Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 1085

 

 

 

 

 

 

 

 

 

БЗДТХ

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/01130 дугаар шийдвэртэй, БЗДТХ нэхэмжлэлтэй, “В” ХХК, “Ө” ХХН-д холбогдох татварын өр 44 373 194.9 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч “Ө” ХХН-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч “Ө” ХХН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов

Нэхэмжлэгч БЗДТХ төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус хэлтэст татвар төлөгчөөр бүртгэлтэй “В” ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 40 804 777.9 төгрөг, цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын тайланд 3 568 417 төгрөг, нийт 44 373 194.9 төгрөгийн татварын өр төлбөрийг хуульд заасан хугацаанд нь барагдуулаагүй байна.

Татварын алба нь хугацаандаа төлөөгүй татварын өр төлбөрийг барагдуулах үүднээс Татварын ерөнхий хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу татварын өр төлбөр барагдуулахыг шаардсан мэдэгдэх хуудсыг гардуулж, мөн хуулийн 63 дугаар зүйлийг үндэслэн “Төрийн банк” ХХК, “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК, “Хас банк” ХХК дахь харилцах дансны зарлагын гүйлгээг тус тус хаах арга хэмжээг тус тус авсан.

Иймд Татварын ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт заасны дагуу 44 373 194.9 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, “Ө” ХХН-ийг хамтран хариуцагчаар оролцуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “В” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн компани нь 2018 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй. Компанийн үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч Монгол Улсаас гараад эргэж огт холбогдоогүй. Тэгэхээр 2017 оноос хойш тухайн компанийн гүйцэтгэх захирал гэх Г.Сэржхорол компанийн үйл ажиллагааг төлөөлөх эрхгүй болсон. Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой асуудлаар хувь нийлүүлэгчтэй имайл, утсаар ярьсан боловч хариу өгөөгүй. Холбогдох байгууллагад Г.Сэржхорол нь гүйцэтгэх захирлын эрх хэмжээ дуусгавар болсонтой холбоотой гомдлыг гаргасан. Иймд шүүх хуралдаанд тайлбар гаргах, тухайн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой мэтгэлцэх боломжгүй. Компанийг төлөөлөх эрхгүй этгээд байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “В” ХХК-иас татварын өр 44 373 194.09 төгрөгийг гаргуулан, БЗДТХт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4, 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 379 815.97 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

“Ө” ХХН-ийн төлөөлөгч М.Мөнхжаргал давж заалдах гомдолдоо: Тус иргэний хэрэгт манай компани хамааралгүй, хариуцагч биш болно. Зөвхөн хууль зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээ үзүүлж, шалгасан компанийн өр төлбөрийг хуулийн фирм хариуцахаар шүүхэд хариуцагчаар татсан нь утгагүй зүйл юм.

Шүүх татварын өрийг “В” ХХК-аас бүхэлд нь гаргуулан шийдвэрлэхдээ шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгт “Ө” ХХН-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ёстой байтал энэ талаар дурдаагүй байна. Иймд шүүхийн шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгт “Ө” ХХН-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тухай өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Татварын хэлтэс нь хариуцагч “В” ХХК-д холбогдуулан татварын өр 44 373 194.9 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ө” ХХН-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулсан байна. Хариуцагч “В” ХХК нь гүйцэтгэх захирлын эрх хэмжээ дуусгавар болсон гэж, хамтран хариуцагч “Ө” ХХН нь татварын өрийг хариуцах этгээд биш гэх үндэслэл заан маргажээ.

Хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Г.Сэржхоролыг “В” ХХК-ийн захирлаар томилсныг 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр бүртгэж, энэ бүртгэлд өөрчлөлт орсон талаар тэмдэглэгдээгүй байх тул түүнийг Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт зааснаар “В” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. /хх 43 дахь тал/

Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар татвар төлөгч нь хуульд заасан журмын дагуу тогтоосон хугацаанд ногдох татвараа төлөх үүрэгтэй.

Хариуцагч “В” ХХК нь татвар төлөгч, тэрээр нэмэгдсэн өртгийн албан татвар болон цалин хөлснөөс суутган тооцсон татварт ногдуулсан өр 44 373 194.9 төгрөгийг төлөөгүй гэдэг нь хэрэгт авагдсан татвар төлөгчийн карт, мэдэгдэх хуудсыг хүлээн авсан тухай тэмдэглэл, татварын өрийн тооцоолол, мэдэгдэх хуудас хүргүүлсэн тухай тэмдэглэл, байцаагчийн тэмдэглэл, Татварын ерөнхий газрын Эрсдлийн удирдлагын хэлтэст гаргасан хүсэлт зэрэг бичгийн баримтаар нотлогдож байна. /хх 7-8, 13, 14-15, 79 дэх тал/

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан үнэлж хариуцагч “В” ХХК-аас 44 373 194.9 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч БЗДТХт олгож шийдвэрлэсэн нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцжээ.

Харин шүүх хамтран хариуцагч болох “Ө” ХХН нь татварын өр барагдуулах, маргааныг хариуцах эрхтэй этгээд мөн эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийж, түүнд холбогдох хэсгийг хэрхэн шийдвэрлэснээ шүүхийн шийдвэрт тусгаагүй нь буруу болжээ.

Хэрэгт авагдсан 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр “В” ХХК, “Ө” ХХН-ийн хооронд байгуулагдсан хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ, “В” ХХК-аас “Ө” ХХН-д олгосон 2017/02 дугаартай итгэмжлэл зэрэг нотлох баримтаас үзэхэд тус нөхөрлөл нь компанид ногдуулсан татварын өрийг хариуцан барагдуулах үүргийг хүлээн аваагүй. /хх 134-144 дэх тал/ Иймээс хамтран хариуцагч “Ө” ХХН-ийн татгалзал үндэслэлтэй тул түүнд холбогдох татварын өрийг хэрэгсэхгүй болгох нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д нийцнэ.

Дээрх үндэслэлээр хамтран хариуцагч “Ө” ХХН-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/01130 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасныг баримтлан хариуцагч “В” ХХК-аас татварын өр 44 373 194.9 /дөчин дөрвөн сая гурван зуун далан гурван мянга нэг зуун ерөн дөрвөн төгрөг есөн мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч БЗДТХт олгож, хариуцагч “Ө” ХХН-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын “...төлөхөөс” гэсний дараа “...чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч “В” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 379 815.97 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хамтран хариуцагч “Ө” ХХН-өөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                Ч.ЦЭНД