Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2021/ДШМ/508

 

 

 

 

 

  2021            05            25                                         2021/ДШМ/508    

 

Д.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Р.Очирсүрэн,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 2021/ШЦТ/238 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Э-, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Э-д холбогдох эрүүгийн 2008000001620 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Э-,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 287 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялыг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр эдлэж дууссан;

 

Шүүгдэгч Д.Э- нь 2020 оны 11 дүгээр сарын 26-ны шөнийн 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 31 дүгээр гудамжинд явж байсан иргэн А.А-гийн куртикны энгэрээс заамдаж, хэвлий хэсэгт нь хоёр удаа, нүүрэн тус газар нь нэг удаа тус тус цохиж, хүч хэрэглэн довтолж “Samsung S8” загварын гар утсыг нь дээрэмдэн авч, 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, Д.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Э- давж заалдах гомдолдоо: “...миний бие иргэн А.А-гийн биед хүч хэрэглэж цээжинд нь хоёр удаа, нүүрэнд нь нэг удаа гараар цохиж гар утсыг нь булааж авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Прокурор болон шүүхээс тогтоосон хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Хохирогчийн гар утсыг хэрэг болсны маргааш бүрэн бүтэн буцаан өгч хохирол гомдолгүй болгосон. Миний бие ар гэрийн хувьд эхнэр эрхэлсэн тодорхой ажилгүй, 5 сараас 6 насны хоёр охины хамт ядуу зүдүү амьдардаг тул ар гэрийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж 1 жил болгон өөрчилж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Д.Э-ийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий давж заалдах гомдолдоо: “...шүүгдэгч Д.Э- нь 2020 оны 11 дүгээр сарын 26-ны шөнө иргэн А.А-гийн биед хүч хэрэглэж хэвлий хэсэгт нь хоёр удаа, нүүрэн тус газар нь нэг удаа тус тус цохиж “Samsung S8” загварын гар утсыг нь дээрэмдэн авсан хэргээ бүрэн хүлээж гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй болохоо өөрийн бичгээр гаргасан давж заалдах гомдолдоо дурдсан байна. Энэ хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирол болох гар утсыг буцаан өгч хохирол төлбөргүй болсон. Шүүгдэгч нь 2017 онд бусдын автомашиныг авч зугтсан гэх хэрэгт 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялаа эдлэж дуусгавар болсон нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон тул шүүхүүд энэ нөхцөл байдлаар хувийн байдлын дүгнэлт хийж эрх зүйн байдлыг дордуулж ял хүндрүүлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Д.Э- нь бага насны хоёр хүүхэдтэй, эхнэр нь ажилгүй, үйлдсэн хэргээ хүлээж гэмшиж байгаа, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

 

Прокурор Р.Очирсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, шүүгдэгч Д.Э- нь 2020 оны 11 дүгээр сарын 26-ны шөнийн 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 31 дүгээр гудамжинд явж байсан иргэн А.А-гийн куртикны энгэрээс заамдаж, хэвлий хэсэгт нь хоёр удаа, нүүрэн тус газар нь нэг удаа тус тус цохиж хүч хэрэглэн, халаасанд байсан “Samsung S8” загварын гар утсыг нь дээрэмдэн авч, бусдад 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

хохирогч А.А-гийн “...175-180 см өндөр халзан толгойтой залуу ирээд шууд миний куртикны энгэр хэсгээс зүүн гараараа заамдаж аваад хэвлий хэсэг рүү баруун гараа зангидаж байгаад хоёр удаа нүүрэн тус газар нэг удаа цохисон. ...Миний “Samsung S8” загварын гар утсыг гарнаас булааж авсан. ...” /хх 11/,

гэрч Я.Б-ы “...Э- тэр ахтай маргаад байсан. ...Э- тэр ахын нүүрэн тус газар зүүн гараараа нэг удаа цохиод авахаар нь би. ...Э- 40 орчим насны эрэгтэй хүний хар өнгийн “Samsung S8” загварын гар утсыг авчихсан байсан. ...” /хх 17/,

гэрч С.Б-ийн “...тэр хүн нь өшиглөж, нүүр лүү нь цохиж зодсон гэж хэлж байсан. ...” /хх 18-20/ гэсэн мэдүүлгүүд,

эд зүйлийн үнэлгээний тайлан /хх 24/, “Samsung S8” загварын гар утсыг эд мөрийн баримтаар хураан авч, хохирогч А.А-д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 26-27/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг, тухайлбал, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, тэдгээрийг бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр анхан шатны шүүх шүүгдэгч Д.Э-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн үйл баримтыг тогтоож, энэ талаар шийтгэх тогтоолд тодорхой тусган, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Д.Э-ийн хохирогч А.А-г цохиж, зодох зэргээр хүч хэрэглэн гар утсыг нь авсан үйлдлийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн хэрэглэжээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Д.Э-, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нар “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруу дээр маргахгүй байгаа тул ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

 

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон.

 

Шүүгдэгч Д.Э-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлоо нөхөн төлсөн болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жилийн хорих ял болгон багасгах боломжтой гэж үзлээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Д.Э-, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарын “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Э-ийн 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 81 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 2021/ШЦТ/238 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-ийг 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-ийг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Э-, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарын “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авсныг дурдсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д Д.Э-ийн 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 81 хоног /наян нэг/ хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                        ШҮҮГЧ                                                                    Б.АРИУНХИШИГ

 

            ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН