| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 318/2025/0127/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/138 |
| Огноо | 2025-06-04 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/138
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Г, Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Н, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ц, шүүгдэгч Ж.П- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Т овогт Ж-ийн П-д холбогдох эрүүгийн 25350000001.. дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ........................-нд Увс аймгийн ......... суманд төрсөн, ...настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, мал аж ахуй эрхэлдэг, ам бүл ................. хамт амьдардаг, Увс аймгийн ......... сумын ............ багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т овогт Ж-ийн П-, (регистрийн дугаар: ...................);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.П- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар /2.71% согтолттой/ 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн ......... сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Мустанг-5” загварын улсын дугааргүй тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.П- нь Увс аймгийн ......... сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “Мустанг-5” загварын улсын дугааргүй мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь:
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал);
2. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, (хавтаст хэргийн 4-6 дахь тал);
3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 13-ны өдрийн 2024/ЗШ/297дугаартай шийтгэврийн хуулбар, (хавтаст хэргийн 44-46 дахь тал);
4. Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй илрүүлсэн тухай 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Жолооч Ж.П-ийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг драгер 6810 загварын багажаар үлээлгэж шалгахад хэмжилт-хяналтын төхөөрөмжийн заалт 2.71%. байв” гэх тэмдэглэл, согтуурал шалгах явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, илтгэх хуудас (хавтаст хэргийн 8-10, 60-61 дэх тал);
5. Гэрч О.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2025 оны05 дугаар сарын 13-ны өдрийн 16 цагийн үед гэртээ ирэхэд манай нөхөр Д-, найз болох Ч.Э-, Ж.П- гэх хүмүүс манайд байсан ба 0,5 литрийн Ерөөл нэртэй архи 2 шилийг ууж дууссан байсан. Дахиад архи аваад ирье гэж Ч.Э- хэлэхэд би уурлаж 2 шил архи уучхаад дахиад архи ууя гэж юу яриад байгаа юм та хоёр одоо манай гэрээс яв гэж хэлэхэд Ч.Э-, Ж.П- гэх хүмүүс манайхаас гарч мотоциклоо унаад явсан...”гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал);
6. Гэрч Ч.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...найз Д- авдраасаа 0,5 литрийн Хараа нэртэй архи 1 шилийг гаргаж задалж өгсөн ба Ж.П-, Д- бид гурав ууж дууссан. Тэгээд Ж.П- Д-ын гэрээс гараад явсан ба 0,5 литрийн Хараа нэртэй 1 шил архи аваад ороод ирсэн. Тухайн архийг Д-, Ж.П- бид мөн адил хувааж ууж байхад О.Б- гэрт орж ирсэн. .... Бид хоёр тэдний гэрээс гарч, Ж.П- миний мотоциклыг унаж бид хоёр сумын төвд байх нэг дэлгүүр дээр ирсэн. Би дэлгүүр лүү орж архи зээлэх гээд байж байхад сумын цагдаа нар араас дэлгүүр лүү орж ирсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх шалтгаанаар Ж.П- бид хоёрыг цагдаагийн хэсэг дээр авч ирсэн. Согтуурал шалгах багажаар үлээлгэхэд Ж.П- 2,71% согтолттой гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал);
7. Гэрч Д.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Би 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ......... сумын төвд гудамж болон замын хөдөлгөөнд хяналт тавьж ажиллаж байтал улсын дугааргүй, мотоциклтой хоёр хүн ......... сумын төвд үйл ажиллагаа явуулдаг .........” дэлгүүрийн урд зогссон. Би тухайн тээврийн хэрэгсэл шалгахаар очиход “Мустанг-5” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ж.П- гэх хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Мөн бэлэн бусын төхөөрөмжөөр шалгахад жолоодох эрх хасагдсан төлөвт гарч ирсэн. Мөн тухайн хүнийг цагдаагийн хэсэг дээр авч ирж согтуурал хэмжих драгер багаж үлээлгэхэд 2,71% согтолттой гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал);
8. Гэрч М.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өөрийн дэлгүүртээ зогсож байхад 20 цагийн үед манай сумын 2 дугаар багийн В гэх хоч нэртэй хүн, Ж.П- гэх хүмүүс дэлгүүрийн гадна мотоциклтой ирсэн...Дэлгүүрээс архи авах гэж байтал сумын цагдаа нар орж ирсэн. Ж.П-, В /Ч.Э-/ гэх хүмүүсийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх шалтгаанаар цагдаагийн хэсэг рүү авч явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал);
9. Шүүгдэгч Ж.П-ийн өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хууль зүйн дүгнэлт:
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “Энэ зүйлд заасан "согтуурсан" гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж,
-"Тээврийн хэрэгслийн жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно гэж,
-"Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн" гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно гэж тус тус заажээ.
Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Ж.П- нь урьд “2024 оны 4 дүгээр сарын 19-нд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Мустанг-5” загварын улсын дугааргүй тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх зөрчилд холбогдож, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 сарын 13-ны өдрийн 2024/ЗШ/297 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан нь тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн" гэж үзнэ.
Шүүгдэгч Ж.П-ийн 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн ......... сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Мустанг-5” загварын улсын дугааргүй тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг “Drager 6810” загварын “ARDH-0492” серийн дугаартай, стандартын шаардлага хангасан тандагч багаж ашиглан шалгахад Ж.П-ийн амьсгал дахь спиртийн агууламж 2.71 промиль (%0) байсан нь хавтаст хэргийн 8,10, 60-61 дэх талд авагдсан эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй илрүүлсэн тухай тэмдэглэл, илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлтээр нотлогдож байх тул шүүгдэгч Ж.П-ийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзэх үндэслэлтэй байна.
2. Иймд шүүгдэгч Ж.П-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
3. Шүүгдэгч Ж.П- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
4. Шүүгдэгч Ж.П-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад хохирол учраагүй тул шүүгдэгч Ж.П- нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Ж.П- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Шүүгдэгч Ж.П- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.
3. Прокуророос шүүгдэгч Ж.П-ийн хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчтэй ял тохиролцон, хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.
4. Түүнчлэн шүүгдэгч Ж.П- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч нь зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал нь шүүгдэгч Ж.П-од холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан урьдач нөхцөлүүдийг хангаж байна.
5. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.П-од тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 3,000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгч Ж.П- болон түүний өмгөөлөгчид танилцуулсныг тэд хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
6. Иймд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.П-од тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 3,000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шүүгдэгчид ял оногдуулсан үеэс эхлэн тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
7. Шүүгдэгч Ж.П- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ж.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Ж-ийн П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.П-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 3,000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.П-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 (хоёр) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай
5. Шүүгдэгч Ж.П- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хор уршиггүй, гаргавал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Ж.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ