| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Мөнх-Өлзий |
| Хэргийн индекс | 128/2022/1001/З |
| Дугаар | 128/ШШ2022/0945 |
| Огноо | 2022-12-13 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 128/ШШ2022/0945
| 2022 оны 12 сарын 13 өдөр | Дугаар 128/ШШ2022/0945 | Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнх-Өлзий даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч : О.Ө******** /
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч : Г.Т********
Хариуцагч : Монголын Хуульчдын холбоо
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч : С.О******** / нарын хооронд Хуульчдын холбооны гишүүнээр элсүүлж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзсантай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т******** , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О******** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Д******** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч О.Ө******** аас Иргэн О.Ө******** ыг Монголын Хуульчдын холбооны гишүүнээр элсүүлэхгүй, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзсан Монголын Хуульчдын холбооны 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2/738 дугаар, 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2/650 дугаар Хариу хүргүүлэх тухай татгалзлыг хууль бус болохыг тогтоолгож, Хуульчдын холбооны гишүүнээр элсүүлж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохыг Монголын Хуульчдын холбоонд даалгуулах-аар маргаж байна.
Хоёр: Хэргийн үйл баримтын тухайд:
2.1. Нэхэмжлэгч О.Ө******** нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 963 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөл, эрх олгосон тамга тэмдгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан санаатай гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон.
2.2. Нэхэмжлэгч О.Ө******** нь 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс, 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулагдсан хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцэж, мөн оны 11 дүгээр сарын 09-ний хуульчийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх хүсэлтээ Монголын Хуульчдын холбоонд хүргүүлжээ.
2.3. Монголын Хуульчдын холбооны 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2/738 дугаар албан бичгээр ...Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д санаатай гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон, эсхүл авлигын болон албан тушаалын хэрэгт буруутгагдаж хууль зүйн хариуцлага хүлээсэн бол хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзана гэж заасны дагуу Хуульчдын холбооны гишүүнээр элсүүлж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзаж байгаа тухай иргэн О.Ө******** д мэдэгдсэн байна.
2.4. Дээрх албан бичгийг эс зөвшөөрч О.Ө******** 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Монголын Хуульчдын холбоонд хариу тайлбар гаргасан бөгөөд хариу ирүүлээгүй тул 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр дахин Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгчид хандан гомдол гаргажээ.
2.5. Монголын Хуульчдын холбооноос 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2/650 дугаар албан бичгээр ...Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2-т өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэсэн байх тул Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д санаатай гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон, эсхүл авлигын болон албан тушаалын хэрэгт буруутгагдаж хууль зүйн хариуцлага хүлээсэн бол хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзана гэж заасны дагуу Хуульчдын холбооны гишүүнээр элсүүлж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзаж байгааг дахин мэдэгдэж байна гэх хариуг иргэн О.Ө******** д хүргүүлсэн байна.
2.6. Иймд Монголын Хуульчдын холбооны 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2/738 дугаар, 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2/650 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичгүүдийг нэхэмжлэгч О.Ө******** тус тус эс зөвшөөрч 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргажээ.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч О.Ө******** шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Монгол улсын иргэн О.Ө******** миний бие 2004 онд Улаанбаатар-Эрдэм дээд сургуулийг эрх зүйч-бакалавр мэргэжлээр төгсөж одоог болтол өөрийн мэргэжлээрээ дагнан ажиллаж байгаа билээ. Миний бие Монголын Хуульчдын холбооноос зарласан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох шалгалтад 2021 оны 09 дүгээр сард шалгуулж, 75.21 оноо авч шалгалтдаа тэнцсэн билээ. Гэтэл иргэн намайг урьд нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 963 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон гэсэн үндэслэлээр Хуульчдын холбооны гишүүнээр элсүүлж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохгүй байна. Миний бие өөрийн эрх ашгийг хамгаалах гэж Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгчид 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гомдол гаргасан боловч ямар нэгэн хариу ирүүлээгүй бөгөөд дахин 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гомдол гаргахад 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2/650 дугаартай албан бичгээр иргэн О.Ө******** намайг Хуульчдын холбооны гишүүнээр элсүүлж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуг ирүүлснийг эс зөвшөөрч байгаа болно. Монгол Улсын Үндсэн хуулийн 14.2-т Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна, мөн хуулийн 16.4-т ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй гэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг ажил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа дуусна гэсний дагуу иргэн миний ялгүйд тооцогдох хугацаа өнгөрсөн байхад санаатай гэмт хэрэг үйлдсэн гэсэн үндэслэлээр бүх насаар минь ажил мэргэжлээрээ ажиллах боломжгүй шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна. Иймд Монголын Хуульчдын холбооны энэхүү шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, Хуульчдын холбооны гишүүнээр элсүүлж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохыг Монголын Хуульчдын холбоонд даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т******** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Иргэний хууль зэрэг үндсэн хуулиасаа давсан зохицуулалт байна. Үүнийг зөвшөөрөхгүй байна. О.Ө******** ы үйлдсэн хэрэгтэй нь маргахгүй. Монгол Улсын Үндсэн хуулиар хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх ёстой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт нэмэгдэл ял гэсэн ойлголт бий. Мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хориглохыг эрх хасах ял гэж заасан. Гэтэл Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол бүх насаар нь уг мэргэжлийг хийхгүй хэмээн хуульчилсан. Эрүүгийн хууль, Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байна. Хуульчдын холбооны эрх зүйн байдлын тухай хуулийг баримтлан шийдвэр гаргавал яаж шийдвэрлэхийг би мэдэж байна. Гэхдээ иргэн хүний хувьд Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргасан байгаа, хэрэг үүсэж магадгүй. Шүүгч уг хуулийг хэрэглэлгүй, Монгол Улсын Үндсэн хууль зэрэг органик хуулиудаа барьж шийдвэр гаргана уу хэмээн хүсэж байна. Монголын Хуульчдын холбоонд өмгөөлөгч нарын дунд ял авсан, санаатай гэмт хэрэг үйлдсэн хүмүүс байгаа. Гэхдээ хэнд нь хуульчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг олгоод хэнд нь олгохгүй байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулийн заалтыг баримтлан шийдвэрлэхийг хүсэж байна гэжээ.
3.3. Хариуцагч Монголын Хуульчдын холбоо шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Иргэн О.Ө******** нь 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс, 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцэж, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хуульчийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх хүсэлтээ ирүүлсэн. Уг хүсэлтийг хянаж үзэхэд иргэн О.Ө******** нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш буюу Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 963 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 1,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн гэх лавлагааг Цагдаагийн ерөнхий газар болон Улсын ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн тусгай архиваас тус тус ирүүлсэн. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт санаатай гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон нь өргөдөл гаргагчид Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл болно гэж заасны дагуу О.Ө******** ыг Хуульчдын холбооны гишүүнээр элсүүлж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээ олгохоос татгалзсан байна. Түүнчлэн О.Ө******** ы нэхэмжлэлдээ дурдсан ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа дуусна гэсний дагуу иргэн миний ялгүйд тооцогдох хугацаа өнгөрсөн... гэх үндэслэл нь дээрх хуулийн заалтад хамаарахгүй буюу хөөн хэлэлцэх хугацаа нь гэмт хэрэг үйлдсэнээс хойш яллагдагчаар татагдах хүртэл хугацаанд хамааралтай тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О******** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Эрүүгийн хуулийн эрх хасах ялын талаар ярьсан. Эрх хасах ялыг тодорхой төрлийн гэмт хэрэгт шүүх өөрөө хэрэглэхээр заасан. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт санаатай гэмт хэрэг үйлдэж шүүхийн шийтгэх тогтоол гарсан, эсхүл авлагын буюу албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн бол хэмээн тодорхой заасан. Иймд хууль зүйн хариуцлага хүлээлгэсэн. Гэтэл нэхэмжлэгчээс хууль зүйн хариуцлага хүлээлгэх талаар маргаж буй нь хэрэгт ач холбогдолгүй байна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль гарахаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хуульч байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ батлагдсанаас хойш гэмт хэрэг үйлдсэн хүнд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохгүй. Үйлдсэн гэмт хэргийн хор уршиг хуульчийн ёс зүйн хувьд тохирохгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан баримтууд, хариуцагчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч О.Ө******** аас хариуцагч Монголын Хуульчдын холбоонд холбогдуулан гаргасан Иргэн О.Ө******** ыг Монголын Хуульчдын холбооны гишүүнээр элсүүлэхгүй, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзсан Монголын Хуульчдын холбооны 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2/738 дугаар, 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2/650 дугаар Хариу хүргүүлэх тухай татгалзлыг тус тус хууль бус болохыг тогтоолгож, Хуульчдын холбооны гишүүнээр элсүүлж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохыг Монголын Хуульчдын холбоонд даалгуулах гэж шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлсон.
2. Нэхэмжлэгчээс ....иргэн миний ялгүйд тооцогдох хугацаа өнгөрсөн байхад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзсан нь Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар ялгаварлан гадуурхахгүй байх, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох... эрхийг зөрчиж, бүх насаар минь ажил мэргэжлээрээ ажиллах боломжгүй болгож байна... гэж, Хариуцагчаас ...нэхэмжлэгч санаатай гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон тул хуульд заасны дагуу хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзсан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй... гэж тус тус тайлбарлан маргаж байна.
2. Нэхэмжлэгч О.Ө******** Хуульчдын холбоонд гишүүнээр элсэх тухай өргөдөл, хавсралт материалыг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Монголын Хуульчдын холбоонд гаргасан байна (хавтаст хэргийн 64-77 дахь тал).
3. Дээрх өргөдөл, түүнд хавсаргасан баримтуудыг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т Хуульчдын холбоо нь өргөдөлд хавсаргасан баримт бичгийн үнэн зөв байдлыг шалгаж, хуульчид тавигдах зан байдлын болон эрүүл мэндийн шаардлагыг харгалзан гишүүнээр элсүүлэх эсэхийг шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан Монголын Хуульчдын холбоо шалгаж, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 36 дугаар дүгнэлтээр ...О.Ө******** д Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэлтэй байна гэж шийдвэрлэжээ (хавтаст хэргийн 16-20, 51-55 дахь тал).
4. Улмаар Монголын Хуульчдын холбооноос 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2/738 (хавтаст хэргийн 21, 57 дахь тал), 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2/650 дугаар албан бичгүүд (хавтаст хэргийн 8, 34, 62 дахь тал)-ээр тус тус О.Ө******** ыг Хуульчдын холбооны гишүүнээр элсүүлж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзсаныг мэдэгдсэн байна.
5. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.2-т зааснаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох чиг үүргийг Хуульчдын холбоо хэрэгжүүлэх бөгөөд мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Дор дурдсан үндэслэл байвал өргөдөл гаргагчид хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзана, 21.1.1-д санаатай гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон, эсхүл авлигын болон албан тушаалын хэрэгт буруутгагдаж хууль зүйн хариуцлага хүлээсэн заасан байна. Энэхүү зохицуулалтаас үзэхэд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахыг хүссэн этгээдийн хувьд санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд түүнд зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл болох, тухайн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон, тухайн тогтоол хүчин төгөлдөр болсон байхыг зохицуулсан байна.
6. Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч О.Ө******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөл, эрх олгосон тамга тэмдгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан санаатай гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээсэн болох нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 963 дугаар шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 24-31, 43-46 дахь тал), Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 8б/1718 дугаар албан бичгийн хавсралт (хавтаст хэргийн 15, 56 дахь тал)-аар тус тус тогтоогдож байна.
7. Эндээс үзэхэд, хариуцагч Монголын Хуульчдын холбоо хуульд заагдсан чиг үүргийнхээ хүрээнд хянан шалгаж, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д санаатай гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон... гэх үндэслэлээр 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2/738, 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2/650 дугаар албан бичгүүдийг хүргүүлэн нэхэмжлэгч О.Ө******** ыг Хуульчдын холбоонд гишүүнээр элсүүлж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзсан нь хуульд нийцсэн байх бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
8. Түүнчлэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэлүүдийг тусгайлан зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ, 11.7-д Шүүх хууль хоорондоо зөрчилтэй болон хууль шударга бус, эсхүл нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш гэсэн үндэслэлээр хуулийн хэм хэмжээг хэрэглэхээс татгалзах эрхгүй гэж заасны дагуу шүүх Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэглэх ёстой ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд тайлбарлаж байгаагаар хуулийг шүүх тайлбарлан хэрэглэх боломжгүйг дурдах нь зүйтэй байна.
9. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч байгууллага шийдвэр гаргахдаа хууль тогтоомж зөрчиж, түүнээс үүдэж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн Монголын Хуульчдын холбоонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Ө******** аас гаргасан Монголын Хуульчдын холбооны гишүүнээр элсүүлэхгүй, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзсан Монголын Хуульчдын холбооны 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2/738 дугаар, 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2/650 дугаар Хариу хүргүүлэх тухай татгалзлыг хууль бус болохыг тогтоолгож, Хуульчдын холбооны гишүүнээр элсүүлж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохыг Монголын Хуульчдын холбоонд даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээ үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ