| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Гэршихбөртэ |
| Хэргийн индекс | 307/2025/0198/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/270 |
| Огноо | 2025-05-25 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., 11.4.2.3., |
| Улсын яллагч | К.Нанжинханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/270
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0198/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунцэцэг,
Улсын яллагч К.Нанжинханд,
Хохирогч ***, түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Т.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт *** холбогдох эрүүгийн 2518000000067 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **, *** нарын хамт *** аймгийн Дархан сумын *** дугаар багийн *** дугаар гудамжны *** тоотод оршин суух хаягтай,
Урьд:
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** оны 06 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан
*** овогт *** *** /РД: *** /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан “онц харгис хэрцгийгээр, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07 дугаар тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-14 дүгээр тал/, хохирогч *** мэдүүлэг /хх-ийн 20-21, 23 дугаар тал/, гэрч *** мэдүүлэг /хх-ийн 26 дугаар тал/, гэрч *** мэдүүлэг /хх-ийн 28 дугаар тал/, Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн *** оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-39 дүгээр тал/, хохирогч *** өвчний түүх /хх-ийн 41-63 дугаар тал/, Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн *** оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 68-70 дугаар тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 73-74 дүгээр тал/, яллагдагч *** мэдүүлэг /хх-ийн 77 дугаар тал/, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 92-98 дугаар тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 599 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 130-132 дугаар тал/, шинжээч *** мэдүүлэг /хх-ийн 182 дугаар тал/ гэх нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:
“шүүгдэгч *** нь 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр, 06 цагийн орчимд, Дархан-Уул аймаг, Дархан сумын 4 дүгээр баг, 22 дугаар хороолол, *** дүгээр байрны ** тоотод *** маргалдан, заазуураар гар, нуруу, толгой хэсэгт цавчиж, зүүн долоовор хурууны шивнүүрийн хугарал, тэнийлгэгч шөрмөсний тасрал, зүүн долоовор хуруу, зүүн дунд хуруу, дагз, зүүн чамархай, зүүн бугалга, зүүн даланд шарх, зүүн даланд цус хуралт бүхий хохирол учруулсан” гэх үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07 дугаар тал/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-14 дүгээр тал/,
- Хохирогч *** өгсөн: “...2025 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр би Дархан сумын 4 дүгээр баг 34 дүгээр байрны 58 тоотод *** гэрт уулзаж хоносон. Бид нар нийлж ууцгаасан. Тэгсэн *** над руу агсам согтуу тавиад байхаар нь би гараад явчихсан. Би гадуур явж байгаад *** гэрээс хувцсаа авах гээд очсон. Намайг оронгуут надаас хэрүүл өдөөд байхаар нь гараад явах гэсэн чинь гал тогооны өрөөнөөсөө заазуур гаргаж ирээд далайгаад хүзүү хэрэг рүү дайрахад нь би гараараа хамгаалсан чинь миний гарыг зүссэн. Тэгээд гараас цус гарахаар нь би гараа дараад байж байхад миний толгой, зүүн дал, мөр хэсэг рүү олон удаа заазуурдсан. Тэгээд би цагдаа дуудах гэсэн чинь миний гар утсыг булааж аваад өгөхгүй, миний гар утсыг аваад явчихсан. Тухайн үед *** нэг эрэгтэй хүнтэй хэрэлдээд байсан. Тэгснээ намайг хар залуугаараа хүүхэд цувуулаад гээд байсан. Тэгэхээр нь би чамд хүүхэд ч байхгүй байж гэж хэлсэн. Тэгээд байж байгаад орилж хашхираад байхаар нь би боль гэж хэлсэн чинь над руу агсраад байсан. Өөрийнхөө гар утсыг авчихмаар байна гэхэд миний гар утсыг өгөхгүй гээд аваад явчихсан. Миний гараас цус алдаад байхаар нь “би чамд гомдолгүй түргэн дуудаад өгөөч” гэж байгаад цагдаа дуудуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21, 23 дугаар тал/,
- Гэрч *** өгсөн: “...*** нарыг юунаас болж маргалдсныг мэдээгүй. Гэхдээ машинтай ирсэн найзынхаа талаар яриад маргалдаад байх шиг байсан. Тэгээд чанга чанга яриад байхаар нь шөнө орой болчихсон байна хэрэлдэхээ болиоч гэж хэлэхэд за одоо болилоо гэж хэлсэн. Тэгснээ гараад явчих шиг болсон хэсэг байж байгаад дахин орж ирэхдээ дахиад нэг шил архи барьчихсан орж ирсэн. Тэгснээ тэр хоёр он гарах үед манай *** эгч нөхөртэйгөө ирэх үеийн юмыг яриад тэр талаар маргалдаад байсан. Тэгээд бүр ширүүсээд барьцалдаад авахаар нь би гараад тэр хоёрыг салгасан. Тэгээд би шөнө дунд болж байна одоо болиоч “*** эгч та ер нь яваа гэр оронд ингэтлээ архи дарс уугаад тэгээд одоо хоорондоо маргалдаад байх юм” гэхэд эгч хажуугаас согтуудаа “зайл” гэх мэтийн зүйл хэлж байсан. Ингээд *** эгч хувцсаа өмсөөд манайхаас гараад явсан. Энэ үедээ *** эгч доороосоо юм унагаагүй гэж хэлж байсан. Би хувьдаа эгчийг хүүхэд төрүүлээгүй талаар хэлж байна даа гэж ойлгосон” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар тал/,
- Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн *** дугаартай “*** биед баруун долоовор хурууны шивнүүрийн хугацрал, тэнийлгэгч шөрмөсний тасрал, баруун долоовор хуруу, баруун дунд хуруу, дагз, зүүн чамархай зүүн бугалга, зүүн даланд шарх, зүүн даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид амь нас, эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-39 дүгээр тал/,
- Хохирогч *** өвчний түүх /хх-ийн 41-63 дугаар тал/,
- Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн *** оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 68-70 дугаар тал/,
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 73-74 дүгээр тал/,
- Яллагдагч *** өгсөн: “...бид хоёр дахин юм ярьж сууж байгаад дүү нарын хажууд тийм юм ярьж сууж байдаг, би чиний дүү *** хажууд тийм юм яриад байвал чамд ямар байх уу гэж хэлсэн. Тэгсэн чинь миний өөдөөс үнэн л юм хэлсэн, хүүхэд гаргадаггүй чинь үнэн биз дээ хүн болгон мэднэ гэж хэлсэн. Тэгээд бид хоёр барилцаж аваад үстэлцээд газар унасан. Тэгээд бид хоёр хоёр тийшээ салсан. Манай хоёр дүү том өрөөнд хоол хийж байгаад ширээн дээр заазуураа үлдээчихсэн байсан. Би тэрийг аваад *** айлгах гэж далайгаад тэр чигээрээ цохичихсон байна. Нэг хэсэг ухаан балартаад юу болсныг мэдэхгүй байна. Би тэр үед өөрийнхөө утсаар цагдаа, түргэн рүү дуудлага өгчихөөд айгаад гараад явчихсан. Гарч явахаасаа өмнө *** хөнжлөөр гарынхаа цусыг сайн дараарай гэж хэлээд гараад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 77 дугаар тал/,
- Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 92-98 дугаар тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 130-132 дугаар тал/,
- Шинжээч *** өгсөн: “...миний бие 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дээрх дүгнэлтийг гаргасан. Дээрх дүгнэлтэд тусгагдсан баруун долоовор хурууны шивнүүрийн хугарал, тэнийлгэгч шөрмөсний тасрал, баруун долоовор болон дунд хуруунд үүсгэгдсэн шарх гэмтэл нь бичиг техникийн алдаа гарч солигдсон байна. Дээрх шарх гэмтэл нь зүүн долоовор болон дунд хуруунд үүсгэгдсэн байсан. Мөн зүүн долоовор хурууны шивнүүрийн хугарал, тэнийлгэгч шөрмөсний тасрал гэмтэл учирсан байсан. Хохирлын зэрэгт ямар нэгэн өөрчлөлт орохгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 182 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн *** оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн *** дугаартай дүгнэлтэд хохирогч *** зүүн гарт үүссэн гэмтлийг баруун гарт үүссэн гэх байдлаар бодит байдлаас зөрүүтэйгээр бичигдсэнийг шинжээч эмч *** мэдүүлэг авч зөвтгөсөн бөгөөд энэ талаар улсын яллагч, хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар мэтгэлцээгүй болно.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *** үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан “онц харгис хэрцгийгээр, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Улсын яллагч шүүх хуралдаанд “Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг онц харгис хэрцгий аргаар болон хохирогчийн бие махбод, сэтгэл санааны шаналал үүсгэж үйлдсэн нь үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна” гэх гэм буруугийн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд: Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар хөнгөрүүлсэн байдлаар зүйлчилсэн гэхдээ гэмт хэрэг үйлдсэн байдал, хэргийн нөхцөл байдал, сэтгэл санааны шаналал зэрэг нь хэргийн байдалтай тохирох нь зүйтэй. Шүүгдэгч нь гэр ахуй нөхцөлд хэрэглэх заазуурыг хохирогчийн амин тус газарт дайрсан үйлдэл харагддаг. Хоолойн тус газарт далайхад хохирогч гараараа хамгаалаагүй бол газар дээрээ амь насаа алдах хэмжээний байсан. Мэс заслаар хурууны шөрмөсийг задалж оёсон байдаг. Ингээд хохирогч гарынхаа цусыг дараад тонгойх үед нь дал толгой хэсгийг зүссэн байдаг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон. Эдгээр нөхцөл байдлуудаас үзэхэд хохирогчийн амь насыг онц харгис хэрцгий аргаар заналхийлсэн үйлдэл байна.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд: Гэм буруу дээр маргахгүй учир цаашид хохирогчид учирсан хохирлыг нотлох баримтын хүрээнд төлж барагдуулна” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан бичгийн нотлох баримт, эд мөрийн баримтуудыг шинжлэн судалж, түүнд үндэслэн дүгнэлт хийх аргаар хэргийн үйл баримтыг тогтоодог.
Энэхүү үйл баримтаар шүүгдэгч *** нь хохирогч *** биед зүүн долоовор хурууны шивнүүрийн хугарал, тэнийлгэгч шөрмөсний тасрал, зүүн долоовор хуруу, зүүн дунд хуруу, дагз, зүүн чамархай зүүн бугалга, зүүн даланд шарх, зүүн даланд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн *** дугаартай дүгнэлт, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээр эргэлзээгүй тогтоогдож байна.
Энэ нь шүүгдэгчийн өөрөө хүсэж үйлдсэн, ухамсарт үйлдэл мөн ба уг үйлдлийн улмаас хохирогч *** биед хүндэвтэр хохирол учруулсан шалтгаант холбоотой байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар” гэж,
2.3-т “бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн бол” гэж тус гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “онц харгис хэрцгийгээр” гэдэгт хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгасан, тарчлаан зовоосон байдлыг ойлгох ба шүүгдэгч уг үйлдлийнхээ харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, хүсэж үйлдсэн байхыг ойлгодог.
Харин “бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн” гэдэгт удаан хугацааны турш хоол ундгүй байлгах, осгоох, эрүүл мэндэд аюултай, хортой нөхцөлд байлгах зэргээр өвтгөн шаналгасан, зовж зүдрэхээр нөхцөлийг зориуд бүрдүүлж хохирол учруулсныг ойлгохоос гадна нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйн үр дагавар, хохирол, хор уршгийн шинж чанараар мөн тодорхойлогдож болно.
Шүүгдэгч *** нь хохирогч *** гар, толгой, нуруу хэсэгт олон удаа заазуураар цавчиж зүүн долоовор хурууны шивнүүрийн хугарал, тэнийлгэгч шөрмөсний тасрал, зүүн долоовор хуруу, зүүн дунд хуруу, дагз, зүүн чамархай зүүн бугалга, зүүн даланд шарх гэмтэл үүсгэсэн нь онц харгис хэрцгий шинжтэй бөгөөд уг гэмтлийн шинж байдал, үр дагавар нь хохирогчийг бие махбод, сэтгэл санааны шаналал, зовиурт автуулсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэрэгт завдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж,
4 дэх хэсэгт “Гэмт хэргээ туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзахаас өмнө хийсэн үйлдэл, эс үйлдэхүй нь бие даасан өөр гэмт хэргийн шинжтэй байвал тухайн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасан.
“Хүнийг алахыг завдах” болон “Хүний эрүүл мэндэд хохирол учруулах” гэмт хэргүүд нь гэмт санаа зорилго буюу субъектив талын шинжээр ялгаатай. Өөрөөр хэлбэл, хүнийг алах гэмт хэргийн хувьд гэмт этгээд хохирогчийн үхлийг урьдаас хүсэж, амь насыг нь хөнөөх санаа зорилго агуулж үйлддэг бол хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэрэгт энэ шинж үгүйсгэгддэг.
Иймд шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан “онц харгис хэрцгийгээр, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас “...Шүүгдэгч *** үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хохирол төлбөр төлсөн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих хугацаагаар ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх” саналыг,
Хохирогчийн өмгөөлөгч: “...шүүгдэгчийн хувьд өмнө найз нөхөд байсан, хохирол төлбөрөө төлсөн зэргийг харгалзан хохироос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Миний үйлчлүүлэгчийн хувьд үйлдсэн үйлдэлдээ гэмшиж тухайн хэрэг болсноос хойш өөртөө дүгнэлт хийж чадсан. Тухайн гэмт хэргийг үйлдсэн боловч цагдаагийн байгууллага, эмнэлгийн байгууллагыг дуудсан байдаг. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр, сэтгэцэд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Иймд миний үйлчлүүлэгчид торгуулийн доод хэмжээгээр торгох шийтгэл оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч *** нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 87/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч *** нь өмнө гэмт хэрэг үйлдэж байсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, түүний эрх зүйн байдлыг доордуулах үндэслэл болохгүй ч шүүхээс түүний хувийн байдлыг тогтооход авч үзэх нь зүйтэй.
Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн арга, хэлбэр, гэмт үйлдлийн шинж зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар 1 жил хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1-т “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж,
511 дүгээр зүйлийн 511.3-т “.Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тус тус заасан.
Шүүх хуралдаанд шүүгдэгч *** хохирогч *** нь сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх зардалд нийт 15,173,400 төгрөгийг нэхэмжилсэн.
Гэмт хэргийн улмаас хохирогч *** сэтгэцэд учирсан хор уршиг нь гуравдугаар зэрэглэлд хамаарч байгаа болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 599 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 130-132 дугаар тал/-ээр тогтоогдож байна.
Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн нийт шүүгчдийн хуралдааны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд нөхөн төлүүлэх төлбөрийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар зохицуулсан.
Шүүх сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэхдээ хохирогчийн эрүүл мэндийг хамгаалах, сэтгэцийн эмгэгийг арилгах зорилгод нийцүүлэн, нөхөн төлбөрийн хэмжээг шударга, үндэслэл бүхий тогтоох, хор уршиг ба нөхөн төлбөрийн тэнцвэрт байдлыг хангах, хохирогч нь өөрт учирсан хохирлоор ашиг бий болгохгүй байх зарчмын хүрээнд гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар зэргийг харгалзаж тогтоодог бөгөөд энэхүү нөхцөл байдлуудыг харгалзан насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх төлбөрт тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх байдлаар, нийт 13,200,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэж нэхэмжлэлийн бусад хэсэг буюу 1,973,400 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зөв байна гэж дүгнэв.
Шүүгдэгч *** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн эмчилгээний зардалд 540,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлөх зардалд 5,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан бөгөөд гэм буруугийн шүүх хуралдаанд сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлөх нэхэмжлэлийг шүүхээс шийдвэрлэсэн хэмжээгээр буюу 8,200,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэлээ.
Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 1,282,701 төгрөгийн зардлыг шүүгдэгч *** нь нөхөн төлсөн болохыг тэмдэглэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч*** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *** овогт *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан “онц харгис хэрцгийгээр, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч *** 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэнийн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогчоос нэхэмжилсэн 15,173,400 төгрөгийн нэхэмжлэлээс 8,200,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 1,973,400 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРШИХБӨРТЭ