцэтгэсэн, ажилдаа согтуу ирсэн, гаднаас согтууруулах ундаа хэрэглэж ирсэн, согтуугаар ажлын байрны нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн, танхайрсан, тээврийн хэрэгсэл дотор хэрүүл зодоон гаргасан гэх үндэслэл нь ажлаас халах хүртэл арга хэмжээ авагдахаар заасан байдаг. Үүний хүрээнд байгууллага дотоод журмаа үндэслээд жолооч М.Болд-Эрдэнийг ажлаас чөлөөлсөн. Мөн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр тус 2-р баазын даргын зөвлөлийн хурлаар М.Б  жолоочийг оруулсан. Энэ хурал дээр 2-р баазын удирдлагууд, инженер, техникийн ажилчид нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй байсан. Хурлын шийдвэр дээр М.Б  өөрөө гарын үсэг зурсан. М.Б  өөрөө тайлбартаа би архи уугаагүй, хүнтэй уулзаад, эмчээр эм тариа хийлгээд явсан гэдэг боловч М.Болд-Эрдэнийн өөрийнх нь гаргаж өгсөн өргөдөл хавтаст хэрэгт байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв. 

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Б  нь хариуцагч З ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “...М.Б  нь 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Зорчигч тээвэр нэгтгэлийн захиргааны байранд согтуу ирж, удирдах албан тушаалтнуудтай муудалцаж, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн тул ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гомдлоо гаргана” гэж заасны дагуу М.Б  нь З ОНӨААТҮГ-ын захирлын 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Б/635 дугаар тушаалд гомдлоо 2017 оны 83 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхэд гаргасан байх тул хуульд заасан хугацааны дотор гаргасан гэж дүгнэлээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч М.Болд-Эрдэнийг автобусны жолоочоор ажиллуулсан байх бөгөөд З ОНӨААТҮГ-ын захирлын 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Б/635 дугаар “М.Болд-Эрдэнийг ажлаас халах тухай” тушаалаар Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.4, 1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.6.1.7 дахь хэсгийг тус тус үндэслэн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон М.Б тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан байна. /хх4/ 

 

Ажил олгогч нь ажилтныг ажлаас халах тохиолдол бүрт эрхийн акт буюу тушаал гаргах ба энэхүү тушаал нь эрх зүйн үр дагавар үүсгэж, хуулинд нийцсэн байхыг шаарддаг тул ажилтныг ажлаас халсан тушаалд баримталсан Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалт нь ажлаас халсан үндэслэлтэй тохирсноор Хөдөлмөрийн хуульд нийцэх ёстой.

 

Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох нэг үндэслэл нь ажил олгогчийн санаачлагаар цуцлах зохицуулалт бөгөөд энэ үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зохицуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт харш үйлдэл, эс үйлдлийг ойлгох ба ажил олгогч, ажилтан нь ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаарддаг.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...Хөдөлмөрийн дотоод журмын  7 дугаар зүйлд байгууллагын тээврийн хэрэгслийн дотор болон байгууллагын орчин, “А” бүс,  жижүүрийн автобус ажлын байранд ажил тарсны дараа архи согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, ажил үүргээ согтуугаар гүйцэтгэсэн, ажилдаа согтуу ирсэн, гаднаас согтууруулах ундаа хэрэглэж ирсэн, согтуугаар ажлын байрны нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн, танхайрсан, тээврийн хэрэгсэл дотор хэрүүл зодоон гаргасан гэх үндэслэл нь ажлаас халах хүртэл арга хэмжээ авагдахаар заасан. Хөдөлмөрийн гэрээг зөрчсөн зүйл байхгүй”  гэж тайлбарласан.

:

Ийнхүү талууд хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа гэрээний 9 дүгээр зүйлийн 9.4-т хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгох нэр төрлийг тухайлан тусгасан ноцтой зөрчилд нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчил тусгагдаагүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Болд-Эрдэнийг З ОНӨААТҮГ-ын 2 дугаар баазын Тээвэрлэлт, үйлчилгээний албаны 2 дугаар хэсгийн нийтийн тээврийн автобусны жолоочийн ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэв.       

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажилд эргүүлэн тогтоосон бол түүний ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг олгох бөгөөд дундаж цалин хөлсийг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д зааснаар ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлж 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл нэхэмжлэгч М.Болд-Эрдэнийн ажилгүй байсан 49 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт /дундаж цалин олговор 3 310 000:3 сар=1 103 333 төгрөг, 1 103 333:21.5=51 318 төгрөг, 51 318х49 хоног=2 514 582 төгрөг/ 2 514 582 төгрөгийг хариуцагч З ОНӨААТҮГ-аас гаргуулан М.Б д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Болд-Эрдэнийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагч З ОНӨААТҮГ-т даалгах нь зүйтэй байна.  

 

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт зааснаар ...байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд хуульд заасны дагуу гомдол гаргасан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагчаас 55 183 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Болд-Эрдэнийг З ОНӨААТҮГ-ын 2 дугаар баазын Тээвэрлэлт, үйлчилгээний албаны 2 дугаар хэсгийн нийтийн тээврийн автобусны жолоочийн ажилд эгүүлэн тогтоон, хариуцагч З ОНӨААТҮГ-аас 2 514 582 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Б д олгож, хариуцагч байгууллагад нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч М.Б  нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагчаас 55 183 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ