Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/269

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/0097/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхтулга,

Шүүгдэгч ****** нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ****** ургийн овогт ******гийн ******ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2503001560288 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ****** ургийн овогт ******гийн ****** (РД: ******), ****** оны ******сарын ******өдөр ******хотод төрсөн, ****** настай, ******, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ганцаараа ****** аймгийн ****** сумын ****** тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ****** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч ****** нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                        

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ****** мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Би хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ****** нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.

 

Шүүгдэгч ****** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч ******ын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч ****** нь 2025 оны 02 дугаар сарын 01-ний шөнө 01 цагийн үед ****** чиглэлийн суудлын ****** галт тэрэг Дархан өртөөнд зогсож байхад 14 дүгээр вагонд нэвтэрч 22 дугаар суудлын ширээн дээр байсан ******ын эзэмшлийн Самсунг А-55 маркийн гар утас, иргэний үнэмлэх, утасны гэр зэргийг хүч хэрэглэхүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,365,000 төгрөгийн хохирол,

Мөн 15 дугаар вагонд нэвтэрч 55 дугаар суудлын ширээн дээр байсан ******ийн эзэмшлийн айфон 12 про маркийн гар утсыг хүч хэрэглэхүйгээр, нууцаар, хууль бусаар авч 850,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:

 

Хохирогч ******ын: “...Би 2025 оны 02 дугаар сарын 01-ний шөнө ****** чиглэлийн суудлын ****** галт тэрэгний 14 дүгээр галт тэрэг вагоны ******энд үйлчлүүлж явж байгаад Дархан өртөөнд шөнө зогсох үед би бууж тамхи татахаар гарсан. Галт тэрэгнээс буухдаа ширээн дээр өөрийн эзэмшлийн Сансумнг А55 маркийн гар утсаа тавиад мартаж гарсан байсан. Би тамхиа татаж дуусгаад дэлгүүр орж ундаа авах үедээ гүйлгээ хийх гэж байхдаа гар утсаа орхиж гарснаа мэдсэн.Тэгээд надтай хамт 3 хүн тухайн местэд үлдсэн байсан тул тайвширч гайгүй байх гэж бодоод эргээд вагондоо ороход миний гар утас байгаагүй. ... Миний гар утасны дэлгэц нь зураг кодтой байсан ба 1 гэсэн хэлбэрээр код хийчихсэн байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

 

Гэрч ******ийн: “...Би ****** ххк-ний Дархан захын гар утасны лангууны 56 дугаар лангуунд гар утасны засварчнаар 15 дахь жилдээ ажиллаж байна. Би 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр буюу өчигдөр Дархан зах дээр ажлын байран дээрээ сууж байхад өглөө 10 цаг өнгөрч байхад гаднаас үл таних 40 орчим насны архи үнэртүүлсэн 2 ****** хүн ирээд надаас буудлын барьцаанд байгаа гар утас авах уу гэж асуусан, тэгэхээр нь би ямар утас юм бэ гэж асуухад Самсунг гэж хэлсэн. Би авахгүй гээд явуулсан, удалгүй 12 цаг өнгөрч байхад над дээр дахиад нөгөө 2 согтуу залуу бас нэг өөр 70 гаруй насны ****** хүнтэй цуг орж ирсэн. Нөгөө утсаа энэ ахаар буудлаас авхуулчихлаа та энэ утсыг хэдэд авах уу гэж хэлээд надад үзүүлсэн. Би тус утсыг үзэхэд Самсунг А-55 5жи маркийн утас байсан, гадуураа цэнхэр өнгийн гэртэй утас байсан. Би кодыг нь асуухад нөгөө согтуу залуу өөрөө кодыг нь тайлж өгсөн. Би тэр согтуу залуугаас хулгайн утас юм уу гэж асуухад өөдөөс уурлаад наадах чинь миний утас би хулгайч байна уу цагдаагаа дууд гээд орилоод итгэл төрүүлсэн. Би дахиж кодыг нь лавлаж асуухад тайлж өгөөд надад кодыг нь зааж өгсөн. Би хэдэд зарахыг нь асуухад 300.000 төгрөгөөр зарна гэсэн тул 300.000 төгрөгөөр нь худалдаж авсан. Би зах дотор байдаг Голомт банкны АТМ-ээс мөнгийг нь авч өгсөн. Би тэр 300.000 төгрөгийг дагуулж ирсэн настай хүнд нь өгөөд явуулсан. Тэр утасны кодыг хийгээд нээж ороход дотор нь юу ч байхгүй бүгдийг нь устгасан байсан. Сим карт байхгүй байсан. Би орой нь сэжиг төрөөд тус утсыг цагдаагийн газар аваачиж бүртгүүлье гэж бодож байхад цагдаагийн байгууллагаас над руу яриад дуудсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

 

Гэрч ******ын: “...Би 2025 оны 02 дугаар сарын 02-ны өглөө 10 цаг 20 минутын орчим шинэ хороололд байрлах гэрээсээ гараад зах орж архи уухаар явсан юм. Зах дээр очоод гэрээсээ авч гарсан 2 кг гарам буузаа таньдаг ах ****** гэж хүнд өгсөн. Оронд нь надад 1 шил архи авч өгсөн. Тэр архийг уучхаад Дархан захын гадаа хаалган дээр зогсож байхад хэд хоногийн өмнө архи ууж байгаад танилцсан ****** аймгийн ****** суманд амьдардаг гэх ******н гэж залуу намайг дуудсан. Над дээр ******н 5500 төгрөг гартаа барьсан ирээд ахаа нэмчих мөнгө байна уу гэж асуусан. Би байсан 1000 төгрөгөө өгөөд шинэ орчин захын павилонаас 300 граммтай архи аваал хамт уусан. ****** архи ууж байхдаа ахаа ярих юм байна, надад буудлын барьцаанд байгаа утас байна, тэрийг чөлөөлж аваад 2-уулаа заръя гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу утас вэ гэж асуусан чинь өчигдөр манай дүү ирж уулзаад мөнгө алга энэ утсыг надад өгсөн гэж хэлсэн. ****** бид 2 утас тавьсан гэх Шүтээн буудал руу очиж уулзахад 157.000 төгрөгийн барьцаанд нэг утас ****** тавьсан байсан. Утсан дээр нь буудлын тооцоо болон өрөөний дугаар нь бичээтэй байсан. ****** тэр утсыг үзээдэхье гэж буудлын эгчээс аваад зугтсан. ****** хол зугтаж чадаагүй баригдсан юм. Шүтээн буудлаас бид 2 гараад 18-ын автобусны буудал орсон. ****** 18-ын буудал дээр 1 таксины жолооч ахтай уулзаад юм ярьж байгаад болчихлоо ****** ахаа суучих гээд буцаад Шүтээн буудал дээр очоод таксины жолооч ах, ****** 2 Шүтээн нэртэй буудал руу ороод нөгөө тавьсан утсыг нь аваад гараад ирсэн. Тэгээд бид 3 зах руу очиж гар утасны лангуу ороод 1 ченжид тухайн утсыг зарсан. Би хэдэн төгрөгөөр зарсныг нь мэдэхгүй байна. Зайтай хол байсан болохоор ****** тэр таксины жолооч ах 2 зарсан. Таксины жолоочид хэдэн төгрөг өгснийг нь мэдэхгүй байна. Таксины жолоочийг явуулаад 2 шил Хараа нэртэй архи арбатын дэлгүүрээс худалдаж авч уусан ****** архи ууж байгаад алга болсон өөр юу болсныг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-****** дахь тал/,

 

Гэрч ******ын: “...Би хувиар томилгооны дагуу 2025 оны 01 дүгээр сарын 31-ний орой 18 цаг 40 минутаас Улаанбаатар төмөр замын авто вокзалаас суудлын ****** галт тэргэнд үүрэг гүйцэтгэж ажилласан. Надтай цуг цагдаа, ахлах ахлагч ****** хамт үүрэг гүйцэтгэж ажилласан ба суудлын ****** галт тэрэг шөнийн 01 цагийн үед Дархан өртөөнд очсон. Дархан өртөөнд би цагдаагийнхаа хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажиллаж байхад 01 цаг 30 минутад суудлын ****** галт тэргэнд зорчин явсан хүний гар утас хулгайд алдагдсан Дуудлагыг хүлээн авч шалгахад 2 тусдаа вагоноос айфон-12 болон Самсунг А-55 гэх гар утас хулгайд алдсан гэсэн тул тухайн зорчигчтой ойролцоо байсан хүмүүсээс тодруулж, галт тэргэнд үзлэг хийсэн боловч олдоогүй тул жижүүрт мэдэгдсэн. Галт тэргэнд хяналтын камер байхгүй, Дархан өртөөний хяналтын камерыг шүүх гэсэн боловч Дархан өртөөний цагдаа өртөөнөөс зөвшөөрөл авч шүүх боломжтой гэсэн тул хяналтын камерыг шүүж чадаагүй. Суудлын ****** галт тэрэг Дархан өртөөнд шөнийн 00 цаг 50 минутад очиж зогсолт хийгээд 02 цаг 20 минутад хөдөлдөг юм...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 38-39 дэх тал/,

 

Капитал зууч ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 62-63 дахь тал/,

 

Насанд хүрээгүй хохирогч ******ийн: “...Би 2025 оны 01 дүгээр сарын 31-ний орой ****** аймгийн Мандал сум буюу ****** өртөөнөөс ****** орохоор суудлын ****** галт тэрэгний 55 дугаар суудалд суугаад шөнийн 00 цаг өнгөрөөд өөрийн гар утсыг ширээн дээр тавиад хэвтсэн юм. Уг нь би унтчих нь гэж бодоогүй юм. Гэтэл нам унтсан байсан. Тэгээд 01 цаг 20 минутын үед сэрэхэд Дархан өртөөнд ирчихсэн байсан. Сэрээд өөрийн гар утсаа хайж үзэхэд алга болчихсон байхаар нь хамт явсан доод ангийн хүүхдэд миний ширээн тавиад үлдээсэн гар утас байхгүй болчихсон байна миний дугаар руу залгаад өгөөч гэж хэлээд түүний дугаараас өөрийн дугаар луу залгуулахад холбогдох боломжгүй байна гэсэн. Уг нь миний гар утас 70 хувийн цэнэгтэй байсан юм. Хулгайлсан хүн нь унтраачихсан байх. Тэгж л өөрийн гар утсыг алга болсныг мэдсэн...” гэх /хавтаст хэргийн 128-129, 132 дахь тал/,

 

******ын: “...Би 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 11 цаг өнгөрч байхад Дархан-Уул аймгийн Дархан сум ******ийн нутаг дэвсгэрт байрлах хаан банкны гадаа 2 найзтайгаа уулзаад зогсож байхад үл таних 40 орчим насны залуу утас авах уу, гээд бид гурав дээр ирсэн юм. Би ямар утас юм бэ гэхэд айфон-12 про маркийн цагаан өнгийн утас үзүүлсэн. Тэр хүн надад гар утасны ченжүүд 200.000 төгрөгөөр авъя гээд байгаа юм, харин надад данс байхгүй дансаар шилжүүлнэ гээд байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би авахгүй үнэтэй байна гэж хэлээд явах гэхэд тэр залуу 150.000 төгрөгөөр авчхаач энэ утас манай дүүгийн утас байгаа юм, мөнгөний хэрэг гараад байна гээд надаас гуйгаад байхаар нь би авчихсан юм. Би тэр утас зарсан залууг дагуулаад хаан банкны АТМ байдаг газар луу орж бэлэн 150.000 төгрөг авч өгөөд утсыг нь авсан. Тэр утас надад байгаа. доторхыг нь үзэхэд ямар нэгэн кодгүй ID код байхгүй жаахан эмэгтэй хүүхдийн зургууд байсан, тэр чигээрээ байгаа, би юу ч оролдоогүй..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 140-141 дахь тал/,

 

Капитал зууч ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 145-146 дахь тал/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 99-101 дэх тал/ зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах эрх олж авах хэлбэрээр үйлдэгддэг.

Гэмт хэрэг үйлдэж буй этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцдог ба шүүгдэгч ******ын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, эд хөрөнгөд учирсан хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч ******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Шүүгдэгч ****** нь учруулсан хохирлоо төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй байна.

 Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******т 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэв.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч ****** нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч ******ын учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ял шалгасан хуудсаар шүүгдэгч нь урьд 1 удаагийн ял шийтгүүлж байсан хувийн байдалтай боловч эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүхээс шүүгдэгч ******т ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, энэ хэрэгт цагдан хоригдсон 11 хоногийг эдлэх ялаас хасаж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч ****** нь 11 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ****** ургийн овогт ******гийн ******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******ыг 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******т шүүхээс оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******ын энэ хэрэгт цагдан хоригдсон 11 хоногийг эдлэх ялаас хасаж тооцсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ****** нь энэ хэрэгт 11 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй тус тус болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.  

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР