Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 1075

 

 

 

 

 

 

 

 

 

 “С” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 104/ШШ2019/00123 дугаар шийдвэртэй, “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Дд холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 670 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавхлан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чулуунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч “С” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Д нь манай компанитай 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр №352016 дугаартай бэлтгэн нийлүүлэх гэрээг байгуулж, уг гэрээгээр манай компани ОХУ-ын Газпромнефть компаниас импортоор оруулж ирсэн, чанарын шаардлага хангасан тос тосолгооны материалыг хариуцагч талын захиалгаар нийлүүлэх, хариуцагч тал бараа бүдээгдэхүүнийн үнийн дүнг төлөхөөр харилцан тохиролцсон. 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн тооцоо нийлсэн баримт дахь 3 670 000 төгрөгийн үлдэгдлийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би зээлээр Газпромнефтийн тос, тосолгооны материал худалдаж авсан ч өр төлбөрөө цаг тухайд нь өгдөг. 3 670 000 төгрөгийн үнэ бүхий тос тосолгооны материал худалдаж аваагүй.

Нэхэмжлэгч талаас өгсөн баримтад M-8V тос 20 литрээр 10 ширхэгийг 450 000 төгрөг, I-20 тос 205 литрээр 2 удаа 960 000 төгрөг, Литон-24 тосыг 18 кг 3 ширхэг 270 000 төгрөгөөр, тос 230 кг 1 ширхэг 440 000 төгрөг, нийт 2 120 000 төгрөгийн бүтээгдэхүүн зээлээр авсан байдаг.

“С” ХХК-ийн төлөөлөгч Т.Гомбожав бараа материалыг хүргэж ирэх, мөнгө төлбөрийн баримтыг хүлээлгэн өгөх, төлөх ёстой мөнгийг хүлээн авдаг байсан. 2017 он гарсны дараа тус компанийн захирал эмэгтэй надруу ярихад нь Т.Гомбожавын яриаг сонсгож, захирал Н.Ариундарьд төлбөр тооцоо дууссан төлөх төлбөргүйгээ хэлсэн. Миний төлсөн мөнгийг Т.Гомбожаваасаа нэхэх ёстой. Би төлбөрийг бүрэн төлсөн, 3 670 000 төгрөгийн бүтээгдэхүүн худалдан аваагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Даваацагаанаас 3 190 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 480 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “С” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 73 670 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Даас 65 690 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгон шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Д давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээв зөвшөөрөхгүй. Би төлбөр тооцоогоо хожимдуулж өгдөг байсан бөгөөд Т.Гомбожав надаас нийт төлбөрөө бэлэн хэлбэрээр авсан байдаг. Би 2 120 000 төгрөгийн бүтээгдэхүүн зээлээр авч, уг төлбөрөө төлсөн гэдгээ нотолсон. Мөн 1 500 000 орчим төгрөгийн бүтээгдэхүүн зээлээр авч, Т.Гомбожавт бэлнээр 1 000 000 төгрөг, ажилчдын хажууд 620 000 төгрөг өгсөн бөгөөд энэ талаар гэрчүүд нотолж ярьсан байдаг. Иймд уг компанид төлөх төлбөр байхгүй.

Шүүх гэрч нарын мэдүүлгийн үнэлээгүй, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Т.Гомбожав надтай уулзаж төлбөрөө авдаг байсан бөгөөд өөр хүнтэй холбогддоггүй байсан талаар шүүх дүгнэлт өгөөгүй.

Хэргийн баримтаас үзэхэд би тус компаниас авсан гэх бараа бүтээгдэхүүний үнийг Т.Гомбожавт төлбөр төлж байсан цаг хугацааны хувьд тэрээр энэ компанид ажиллаж байсан хугацаатай давхцаж байна. Энэ нь Т.Гомбожав буюу эрх бүхий этгээдэд төлбөрөө төлж байсан нь харагдаж байгаа. Мөн миний дүүгийн шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлгээр нотлогддог.

Шүүх 3 190 000 төгрөгийн үүргийг гүйцэтгүүлэхээр шийдвэрлэхдээ миний бараа бүтээгдэхүүн авсан хугацаа болон нэхэмжлэгч байгууллагын гаргасан баримтуудын он, сар, өдөр зөрсөн хэдий ч ханш зөрөөгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. Нэхэмжлэгч тал нийт 4 удаагийн явалтаар зээлээр авсан тухай дурддаг бол би 2 удаагийн явалтын талаар дурддаг. Эдгээрийн дүн зөрүүтэй байхад шүүх үнийн дүн зөрүүгүй гэж шийдвэрлэсэн нь буруу юм.

Нэхэмжлэгч байгууллагын ажилтан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдчихээд байхад түүнийг нуун дарагдууж, надаас төлбөр гаргуулж байгаа нь шударга бус байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч “С” ХХК шүүхэд хандан, хариуцагч Б.Даас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 670 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, “... хүлээн авсан барааны үнийг төлсөн ...” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлан, маргасан байна.

Талуудын байгуулсан 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 35/2016 дугаартай гэрээний дагуу Б.Д нь “С” ХХК-аас газпромнефть тос хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан бэлтгэн нийлүүлэх гэрээ, тооцоо нийлсэн актууд, зарлагын баримтууд, нэмэгдсэн өртгийн татварын падаан, гэрч Т.Цогтбаатар, Т.Цогтмягмар, Б.Энхшүр нарын мэдүүлэг, талуудын тайлбараар нотлогдсон байна. /хх 8-13, 15-17, 57-58, 40-46, 71 дэх тал/ Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсч, улмаар гэрээний нэг тал нөгөө талаас үүргээ биелүүлэхийг шаардлах эрхтэй гэж зөв дүгнэжээ.

Зохигчид гэрээний үүргийн зөрчлийн талаар маргасан байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нар өөрсдийн тооцоо нийлсэн актуудыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгчээ. Уг нотлох баримтуудаас үзэхэд “С” ХХК нь Б.Дд 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 1 520 000 төгрөгийн, мөн оны 8 дугаар сарын 11-ний өдөр 480 000 төгрөгийн, 11 дүгээр сарын 17-ны өдөр 1 040 000 төгрөг, нийт 3 040 000 төгрөгийн үнийн дүн бүхий газфромнефть тос хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 5085133242 тоот дансаар 1 040 000 төгрөг төлж 2 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй талаар, мөн гэрч Т.Цогтмягмарын хүлээн авсан 2 120 000 төгрөгийн үнэ бүхий тосноос 450 000 төгрөгийн буцаалт хийж, 1 670 000 төгрөгийн тосны үнэ төлөөгүй үлдэгдэлтэй талаар 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр тус тус тооцоо нийлсэн акт үйлджээ. Улмаар 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр талууд дахин тооцоо нийлж, дээрх актаар баталгаажуулсан дүнг нэгтгэн, хариуцагч Б.Д худалдан авсан барааны үнэд нийт 3 670 000  төгрөг төлөх үлдэгдэлтэй байгааг баталгаажуулан, гарын үсэг зурсан  үйл баримт зохигчдын тайлбар, гэрч Т.Цогтмягмар, Б.Энхшүр нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /хх 57-58, 72 дахь тал/

Хариуцагч Б.Д тооцоо нийлсэн өдрөөс хойш худалдан авсан барааны үнийг төлсөн гэдгээ нотлох баримтаар нотлоогүйн гадна гэрч Т.Цогтмягмар, Т.Цогтбаатар, Б.Энхшүр нарын мэдүүлэг нь хариуцагчийг нэхэмжлэгч компаниас эрх олгогдсон Т.Гомбожав гэх этгээдэд барааны үнийг өгсөн үйл баримтыг харсан гэдгийг гэрчлээгүй байна. Иймд хариуцагчийг худалдан авсан барааны үнэ төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Шүүх дээрх нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэг заасан журмын дагуу харьцуулан үнэлж хэргийн 15-16 дахь талд авагдсан зарлагын баримтад бичигдсэн 480 000 төгрөгийн тосыг хариуцагчийг хүлээн авч, гарын үсэг зураагүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагаас 480 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхггүй болгон, хариуцагчаас 3 190 000 төгрөгийг нэхэмжлэгчид гаргуулахаар шийдвэрлэсэн нь  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 104/ШШ2019/00123 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 65 690 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ц.ИЧИНХОРЛОО

 

                  ШҮҮГЧИД                         Э.ЗОЛЗАЯА

 

                                                                        Ч.ЦЭНД