Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/137

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Г, Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ц, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Д, шүүгдэгч Б.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Цэ-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Б овогт Б-ын Ц-д холбогдох эрүүгийн 23350020901.. дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ..................-нд Увс аймгийн ...... суманд төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, монгол хэл, ....... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ............. хамт амьдардаг, Увс аймгийн ............ сумын ... дугаар баг ........... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Б овогт Б-ын Ц-, (регистрийн дугаар: .................).

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ц- нь 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр цахим орчинд мэдээллийн технологи ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог "ПокерАРР" нэртэй аппликейшнд "Аз ёндоо" нэртэй кпуб /өрөө/ үүсгэн иргэдээс өөрийн Хаан банкны .........., Ж.Б-ийн хаан банкны ........., Н.Н-ийн хаан банкны .........., Б.Б-гийн хаан банкны .......... тоот данснуудыг ашиглан ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоом зохион байгуулж, 5,274,571 (таван сая хоёр зуун далан дөрвөн мянга таван зуун далан нэг) төгрөгийн ашиг олсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Ц- нь 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр цахим орчинд мэдээллийн технологи ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог "ПокерАРР" нэртэй аппликейшнд "Аз ёндоо" нэртэй кпуб /өрөө/ үүсгэн иргэдээс өөрийн Хаан банкны 5800788958, Ж.Б-ийн хаан банкны .............. Н.Н-ийн хаан банкны .............. Б.Б-ийн хаан банкны .............. тоот данснуудыг ашиглан ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоом зохион байгуулж, 5,274,571 (таван сая хоёр зуун далан дөрвөн мянга таван зуун далан нэг) төгрөгийн ашиг олсон болох нь:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 14 дэх тал); 

2. Хаан банкны ................. /Б.Ц-/, ............ /Ж.Б-/, 5815038954 /Н.Н-/, ............../Б.Б/ дансны орлого, зарлагын дэлгэрэнгүй хуулга, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, (1 дэх хавтаст хэргийн 21-24, 26-35, 61-76 дахь тал); 

3. Мөрийтэй тоглосон гэх Б.Х- /................/, Б.Б /................./, Х.О- /............../, О.А- /................./ нарын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрүүдийн хоорондох дансны дэлгэрэнгүй хуулга, (1 дэх хавтаст хэргийн 78-239 дэх тал); 

4. Б.Ц-ийг гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдээр эрэн сурвалжилсан талаарх баримт, (1 дэх хавтаст хэргийн 25 дахь тал); 

5. Гэрч Б.Х-оос гаргаж өгсөн Хаан банкны .......... тоот дансны дэлгэрэнгүй хуулга, (1 дэх хавтаст хэргийн 243-248 дахь тал); 

6. Мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хаан банкны ........, .........., ........., ........... тоот дансанд үзлэг хийж, Б.Ц-ийн мөрийтэй тоглоом зохион байгуулж олсон ашиг, орлогын тооцоо хийсэн тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 01-25 дахь тал); 

7. Гэрч Ж.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Би тухайн ............. дансыг эзэмшдэг. Гэхдээ тухайн дансыг би өөрөө нээгээгүй. Энэ оны 10 дугаар сарын эхээр манай эхнэрийн дүүгийн охин болох Б.Ц- гэгч нь манайд ирээд ахаа надад дансаа хэсэг хугацаанд ашиглуулах боломж байна уу миний хаан банкны ашиглаж болохгүй байна. Тийм учраас хэсэг хугацаанд ашиглаад өгий гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн гар утсаа Б.Ц-д өгөөд хаан банкныхаа нэвтрэх нэр нууц үгийг өгсөн. Тэгтэл Б.Ц- нь гар утсаар дамжуулан .............дугаартай данс нээсэн. Тухайн дансаа ашиглаж мөрийтэй тоглоом зохион явуулсан талаар Б.Ц- надад хэлсэн...” гэх мэдүүлэг  (1 дэх хавтаст хэргийн 36-40 дэх тал);

8. Гэрч Б.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Ц- эгч энэ оны 10 дугаар сарын эхээр над руу утсаар холбогдоод чи өөрийнхөө ашигладаг дансаа өгөөч эгч нь хэдэн төгрөг шилжүүлнэ тухайн мөнгийг хадгалж байгаарай гэж хэлсэн. Тэгтэл энэ оны 10 дугаар сарын 10-ны өдөр миний хаан банкны ..............дугаарын дансанд 5.000.000 төгрөгийн орлогын гүйлгээ орж ирсэн. Тухайн мөнгийг ороод ирэхээр нь би Б.Ц- эгчийн мөнгө юм байна гэж бодоод хадгалж байгаад 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Б.Ц- эгч манай гэрт ирээд миний чамд хадгалуулсан мөнгө одоо хэрэгтэй байна гэж хэлээд надаас тухайн мөнгийг дансаар шилжүүлэн авсан....” “.... Б.Ц- нь манай эхнэр Б.А-д мөрийтэй тоглоом зохион байгуулж байгаад цагдаад баригдсан хэлсэн. Тэр үед би Б.Ц-ийг мөрийтэй тоглоом зохион явуулдаг гэдгийг мэдсэн. Тэгээд би Б.Ц-ээс та хэр их хэмжээний ашиг олсон та гэж асуухад би ашиг олоогүй алдагдалд орсон гэж надад хариулсан” гэх мэдүүлэг  (1 дэх хавтаст хэргийн 249-250 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 26-29 дэх тал);

9. Гэрч Б.Х-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2022 оны 4 сард өөрийн Relmi-7 нэртэй гар утсан дээрээ Pokerrr, VPN нэртэй апликейшн татаж байсан. Тухайн аппликейшнаа ашиглан Б Х- нэрээрээ цахим мөрийтэй тоглоомыг 2022 оны 04 дүгээр сараас 2023 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд хааяа нэг тоглодог байсан. Одоо тоглохоо больсон...” “Тухайн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн миний хаан банкны данс руу .......... тоот данснаас 1,029,000 төгрөг орсон. Учир нь би 100,000 төгрөгөөр читоноо цэнэглэж тоглолтонд оролцож хожсон мөнгө байгаа юмаа. Харин 4 удаагийн гүйлгээгээр 400,000 төгрөг шилжүүлсэн. Учир нь би тоглолтод оролцох зорилгоор тухайн ширээний улны мөнгө гэж шилжүүлсэн байгаа. 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр орсон орлого болох 705,000 төгрөг нь хожиж надад хожлын мөнгө гэж шилжиж орсон гүйлгээ байгаа” гэх мэдүүлэг, (2 дахь хавтаст хэргийн 40-42 дахь тал);

10. Гэрч Х.О-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би гар утасны покеррр гэх апплейкшн ашиглаж Аз Ёндоо гэх группт 2, 3 өдөр л тоглож байсан. Өөрөөр нэг их тоглосон зүйл байхгүй. Би тухайн ................ тоот дансны эзэмшигчийг сайн танихгүй гэхдээ би тухайн покеррр гэх аппликейшн ашиглан мөрийтэй покер тоглоом тоглохдоо Аз ёндоо гэх групп-д орж тоглосон бөгөөд тухайн покерын группын админы данс руу уг мөнгийг шилжүүлсэн юм. Би тухайн Аз ёндоо гэх нэртэй покеррр гэх аппликейшны группд нэг их удаан тоглоогүй бөгөөд миний санаж байгаагаар 2, 3 хоног л тоглосон. Гэхдээ би нэг их ашиг олсон зүйл байхгүй заримыг нь алдаад алдсанаа эргүүлж олоод таарсан юм" гэх мэдүүлэг, 2 дахь хавтаст хэргийн 49-50 дахь тал);

11. Шүүгдэгч Б.Ц-ийн өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 68-69 дэх тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Хууль зүйн дүгнэлт:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Мөрийтэй тоглоом” гэдэгт хоёр буюу түүнээс дээш тооны этгээдийн хооронд буюу эсхүл тоглоомын газрын зохион байгуулагчаас тогтоосон журмын дагуу хонжворын хэлэлцээр бөгөөд мөрийтэй тоглоомын үр дүн нь мөнгөн буюу бусдын эд хөрөнгийн үнэлгээгээр тодорхойлогдох ба ашиг хонжоо олох зорилготой үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог бүхий л тоглоом хамаарна.

Өөрөөр хэлбэл: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн үндсэн шинжийг олон нийтийн газар, эсхүл мэдээлэл технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэл байхаар хуульчилсан байна.

 Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3. “мэдээллийн технологи” гэж компьютер, харилцаа холбооны сүлжээ ашиглан тоон өгөгдлийг үүсгэх, боловсруулах, хадгалах, дамжуулах, солилцох, үйлчилгээ үзүүлэх, бусад тоног төхөөрөмжтэй холбогдох үйл ажиллагааг” хэлнэ гэж тодорхойлсон.

Мэдээллийн технологид бусад мэдээлэл түгээх технологиуд болох интернет, утас зэргийг хамруулдаг бөгөөд шүүгдэгч Б.Ц- нь гар утас ашиглан цахим орчинд “ПокерАРР" нэртэй аппликейшн ашиглаж, "Аз ёндоо" нэртэй кпуб /өрөө/ үүсгэн байгуулсан нь мэдээллийн технологи ашигласанд хамаарна.

Шүүгдэгч нь мэдээллийн технологийн нэг төрөл болох интернет сүлжээтэй гар утас ашиглан покер тоглох цахим орчин үүсгэн бусдыг татан оруулж тэдгээр хүмүүсээр бооцоо тавиулж, өөртөө эдийн ашиг олох зорилгоор оролцон тоглож байгаа хүмүүс хэн хэдэн төгрөг хожих нь тодорхойгүй, баталгаагүй аз туршсан мөрийтэй тоглоом зохион байгуулсан байна.

Тодруулбал: Шүүгдэгч Б.Ц- нь ашиг олох зорилгоор гар "ПокерАРР" нэртэй аппликейшнд "Аз ёндоо" нэртэй кпуб өрөө үүсгэн цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж, тоглоомд оролцох хүсэлттэй тоглогч нарыг мөрий авч тоглоомд оролцуулан, хожсон тоглогчид мөнгө шилжүүлж, зохион байгуулсан үйлдлийг мэдээллийн технологи буюу нийгмийн цахим сүлжээ ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор  мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Ц- нь 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд үргэлжилүүлэн үйлдсэн байх тул үлгэржилсэн  үйлдлээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

2. Шүүгдэгч Б.Ц- болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн асуудлаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн өөртөө ашиг олох зорилгоор бусдын эрх зүйн мэдлэг дутмаг байдлыг ашиглан мэдээллийн технологи буюу гар утас ашиглан мөрийтэй тоглоомыг тоглуулсан нь энэ гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болсон гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухай

Шүүгдэгч Б.Ц- нь 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр цахим орчинд мэдээллийн технологи ашиглан "ПокерАРР" нэртэй аппликейшнд "Аз ёндоо" нэртэй кпуб өрөө үүсгэн, мөрийтэй тоглоом зохион байгуулж оролцогч нараас өөрийн Хаан банкны .........., иргэн Ж.Б-ийн хаан банкны .........., иргэн Н.Н-ийн хаан банкны .........., иргэн Б.Б-ийн хаан банкны .............. тоот данснуудыг ашиглан мөнгө шилжүүлэн авч, дансаар орж ирсэн мөнгөнөөс хожсон оролцогч тус бүр лүү шилжүүлж, өөртөө нийт 5,274,571 (таван сая хоёр зуун далан дөрвөн мянга таван зуун далан нэг) төгрөгийн ашиг олсон болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Дээрх орлого нь мөрийтэй тоглосон хүмүүсийн хөрөнгө боловч мөрийтэй тоглох нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил юм. Өөрөөр хэлбэл мөрийтэй тоглосон этгээдүүд нь хууль бус үйлдэл хийж эд хөрөнгийн хохирол хүлээсэн тул буцаан олгох үндэслэлгүй юм.

Иймд шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Б.Ц- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор  мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Ц- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дахь хавтаст хэргийн 74 дэх тал)-аар тогтоогдсон.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж үзэв.

3. Шүүгдэгч Б.Ц- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

4. Прокуророос шүүгдэгч Б.Ц-ийн хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчтэй ял тохиролцон, хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

5. Түүнчлэн шүүгдэгч Б.Ц- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч нь зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал нь шүүгдэгч Б.Ц-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан урьдач нөхцөлүүдийг хангаж байна.  

6. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасныг журамлан шүүгдэгч Б.Ц-ээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 5,274,571 (таван сая хоёр зуун далан дөрвөн мянга таван зуун далан нэг) төгрөгийг улсын орлогод шилжүүлэх саналыг тус тус гаргаж, шүүгдэгч Б.Ц- түүний өмгөөлөгч Д.Д нарт танилцуулсныг тэд хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзлээ.

7. Иймд шүүгдэгч Б.Ц-ийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэв.

 8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Ц-ийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 5,274,571 (таван сая хоёр зуун далан дөрвөн мянга таван зуун далан нэг) төгрөгийг түүнд ногдох хөрөнгөнөөс хурааж улсын төсөвт шилжүүлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Ц- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,  түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ын Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор  мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Б.Ц- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Б.Ц-ээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 5,274,571 (таван сая хоёр зуун далан дөрвөн мянга таван зуун далан нэг) төгрөгийг түүнд ногдох хөрөнгөнөөс хурааж улсын төсөвт шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  Б.Ц-д авсан баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл  хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                               

 

 

                               ДАРГАЛАГЧ,

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.ГАНСҮХ