Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2021/ДШМ/457

 

 

 

 

 

 

    2021           5              13                                   2021/ДШМ/457                                   

 

С.Ад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Мөнхөө, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Мөнхцэцэг,

шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч Г.Батбаяр, С.Энх-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1667 дугаартай шийтгэх тогтоолыг “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай” прокурор П.Мөнхцэцэгийн бичсэн 2021 оны 4 дүгээр сарын 19ий өдрийн 1 дугаартай дүгнэлтээр С.Ад холбогдох 1806091802063 дугаартай эрүүгийн хэрэг болон шинээр илэрсэн нөхцөл байдлаар хэрэг үүсгэсэн материалыг 2021 оны 4 дүгээр сарын 30ы өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Бат овгийн Сүхээгийн С.А, 1979 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Зэвсэгт хүчний 089 дүгээр ангид жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 60 дугаар байрны 5 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ПЕ79062615/;

 

Шүүгдэгч С.А нь 2018 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр согтуурсан үедээ, Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Лайк нэртэй пабын гадаа Б.У түлхэж, толгойгоор нь замын хашлага төмөр мөргүүлэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Бат овгийн Сүхээгийн С.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан С.Ад шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.А нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор П.Мөнхцэцэг бичсэн дүгнэлт болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Д.Уянгын гомдлоор шинэ нөхцөл байдал илэрснээс хэргийн ажиллагаа үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулахад:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Д.Ганболд, шүүгч Д.Золзаяа, Ц.Цэрэндулам нарын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШТ2020/00018 дугаартай тогтоолыг үндэслэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ундармаа, Ө.Сарангэрэл, Р.Амарбаясгалан нар 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 471 дугаартай “Д.У биед гэмтлийн шалтгаант гурвалсан мэдрэлийн баруун 1 дүгээр салааны гэмтэл болон сэтгэлийн хямралаас давамгайлсан үүдэлтэй гурвалсан мэдрэлийн архагшсан өвдөлт эмгэг учирчээ. Уг эмгэг нь 2018 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр учирсан гэмтлээс үүссэн байх боломжтой. Д.У биед учирсан гэмтлийн шалтгаант гурвалсан мэдрэлийн баруун 1 дүгээр салааны гэмтэл болон сэтгэлийн хямралаас давамгайлсан үүдэлтэй гурвалсан мэдрэлийн архагшсан өвдөлт эмгэг нь гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. ...” гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Иймд С.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1667 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлт бичсэн. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтас хэргийн 26-27 дугаар талд, 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дугаартай шинээр илэрсэн нөхцөл байдлаар тогтоол авагдсан. Энэ тогтоолын хууль зүйн үндэслэлийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдалд хамаарч байна гэсэн. Энэ үндэслэл нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй. Ийм учир уг хэрэг үүсгэсэн тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй. Д.У нь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэм хорын хохирол гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Улмаар хүсэлт гаргаж иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр 20146 дугаартай шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж гарсан. Уг захирамжид хариуцагч С.Агийн өмгөөлөгчийн зүгээс гомдол гаргасан. Улмаар уг гомдлыг хянаж үзээд 0011 дугаартай тогтоол гарсан. Уг тогтоолоор өмнө гарсан 20146 дугаартай захирамжийн 4 дэх заалтын Б, В, Г гэх асуултыг хүчингүй болгож, А заалтад заасан асуултыг хэвээр үлдээсэн. Гэтэл Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн шүүхийн тогтоолоор хүчингүй болгосон асуултад хариулт өгсөн. Ийм нөхцөл байдлаас болж өнөөдрийн нөхцөл байдалд хүрсэн. Энэ нь өөрөө Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуултын дагуу шинжилгээ хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах” гэж заасан. Үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шинжээч гаргасан дүгнэлттэй холбоотой асуудлаар шүүх, прокурор, мөрдөгчийн дуудсанаар хүрэлцэн ирж мэдүүлэг өгнө” гэж хуульчилсан. Б, В, Г гэх асуултад хариулт өгсөн нь өөрөө хууль зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.3 дугаар зүйлд “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээх хугацаа”-г заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ялтанд хүндрүүлсэн ялтай хуулийг хэрэглэх шаардлагатай болсон бол Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шинэ нөхцөл байдал илэрснээс хойш 1 жил өнгөрөөгүй бол гүйцэтгэж болно” гэж хуульчилсан. Прокурорын хэлснээр шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэх юм бол 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр илэрсэн гэж үзэх бөгөөд 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 1 жилийн хугацаа өнгөрч байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү. Өмнөх шүүхээр тогтоогдсон үйл баримт, гэмтлийн зэргийн талаар “шинээр илэрсэн нөхцөл байдал” тогтоогдсон гэж үзсэн бол өмгөөлөгчийн зүгээс хэлэх зүйл байхгүй. Гэтэл иргэний хэргийн шүүх өөрөө гэмтлийн зэрэг тогтоолгохоор хандаж байгаа нь өөрөө хууль зөрчиж байна. Эрүүгийн журмаар хянан шийдвэрлэсэн хүчин төгөлдөр болсон хэрэгт гэмтлийн зэрэг тогтоолгож байгаа нь хууль зөрчсөн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шинжээчийн дүгнэлт нь өөрөө эрх зүйн баримт бичгийн хувьд тодорхой нотлох баримтад суурилж гарах ёстой. Гэтэл хавтас хэргийн 7-8 дугаар талд авагдсан эмнэлгийн баримтыг хохирогч шинээр илэрсэн нөхцөл байдлын баримт гэж үзэж байгаа. Гэтэл нь энэ нь Хууль зүйн сайдын жагсаалтаар батлагдсан албан ёсны зөвшөөрөлтэй байгууллага биш учир үүнийг нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй. Хавтас хэргийн 21-23 дугаар талд авагдсан эмч Батчулуун тайлбарыг шүүхэд эмчлэгч эмчийн дүгнэлт гэж хэлдэг. Гэтэл эмчлэгч эмчийн нэрийг нь бичсэн. Эмчийн яриаг дүгнэлтэд тусгаж ийм нөхцөл байдал үүсгэж болдог юм уу. Иймд хүлээж авах үндэслэлгүй байх тул татгалзаж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг үүсгэсэн тогтоолыг хүчингүй болгуулахаар шат шатны прокурорт энэ талаар хүсэлт, гомдол гаргасан. Эдгээр гомдлыг татгалзаж шийдвэрлэсэн. Шалгах нь үндэслэлтэй гэх үндэслэлээр хааж миний гомдлын хариуг өгсөн. Гэтэл тэр дотор нь маш олон хуулийн заалтыг бичсэн байхад ямар нэг хариу өгөөгүй. Анхан шатны шүүхийн иргэний хэрэгт хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцсон. Шинжээч томилсон шүүгчийн захирамжид би гомдол гаргаж, миний гомдлыг хүлээн авсан. Шүүгчийн захирамжаар шинжээчид тавьсан асуултыг хүчингүй болгосон. Хүчингүй болгосон асуултад шинжээч дүгнэлт хийсэн. Энэ нь хууль ёсны шаардлага хангахгүй байна гэж үзэж нотлох баримтаас хасуулахаар иргэний шүүхэд дахин хүсэлт гаргахад хохирогч Д.У гомдлоо татаж авсан. Д.У нь хууль ёсны шаардлага хангахгүй баримтаар миний үйлчлүүлэгч С.Агаас 60.000.000 төгрөгийг үндэслэлгүй нэхэмжилж байна. Хэрэгт шинжээч санаатай худал дүгнэлт гаргасан гэх баримт байхгүй. Хохирогч Д.Уд 3.670.000 төгрөг өгсөн. Шинээр илэрсэн нөхцөл байдал гэж байгаа нь манай үйлчлүүлэгчтэй ямар ч шалтгаант холбоогүй. Энэ талаарх баримтыг иргэний шүүхэд гаргаж өгч байсан. Хохирогч Д.У нь анхан шатны шүүх хуралдааны дараа зам тээврийн осолд орсон талаар би гомдолдоо дурдсан. ...” гэв.

Шүүгдэгч С.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.У нь шүүх хуралдаан болсны дараа зам тээврийн осолд орсон байсан. Үүнтэй холбоотой гэж үзэж байна. ...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянах ажиллагаа нь шүүхийн шийдвэрийн хүчин чадал, ач холбогдлыг эргэн хөнддөгөөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулга, зарчимд бүрэн нийцсэн байхын зэрэгцээ мөн хуулийн 41 дүгээр бүлэгт заасан журмыг чанд баримтлахыг шаардсан онцгой ажиллагаа байдаг.

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл, шалгуур, хамрах хүрээ, илрэх хэлбэр, хүрэх үр дүн, гарах үр дагаврыг хууль зүйн хувьд нэг бүрчлэн хуульд тодорхой заасан байдаг.

Өөрөөр хэлбэл, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан эсэхийг урьд мэдэгдээгүй байсан нөхцөл байдалд үндэслэн дахин хянаж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцгой үе шат бөгөөд шүүн таслах ажиллагаагаар шударга ёсыг хэлбэрэлтгүй тогтоох чухал баталгаа болж өгдөг.

Хэргийг сэргээн шалгах үндэслэлд нэгдүгээрт шүүх хэргийг шийдвэрлэх үед бий болсон байсан боловч тухайн үед мэдэгдээгүй байгаад хожим илэрсэн бөгөөд шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлууд, хоёрдугаарт шүүх шийдвэр гарах үед бий болоогүй байгаад хожим үүссэн гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагыг үгүйсгэх хүчин чадалтай нөхцөл байдлууд бүгд хамаарна.

Эдгээр нөхцөл байдлууд нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш тогтоогдсон байх ба шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хууль ёсны буюу шударга гарсан эсэхэд бодитой эргэлзээ төрүүлэх хэмжээнд байж хэргийг дахин шинээр хэлэлцэх үндэслэл болж чадах учиртай.

Шүүх хэргийг хянан хэлэлцэх, шийдвэр гарах үед бий болсон байсан шүүхэд мэдэгдээгүй нөхцөл байдлууд гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч, эсхүл оролцогч нар хууль бус ажиллагаа явуулж, тухайлбал гэрч, шинжээч, орчуулагч хуурамч мэдүүлэг, дүгнэлт, орчуулга санаатай гаргах, шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан нь эрх хэмжээгээ урвуулан ашиглах байдлаар хэргийн нотлох баримтыг бүрдүүлснийг хэлэх бөгөөд энэ нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр нотлогдсон байх шаардлагатай бол хожим бий болсон нөхцөл байдалд урьд гарсан шүүхийн шийдвэрээр тогтоогдсон гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагыг үгүйсгэх шүүхийн бусад тогтоол, шийдвэрээс гадна Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, олон улсын хүний эрхийн болон бусад шүүхийн шийдвэрүүд болон Монгол Улс олон улсын гэрээ, конвенцэд нэгдсэн, шинэ хууль тогтоомж баталсан зэрэг нь хамаарна.

Прокурор хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлд заасны дагуу хянахдаа уг зүйлийн 1 дэх хэсэгт заасан 4 үндэслэл тогтоогдсон тохиолдолд мөн хуулийн 41.4 дүгээр зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхэд, давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэрийг хяналтын шатны шүүхэд бичгээр дүгнэлт гаргаж шийдвэрлүүлэхээр зохицуулсан байна.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1667 дугаартай шийтгэх тогтоолоор М.С.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Аг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Прокуророос С.Ан дээрх үйлдэлд шүүхээр шийтгүүлснээс хойш буюу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 101/ШЗ2019/20146 тоот “Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэдзүүлэх тухай” захирамж /хх 46/, мөн шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШТ2020/00018 тоот “Гомдол шийдвэрлэх тухай” шүүхийн тогтоол /хх 85/-ын дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 471 дугаартай дүгнэлт/хх 48-54/-ээр “...Д.У биед гэмтлийн шалтгаант гурвалсан мэдрэлийн баруун 1 дүгээр салааны гэмтэл болон сэтгэлийн хямралаас давамгайлсан үүдэлтэй гурвалсан мэдрэлийн архагшсан өвдөлт эмгэг учирчээ. Уг эмгэг нь 2018 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр учирсан гэмтлээс үүссэн байх боломжтой. ...гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. ...” /хх 48-54/ гэсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1 дугаартай прокурорын “Шинээр илэрсэн нөхцөл байдлаар хэрэг үүсгэх тухай” дүгнэлт бичиж, уг дүгнэлтийнхээ үндэслэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан нөхцөл байдалд хамаарна гэж үзжээ.

Прокурорын дүгнэлтэд дурдсан хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгах болсон гэх үндэслэл нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “гэрч, шинжээчийн санаатай гаргасан худал мэдүүлэг, дүгнэлт, оруулагч хэлмэрчийн санаатай худал орчуулга, хуурамч нотлох баримт, тэмдэглэл, баримт бичгийг үндэслэж шийдвэр гарсан нь тогтоогдсон; гэж заасанд хамаарна гэжээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1667 дугаартай шийтгэх тогтоолын үндэслэл болох нотлох баримт буюу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 13485 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 90-91/-ийг санаатай гаргасан худал дүгнэлт гэж үзжээ.

 Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 101/ШЗ2019/20146 тоот “Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэдзүүлэх тухай” захирамж /хх 46/, мөн шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШТ2020/00018 тоот “Гомдол шийдвэрлэх тухай” шүүхийн тогтоол /хх 85/-ын дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 471 дугаартай дүгнэлт/хх 48-54/-ээр “...Д.У биед гэмтлийн шалтгаант гурвалсан мэдрэлийн баруун 1 дүгээр салааны гэмтэл болон сэтгэлийн хямралаас давамгайлсан үүдэлтэй гурвалсан мэдрэлийн архагшсан өвдөлт эмгэг учирчээ. Уг эмгэг нь 2018 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр учирсан гэмтлээс үүссэн байх боломжтой. ...гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. ...” /хх 48-54/ гэсэн шинжээчийн дүгнэлт нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1667 дугаартай шийтгэх тогтоолын үндэслэл болох нотлох баримт буюу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 13485 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 90-91/-ийг санаатай гаргасан худал дүгнэлт гэж шууд үгүйсгээгүй байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 471 дугаартай дүгнэлт/хх 48-54/-д “...Д.У биед гэмтлийн шалтгаант гурвалсан мэдрэлийн баруун 1 дүгээр салааны гэмтэл болон сэтгэлийн хямралаас давамгайлсан үүдэлтэй гурвалсан мэдрэлийн архагшсан өвдөлт эмгэг учирчээ. Уг эмгэг нь 2018 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр учирсан гэмтлээс үүссэн байх боломжтой. ...гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. ...” /хх 48-54/ гэжээ.

Шинжээчийн дүгнэлтэд гэмтэл болон сэтгэлийн хямралаас давамгайлсан үүдэлтэй гурвалсан мэдрэлийн архагшсан өвдөлт эмгэг, уг эмгэг нь 2018 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр учирсан гэмтлээс үүссэн байх боломжтой гэсэн дүгнэлтийн үндэслэл нь эргэлзээ бүхий байдлыг бий болгосон байх тул Прокурор шинээр илэрсэн нөхцөл байдлаар хэрэг үүсгэсэн тогтоолынхоо хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шинээр илэрсэн нөхцөл байдлаа тодорхой болгох шаардлагатай байна.   

Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлд тодорхой заасан бөгөөд С.Ад холбогдох хэргийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах үндэслэлийг тодорхой зааж, тухайн асуудал нь шинээр илэрсэн нөхцөл байдалд хамаарах эсэхийг шүүхээр дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй болохыг дурдаж байна.

Иймд прокурорын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байх тул хүлээн авахаас татгалзав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1667 дугаартай шийтгэх тогтоолыг “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгуулах тухай” прокурор П.Мөнхцэцэгийн бичсэн 2021 оны 4 дүгээр сарын 19ий өдрийн 1 дугаартай дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Прокурорын дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсаныг хүсэлт гаргагч Б.Уд мэдэгдсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

                       

                        ШҮҮГЧ                                                                        Т.ӨСӨХБАЯР