| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 307/2025/0265/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/303 |
| Огноо | 2025-06-13 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., |
| Улсын яллагч | К.Нанжинханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/303
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0265/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,
Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд,
Шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт******* овогт************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2518000000355 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* овогт************** (РД:******* ),******* оны******* дүгээр сарын******* -ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, , бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, , , хамт Дархан-Уул аймгийн сумын тоотод оршин суух хаягтай, урьд аймгийн шүүхийн 1994 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 85 дугаар зүйлд зааснаар 12 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч *******ийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө, 2024 оны 11 дүгээр сарын*******-ны өдөр, 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр тус тус Дархан-Уул аймгийн сум баг тоот гэртээ байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн мэдүүлсэн “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу.” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2518000000355 дугаартай хэргээс:
Хохирогч мөрдөн байцаалтад 2025 оны 03 дугаар сарын 12,******* дугаар сарын 01,******* дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн: “...Манай нөхөр******* бид хоёр 2002 оноос хойш гэр бүл болж одоо 23 жил хамт амьдарч байна. Манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Архи уусан үедээ намайг янз бүрийн хүмүүстэй хардаж хэрүүл хийж зоддог юмаа. Сүүлийн үед архи уухаараа намайг хутгалж, ална гэж хэрүүл хийж зодож маргалддаг болсон. 2025 оны 03 дугаар сарын 11-ний орой 18 цагийн үед намайг ажлаа тараад гэрт ирэхэд манай нөхөр ******* согтуу байхаар нь архи уусан юм уу гээд хэлсэн чинь зайл муу янхан авгай минь гээд гичий банзлаар нь дуудаад хаагуур яваад ирж байгаа янхан вэ? Хэдэн цагт ирдэг юм гээд өөрөө хийсэн байсан шөлтэй хоолоо аягалаад том өрөө рүү орсон. Тэгэхээр өнөөдөр хэнтэй архи уусан юм бэ гээд хэлсэн чинь би архи уугаагүй байна янхан минь гээд гартаа барьж байсан аягатай хоолоо над руу шууд шидэхээр нь би утсаа аваад цагдаа дуудах гэсэн чинь шууд гүйж ирээд үсдээд дараад толгой руу гараараа цохиод толгойгоороо мөргөөд байхаар нь би гараас нь хазаад тавихаар нь гэрээсээ зугтааж гараад сумын цагдаад дуудлага өгсөн. Тэгээд буцаад гэртэй орох гээд хаалга татахад өөдөөс хутга шидээд хаалга оносон. Тэгээд зүүн хөлийн шилбэ хэсэг рүү өшиглөхөөр нь цагдаа дуудсан гээд хэлсэн чинь хувцсаа өмсөөд гараад зугтаасан. Удалгүй сумын цагдаа ирээд аваад явсан.******* намайг үсдэж чирсэн, толгой руу гараараа хэд хэдэн удаа цохиж толгойгоороо мөргөж, зүүн хөлийн шилбэ хэсэг рүү өшиглөсөн. Мөн над руу хутга авч шидсэн. Миний толгой руу гараараа 3-4 удаа цохисон, толгойгоороо духны дээд хэсэгт 1 удаа мөргөж, үсдээд чирсэн, зүүн хөлийн шилбэ хэсэг рүү 1 удаа өшиглөсөн. 2020 оноос хойш архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ янхан гичийгээр харааж заримдаа цохиж зоддог байсан. Манай нөхөр намайг янз бүрийн хүмүүстэй байнга хоосон хардаж хардалтаасаа болж байнга хэрүүл хийж байнга алчхаад шоронд орно гэдэг болсон. ... Манай нөхөр 2022, 2023, 2024 онд шүүхээр орж баривчлагдаж байсан. Архи уусан үедээ хэргүүл хийж, хэл амаар доромжилж янхан гичий гэх зэргээр хараана. Гартаа таарсан эд зүйлээр цохиж шиднэ. Охин руу залгаад хараана. Утсаа авахгүй болохоор мессеж бичдэг. Манай нөхөр сүүлийн үед архи уухаараа ширүүн догшин зантай болоод байгаа. Энэ удаагийн асуудлаас өмнө 2-3 удаа агсан согтуу тавьж эрүүлжүүлэх саатуулах байранд орж шүүхээр нийт 3 удаа баривчлагдаж байна. 2024 онд агсан согтуу тавьж байгаа давтамж нь ойрхон болоод 2024 онд шүүхээр ороход нь хоёр удаагийн үйлдэл дээр нь 7, 7 хоног нийлээд 14 хоног баривчлагдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8, 53-54 дэх тал),
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 275 дугаартай: “... биед зүүн шилбэ, баруун гуяд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 13-14 дэх тал),
Аюулын зэргийн “...-7 буюу дунд ...” гэх үнэлгээ (хавтаст хэргийн 17-18 дахь тал),
Согтуурсан, мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоол, саатуулагдсан хүнийг сулласан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 19 дэх тал),
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ЗШ/40 дугаартай шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн 30-33 дахь тал),
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2023/ЗШ/ дугаартай шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн 34-35 дахь тал),
Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 39-42 дахь тал),
Сумын Хүүхэд, гэр бүл хамгааллын хамтарсан багийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 02 дугаартай хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн3 дахь тал),
*******ийн 2025 оны******* дугаар сарын 01-ний өдөр сэжигтнээр,******* дугаар сарын 23-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Би 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр сумын төвд айлд байшингийн мод буулгах ажил хийчхээд хоёр дүүтэй хамт 2 шил 0,75 литртэй Агар нэртэй архи хувааж уугаад гэртээ 14 цагт очсон. Гэртээ очоод гэрээ цэвэрлээд усанд орж дуусаад хоол хийгээд байж байхад ажлаасаа буугаад гэрт орж ирээд архичин минь архиа уучихсан юм уу зайлаарай гэхээр нь миний уур хүрээд маргалдаж эхэлсэн. Тэгээд сайн санахгүй байна нэг мэдсэн бид хоёр зууралдаж ноцолдож байтал цагдаа дуудна гэхээр би гэрээс гараад зугтах гээд гартал хашаан дотор сумын цагдаатай тааралдсан. Тэгээд намайг авч яваад эрүүлжүүлэх саатуулах байранд саатуулсан. Манай гэрт орж ирээд шууд чи архи уусан байна муу архичин минь зайл гээд хөөхөөр миний уур хүрээд маргалдсан. Би хэрүүл хийгээд архичин минь зайл гээд хэлээд байхаар хэрүүл хийж хэл амаар доромжилж янхан, гичийгээр дуудаж хэл амаар доромжилсон. Би их согтсон байна аа. ... Эхнэр удаа дараа буюу 3 удаа архидан согтуурсан үедээ хэрүүл маргаан хийж, бие эрх чөлөөнд нь халдаж зодсон үйлдэлдээ гэмшиж байна. Эхнэр чин сэтгэлээсээ уучлалт гуйж, архи дарс уухгүй, хэрүүл маргаан хийхгүй, дахиж бие эрх чөлөөнд нь халдахгүй гэж амлалт өгсөн байгаа. Мөн архины эмчилгээнд өөрийн хүсэлтээр явахаар болсон. Би 2024 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн сум дүгээр гудамжны тоот гэртээ хэрүүл маргаан үүсгэж түүнийг үсдэж зодсон, мөн 2024 оны 11 дүгээр сарын*******-ны өдрийн 18 цаг 30 минутын орчимд мөн архидан согтуурсан үедээ гэртээ бусадтай хий хардсаны улмаас үсдэж зодсон зөрчил үйлдэж Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн40 дугаартай шийтгэврээр дээрх 2 үйлдэлд тус бүр 7, 7 хоног, нийт 14 хоногийн баривчлах шийтгэл хүлээсэн. Дараа нь 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 20 цагийн орчимд мөн л архидан согтуурсан үедээ гэртээ хэрүүл маргаан хийж улмаар түүний зүүн шилбэ, баруун гуя хэсэгт нь өшиглөж зодсон асуудлаар сумын хэсгийн цагдаа дээр зөрчлийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаад шүүхээр орсон боловч шүүгч намайг гэр бүлийн хүчирхийлэл 3 дахь удаагаа үйлдсэн нь гэмт хэрэг байна гээд надад холбогдох зөрчлийг хэргийг хааж шийдвэрлэсэн юм. Миний хувьд удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Дахиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхгүй. Дахиж архи уухгүй гэдгээ өөртөө болонтээ амласан байгаа.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56-57, 67-68 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нар нь нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч *******ийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хорих ялыг *******т оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, тэнссэн шийдвэрийн биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв..
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2,, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,, 36.10 дугаар зүйлийн, 36.13 дугаар зүйлийн 1, 2,, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч******* ургийн овогт************** гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хорих ялыг *******т оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******т оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Шүүгдэгч *******т тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлэгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР