Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 115/ШШ2023/0004

 

 2023        01          17                                    115/ШШ2023/0004          

 

     Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сийлэгмаа би, тус аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Эрдэнийн “Гаалийн улсын байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн А.Болортуяад шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай” 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 67 дугаартай дүгнэлтээр Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.Наранцэцэгт холбогдуулан үүсгэсэн захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Эрдэнэ би, тус аймгийн Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.Наранцэцэг “Туушинсистемс ХХК-ийн гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн А.Болортуяа нь гаалийн байгууллагад 03-2161001-22-I-30488 тоот мэдүүлгээр мэдүүлсэн барааны нийт ерөнхий үнийн дүнг №SC22030709 дугаартай барааны үнийн нэхэмжлэлийн дагуу 8703 ам.доллар гэж мэдүүлэлгүй 8103 ам.доллар гэж буруу мэдүүлсэн” гэх зөрчлийг илрүүлэн шалгаж холбогдогч “Туушинсистемс” ХХК-ийн гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн А.Болортуяаг Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14-т зааснаар гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан материалыг шалгалтын хүрээнд хянахад:

 Материалд авагдсан холбогдогчийн мэдүүлэг, зөрчил илрүүлсэн тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг зэргээр “Туушинсистемс” ХХК-ийн гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн А.Болортуяа нь гаалийн байгууллагад 03-2161001-22-I-30488 тоот мэдүүлгээр мэдүүлсэн барааны нийт ерөнхий үнийн дүнг №SC22030709 дугаартай барааны үнийн нэхэмжлэлийн дагуу 8703 ам.доллар гэж мэдүүлэлгүй 8103 ам.доллар гэж буруу мэдүүлсэн зөрчил үйлдсэн болох нь тогтоогдсон байна.

Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.Наранцэцэг нь “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 0131326 дугаартай шийтгэлийн хуудсаар /маягт-2/ гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн А.Болортуяад Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.21 дүгээр зүйлийн 14 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан байна.

 Шийтгэлийн хуудсанд Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14 дахь хэсэгт гэж бичих атал Зөрчлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 11.14 зааснаар гэж буруу бичсэн байх тул шийтгэлийн хуудасны “Иймд холбогдогч А.Болортуяад Зөрчлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 11.14” гэж бичсэнийг өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.Наранцэцэг 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн А.Болортуяад Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.21 дүгээр зүйлийн 14 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

 Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.Наранцэцэг шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.Наранцэцэг би, 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр “Туушинсистемс” ХХК-ийн гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн Авьяахүү овогтой Болортуяа нь “Номинтрейдинг” ХХК-ийн бараа 03-2161001-22-I30488 дугаартай мэдүүлгээр бичиж сүлжээгээр илгээхдээ барааны нийт ерөнхий үнийн дүнг №SC22030709 дугаартай барааны үнийн нэхэмжлэхийн дагуу 8703 ам.доллар гэж мэдүүлэлгүй 8103 ам.доллар гэж буруу мэдүүлсэн нь Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14 дахь хэсэгт заасан, Гаалийн зуучлагч гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн зөрчил үйлдсэнийг илрүүлэн  №0131326 дугаартай шийтгэлийн хуудас бичсэн.

 Шийтгэлийн хуудас бичихдээ үндэслэл хэсэгт хуулийн зүйл заалтыг 11.21 дүгээр зүйлийн 14 дахь хэсэг гэхийг 21 дүгээр зүйлийн 11.14 гэж 11.21 гэсэн тоог байрыг нь сольж андуурч бичсэн алдаа гаргасан. Шийдвэрлэх хэсэгт хуулийн зүйл, заалтыг 11.21 дүгээр зүйлийн 14 дахь хэсэг гэж зөв бичсэн.

 Мөн хэргийн материалд авагдсан холбогдогчийн мэдүүлэг, зөрчил илрүүлсэн тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл зэрэгт хуулийн зүйл, заалтыг 11.21 дүгээр зүйлийн 14 дахь хэсэг гэж зөв бичсэн.

2022 оны 12 сарын 12-ны өдрийн №67 дугаартай прокурорын дүгнэлтийг уншиж танилцаад 2022 оны 06 сарын 23-ны өдөр бичсэн №0131326 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор (Б.Бат-Эрдэнэ)-ын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 67 дугаартай прокурорын дүгнэлтийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Хариуцагч эрх бүхий албан тушаалтнаас, прокурорын дээрх дүгнэлттэй холбогдуулан 2023 оны 01 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн байх бөгөөд түүний энэхүү зөвшөөрөл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ”, 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, ...” гэж заасантай нийцсэн бөгөөд бусад этгээдийн буюу зөрчлийн холбогдогч А.Болортуяагийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд харшлаагүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг үндэслэн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор (Б.Бат-Эрдэнэ)-ын ирүүлсэн “Гаалийн улсын байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн А.Болортуяад шийтгэл оногдуулсан шийдвэрт буюу 0131326 дугаартай шийтгэлийн хуудсанд “Зөрчлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 11.14 гэж бичсэнийг, 11.21 дүгээр зүйлийн 14 дэх хэсэг” гэж өөрчлөлт оруулах тухай” 67 дугаартай дүгнэлтийг хариуцагч нь зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Эрдэнийн ирүүлсэн “Гаалийн улсын байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн А.Болортуяад шийтгэл оногдуулсан шийдвэр болох 0131326 дугаартай шийтгэлийн хуудсанд  өөрчлөлт оруулах тухай” 67 дугаартай дүгнэлтийг, хариуцагч нь зөвшөөрснийг баталж, 115/2022/0054/З индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар прокурорын дүгнэлт (гомдол) нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                               Б.СИЙЛЭГМАА