| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхүүгийн Аюушжав |
| Хэргийн индекс | 194/2025/1007/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1188 |
| Огноо | 2025-05-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Эрдэнэбаяр |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1188
2025 05 07 2025/ШЦТ/1188
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,
нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,
улсын яллагч С.Эрдэнэбаяр,
хохирогч Б.Ч, түүний өмгөөлөгч М.Б /цахимаар/,
шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б-д холбогдох эрүүгийн *********** дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ********* дүүргийн **** дугаар хороонб нутаг дэвсгэрт “*******”төвийн ресторанд байх үедээ хохирогч Б.Чтай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж баруун нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээж, баруун шуунд цус хуралт, баруун зүүн хацар, хүзүү, цээжинд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр манайх хэлтсээрээ уулзалт хийж байсан. Б.Ч нэлээн согтуу орж ирсэн. Ширээн дээр байсан бүх архинуудыг нуулгасан. Б.Ч уурлаад над руу юм авч шидээд байсан. Хагарсан зүйлүүдийг цэвэрлэж байхад бид 2 маргалдсан. Би баруун гараараа нэг, зүүн гараараа нэг алгадсан. Тухайн газраас гараад шууд гэртээ харьсан. Хамт архи дарс уугаагүй. Хамт уух гэсэн боловч нэлээн согтуу байсан болохоор уугаагүй. Өмнө нь гарсан асуудлууд байдаг. Тухайн өдөр орж ирээд ажлаас халагдахад чиний оролцоо байсан гэж ярьсан. Б.Чыг ажлаас гарах үед миний бие нэлээн муу байсан. Харвалт өгөөд эмнэлэгт хэвтэж байгаад ажилдаа очиход ажлаас гарсан байсан. Тухайн өдөр тэр талаар яриад маргаан эхэлсэн. Өмнө нь ч бас иймэрхүү зүйл болж байсан. Өмнө нь Ч ажлаас халагдаж байсан ба түүнийгээ надаас болсон гээд байдаг юм. Тэгээд тэр асуудлаас болж маргалдсан. Би ажлаас халдаг тушаалтан биш. Бид 2 өөр хэлтэст хамт ажилдаг байсан. Гэхдээ хэдийгээр маргалдлаа гээд хүний биед халдаж болохгүй. Хохирогч мэдүүлэгтээ чамайг алсан ч яадаг юм. 10 жил шоронд суугаад гарч ирнэ гэж мэдүүлсэн байсан. Энэ бол намайг гүтгэж байна. Би ийм агуулгатай зүйл огт яриагүй. Би 10,000,000 төгрөгний ажил байна гэсэн утгатай зүйл хэлсэн. Би сүүлд очиж хавтаст хэрэгтээ танилцахад тиймэрхүү зүйл ярьсан байсан. Би тухайн үед юу ч хийж чадаагүй. Ч эхлээд над руу архины жижиг аяга шидсэн. Б.Чыг согтохоороо ямар ааш авир гаргадгийг мэддэг учраас ширээн дээр байсан зүйлсийг далд хийсэн. Тэгээд над руу юм авч шидээд байхаар нь очиж алгадсан. Тэгээд дараа нь бакал авч хагалаад миний хоолойг зүссэн. Тухайн үед би ямар нэгэн баримт гаргаж өгье гэж бодоогүй. Баруун гараараа зүүн хацар руу, зүүн гараараа баруун хацар руу нь нэг нэг удаа алгадсан. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулна. Би саяхан хүмүүст мөнгөө залилуулсан. Одоогоор бол боломжгүй байгаа. Одоогоор хохирол төлбөр барагдуулаагүй байгаа. Хохирол учирсан талаар мэдээгүй байсан. Нэхэмжилсэн үнийн дүнг би сая сонслоо. Миний буруутай үйлдэл учраас би төлж барагдуулна. Манай хэлтэс зөвхөн манай хэлтсийнхэн л захиралтай уулзаж байсан. Хажуугийн өрөөнд ууж байсныг нь мэднэ. Манай хэлтсийнхэнтэй орж ирж архи уугаагүй. Яагаад гэвэл манай хэлтсийнхэнийг өмнө нь дандаа доромжилдог байсан. Тийм асуудал байдаг учраас хэлтсийнхээ залуучуудтай ойртуулдаггүй. Өмнө нь амралтад явахад манай хэлстийнхнийг гуйлгачингаар дуудаад маргалдаад би салгаж байсан удаа байдаг. Б.Ч буцаж ажиллдаа орох үгүй нь надтай хамааралтай биш учраас миний ажилд хамааралтай асуудал биш. Захиралтай ярилцсан байх нь надад ямар ч хамаагүй. Би өөрөө бие даасан хэлтэстэй хүн. Манай хэлтсийнхэн ямар ч асуудалгүй ажлаа хийгээд явдаг. Хохирогч тиймэрхүү зүйл ярьж намайг гүтгэж байна. Угаасаа анхныхаа мэдүүлэгтээ гүтгэсэн байсан. Миний хувьд хамт ажилладаг байсан хүмүүс болохоор асуудал гаргахыг хүсээгүй. Хэдэн цагт яаж харьсныг би сайн мэдэхгүй байна. Би хүргэж өгье гэхэд үгүй гэж хэлсэн. Б.Чыг ахтай нь ярьж байхад нь хажууд нь байсан. Ах нь та 2 уулзах болгондоо маргалдаад байх юм гэж ярьж байсан. Тэгэхэд тийм цус гарсан зүйл байгаагүй” гэв.
Хохирогч Б.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би гэртээ 3 цагийн үед хуучин ажлын хүмүүс хүрээд ирээчээ гэж ярьсан. Чамтай захирал уулзмаар байна гэж байна гэж хэлсэн. 4-5 цагийн үед очсон санагдаж байна. Очиход манай ажлынхан сууж байсан. Хүлээгээд сууж байхдаа 2 шил архи хуваагаад уусан нь үнэн. Манай Солонгос захирал намайг хуучин ажилдаа орчихоо гэж удаа дараа надаас гуйсан Энэ талаар Солонгос захирлын орчуулагч болон М.Бий хэлтсийнхэн гэрчилнэ. Надад орчуулагч нь орчуулж өгсөн. Би өөрийнхөө хүсэлтээр ажлаасаа гарсан. Миний утсан дээр тушаал нь байгаа. Би ажлынхантайгаа 1 шил архиа хувааж уусан. Би захиралдаа 12 дугаар сараас буцаад ажилдаа орох талаар бодож үзье гэж хэлсэн. М.Бы хэлтсийнхэн сууж байхад согтуу ороогүй. Би анх архины аяга шидсэн нь худлаа. М.Б намайг 2 алгадсан нь бас худлаа. 2 алгадсан бол миний харагдах байдал ийм болохгүй байсан. Намайг цохиод байхаар нь би чамайг цохихгүй ээ. Чи яагаад намайг цохиод байгаа юм бэ гэж асуухад Монголын хууль надад үйлчлэхгүй ээ гэж байгаад миний нүүр болон араас удаа дараа цохисон. 2 алгуулсан хүний хүзүү ам битүү сорви болсон. Цамц маань урагдсан битүү цус болсон байсныг тэнд байсан хүмүүс гэрчилнэ. Би жолооч ах руу залгаад намайг ирээд аваачээ энд нэг хүн намайг алах гээд байна гэж утсаар хэлсэн. Тэгээд тэр хүн хүрч ирээд намайг аваад гарсан байдаг. М.Бы ярьсан зүйлсийг би үгүйсгэж байна. М.Б тэр явдлаас хойш нар руу залгаж уучлалт гуйгаагүй. Сүүлд нүдэнд гарсан гэмтэл нэлээн ноцтой хэмжээнд хүрсэн. Баруун нүдний эгэмний яс хугарсан байгаа. Заавал мэс засал хийлгэх шаардлагатай болсон. Зүүн нүдний хараа өөрчлөгдөх нөхцөл байдалд хүрсэн байгаа. Миний зүгээс хуучин цуг ажиллаж байсан хүнийгээ буруутгаад байх шаардлага байхгүй. Биеийнхээ эрүүл мэндийн байдлаа зүгээр болгох хүсэлтэй байгаа. Мөн тухайн явдлаас хойш би дулааны станцад ажиллах ёстой байсан. Би ажиллаж чадаагүй. Учир нь миний нүүрний хавдар сар гаран буугаагүй. Би ийм байдалтай шинэ ажилд орж чадахгүй учраас ажлаа алдсан асуудал бий болсон. Ерөнхийдөө тухайн өдөр юу болсныг харсан хүмүүс гэрчилэх байх гэж бодож байна. Тухайн үед Батбилгүүн архины хундага авч шидсэн. Өөр өчнөөн олон зүйл хагарсан. Бид 2 ноцолдоод миний хоолойг боосон. Би архины хундага авч шидээгүй. М.Б над руу авч шидсэн. Зүв зүгээр өөд өөдөөсөө хараад сууж байхад М.Б толгой руу чих шуугитал цохисон. Миний санж байгаагаар М.Б нь яагаад захирал чамайг ажилд авах гээд байгаа юм бэ? Бид нар ажиллаж байхад гэж хэлсэн. Маргаан ингэж эхэлсэн. Тухайн үед М.Б ерөнхий захиралтай таарамж муу байсан байх гэж бодож байна. Ерөнхий захирал намайг буцаад ажилдаа ор гэж хэлэх үед уур нь хүрсэн байх гэж бодож байна. Эхлээд намайг Миний араас хүнд юмаар зохисон. Хальт харахад архины шил шиг байсан. Одоо миний хүзүүн дээр сорви байгаа. Хутга эсвэл сэрээ байсан. Яг сайн хараагүй. Миний хүзүүнд тулгаад Монголын хууль надад үйлчилдэггүй гэж хэлсэн. Маргаан 30 орчим минут үргэлжилсэн. Дунд нь хэдэн минут салаад ах руу залгаж намайг ирж аваачээ гэж хэлсэн. Хавтаст хэрэгт орсон нэхэмжлэлээс гадна, өнөөдөр хэлэлцүүлэгт шинээр өгсөн нүдний эмчилгээний зардлыг баталгаат орчуулга хийлгээд аваад ирсэн байгаа. Солонгос Улсад хагалгаа хийлгүүлхэд 87,000,000 төгрөг болно гэсэн. Нүдний дотор байдаг савхан яс хугарсан. Нүдний цөцгий нь баригдах зүйлгүй болж байгаа. Би бол гар хүрсэн зүйл байхгүй. Биеэ хамгаалах үүднээс гараараа хаасан. Намайг авсан ах машиндаа суулгаад гэр рүү хүргэж өгсөн. Гэр рүү ороод эхнэртэйгээ хамт гэмтлийн эмнэлэг орсон. Намайг хүргэж өгсөн ах гэрчийн мэдүүлэг өгсөн байгаа. М.Бы хэлсэн зүйлийн үнэн зөв нь харагдах байх. Шууд харьсан үгүй нь бол намайг хүргэж өгсөн ахын гэрчийн мэдүүлэгт нотлогдоно гэж бодож байна. Манай ахтай анх удаагаа утсаар ярьж байгаа хүн: Танихгүй хүмүүс хоорондоо тиймэрхүү яриа үүсгэнэ гэж байхгүй байх.Манай ах бол нүүр чинь хэцүү болсон байна шүү. Эртхэн хариарай. Наад хүнээсээ хурдан салаад яваарай гэж зөвлөөд өөрийнхөө жолоочийг явуулж авхуулсан байгаа” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Б.Чын "...Би 2024 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр хуучин ажлынхантайгаа хамт ************-ны 4 давхрын ******** гээд ресторанд 17 цагийн үед очсон ба тухайн үед хүмүүс бүгд ирсэн байсан тэгээд 20 цагийн үед надтай хамт Т, Б гээд бид 3 үлдсэн тэрнээс өмнө би ажлынхантайгаа хамт 4 шил Эдэн архи уусан байсан. Бид 3 юм ярьж сууж байгаад Билгүүн ээд найз маань намайг гэнэт алгадаад авсан юм тэгэхээр би чи яагаад байгаа юм бэ гэсэн чинь миний араас архины шилээр толгой руу цохиод намайг газар унагаад цохисон тухайн үед Т гээд залуу нь хажууд байсан зүгээр инээгээд сууж байсан би чи салгалдаа гэсэн чинь эр хүний асуудалд орохгүй гэж хэлээд сууж байсан. Тэгсэн намайг зодож байсан Б гээд залуу ширээ дээрээс солонгос хоолны хутга аваад миний хүзүүнд тулгаж байсан би чамайг алцан байхад ер нь би чамайг алчих уу алаад би шоронд 10 жил суугаад гарна би монголын цагдаад том хүн шүү дээ би чамд 10 сая төгрөг өгий наад амаа хамхиад байж бай гэж хэлсэн. Тэгээд би өөрийн ах Чинбаттай ярьсан чинь би чам руу жолоочоо явуулъя гээд жолооч ирээд намайг авсан юм. Тухайн зодоон болж байхад миний гар утас алга болчихсон байсан миний утас Хуавай маркийн р50 загварын утас байсан буцаж очоод зөөгч нараас нь асуухад утас байгаагүй гэж хэлсэн" гэх мэдүүлэг, /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
- Гэрч Г.Т-ийн "... Би 2024 оны 11 дүгээр сарын 14-нд ажлынхантайгаа хоол идэж гадуур гарахаар *********** дүүргийн **** дугаар хороо, ********* 1 давхарт байсан санагдаж байна. Үүдэнд нь ресепшиний тек байсан санагдаж байна. Тэгээд 21 цаг 30 минутын үед л байх манай ажлынхан тараад Ч, Б бид 3 үлдсэн. Тухайн үед миний хувьд согтолт гайгүй байсан. Ч нэлээн согтолттой агсрах тийшээгээ болчихсон байсан. Харин Б нь гайгүй байсан. Тэгээд сууж байсан чинь Ч Батбилгүүнд хандаж хэрүүлийн чанартай үг хаяад чи ингэсэн биз дээ тэгсэн биз дээ гээд байсан. Байрлалын хувьд урт ширээн дээр Ч, Б хоёр өөд өөдөөсөө хараад суусан байрлалтай, би болохоороо Батбилгүүний баруун гар талд хаалганы хажууд сууж байсан. Ч нь тэгээд орилж агсар ч байх үедээ Батбилгүүн рүү урдаа байсан аягыг шидээд арай ч оноогүй. Тэгсэн чинь Б Чын толгой хэсэг рүү алгадсан. Тэр үед зөөгч нар орж ирээд шил энэ тэр хагалчихлаа гэхээр нь би тооцоог нь төлөх гээд гарсан. Текэн дээр би тооцоогоо төлчхөөд гарсан. Тэгээд тэр хоёр үлдсэн өөр юу болсон талаар мэдэхгүй байна. Би гарч ирчхээд Батбилгүүн рүү ийм жижигхэн асуудлыг том болгох гээд байвал андаа үнэхээр боломжгүй байна зүгээр гараад ирээ болохгүй бол би явлаа гэж бичсэн. Тэгээд удалгүй Батбилгүүн гарч ирээд тарцгаасан" гэх мэдүүлэг, /хх-ийн 22 дугаар хуудас/,
- Хохирогч Б.Чаар өөрийн биед халдсан гэх хүнийг зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******** дугаартай шинжээчийн "Б.Чын биед баруун нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээж, баруун шуунд цус хуралт, баруун зүүн хацар, хүзүү, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт гэсэн дүгнэлт /хх-ийн 27-28 хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:
Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Шүүгдэгч М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төвийн ресторанд байх үедээ хохирогч Б.Чтай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж баруун нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээж, баруун шуунд цус хуралт, баруун зүүн хацар, хүзүү, цээжинд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогчийн эмчилгээний зардалд шүүгдэгчээс 3,971,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч М.Б гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч өөрөө эхлээд гэм буруу дээрээ маргаагүй. Процесын зөрчил байхгүй банйа гэж үзэж байна. Хуульд заасан аргачлалын заавраар олгогдох боломжтой. 12,99% хувьчлалаар бодож өгөөчээ. Нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгөөчээ” гэв.
Хохирогч Б.Ч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Хэлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч М.Б гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учруулсан гэм буруутай. Шүүхээс тогтоосон мөнгөний хэмжээгээр төлж барагдуулна” гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ********* дүүргийн **** дугаар хороонб нутаг дэвсгэрт “*******”төвийн ресторанд байх үедээ хохирогч Б.Ч, шүүгдэгч М.Б нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар маргалдаж Б.Ч нь шүүгдэгч М.Б рүү хэрүүлийн чанартай үг үйлдэл гаргаж, шилэн стакан шидсэнээр шүүгдэгч М.Б хохирогчийн толгой хэсэг рүү цохьсоноор зодоон үүсч М.Б нь хохирогчийн нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа цохиж зодсон болох нь:
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ********* дугаартай шинжээчийн "Б.Чын биед баруун нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээж, баруун шуунд цус хуралт, баруун зүүн хацар, хүзүү, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт гэсэн дүгнэлт, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч М.Б нь хохирогч Б.Чын эрүүл мэндэд халдаж гэмтэл учруулсан байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч М.Б нь хохирогч Б.Чын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хүндэвтэр хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч М.Бий үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. Шүүгдэгч гэм буруугийн асуудалд маргаагүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүгдэгч М.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байгаа тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 1,100,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй” гэв.
Хохирогч Б.Ч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Хэлэх зүйлгүй” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч М.Б эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Тусгайлан гаргах санал байхгүй. Улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэв.
Шүүгдэгч М.Б эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “Хэлэх зүйлгүй” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч М.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүх шүүгдэгч М.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.
Бусад асуудал:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж,
510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар шүүгдэгч М.Б нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг хэрэг гарах үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөгөөр тооцож шүүгдэгчээс гаргуулах, мөн хохирогчийн эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн 671,000 төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч М.Б нь өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцохоо шүүхэд бичгээр илэрхийлснийг тэмдэглэж түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Б-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар М.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн тусгай ангийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бээс гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд нийт 3,971,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ч-д олгосугай.
6. Хохирогч энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирол, сэтгэцэд учирсан хохирлоо цаашид баримтаа бүдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Б цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.АЮУШЖАВ