| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхүүгийн Аюушжав |
| Хэргийн индекс | 194/2025/1087/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1225 |
| Огноо | 2025-05-12 |
| Зүйл хэсэг | 28.5.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1225
2025 05 12 2025/ШЦТ/1225
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,
улсын яллагч Д.Ганчимэг,
шүүгдэгч З.З,
шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.З, М.Б нарт холбогдох эрүүгийн ************** дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
2. Монгол улсын иргэн, М.Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Хилийн цэргийн ****** дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагч М.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-ны өдрийн хооронд Нийслэлийн ********* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн **** дугаар ангийн "Тавиулан-2" байршилд харуулын үүрэг гүйцэтгэж байхдаа шүүгдэгч З.З-тэй бүлэглэж, цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн ангийг дур мэдэн орхиж явсан.
Хилийн цэргийн ******** дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагч З.З нь 2025 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-ны өдрийн хооронд Нийслэлийн ********** дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн ******* дугаар ангийн "Тавиулан-2" байршилд харуулын үүрэг гүйцэтгэж байхдаа шүүгдэгч М.Б-тэй бүлэглэж, цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн ангийг дур мэдэн орхиж явсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр бид хоёр цэргийн анги дээрээ үүрэг гүйцэтгэж байгаад шоудмаар санагдаад найзыгаа дуудаад цэргийн ангиасаа гарсан. Цэргийн ангиас гарсан зорилго нь шоудах л байсан. Бид хоёр сая 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр цэргийн албанаас халагдсан. Тавиулан гэдэг нь цэргийн ангийн нэвтрэх хэсэг юм. Тухайн өдөр би тавиуланд хувиартай байсан. Тавиулан дээр 10 хоногийн хугацаагаар гардаг. Бид хоёр идэж ууж шоудаж дуусаад цэргийн анги руугаа буцаж явна гэж бодож байсан” гэв.
Шүүгдэг З.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр М.Б бид хоёр шоудах санаатай л цэргийн ангиасаа гарсан. Үүрэг гүйцэтгэх хугацаа бол 24 цагийн хугацаатай байдаг ба өглөө 08 цагаас маргааш өглөөний 08 цаг хүртэл байдаг байсан. Бид хоёр сая 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр цэргийн албанаас халагдсан. 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр цэргийн албаны тангараг өргөсөн. Бид хоёр шоудах мөнгө байгаагүй ч гэсэн гарч байгаад мөнгө олно гэж бодож байсан. Найзыгаа 08 цагийн үед дуудсан. Тэгээд бид хоёр 04 цагийн үед баригдсан. ” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
- “Хилийн цэргийн *****-р ангид 2024 оны 1 дүгээр ээлжийн цэргийн албанд татагдан ирсэн байлдагч З овогтой З, М овогтой Б нар нь 2025 оны 01 дүгээр сарын 19-наас 20-нд шилжих шөнө "Тавиулан-2"-ын байрлалд үүрэг гүйцэтгэж байгаад зөвшөөрөлгүй анги байрлалаа орхиж явсан тул олж өгч тусална уу” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-4х/,
- Хилийн цэргийн ********** дүгээр ангийн дотоод хяналтын ахлах офицер У.М-ийн гэрчээр өгсөн мэдүүлэгт "Манай ангид 2024 оны 1 дүгээр ээлж буюу 05 дугаар сард хугацаат цэргийн алба хаахаар татагдан ирсэн З.З, М.Б гэх 2 байлдагч томилгоот хуваарийн дагуу "Тавиулан-2" байрлалд харуулын үүрэг гүйцэтгэж байгаад 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02 цаг 30 минутын орчимд анги байршлыг орхиж явсан байсан. Энэ талаар шалгалтын ажиллаагаа явуулахад тухайн өдрийн тавиулангийн жижүүр 19-ний өдрөөс 20-ны өдрийг шилжих шөнө 04 цагийн орчим байлдагч байхгүй байгааг мэдээд ангийн жижүүрт мэдэгдсэнээр эрэн хайх ажиллагаа эхэлсэн. Тухайн үед штабын дарга дэд хурандаа Г.Д эхний ээлжид ойр хавийн зочид буудал, - ПС тоглоомын газар, орон сууцны байрнуудын орц хонгилоор өөрсдийн дотоод нөөц боломжоор хайх үүрэг өгсний дагуу ойролцоогоор 7-8 хүний бүрэлдэхүүнтэй хуваагдаж хайсан боловч 2 байлдагчийг олоогүй. Тэгээд 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цагийн орчим нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага буюу ******* дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтэс хүсэлт гарсан. Миний хүсэлтийг хүлээж аваад цагдаагийн алба хаагч нар эрэн сурвалжлах ажил зохион байгуулж байлдагч З.З, М.Б нарыг *********** дүүргийн нутаг дэвсгэрээс байлдагч З-ийн найзын тээврийн хэрэгсэл дотроос олж тогтоосон” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20х/,
- Гэрч М.Т-ын "Би ******** дүүргийн *** дугаар хорооны хэсгийн байцаагчаар 2023 оны 6 дугаар сараас эхлэн ажиллаж байгаа. Миний хариуцсан хороонд Хилийн цэргийн ***** дүгээр ангийн Тавиулан-2 байгууламж байдаг. 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 11 цагт дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Э.Э өрөөндөө дуудсан. Тэгтэл дэд даргаас "Хилийн цэргийн ****** дүгээр ангиас 2 байлдагч зөвшөөрөлгүй гарч явсан байна, яаралтай олж тогтоох шаардлагатай байна, хяналтын камерыг угтуулж шүү, нөгөө хэсгийн байцаагч, хорооны цагдаатайгаа эрэн сурвалжлах ажлыг зохион байгуул" гэх үүрэг өгсөн. Би тус ***** дүгээр ангийн алба хаагчдаас 2 байлдагчийн мэдээллийг авч хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч П.Б, хороон цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Б нарын хамт эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байлдагч 3.З, М.Б нарыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон хэлтсийн байрлалд 18 цагт авч ирж Хилийн цэргийн ****** дүгээр ангийн штабын дарга дэд хурандаа Г.Д-д хүлээлгэн өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24х/,
- Гэрч Д.М-ийн "...2025 оны 01 дүгээр сарын 20-ны өглөө эрт эрлийн ангиас надтай холбогдоод "хүү чинь цэргийн ангиас оргосон байна, тантай холбогдсон уу" гэж ярьсан. Тэгээд би шууд ажлаасаа чөлөө аваад Улаанбаатар хотод ирсэн. Тэгтэл хүү маань хамт үүрэг гүйцэтгэж байсан найзтайгаа шөнө оргоод маргааш өдөр цагдаа нарт баригдсан гэж байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41х/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:
Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Хилийн цэргийн ******* дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагч М.Б, З.З нар нь бүлэглэж 2025 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-ны өдрийн хооронд Нийслэлийн ******* дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн **** дугаар ангийн "Тавиулан-2" байршилд харуулын үүрэг гүйцэтгэж байхдаа цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн ангийг дур мэдэн орхиж явсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Уг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, төлбөргүй” гэв.
Шүүгдэгч М.Б-ийн өмгөөлөгч Б.Г гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Улсын яллагчийн яллах дүгнэлт дээр ямар нэгэн маргаан байхгүй. Миний үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч М.Б гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч З.З гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч М.Б, 3.Зэлмэ нар нь 2024 оны 05 дугаар сард 1 дүгээр ээлжийн хугацаат цэргийн албанд татагдаж, Нийслэлийн ******* дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн *****дугаар ангийн "Тавиулан-2” байршилд харуулын үүрэг гүйцэтгэж байхдаа 2025 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө 02 цаг 30 минутын үед цэргийн ангийн үүрэг гүйцэтгэж байсан байрлалаа дур мэдэн орхиж явсан болох нь:
“Хилийн цэргийн ****-р ангид 2024 оны 1 дүгээр ээлжийн цэргийн албанд татагдан ирсэн байлдагч З овогтой З, М овогтой Б нар нь 2025 оны 01 дүгээр сарын 19-наас 20-нд шилжих шөнө "Тавиулан-2"-ын байрлалд үүрэг гүйцэтгэж байгаад зөвшөөрөлгүй анги байрлалаа орхиж явсан тул олж өгч тусална уу” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авсан тэмдэглэл, Хилийн цэргийн ****** дүгээр ангийн дотоод хяналтын ахлах офицер У.М гэрчээр өгсөн мэдүүлэгт "Манай ангид 2024 оны 1 дүгээр ээлж буюу 05 дугаар сард хугацаат цэргийн алба хаахаар татагдан ирсэн З овогтой З, М овогтой Б гэх 2 байлдагч томилгоот хуваарийн дагуу "Тавиулан-2" байрлалд харуулын үүрэг гүйцэтгэж байгаад 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02 цаг 30 минутын орчимд анги байршлыг орхиж явсан байсан. Энэ талаар шалгалтын ажиллаагаа явуулахад тухайн өдрийн тавиулангийн жижүүр 19-ний өдрөөс 20-ны өдрийг шилжих шөнө 04 цагийн орчим байлдагч байхгүй байгааг мэдээд ангийн жижүүрт мэдэгдсэнээр эрэн хайх ажиллагаа эхэлсэн. Тухайн үед штабын дарга дэд хурандаа Г.Д эхний ээлжид ойр хавийн зочид буудал, - ПС тоглоомын газар, орон сууцны байрнуудын орц хонгилоор өөрсдийн дотоод нөөц боломжоор хайх үүрэг өгсний дагуу ойролцоогоор 7-8 хүний бүрэлдэхүүнтэй хуваагдаж хайсан боловч 2 байлдагчийг олоогүй. Тэгээд 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цагийн орчим нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага буюу ******** дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтэс хүсэлт гарсан. Миний хүсэлтийг хүлээж аваад цагдаагийн алба хаагч нар эрэн сурвалжлах ажил зохион байгуулж байлдагч З овогтой З, М овогтой Б нарыг ******** дүүргийн нутаг дэвсгэрээс байлдагч З-ийн найзын тээврийн хэрэгсэл дотроос олж тогтоосон” гэх мэдүүлэг, гэрч М.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "Би ********* дүүргийн 38 дугаар хорооны хэсгийн байцаагчаар 2023 оны 6 дугаар сараас эхлэн ажиллаж байгаа. Миний хариуцсан хороонд Хилийн цэргийн ***** дүгээр ангийн Тавиулан-2 байгууламж байдаг. 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 11 цагт дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхбадрах өрөөндөө дуудсан. Тэгтэл дэд даргаас "Хилийн цэргийн ****** дүгээр ангиас 2 байлдагч зөвшөөрөлгүй гарч явсан байна, яаралтай олж тогтоох шаардлагатай байна, хяналтын камерыг угтуулж шүү, нөгөө хэсгийн байцаагч, хорооны цагдаатайгаа эрэн сурвалжлах ажлыг зохион байгуул" гэх үүрэг өгсөн. Би тус ***** дүгээр ангийн алба хаагчдаас 2 байлдагчийн мэдээллийг авч хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч П.Б, хороон цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Б нарын хамт эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байлдагч З овогтой З, М овогтой Б нарыг ******** дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон хэлтсийн байрлалд 18 цагт авч ирж Хилийн цэргийн ******* дүгээр ангийн штабын дарга дэд хурандаа Г.Д-д хүлээлгэн өгсөн” гэсэн мэдүүлэг, гэрч Д.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн"...2025 оны 01 дүгээр сарын 20-ны өглөө эрт эрлийн ангиас надтай холбогдоод "хүү чинь цэргийн ангиас оргосон байна, тантай холбогдсон уу" гэж ярьсан. Тэгээд би шууд ажлаасаа чөлөө аваад Улаанбаатар хотод ирсэн. Тэгтэл хүү маань хамт үүрэг гүйцэтгэж байсан найзтайгаа шөнө оргоод маргааш өдөр цагдаа нарт баригдсан гэж байсан..." гэсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчилгүй, хуульд заасан шаардлагыг хангасан, дээрх нотлох баримтууд нь нотолгооны ач холбогдолтой, хууль ёсны, гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугааар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т "Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ”,
Цэргийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “Цэргийн алба" гэж зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагад Монгол Улсын иргэн цэргийн алба хаах үндсэн үүргийг биеэр гүйцэтгэх, эсхүл цэргийн бүртгэлд байхыг ойлгоно” гэж, мөн хуулийн 3.1.2-т "цэргийн жинхэнэ алба" гэж Монгол Улсын иргэн цэргийн байгууллагад цэргийн алба хаах үүргийг биеэр гүйцэтгэхийг, 3.1.15-д "цэргийн жинхэнэ албанд татагдагч" гэж цэргийн жинхэнэ албанд татах тухай зарлан дуудах мэдэгдэл авсан иргэнийг" гэж тус тус зааж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт цэргийн жинхэнэ алба нь хугацаат болон цэргийн гэрээт алба, ахлагчийн алба, офицерын албанаас бүрдэнэ”.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 180 дугаар зарлигаар батлагдсан “Цэргийн нийтлэг дүрмүүд”-ийн цэргийн сахилгын дүрмийн дөрөвдүгээр бүлгийн 8.17 дугаар зүйлд "Офицер, ахлагч, цэргийн гэрээт албаны байлдагч, түрүүч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ангийн байрлалыг дур мэдэн орхин явсан бол 12 цагийн дотор, амралт, чөлөөг 72 цагаас хэтрүүлэн анги байрлалдаа ирээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан "Цэргийн албанаас оргон зайлах" гэмт хэрэгт шалгуулахаар харьяаллын дагуу хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ", Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэргийн алба хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан..." гэж Цэргийн албанаас оргон зайлах гэмт хэргийн үндсэн шинжийг тус тус хуульчилсан.
Шүүгдэгч М.Б, 3.З нар нь 2024 оны 05 дугаар сард 1 дүгээр ээлжийн хугацаат цэргийн албанд томилогдож, Нийслэлийн ******* дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн *****дугаар ангийн "Тавиулан-2” байршилд харуулын үүрэг гүйцэтгэж байхдаа үгсэн тохирч бүлэглэн найзуудтайгаа уулзаж наргих зорилготой 2025 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө 02 цаг 30 минутын үед цэргийн ангиас томилсон харуулын байрыг дур мэдэн орхин явсан үйлдэл нь цэргийн албан хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор үйлдэгдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймээс Шүүгдэгч З.З, М.Б нарыг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүхээс шүүгдэгч М.Б, З.З нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй” гэв.
Шүүгдэгч М.Б-ийн өмгөөлөгч Б.Г эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Миний үйлчлүүлэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагааны шатанд саад учруулсан зүйл байхгүй учир миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тэнсэж өгнө үү гэж хүсэж байна” гэв.
Шүүгдэгч З.З эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “Хэлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч М.Б эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “Хэлэх зүйлгүй” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч М.Б, З.З нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнийг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүх шүүгдэгч М.Б, З.З нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлж гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, З.З нарыг тус бүр хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.
Бусад асуудал:
Шүүгдэгч М.Б, З.З нар нь бусдад учруулсан хохиролгүй байх тул шүүгдэгч нарыг бусдад төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч З.З, М.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч З.З нь өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцохоо шүүхэд бичгээр илэрхийлснийг тэмдэглэж шүүгдэгч З.З, М.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ үргэлжлүүлж авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогтой З, М овогтой Б нарыг бүлэглэн “Цэргийн албан хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явж, цэргийн албанаас оргон зайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, З.З нарыг тус бүр хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар М.Б, З.З нарыг шүүхээс тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар М.Б, З.З нарыг шүүхээс тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн эсхүл шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б, З.З нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.АЮУШЖАВ