Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/130

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Г,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Н,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Н,

Шүүгдэгч: Г.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Н-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ч д овогт Г-ийн Б-д холбогдох эрүүгийн 2535000000... дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .......................-нд Увс аймгийн .............. суманд төрсөн, ... настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, .............., ам бүл ...., ......... Увс аймгийн .............. сумын ......дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Ч д овогт Г-ийн Б- (регистрийн дугаар:................).

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Увс аймгийн .............. сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуугаар “Toyota ist” загварын ............ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Б- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Увс аймгийн .............. сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуугаар “Toyota ist” загварын ............ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь:

  1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал); 
  2. Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-9 дэх тал); 

3. Эрх бүхий албан тушаалтан тэмдэглэл 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Жолооч Г.Б-ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг драгер 6810 загварын багажаар үлээлгэж шалгахад хэмжилт-хяналтын төхөөрөмжийн заалт 0.60%. байв” гэх тэмдэглэл, согтуурал шалгах явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 10-12 дахь тал);

4. Г.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэх талаар Цагдаагийн ерөнхий газрын “Жолоочийн лавлагаа, мэдээлэл” гэх баримт (хавтаст хэргийн 15 дахь тал);

5. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2025/ЗШ/32 дугаартай шийтгэврийн хуулбар, (хавтаст хэргийн 17-18 дахь тал);

6. Гэрч С.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Toyota ist” загварын ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад Г.Б- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан тул Г.Б-ыг цагдаагийн хэсгийн байранд авч ирэн согтуурал хэмжигч драгер багажаар үлээлгэн шалгахад 0.60% согтолттой гэж гарсан” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 20 дахь тал);

7. Гэрч Б.Ү-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Г.Б- (Т) надад хийж өгсөн аягатай пиво өөрөө уучихсан юм. Г.Б- гол дээр пиво уугаад үлдсэн” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 22 дахь тал);

8. Гэрч У.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Г.Б- 2025 оны 4 дүгээр сарын 29-ний орой манай дэлгүүрээс 0.75 литрийн савлагаатай Экс нэртэй архи, 1.25 литрийн савлагаатай ундаа аваад гарсан ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал);

9. Гэрч Д.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Toyota ist” загварын ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад Г.Б- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан тул Г.Б-ыг цагдаагийн хэсгийн байранд авч ирэн согтуурал хэмжигч драгер багажаар үлээлгэн шалгахад 0.60% согтолттой гэж гарсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал);

9. Шүүгдэгч Г.Б-ын өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Хууль зүйн дүгнэлт:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “Энэ зүйлд заасан "согтуурсан" гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж,

-"Тээврийн хэрэгслийн жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно гэж,

-"Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн" гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно гэж тус тус заажээ.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Г.Б- нь урьд “2024 оны 9 дүгээр сарын 30-нд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ............ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх зөрчилд холбогдож, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ЗШ/832 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан нь тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн" гэж үзнэ.

Шүүгдэгч Г.Б- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 04 дүгээр сарын 29-нд Увс аймгийн .............. сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуугаар “Toyota ist” загварын ............ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг “Drager 6810” загварын “ADBM-0268” серийн дугаартай, стандартын шаардлага хангасан тандагч багаж ашиглан шалгахад Г.Б-ын амьсгал дахь спиртийн агууламж 0.60 промиль (0.60%) байсан нь хавтаст хэргийн 10-12 дахь талд авагдсан эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй илрүүлсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр нотлогдож байх тул шүүгдэгч Г.Б-ыг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Иймд шүүгдэгч Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

3. Шүүгдэгч Г.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

4. Шүүгдэгч Г.Б-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад хохирол учраагүй тул шүүгдэгч Г.Б- нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Г.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгч Г.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

3. Прокуророос шүүгдэгч Г.Б-ын хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчтэй ял тохиролцон, хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

4. Түүнчлэн шүүгдэгч Г.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч нь зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал нь шүүгдэгч Г.Б-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан урьдач нөхцөлүүдийг хангаж байна. 

5. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, 2,800 (хоёр мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 (хоёр сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгч Г.Б- болон түүний өмгөөлөгчид танилцуулсныг тэд хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

6. Иймд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ын 1 тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, 2,800 (хоёр мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 (хоёр сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах боломжтой гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

7. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолно

8. Шүүгдэгч Г.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч д овогт Г-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 2.800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч Г.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                                         

 

 

                                ДАРГАЛАГЧ,

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.ГАНСҮХ