2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1277

 

 

 

 

 

 

 2025        05         15                                    2025/ШЦТ/1277

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б холбогдох эрүүгийн ******** дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ******* дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********* хотхоны **** дүгээрбайрны "Жи эс" дэлгүүрт ажиллаж байхдаа Дижитал Концент ХХК-ийн 5 өдрийн орлого болох 2,199,971 төгрөгийн авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв. Би тухайн газар ажиллаж байхдаа дэлгүүрийн өдөр тутмын ажлыг хэвийн явуулдаг байсан. Орлогоо 7 хоногт нэг удаа тушаадаг байсан” гэв.

  Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Г-ийн "... Би Дижитал Концент ХХК-д 2021 оны 06 дугаар сарын 23-наас эхэлж ажиллаж эхэлсэн... ******* салбарт 2023 оны 03 дугаар сараас эхэлж ажиллаж эхэлсэн Б.Б гэх залуу нь 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өглөө мөнгө тушаачхаад ирье гэж хэлээд сейфэнд байсан салбарын 5 өдрийн орлого болох 2,512,550 төгрөг, сейфэнд байх хадгалагддаг 150,00 төгрөг, нийтдээ 2,662,550 төгрөгийг авч гараад алга болсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 21 хуудас/,

- Бэлэн мөнгөний орлогын баримтын хуулбар /хх-ийн 33 хуудас/,

- Өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан /хх-ийн 34 хуудас/,      

- Дижитал Концент ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1461 дугаартай албан бичиг /хх-ийн 62 дугаар хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

  Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ******* дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********* хотхоны **** дүгээрбайрны "Жи эс" дэлгүүрт ажиллаж байхдаа Дижитал Концент ХХК-ийн 5 өдрийн орлого болох 2,199,971 төгрөгийн авч завшсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Бусдад төлөх төлбөргүй гэв.

Шүүгдэгч Б.Б гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Би 7 хоногтоо нэг удаа тушаах байсан мөнгийг тушаагаагүй. 2 сарын дараа тушаасан байгаа” гэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ******* дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********* хотхоны **** дүгээрбайрны "Жи эс" дэлгүүрт менежерээр ажиллаж байхдаа Дижитал Концент ХХК-ийн 5 өдрийн орлого болох 2,199,971 төгрөгийг тушаалгүй өөрт авч завшсан болох нь:

 - Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "... Би Дижитал Концент ХХК-д 2021 оны 06 дугаар сарын 23-наас эхэлж ажиллаж эхэлсэн... ********* салбарт 2023 оны 03 дугаар сараас эхэлж ажиллаж эхэлсэн Б.Б гэх залуу нь 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өглөө мөнгө тушаачхаад ирье гэж хэлээд сейфэнд байсан салбарын 5 өдрийн орлого болох 2,512,550 төгрөг, сейфэнд байх хадгалагддаг 150,000 төгрөг, нийтдээ 2,662,550 төгрөгийг авч гараад алга болсон..." гэх мэдүүлэг, бэлэн мөнгөний орлогын баримтын хуулбар, өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, Дижитал Концент ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1461 дугаартай албан бичиг, шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр өгсөн мэдүүлэг, гэрч Б.Сэргэлэнгийн “Б.Б гэх хүн нь 2023 оны 02 дугаар сарын 01-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Кристал Таун хотхоны доор байрлах Жи Эс 25 дэлгүүрийн менежерээр ажилладаг байсан. Чиг үүргийн хувьд дэлгүүрийн өдөр тутмын үйл ажиллагаа удирдах, зохион байгуулах, кассын орлогын сейф болон бэлэн мөнгийг хариуцах, мөн түүнтэй холбоотой асуудал гарсан тохиолдолд хариуцлагыг бүрэн хүлээх чиг үүрэгтэй байсан...” гэх мэдүүлэг шүүгдэгч Б.Бын ажлын байрны тодорхойлолт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд “Хөрөнгө завших” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заажээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан.

 

“Итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө” гэж өмчлөгч, эзэмшигчээс итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хэлэх ба “итгэмжлэгдэн хариуцсан этгээд” гэж аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгодог.

 

“Хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг.

 

Хөрөнгө завших гэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгоно.

 

Шүүгдэгч Б.Б нь “Дижитал Концепт” ХХК-ийн ******* дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********* хотхоны **** дүгээр байрны Жи Эс 25 дэлгүүрт менежер албан тушаалд ажиллаж байхдаа дэлгүүрийн 5 өдрийн орлого болох 2,199,971 төгрөгийг авч завшсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж заасан байдаг ба шүүгдэгч Б.Б нь 2,199,971 төгрөгийн хохирол учруулсан нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгж буюу 2.700.000 төгрөгийн торгуулийн ял  ял оногдуулах, уг ялыг хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй” гэв.

 

Шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Хэлэх зүйлгүй” гэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

 

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүх шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрөө нөхөн төлсөн байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Бусад асуудал: 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилжээ.

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дүгээр зүйлд зааснаар “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

 

 

Шүүгдэгч Б.Б нь өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцохоо шүүхэд бичгээр илэрхийлснийг тэмдэглэж түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б-г “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.АЮУШЖАВ