Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2017/ШЦТ/079

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа

Улсын яллагч: Д.Эрдэнэсоёл

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,  дөрвөн ханатай гэр зэрэг хөрөнгөтэй, ******* овогт ******* ******* /*******/

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 14 цагийн орчимд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт *******тай хувийн таарамжгүй байдлаас марган улмаар цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч *******гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн

....Би 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр сумынхаа стадионы ард морио үсрэгчихээд сумын арын гудамж руу уруудаад явж байхад миний урдаас машинтайгаа ******* ирж яваа харагдсан. Тэгээд нилээн дөхөж ирээд гэнэт огцом эргээд яваад өгөхөөр нь миний дургүй хүрээд энэ одоо яаж байгаа юм бол гэж бодоод араас нь Зулаа /Мөнхзул/ гэдэг залуугийн араар суугаад гудамж уруудаад араас очоод гараараа дохиод зогсоох гэтэл зогсоогүй тэгээд араас нь хөөсөн чинь сумын Засаг Даргын Тамгын газар дээр очоод зогссон. Би очоод хаалгыг онгойлгоод суух гэтэл хаалгаа дотроос нь түгжчихээд суулгахгүй байсан. Тэгэхээр нь би цонхыг нь нүдсэн чинь хаалгаа онгойлгоод гарч ирээд машинаа түгжихээр нь, би хоёулаа юм ярья машиндаа суучих гэхэд машиндаа суухгүй байхаар нь миний уур хүрээд хүний амьдралаар тоглочихоод чи хүнтэй хэдэн үг сольчихож чадахгүй байна уу гээд гараараа нүүр рүү нь хоёр удаа цохисон хэдэн удаа өшиглөсөн, ташуураар хэдэн удаа дал руу нь цохисон. Намайг *******тай ноцолдож байхад Засаг даргын тамгын газраас ******* гарч ирээд чи наад эмэгтэй хүнээ зодохоо болиоч юун харгис юм гэж хэлэхээр нь би чамд хамаагүй дуугүй байгаарай гэж хэлсэн тэгээд хэд цохичихоод явсан... гэх мэдүүлэг / хх-ийн 45-46/

Хохирогч *******ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн

...2017 оны 03 дүгээр сарын 21 -ний өдөр би хойд лагерт өөрийн эзэмшилийн 48-80 БНХ улсын дугаартай примо маркийн машинаар явж байхад гудамжинд ******* морь хөтөлчихсөн таарсан. Тэгээд би машинаа эргүүлээд гудамж уруудаад явж байсан чинь урдаас ******* нэг мотоцикльтой хүний араар суугаад гараад ирэхээр нь би зогсоогүй шууд сумын Засаг даргын тамгын газрын урд талын зогсоолын хажууд очоод зогссон. ******* мотоцикльтойгоо араас хүрч ирээд зогссон. Би машин дотроо сууж байхад машины хаалга татаад хаалгаа онгойлгох гэхээр нь би айгаад онгойлгож өгөөгүй. Тэгсэн хаалга цонх нүдээд эвдчих гээд байхаар нь хаалгаа онгойлгоод хурдхан гарч ирээд машинаа түгжсэн чинь машиндаа суу хоёулаа сумаас зайдуу гарч байгаад чамтай юм яримаар байна гэхээр нь би явахгүй гэхэд миний нүүр рүү хоёр удаа гараараа цохиод авсан. Тэгээд хөлөөрөө хөл рүү өшиглөөд барьж явсан ташуураараа зүүн дал руу хэд хэдэн удаа цохиод авсан. Энэ үеэр Тамгын газраас Ж. Гандалай гарч ирээд чи эмэгтэй хүн ингэж зодоод байхдаа яадаг юм болиоч гэхэд чамд хамаагүй гэж хэрүүл хийгээд байсан. Би тухайн үедээ айгаад тэр болсон зүйлийг сайн санахгүй байна. Би энэ хүнтэй урьд өмнө нь эр эмийн харилцаатай байсан. Одоо бол ямар нэг тийм зүйл байхгүй ******* нь чи муу миний амьдралыг үрсэн новш гэж уурлаад цохиод байсан. Одоо ямар нэг гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг / хх-ийн 22-24 /

Гэрч *******н хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн

...2017 оны 03 дүгээр сарын 21-ны өдөр ажилаа тараад иртэл ******* гээд манай сумын залуу *******ыг Тамгын газрын үүдэн дээр зодож байхад нь таарсан. Тэгээд би *******д хандаж чи одоо болиоч гэхэд чамд хамаагүй гээд миний урдаас гараараа салаавч хэд хэдэн удаа гаргасан. Чамд хамаагүй чамайг бас ална шүү гэж хэрүүл хийсэн, тэгж байгаад яваад өгсөн. Би *******ыг аваад эмнэлэг дээр очиж, үзүүлээд цагдаад очиж мэдэгсэн. Энэ хоёр хүн хоорондоо дотно харьцаатай гэж хүнээс сонсож байсан. Ер нь дахин ийм асуудал гарахаас урьдчилан сэргийлж би цагдаад дуудлага өгсөн... гэх мэдүүлэг / хх-ийн 16-17/

Гэрч *******ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн

 ...Би 2017 оны 03 сарын 21-ны өдөр өөрийн эзэмшилийн мотоцикльтойгоо сумын хойд лагерт яваж байхад манай сумын ******* гэдэг хүн намайг дуудаж зогсоогоод хоёулаа нэг машины араас очоодох уу гээд миний мотоциклийн араар суугаад гудамж уруудаад явж байхад ******* машинтайгаа гудамжнаас гараад ирсэн. Тэгсэн ******* нь гараараа даллаад зогсоох гэсэн боловч нөгөө машин зогсоогүй. Араас нь хөөгөөд Засаг Даргын тамгын газрын үүдэнд очоод зогсохоор нь араас нь очиж зогсоод *******г буулгаж өгөөд явсан... гэх мэдүүлэг / хх-ийн 32-33/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №151 дугаартай

1.*******ын биед зүүн нүд, хамар, хацар, дал, буглагганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 36-37/

-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол / хх-ийн 1-2/, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 9-10 /, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл / хх-ийн 18-20/, хохирлын тооцоо /хх-ийн 15-16/, шүүгдэгч *******гийн хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 04 дүгээр багийн Засаг даргын 2017.04.04-ний өдрийн 79 тоот тодорхойлолт /хх-ийн 53/, шүүгдэгч *******гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 55/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Шүүгдэгч ******* нь 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 14 цагийн орчимд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт *******тай хувийн таарамжгүй байдлаас марган улмаар цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч *******... хүний амьдралаар тоглочихоод чи хүнтэй хэдэн үг сольчихож чадахгүй байна уу гээд гараараа нүүр рүү нь хоёр удаа цохисон хэдэн удаа өшиглөсөн, ташуураар хэдэн удаа дал руу нь цохисон. ... гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/,

Хохирогч *******... миний нүүр рүү хоёр удаа гараараа цохиод авсан. Тэгээд хөлөөрөө хөлрүү өшиглөөд барьж явсан ташуураараа зүүн далруу хэд хэдэн удаа цохиод авсан.. ... гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 / болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******д холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт зүйлчилж яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв .

Шүүгдэгч *******г ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хх-ийн 55/ Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Хохирогч ******* нь цаашид нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч *******тай сайн дураараа эвлэрсэн, хохирогч гомдол саналгүй гэсэн учир үйлдсэн хэргийг эрүүгийн хариуцлагаас чөлөөж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Дээрх гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарах тул Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “Гэмт хэрэг үйлдсэн этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасны дагуу *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч *******гийн өмчлөлийн “...10 тооны ямааг...” битүүмжилсэн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрх зүйлсийг эзэмшигч *******д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Уг хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн сухай ташуурыг устгаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1- 297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч *******г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 298 дугаар зүйлийн 298.1.2-д зааснаар уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн сухай ташуурыг устгасугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар *******гийн өмчлөлийн “...10 тооны ямааг...” битүүмжилсэн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрх зүйлсийг эзэмшигч *******д буцаан олгосугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шүүгдэгч *******д урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА