Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/264

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                               Хэргийн индекс: 307/2025/0141/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн,

Улсын яллагч Г.Уянга,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Н.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт *** *** холбогдох эрүүгийн 2518000000123 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, *** мэргэжилтэй, ***, ам бүл ***, *** хамт Дархан- Уул аймгийн Дархан сум *** дугаар багийн ** *** тоотод оршин суух,  

Урьд:

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн *** оны 06 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн *** оны 11 дугаар сарын 21-ний өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.

 

***овогт *** /РД:***/

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан: Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5, 86 дугаар тал/, хохирогч *** мэдүүлэг /хх-ийн 10, 12 дугаар тал/, хохирогч *** мэдүүлэг /хх-ийн 17-18, 20 дугаар тал/, гэрч *** мэдүүлэг /хх-н 24 дүгээр тал/ ***н ХХК-н “хар өнгийн А52 загварын гар утас нэг ширхэг 250,000 төгрөг, хар өнгийн А12 загварын гар утас нэг ширхэг “150,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-34, 40-43 дугаар тал/, яллагдагч *** мэдүүлэг /хх-ийн 50, 115, 134 дүгээр тал/, хохирогч *** /хх-ийн 91-92, 94 дүгээр тал/, *** Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 99-110 дугаар тал/, гэрч *** мэдүүлэг /хх-ийн 107 дугаар тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 108 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

1. Үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:

Шүүгдэгч *** нь 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум, 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “***” зочид буудлын 202 тоот өрөөнөөс хохирогч *** эзэмшлийн “Samsung А52” загварын гар утас, хохирогч *** эзэмшлийн “Samsung А12” загварын гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 400,000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2025 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 08 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сум, ** дугаар баг, ** дугаар байр, ** тоот орон сууцанд ** эзэмшлийн виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, Хаан банк дахь *** дугаартай данснаас 501,400 төгрөгийг авсан гэх үйл баримт тогтоогдлоо.

Уг үйл баримт нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5, 86 дугаар тал/,

- Хохирогч *** өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 13-ны өглөө 08 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дүгээр баг *** *** дүгээр гудамж ** тоотод гэртээ байхад манай найз *** над руу залгаад "хамт хөдөө яваад айлын өвлийн идшийг нь бэлтгээд ирье" гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд *** гэрт нь очоод ** бид хоёр Толгойт орж *** гэрээс нь аваад Дархан-Уул аймгийн *** сумын хөдөө хэсэг *** гэх газар байрлах айлд очиж нийт 20 орчим үхэр, 120 орчим ямаа нядалж өгөөд буцаад тэр шөнөдөө Дархан-Уул аймагт ирцгээсэн. Тухайн үед *** нь ямар нэгэн харилцах банкны дансгүй байсан болохоор *** хийсэн ажлын хөлсийг *** данс руу хийсэн. Ингээд би 2024 оны 12 дугаар сарын 14-ний өглөө 08 цагийн орчимд сэрээд *** гэрт нь очиж байж байгаад гэрээс нь гараад Дархан сумын 5 дугаар багт байрлах *** нэртэй буудал руу *** оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 12 цагийн орчимд өрөөнд орсон. Тухайн үед *** бид хоёр 1 шил 750 граммын *** нэртэй архи хувааж уугаад сууж байтал 15 цагийн орчимд *** гэх залуу нь өөрийн эхнэр *** хамт буудлын өрөөнд орж ирээд *** мөнгө аваад явсан. Ингээд *** бид хоёр үргэлжлүүлж ууж байгаад уг буудлын өрөөнд тасраад унтаад өгсөн бөгөөд 2025 оны 12 дугаар сарын 15-ны өглөө 08 цагийн орчимд сэрэхэд *** бид хоёрын *** Самсунг А12 загварын 128gb багтаамжтай 1 ширхэг гар утас, миний хар ногоон өнгийн 128GB багтаамжтай Самсунг А52 загварын гар утас алга болчихсон байсан бөгөөд цагдаагийн газарт ямар нэгэн гомдол гаргаагүй юм. Тэгтэл 2025 оны 01 дугаар сарын 23-ны өглөө 10 цагийн орчим би гэртээ байхад *** нь над руу залгаад "хөөе бид хоёрын буудлаас алдсан гар утсыг *** эхнэр *** нь авчихсан байна шүү дээ, *** надад 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хэлсэн" гэж хэлэхээр нь би 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өглөө 12 цагийн орчим *** гэрт нь очиход *** гэртээ согтуу унтаж байсан бөгөөд *** сэрээгээд утсаа авъя гэж *** бид хоёр хэлэхэд "та хоёрын утсыг буудалд барьцаанд тавьчихсан байгаа" гэж хэлсэн. Би "Samsung A52" загварын 128 GB багтаамжтай хар ногоон өнгийн ар хэсэгтээ 3 ширхэг цуваа камертай гар утсыг 2022 оны 06 дугаар сард Дархан-Уул аймагт байрлах Тедигээс 1,200,000 төгрөгөөр худалдаж авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 10, 12 дугаар тал/,

- Хохирогч *** өгсөн: “...2025 оны 01 дугаар сарын 20-ны өдөр 17 цагийн орчимд гэртээ байхад *** нь миний утас руу залгаад "чи өөрийнхөө бичиг баримтыг манай гэрээс ирж аваарай" гэж хэлэхээр нь би гайхаад *** гэрт нь очиход ****нь гэртээ ганцаараа байсан бөгөөд гэр дотроосоо миний иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх хоёрыг гаргаж ирж өгөхөөр нь би "иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх 2 миний алдсан гар утасны гэрт нь давхар байсан шүү дээ, чи энийг хаанаас авсан юм" гэж асуухад "манай эхнэр *** нь *** та хоёрын гар утсыг авчихсан байсан байна. Одоо утас нь хаана байгаа талаар асуухаар надад хэлэхгүй байна" гэж хэлсэн юм. Ингээд би гэрээс нь гарч яваад юу болсон талаараа *** утсаар хэлээд 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өглөө 12 цагийн орчим *** гэрт нь очиход *** гэртээ согтуу унтаж байсан бөгөөд ** сэрээгээд утсаа авъя гэж хэлэхэд "та хоёрын утсыг буудалд барьцаанд тавьчихсан байгаа гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 20 дугаар тал/,

- Гэрч *** өгсөн: “Би 2025 оны 01 дүгээр сарын дундуур гэртээ байхад манай гэрээс *** иргэний үнэмлэх болон жолооны үнэмлэх гарч ирэхээр нь би эхнэр *** иргэний үнэмлэх болон жолооны үнэмлэх яагаад манай гэрт байгаа юм бэ" гэж асуухад *** нь тухайн үед согтуу байсан бөгөөд би *** нарын утсыг "***" буудлаас авчихсан гэж хэлсэн. Ингээд би тухайн үед *** хандан энэ утаснууд одоо хаана байгаа талаар асуухад надад хэлээгүй болохоор нь би тухайн үед *** руу утсаар залгаад "манай гэрээс чиний иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх гарч ирлээ, ирээд аваарай" гэж хэлсэн. Маргааш нь манай гэрт *** ирээд өөрийнхөө иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхийг аваад "*** бид хоёр 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Дархан сумын 5 дугаар багт байрлах "***" буудлаас гар утсаа алдсан гэж хэлээд *** "гар утас хаана байна" гэж асуухад *** нь "би гар утсыг чинь буудлын барьцаанд үлдээсэн" гэж согтуу байхдаа хэлсэн. Би өөрийн эхнэр *** хамт 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр үдээс хойш ажлын хөлсөө авах зорилгоор Дархан сумын 5 дугаар багт байрлах "***" буудал руу очиход *** нар нь буудлын өрөөнд архи ууж байсан. Би уг газраас гараад архи уугаад тасарчихсан бөгөөд *** хаагуур явсан талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-н 24 дүгээр тал/

- Ашид Билгүүн ХХК-н “хар өнгийн А52 загварын гар утас нэг ширхэг 250,000 төгрөг, хар өнгийн А12 загварын гар утас нэг ширхэг “150,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-34, 40-43 дугаар тал/,

- Хохирогч *** өгсөн: “... миний хоёр нүд огт юм харахгүй 100% хөдөлмөрийн чадвар алдсан гэсэн. Хааяадаа ганцаараа архи уучихдаг. Би 2025 оны 02 дугаар сарын 21-ний орой өөрийн найз *** хамт гэртээ 0.75 литрийн хэмжээтэй 2 шил архи уугаад согтоод унтсан. 2025 оны 02 дугаар сарын 22-ны өглөө сэртэл манай жижиг өрөөнд хүн дугарах шиг болохоор нь *** байна гэж бодоод "хэн бэ чи" гээд асуутал *** байна гэхээр нь юун *** гээд асуутал өчигдөр *** ахтайгаа хамт ирсэн, танд өргөн гар утасны цэнэглэгч байна уу гэж асуухаар нь байхгүй дэлгүүрт байгаа байх гэж хэлээд бид хоёр хамт гэрээс гараад Дархан сум 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Соронз нэртэй дэлгүүрт ороод өргөн цэнэглэгч 1 ширхгийг, нэг шил 0.75 литрийн хэмжээтэй хараа нэртэй архи, нэг ундаа аваад би өөрийнхөө Хаан банкны картаа өгөөд худалдагч кодыг нь асуухаар нь 7003 гэж хэлээд 50,400 төгрөгөөр картаа уншуулаад дэлгүүрээс гараад нөгөө *** гэж хэлсэн эмэгтэйн хамт гэртээ ороод тэр эмэгтэй утсаа цэнэглээд, би авсан архинаасаа хоёр татаад юм ярьж сууж байгаад нөгөө эмэгтэй хоёулаа гарч дэлгүүр оръё надад та ундаа аваад өгөөч гэхээр нь би ундаа авч өгөх гээд гарсан. Тэгтэл нөгөө эмэгтэй хажууд намайг хөтөлж явж байгаад орцноос гараад хаячхаад яваад өгсөн. Би дуудаад байхгүй болохоор нь шууд Соронз дэлгүүр ороод ундаа авчхаад картаа гаргаж өгөх гэтэл миний Хаан банкны карт байхгүй болчихсон байсан. Би худалдагч эмэгтэйд ах нь картаа хулгайд алдчихлаа өглөө надтай хамт орж ирсэн эмэгтэйг таних уу? гэтэл танихгүй манай камерт бичигдсэн байх гэж хэлж байсан. Тэгээд би Соронз дэлгүүрийн худалдагч эмэгтэйн гар утсыг гуйгаад өөрийн бэр охин *** дуудаад гэр рүүгээ ортол удалгүй миний данснаас бэлэн 400,000 төгрөг, 126,400 төгрөгийг картнаас уншуулсан мэдээлэл ирсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 91-92, 94 дүгээр тал/,

 

- *** Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 99-110 дугаар тал/,

 

- Гэрч *** өгсөн: “...*** дугаартай Хаан банкны пос машин минийх юм. Би уг машиныг олон улсын худалдааны төв дээр зайрмагийн худалдаа хийхдээ ашигладаг. Миний Хаан банкны *** дансанд холбоотой байдаг. Одоо хүйтний улирал болж байгаа тул би уг пос машинаа Дархан сум 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг *** нэртэй буудалд ашиглаж байгаа. Уг гүйлгээний хувьд манайхаар хааяа үйлчлүүлдэг *** гэх эмэгтэй өрөө төлье гэж хэлээд уншуулсан юм. *** нь өмнө манайхаар үйлчлүүлж байсан, тэр үедээ манай буудалд хоногийн мөнгөө төлөлгүй өр тавиад явсан юм. Тэрнийгээ төлсөн нь энэ байгаа юм. Харин би тэр картыг хэний карт хаанаас авсныг асуугаагүй, хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй. Тэр картын нууц үгийг мэдээд уншуулсан болохоор тийм зүйл гэж бодоогүй. Тэгээд өрөө төлөөд нэг залуугийн хамт манайд тэр өдөртөө хоносон. Нийтдээ ***нь манайд 257,000 төгрөгийн өртэй байсан. Үүн дээр өрөөний хоногийн 60,000 төгрөг нэмэгдсэн. Үлдэгдэл зөрүү 83,000 төгрөгийг хоноод гарсныхаа дараа *** тоот данс руу шилжүүлэн авсан. Би гүйлгээний утга дээр буцаалт гэж бичсэн. Тухайн данс нь *** *** гэх данс байсныг санаж байна." гэсэн мэдүүлэг /” гэх мэдүүлэг /хх-ийн 107 дугаар тал/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 108 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

2. Эрх зүйн дүгнэлт:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *** үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох зорилго, шунахайн сэдэлтэйгээр хүч хэрэглэхгүйгээр эзэмшигчийн эзэмшлээс нууцаар, хууль бусаар авч өөрийн эзэмшилд авч зарцуулах эрх олж авахыг,

Хүч хэрэглэхгүйгээр гэж эзэмшигчийн амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулахгүйгээр халдахыг,

Хууль бусаар авах гэж эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нууц далд аргаар авч өөрийн мэдэлд шилжүүлэхийг ойлгоно.

Шүүгдэгч *** нь бусдын өмчлөх эрхэд халдаж, 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хохирогч *** 250,000 төгрөгийг хохирол, *** 150,000 төгрөгийн хохирол, 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр *** 501,400 төгрөгийн хохирол учруулсан яллах дүгнэлтэд дурдсан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангаж байх тул түүний үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан гэж үзнэ.

Иймд  улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэн шүүгдэгч *** үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

 Шүүгдэгч нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг тэмдэглэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

  1. Эрүүгийн хариуцлага:

Шүүх хуралдаанд улсын яллагч: “Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ял болох 1,600,000 төгрөгийн 15 нэгжийн нэг хоногоор тооцож, 107 хоног буюу 3 сар 7 хоногийг нэмж нэгтгэн 1 жил 3 сар 7 хоногийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” саналыг,

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч: “шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү. Өмнөх шийтгэлийн хугацаа дуусаагүй байгаа тул төлөхөөс зайлсхийсэн гэж үзэх үндэслэл болохгүй” гэх саналыг тус тус гаргасан.

Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч *** нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 57 дугаар тал/-аар, өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 дугаар тал/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч *** нь өмнө гэмт хэрэг үйлдэж байсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй ч шүүхээс түүний хувийн байдлыг тогтооход авч үзэх нь зүйтэй.

Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж, шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь  шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *** нь тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/515 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч *** 1600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,600,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан бөгөөд уг ялыг биелүүлээгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж,

2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус заасан.

Дархан-Уул аймаг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-хорих 445 дугаар нээлттэй хорих ангийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 04/581 дугаар албан бичигт “2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 1,600,000 төгрөгний торгох ялаас төлөлт хийгдээгүй.” гэсэн байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *** өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,600,000 төгрөгийн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 9 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил, 16 хоногийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч *** 2025 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 18 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

  1. Хохирол, хор уршиг:

Шүүгдэгч *** гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *** 250,000 төгрөг, *** 150,000 төгрөг, ***т 501,400 төгрөг нийт 901,400 төгрөгийн хохирол учруулсан ба уг хохирлоос хохирогч *** 300,000 төгрөгийн хохирлыг төлсөн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх бөгөөд хохирогч **** 250,000 төгрөг, *** 150,000 төгрөг, *** 201,400 төгрөгийн хохирол тус тус төлөгдөөгүй байна.

Иймд шүүгдэгч *** нийт 601,400 төгрөгийг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг *** дүгээр гудамж *** тоотод оршин суух, *** /РД:***/-д 250,000 төгрөг, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сум 8 дугаар баг, *** тоотод оршин суух, *** /РД:***/-т 150,000 төгрөг, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сум ** дугаар баг, *** дугаар байр *** тоотод оршин суух, *** /РД:***/-т 201,400 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй гэж шийдвэрлэв.

  1. Бусад асуудал:

Хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүүдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *** өмнөх Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,600,000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцож 3 сар, 16 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 9 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 1 жил 16 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** оногдуулсан 1 /нэг/ жил, 16 /арван зургаа/ хоногийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** цагдан хоригдсон 18 /арван найм/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *** нийт 601,400 төгрөгийг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг *** 101 дүгээр гудамж 01 тоотод оршин суух, **** /РД:***/-д 250,000 төгрөг, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сум *** дугаар баг, *** тоотод оршин суух, *** /РД:***/-т 150,000 төгрөг, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сум 5 дугаар баг, 20.7 дугаар байр *** тоотод оршин суух, **** /РД:***/-т 201,400 төгрөгийг тус тус олгосугай.

7. Хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ГЭРШИХБӨРТЭ