Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/120

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Э.Уламбаяр,

Нарийн бичгийн дарга: Э.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн оролцуулан нарыг тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Уламбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2514000000066 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Чоно овогт *******гийн *******, /РД:/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь урьд 2024 оны 09 дугаар сарын 04-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасуулсан байх” хугацаанд дахин Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7- д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 0,85 хувийн промильтой үедээ 2025 оны 01 дүгээр сарын 09-нөөс 10-ны өдөр шилжих шөнө 5 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Тоёота приус маркийн 06-28 БНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2025 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө 02 цагийн орчим эхнэр ын хамтаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Мини маркетын арын гудамжаар ороод гэх айлд очиж юм ярьж ууж суусан, тэгээд 05 цагийн орчим би 06-28 БНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явж байгаад Баянхонгор сумын 2 дугаар баг Олонбулаг дэлгүүрийн хажуу талын зам дээр замын цагдаагийн алба хаагч машины бичиг баримтыг шалгаад согтуурал шалгах багажаар үлээлгэхэд 0,85 %-ын согтолттой байсан, тэгээд тээврийн хэрэгслийг журамласан. Би хүлээн зөвшөөрч байна. Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн  хэрэгсэл жолоодсон нь үнэн, миний буруутай үйлдэл байсан.....гэх мэдүүлэг /хх-ийн 121-122/,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Гэрч Л.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2025 оны 01 дүгээр сарын 08-наас 09нд шилжих шөнө 01 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багт байрлах Далай Ээж караокеноос манай нөхөр ******* намайг ажлаас авахаар ирсэн...манай ажлын хүн болох , манай нөхөр бид 3 хамт ажлаас гарсан. Тэгээд , *******, бид 4 нийлж 2 литртэй Сэрүүн нэртэй пиво хувааж уусан...тэгээд манай нөхөр 06-28 БНН улсын дугаартай Приус 20 загварын тээврийн хэрэгслийг жолоодож, би хажуу талын суудал дээр суусан байсан. Тэгээд Баянхонгор сумын Хөх толгой Олон булаг дэлгүүрийн ойролцоо засмал зам дээр явж байхад 2 цагдаа зогсоогоод манай нөхрийн согтуурлыг шалгаад тээврийн хэрэгслийг журамласан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,

4. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... , , ******* нарын хамтаар 2,5 литрийн Сэрүүн нэртэй пиво бид 4 хувааж уусан. Тэгээд манай эхнэр хоол хийж өгсөн. 2025 оны 01 дүгээр сарын 09-ний 05 цагийн орчим , ******* нар гэр рүүгээ явсан, манай эхнэр гаргаж өгсөн. Тэгээд рүү цагдаад баригдчихлаа гээд мессеж бичсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,

5. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би тухайн өдөр эргүүлийн цагдаа дэд ахлагч *******гийн хамт Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байгаад 06-28 БНН улсын дугаартай саарал өнгийн Приус 20 загварын тээврийн хэрэгсэл зогсоож шалгахад тус машины жолооч ******* нэр бүхий иргэн жолоодон явж байсан...тус газарт нь АПНМ-006 загварын драгер багажаар иргэн *******ыг үлээлгэн шалгахад 0,85 хувийн согтолтын зэрэг гарч байсан. Тэгээд би тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл түр саатуулах журмын хашаанд саатуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25/ болон эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн  чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тэмдэглэл /хх-ийн 3/, Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8/, Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч *******гийн баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, авто тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 43-45/, Баянхонгор аймаг дахь сумын дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ЗШ/1099 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 52-55/ болон шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Дуламсүрэн 2 хуудас шинээр  нотлох баримтууд зэргийг шинжлэн судлав.                

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1099 дугаартай шийтгэврээр 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл  Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж 400.000 төгрөгөөр торгуулсан хугацаанд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 0,85 хувийн промильтой үедээ 2025 оны 01 дүгээр сарын 09-нөөс 10-ны өдөр шилжих шөнө 5 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Тоёота приус маркийн 06-28 БНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх үйл баримт болсон байна.

Уг үйл баримт болсон нь гэрч ******* өгсөн “...Би тухайн өдөр эргүүлийн цагдаа дэд ахлагч *******гийн хамт Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байгаад 06-28 БНН улсын дугаартай саарал өнгийн Приус 20 загварын тээврийн хэрэгсэл зогсоож шалгахад тус машины жолооч ******* нэр бүхий иргэн жолоодон явж байсан...тус газарт нь АПНМ-006 загварын драйгер багажаар иргэн *******ыг үлээлгэн шалгахад 0,85 хувийн согтолтын зэрэг гарч байсан. Тэгээд би тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл түр саатуулах журмын хашаанд саатуулсан...” гэх мэдүүлэг болон хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, шүүгдэгч согтуурсан үедлээ тээврийн хэрэгсэл жолоодсоныг илрүүлсэн талаар тэмдэглэл  зэргээр нотлогдсон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сард согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр Тус шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн /хуучин нэршлээр / 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1099 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн  14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн  5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулж 400 нэгжээр тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан хугацаанд буюу уг тээврийн хэрэгсэл хасуулсан шийдвэр хүчинтэй байх хугацаанд  2025 оны 01 дүгээр сарын 09-нөөс 10-ны шилжих шөнө 0.85 хувийн согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Тоёота приус маркийн 06-28 БНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан байна.

Иймд шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Монгол Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 гэсэн зүйл хэсгийг нэмсэн байна.

Уг зүйл хэсэгт “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол” эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байгаа тул шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар  зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг    Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан   зорчих эрхийг хязгаарлах ял оногдууллаа.

Шүүгдэгч *******т Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3.9.8 тоотоос Нэгдсэн эмнэлэг, төв эмийн сан, багийн төв, багийн өрхийн эмнэлэг, 3 дугаар багийн “Баянбайдраг” хүнсний дэлгүүр,  9 дүгээр багийн “Гүнж” хүнсний дэлгүүр, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Илч шим” компанийн байр зэргээр  зорчих үүргийг хүлээлгэж техникийн хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Шүүх шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг нэмж оногдуулсан бөгөөд уг эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялын хугацааг дахин тоолж эхэлнэ гэж ойлгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр / 02 / жилийн хугацаагаар хасаж, зургаан / 06 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******т Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3.9.8 тоотоос Нэгдсэн эмнэлэг, төв эмийн сан, багийн төв, багийн өрхийн эмнэлэг 3 дугаар багийн “Баян-Байдраг” хүнсний дэлгүүр, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн “Гүнж” хүнсний дэлгүүр, 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Илч шим” компанийн байр зэргээр зорчих үүргийг хүлээлгэж техникийн хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр / 02 / жилийн хугацаагаар хассан ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн  болохыг тус тус  дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ               Д.БАТЦЭНГЭЛ