| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2004001050134 |
| Дугаар | 2021/ДШМ/509 |
| Огноо | 2021-05-25 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 21.11.1., |
| Улсын яллагч | О.Нүрмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 2021/ДШМ/509
2021 05 25 2021/ДШМ/509
Н.Х-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор О.Нүрмаа,
өсвөр насны шүүгдэгч Н.Х-ын өмгөөлөгч Л.Ганцэцэг,
нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 2021/ШЦТ/16 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч өсвөр насны шүүгдэгч Н.Х-ын өмгөөлөгч Б.Минжүүрдоржийн гаргасан давж заалдах гомдлоор Н.Х-д холбогдох эрүүгийн 2004001050134 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Х-,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 856 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд оногдуулсан 3 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 1 жил 15 хоногийн хорих ялаар шийтгүүлж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 856 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 6 сар 15 хоногийн хугацаагаар тогтоосон;
Өсвөр насны шүүгдэгч Н.Х- нь Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жил 6 сар 15 хоногийн хорих ялаар шийтгүүлж, тус дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн цагдан хорих байранд хоригдож байхдаа мухар олгойн мэс ажилбарт орж 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 17 цагийн үед тус дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн төвд цагдан хорих байрны харуул хамгаалалтын ажилтан Д.Н-гийн хяналтад хэвтэн эмчлүүлж байхдаа оргон зайлсан,
оргож явахдаа буюу 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр 18 цагийн орчимд Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүний 2 дугаар гудамжны 6 тоот хашаанд байрлах Б.О-ийн монгол гэрийн хаалгыг эвдэн хууль бусаар нэвтэрч, хос гутал, куртка, цүнх, футболк зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 115.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Багануур дүүргийн прокурорын газраас: Н.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах, оргон зайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ял, 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Х-д оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялын хэмжээг хоёр дахин багасгаж, 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хорих ял дээр Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар 15 /арван тав/ хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сар 13 /арван гурав/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 3 /гурав/ жил 5 /тав/ сар 13 /арван гурав/ хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж, өсвөр насны шүүгдэгч Н.Х- нь өмнөх шийтгэх тогтоолоор сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хоригдож байгааг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Н.Х-аас 365.000 /гурван зуун жаран таван мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.О-эд олгож, өсвөр насны шүүгдэгч Н.Х-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Өсвөр насны шүүгдэгч Н.Х-ын өмгөөлөгч Б.Минжүүрдорж давж заалдах гомдолдоо: “...миний үйлчлүүлэгч Н.Х- Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон бөгөөд тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг дахин үйлдэж Багануур дүүргийн прокурорын газраас яллагдагчаар татагдан тус дүүргийн шүүхээс хэргийг хянан шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж хуульчилсан бөгөөд миний үйлчлүүлэгчийн хувьд шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдээгүй, уг гэмт хэрэг шүүхийн тогтоол гарсны дараа тогтоогоогүй, Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэрэг нь шийдвэрлэгдсэний дараа Багануур дүүргийн эмнэлэгт шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналтад байхдаа оргон зайлах үедээ бусдын орон байранд нэвтэрч, өөрт таарах хувцас хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн. Тухайн үед Н.Х- анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоо гардаж аваагүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байсан. Шүүхээс миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасныг хэрэглэсэн нь эрх зүйн байдлыг дордуулж байна гэж үзэх үндэслэлтэй. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 2021/ШЦТ/16 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэжээ.
Өсвөр насны шүүгдэгч Н.Х-ын өмгөөлөгч Л.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгч Б.Минжүүрдоржийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.
Прокурор О.Нүрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатын шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолыг хяналтын шатны шүүх хэлэлцэж анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, өсвөр насны шүүгдэгч Н.Х- нь Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жил 6 сар 15 хоногийн хорих ялаар шийтгүүлж, тус дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн цагдан хорих байранд хоригдож байхдаа мухар олгойн мэс ажилбарт орж 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 17 цагийн үед тус дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн төвд цагдан хорих байрны харуул хамгаалалтын ажилтан Д.Н-гийн хяналтад хэвтэн эмчлүүлж байхдаа оргон зайлсан,
оргож явахдаа буюу 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр 18 цагийн орчимд Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүний 2 дугаар гудамжны 6 тоот хашаанд байрлах Б.О-ийн монгол гэрийн хаалгыг эвдэн хууль бусаар нэвтэрч, хос гутал, куртик, цүнх, футболк зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 115.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:
хохирогч Б.О-ийн “...би ажилдаа яваад орой 00:00 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд гэрийн хаалга эвдэрсэн, онгорхой, доторх эд зүйлс эмх замбараагүй байдалтай байсан. Эд зүйлсээ бүртгэж үзэхэд гутал 1 хос, цүнх 1 ширхэг, нимгэн куртик 1 ширхэг, футболка 1 ширхэг зэрэг эд зүйл алдагдсан байсан. ...Хохирол болох 365.000 төгрөгийг төлүүлж авмаар байна. ...” /1хх 117-118, 188-189/,
гэрч Д.Н-гийн “...2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 12 цагийн орчим хоригдогч Н.Х- олгой ургаж эмнэлэг рүү явсан болохоор намайг очоод хянаж байх талаар үүрэг өгсөн. ...2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 16 цаг 55 минут хүртэл хянаж байсан. Олгойны хагалгаанд орсон хүн их алхаж байх ёстой тул Х- палатнаасаа гараад үүд хэсгээр явж байсан. Х- харагдахгүй болохоор нь 17 цаг гээд өрөөнөөс гарахад Х- байхгүй байсан. ...Тус өдрийн оройноос Н.Х-ыг эрэн хайх ажиллагаа явуулж 11 дүгээр сарын 5-ны шөнө 01 цагийн орчим Улаанбаатар хотоос олсон гэсэн мэдээлэл ирсэн. .../1хх 6-7/,
гэрч Э.Ш-гийн “...2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 17 цаг 15 минут орчимд дэд ахлагч Д.Н- миний утас руу залгаж “Н.Х- алга болчихлоо” гэж мэдэгдсэн. Тэр даруй энэ талаар хэлтсийн дарга Б.Ц-д танилцуулж алба хаагчдыг түргэн цугларалтаар цуглуулж хоригдогч Н.Х-ыг эрэн хайх ажлыг эхлүүлсэн. ...” /1хх 8/,
гэрч Н.Д-н “...манай охин Н.Х- цагдан хорих байранд байхдаа олгой ургаж эмнэлэг дээр ирсэн байсан. ...Тэгсэн чинь охин маань дараа нь эмнэлгээс зугтсан талаар сонссон. ...” /1хх 190-191/,
гэрч Н.Ю-н “...2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 18 цагийн орчим манай том эгч Хандаа над руу залгаад “Х- эмнэлэгт хэвтэж байгаад зугтчихсан гэнэ. Хойно Үржээ ахынд байгаа сураг байна, хоёулаа хамт явъя” гэсэн. ...21 цагийн үед Х- миний утас руу дэлгүүрийн утснаас залгаад “хотод ирчихсэн байна, хагалгааны оёдол жоохон өвдөөд, бага зэрэг цус гарсан байна” гэхээр нь би чамайг очоод авъя гээд учирлаж хэлсэн боловч “тань руу жоохон байж байгаад эргээд ярья” гээд утсаа салгасан. Энэ талаар би Багануурын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилчдад хэлсэн. Удалгүй шүүхийн шийдвэрийн ажилчид Х-ыг Гэмтлийн эмнэлэг дээрээс барьсан гэж хэлсэн. …” /1хх 192-193/,
Н.Х-ын яллагдагчаар өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 16 цаг хүртэл цагдан хорих байрны хянагчийн хяналтад байсан. Хянагч “наалданги үүсдэг юм шүү сайн алхаарай” гэж байсан болохоор коридороор алхаж байтал хянагч утсаар яриад байхаар нь би шууд эмнэлгийн хүлээн авахын хажуугийн эргэлтийн хаалгаар гараад хамаатны ах Үржээгийнд очиж хувцсаа солиод 5 дугаар хороонд шинээр баригдсан сургуулийн хажуугаар гүйгээд 1 айлын хашаа руу орсон. Тэр хашаанд байсан гэрийн хаалга цоожтой байхаар нь хаалгыг нь эвдэж дотогш орж эмэгтэй хүний ягаан өнгийн куртик, шар өнгийн гутал өмсөөд гарч явсан. ...Гэмтлийн эмнэлэг дээр шөнийн 01 цагийн үед очсон. Тэгтэл доод давхараас энгийн хувцастай хоёр ах гарч ирээд намайг авч явна гэхээр нь би дүүгээ эргэх гэж ирсэн гэж үнэн учраа хэлэхэд намайг дүүтэй минь уулзуулаад 461 дүгээр хорих ангийн эмнэлэгт аваачсан. ...” /1хх 17-19/ гэсэн мэдүүлгүүд,
хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 20/, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн өвчний 20/1003 дугаартай түүх /1хх 27-35/, яаралтай тусламж үйлчилгээний хуудас, тэмдэглэл /1хх 36-53/, хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 112-115/, эд зүйлийн үнэлгээний тайлан /1хх 121/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг, тухайлбал, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, тэдгээрийг бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч Н.Х-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг, мөн цагдан хоригдож байхдаа оргон зайлсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримтыг тогтоож, энэ талаар шийтгэх тогтоолд тодорхой тусган, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Өсвөр насны шүүгдэгч Н.Х-ын Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ялаар шийтгүүлж, цагдан хоригдож байхдаа эрүүл мэндийн шалтгааны улмаас харуул хамгаалалтын дор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа оргон зайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн оргож явахдаа бусдын гэрт хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгийг нь хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял, 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял тус тус оногдуулж, уг хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялын хэмжээг хоёр дахин багасган 1 жил 3 сар болгон, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 13 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 3 жил 5 сар 13 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.
Өсвөр насны шүүгдэгч Н.Х-ын өмгөөлөгч Б.Минжүүрдорж “...Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасныг хэрэглэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг хуульчилсан бөгөөд тус зүйлийн 1 дэх хэсэгт ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн... бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоохоор хуульчилсан.
Өсвөр насны шүүгдэгч Н.Х- нь Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жил 6 сар 15 хоногийн хорих ялаар шийтгүүлж, цагдан хоригдож байхдаа оргосон, оргож явахдаа хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд анхан шатны шүүх тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасантай нийцсэн байна. /Хяналтын шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 209 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн/
Харин прокурор болон анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч Н.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан оргон зайлах гэмт хэргийн ямар шинжээр нь эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, гэм буруутайд тооцсон талаар дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс “цагдан хоригдсон шүүгдэгч оргон зайлах гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэсэн болно.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өсвөр насны шүүгдэгч Н.Х-ын өмгөөлөгч Б.Минжүүрдоржийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Өсвөр насны шүүгдэгч Н.Х-ын 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 82 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 2021/ШЦТ/16 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өсвөр насны шүүгдэгч Н.Х-ын өмгөөлөгч Б.Минжүүрдоржийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Х- нь 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 82 хоног /наян хоёр/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН