| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Гэршихбөртэ |
| Хэргийн индекс | 307/2025/0138/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/276 |
| Огноо | 2025-05-29 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Б.Доржханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/276
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0138/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунцэцэг,
Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** /цахим/
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Орхончимэг,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *** холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2318003150596 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны 04 дүгээр сарын 12-ны өдөр *** аймагт төрсөн, эрэгтэй, *** настай, ***, *** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***, тодорхой оршин суух хаяггүй, улсын бүртгэлд Дархан- Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, *** дугаар гудамж *** тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
**** /РД:***/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07 дугаар хуудас/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12 дугаар хуудас/, гэрч *** мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/, гэрч *** мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/, гэрч *** мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/, гэрч *** мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/, гэрч *** мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/, гэрч *** мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/, гэрч *** мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/, гэрч *** мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/, гэрч *** мэдүүлэг /хх-ийн 37, 39 дүгээр хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 42-43 дугаар хуудас/, Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ** дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-47 дугаар хуудас/, Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 104, 127 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 48-55 дугаар хуудас/, шинжээч *** мэдүүлэг /хх-ийн 61-62, 122 дугаар хуудас/ *** өвчний түүх /хх-ийн 65-99 дүгээр хуудас/, Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 117-118 дугаар хуудас/ Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 176 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 194-201 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч ***: “Би энэ хэргийг хийгээгүй. Гэрч *** гомдолтой байна. *** намайг буруутгасан тухайн үед сэтгэл санааны хямралтай байсан. Би мөрөөрөө хог түүж архи уудаг. Ямар нэгэн зөрчил, гэмт хэрэг үйлдэж байгаагүй. Ядарсан амьдралтай учир намайг энэ хэрэгт гүтгэсэн. Хохирогчийг танина. Бид хоёр хамт орц цэвэрлээд явж байсан. Бид хоёрын хооронд өс санасан асуудал байхгүй. Хохирогчийн гэр бүлээс уучлалт гуйж байна” гэх мэдүүлгийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***: “Тухайн үед *** бие одоо байгаа шиг ийм муу байгаагүй. Манай аав өнгөрснөөс хойш тухайн байнга хог түүдэг газраасаа алга болсон. Хавтаст хэрэгт зодсон талаараа мэдүүлсэн байсан. Тухайн үйлдлийг Бямбаа гэх хүн гэрчилдэг.
... Сэхээнд хэвтүүлэхэд 180,000 төгрөгөөр тухайн хэвтэх зүйлийг бэлдсэн. Ажил явдлын зардал гээд өчнөөн мөнгө гарсан. 4,600,000 төгрөг нэхэмжилж байгаа” гэх мэдүүлгийг тус тус өгсөн.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:
“Шүүгдэгч *** нь “2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг Парк таун хотхоны урд иргэн *** “архи нэхэж цүнхнээс татлаа” гэх шалтгаанаар түлхэж унаган нүүр толгойн тус газар нь хөлөөрөө өшиглөж биед нь хохирол учруулсан” гэх үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан:
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07 дугаар хуудас/,
- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12 дугаар хуудас/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** өгсөн: “...2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 13 цагийн орчим над руу цагдаа залгаад аавыг чинь 24 дүгээр байрны гаднаас оллоо бие нь муу байх шиг байна эмнэлэг явуулсан гэж хэлсэн. Тэгээд бид нар эмнэлэг дээр ирээд хартал хоёр нүд нь хөхөрсөн, хамар шархалсан, биеэр нь гэмтлүүдтэй байсан. Нарийн шинжилгээнд оруултал тархины баруун хэсэгт гавлын яс цуурсан, тархинд цус хуралттай байна гэж хэлсэн. Эрчимт эмчилгээний тасагт шилжүүлж ухаангүй байж байгаад 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өөд болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,
- Гэрч *** өгсөн: “...сүүлд *** гэж хамт архи уудаг хүнтэй 2023 он 9 дүгээр сарын 25-ны өдөр уулзахад нэг хүнд зодуулсан байсан гэж хэлж байсан. Тэгэхээр 18-ны өдөр зүгээр байсан гэхээр 18-25-ны өдрийн хооронд байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,
- Гэрч *** өгсөн: “...анх архины хордлого, элэгний цирроз, тархины битүү гэмтэлтэй ирсэн гэсэн бөгөөд шуурхай үзлэг хийгээд сэхээнд оруулсан байсан. Намайг үзэхэд буюу 17 цагаас хойш өвчтөн ухаангүй, орчиндоо харьцаагүй, биеийн байдал маш хүнд, хурхирсан байдалтай, амин үзүүлэлтүүд тогтворгүй, нүүрээр олон тооны зулгарсан шархтай, хоёр нүдний эргэн тойрны зөөлөн эд хөхөрч улайсан байдалтай байсан. Компьютер томографын шинжилгээгээр их тархины баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн эпидурам зайд +69HU нягтралтай хурцавтар цус хуралт тодорхойлогдсон, баруун талын чамархай яс цөмрөөгүй, хугаралт буюу цууралттай гэж гарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,
- Гэрч *** өгсөн: “...3 дугаар байрны 2-р орцны 1 давхрын шатны доор нэг хөгшин эрэгтэй хүн хэвтэж байсан. Тухайн үед орцны үйлчлэгч *** бид хоёр хэвтэж байхыг нь харсан. Эргэн тойронд нь цустай шүлс шиг зүйл байсан бөгөөд нүүр нь шалбарчихсан байх шиг байсан. Тэр хүн доороо кардон цаас дэвсээд хэвтчихсэн байсан бөгөөд хөлнийх нь ойролцоо пивоны шил, архины шил байж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,
- Гэрч *** өгсөн: “миний харснаар нүүр нь шалбарчихсан байх шиг байсан. Өөр анзаарсан юм алга.” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,
- Гэрч *** өгсөн: “...би 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр олон нийтийн цагдаа Гантөгсийн хамт 174 эргүүлийн чиглэлд өдрийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгсэн өдөр 13 цагийн орчимд хуучин хорооллын 24-р байрны 1 дүгээр орцны үүдэнд согтуу хүн сууж байна гэх дуудлага ирсэн. Тэгээд дуудлагын дагуу очиж шалгахад 50 орчим насны эрэгтэй хүн орцны хаалга налчихсан сууж байхаар нь очоод зүгээр үү гэж асуутал толгой жаахан өвдөөд байна гэхээр нь түргэн дуудаад өгөх үү гэж хэлтэл тэг гэсэн. Тэгсэн манай хамтрагч Гантөгс ар гэртэй нь холбогдоод аавынх талаар мэдээлэл өгсөн. Хацар нь жаахан зулгараад эдгэж байгаа шарх байсан. Өөр анзаарсан зүйл байхгүй.” мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,
- Гэрч *** өгсөн: “...анх манайд хэвтэх үеийн онош нь архины гүн хордлого, ерөнхий биеийн гүн хордлого байсан бөгөөд цусан дахь сахрын хэмжээ нь маш багассаны улмаас тархи эргэн сэргэж чадахгүй байсан учир амьсгалын аппарат залгасан. Хэвтэн эмчлүүлж эхлээд илэрсэн оношнууд гэвэл олон эрхтний дутагдал, амьсгалын дутагдал хүнд зэрэг уушгины хаван, архины гүн хордлого, толгойн гэмтэл зэрэг байсан. Ерөнхий нэгдүгээр онош нь архины гүн хордлого байсан бөгөөд энэ нь үхэлд хүргэх гол шалтгаан нь байсан. Нэгдүгээр оношноос шалтгаалж үүссэн хүндрэлийн онош нь ерөнхий биеийн гүн хордлого, олон эрхтний дутагдал, уушгины хаван, амьсгалын дутагдлын хүнд зэрэг байсан. Харин үхэлд нөлөөлөхгүй дагалдах онош нь гэмтлийн шалтгаант тархины гэмтэл, элэгний хатуурал, хавирганы гэмтэл зэрэг байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,
- Гэрч *** өгсөн: “...намайг лааз түүгээд явж байхад үйлчилгээний төвийн хойд талын баарны шатан дээр талийгаач *** хамраас нь цус гарсан сууж байсан. Та яасан юм гэж асуухад сая шатнаас өнхөрч унасан. Төрөө нүүр руу өшиглөсөн гэж хэлсэн... Тэрнээс хойш талийгаач *** дахиж таараагүй. Би яг он сарыг нь сайн санахгүй байна. Талийгаач *** үйлчилгээний төвийн баарны шатан дээр уулзсаны дараа миний санаж байгаагаар 3-4 хоногийн дараа охинтой нь таарахад аав өнгөрчихлөө гээд явж байсан. Нус Төрөө гэж дууддагаар нь мэднэ. Үйлчилгээний төв орчмоор байнга архи уугаад явж байдаг байсан. Би өөрөө бол хараагүй. Талийгаач *** надад хэлэхдээ *** миний нүүр руу өшиглөсөн гэж хэлсэн, түүнээс биш өшиглөж байхыг нь бол хараагүй, мөн *** надад *** зодсон талаараа ярьж байсан гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 37, 39 дүгээр хуудас/,
- Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 138 дугаартай шинжээчийн “Талийгаачид баруун чамархай, дагз хэсгийн цууралт, баруун чамархайн хуйхны цус харвалт, баруун чамархайн хатуу хальсан дээрх цус харвалт, зүүн чамархайн тархины эдэд цус харвалт, баруун хөмсөг, баруун нүд, хамрын нуруу, зүүн хацар, дээд уруул, эрүү, баруун шилбэ, зүүн өвдөгт зулгаралт. баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, шулуун гэдэсний цагариг булчингийн урагдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтлүүд нь амьд байхдаа үүссэн хуучин гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь үхэлд нөлөөлөөгүй байна. Талийгаачид шинжилгээгээр элэгний хатуурал өвчин тогтоогдсон нь үхэлд нөлөөлжээ. Шүүх химийн шинжилгээгээр талийгаачийн цогцсоос авсан цусанд 0.5 промилли спирт илэрсэн байна. Талийгаач нь элэг хатуурах өвчний улмаас элэгний дутагдлаар нас баржээ.” гэх дүгнэлт /хх-ийн 44-47 дугаар хуудас/,
- Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 104, 127 дугаартай шинжээчийн “шинжилгээнд ирүүлсэн “***р” гэсэн хаягтай цуснаас 0,5 промилли спиртийн агууламж илэрсэн.” гэх дүгнэлт /хх-ийн 48-55 дугаар хуудас/,
- Шинжээч *** өгсөн: “...баруун чамархай, дагз ясны хугарал, баруун чамархайн хуйхны цус хуралт, баруун чамархайн хатуу хальсан дээрх голомтлог цусан хураа, зүүн чамархайн тархины эдийн болон аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, баруун хөмсөг, зовхи, хамрын нуруу, зүүн хацар, дээд уруул, эрүү баруун шилбэ өвдөгт зулгаралт, баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, шулууны гэдэсний амсар хэсгийн цагариг булчингийн урагдал нь мохоо хүчин зүйлээр үүснэ. Мохоо хүчин зүйл гэдэг нь цохих, унах, мөргөх зэрэг эдгээр хүчин зүйлээс үүсэж болно. Уг гэмтлүүд нь яг аль хүчин зүйлээр үүссэнийг тогтоох боломжгүй байна. Мөн дээрх гэмтлүүд нь буюу ил харагдаж байгаа цус хуралт нь 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Гавал тархины битүү гэмтлүүд нь гэмтлийн шинж байдал, эдгэрэх эд эсийн шинжилгээний хариу зэргээс үзэхэд 5-с дээш хоногийн өмнө үүссэн байх боломжтой хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62, 122 дугаар хуудас/
- *** өвчний түүх /хх-ийн 65-99 дүгээр хуудас/,
- Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2 дугаартай шинжээчийн “**** биед баруун чамархай, дагз хэсгийн цууралт, баруун чамархайн хуйхны цус харвалт, баруун чамархайн хатуу хальсан дээрх цус харвалт, зүүн чамархайн тархины эдэд цус харвалт, баруун хөмсөг, баруун нүд, хамрын нуруу, зүүн хацар, дээд уруул, эрүү, баруун шилбэ, зүүн өвдөгт зулгаралт, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, шулуун гэдэсний цагариг булчингийн урагдал гэмтлүүд нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх баруун чамархай, дагз хэсгийн цууралт, баруун чамархайн хуйхны цус харвалт, баруун чамархайн хатуу хальсан дээрх цус харвалт, зүүн чамархайн тархины эдэд цус харвалт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, баруун хөмсөг, баруун нүд, хамрын нуруу, зүүн хацар, дээд уруул, эрүү, баруун шилбэ, зүүн өвдөгт зулгаралт, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, шулуун гэдэсний цагариг булчингийн урагдал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлт /хх-ийн 117-118 дугаар хуудас/
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 176 дугаартай шинжээчийн “Амь хохирогчид баруун чамархай, дагз ясны хугарал, баруун чамархайн хуйхны цус хуралт, баруун чамархайн хатуу хальсан дээрх голомтлог цусан хураа, зүүн чамархайн тархины эдийн болон аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, баруун хөмсөг, зовхи, хамрын нуруу, зүүн хацар, дээд уруул, эрүү баруун шилбэ өвдөгт зулгаралт, баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, шулууны гэдэсний амсар хэсгийн цагариг булчингийн урагдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хохирлын хүнд зэрэгт хамаарна. Амь хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр нас барахаас 4-с дээш хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Амь хохирогчийн биед учирсан баруун чамархай, дагз ясны хугарал, баруун чамархайн хуйхны цус хуралт, баруун чамархайн хатуу хальсан дээрх голомтлог цусан хураа, зүүн чамархайн тархины эдийн болон аалзан хальсан доорх голомтлог цус харвалт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр баруун чамархайд хүч үйлчлэхэд үүснэ, баруун хөмсөг, хамрын нурууны зулгаралт, хоёр зовхины цус хуралт нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, бусад гэмтэл нь тухайн гэмтэл учирсан хэсэгт тус бүрдээ мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба нас барахаас 4-с дээш хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь үхэлд хүргээгүй бөгөөд уг гэмтлийн авсан ч идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Амь хохирогч нь элэгний хатуурал, архаг үрэвсэл, тэлэгдэх хэлбэрийн зүрхний булчингийн эмгэгшил өвчтэй байжээ. Амь хохирогч нь спиртийн цочмог хордлогын улмаас дотор эрхтний цус эргэлтийн хямралд орж, нойр булчирхайн үхжилт үрэвсэл, бөөрний сувганцрын үхжилд орж улмаар нас баржээ. Амь хохирогчид тогтоогдсон гавал тархины гэмтэл нь үхлийн шалтгаанд нөлөөлөөгүй бөгөөд тухайн үед цусан хурааг авах мэс засал хийх заалтгүй байжээ. Амь хохирогчид хийгдвэл зохих эмчилгээ хийгдсэн байна. Амь хохирогч нь эмнэлэгт ирэх үедээ хордлогын байдал гүнзгийрсэн, биеийн байдал маш хүнд ирсэн тул зохих эмчилгээ хийсэн ч амь насыг аврах боломж муу байжээ.” гэх дүгнэлт /хх-ийн 194-201 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
Хэдийгээр шүүгдэгч *** нь “Би энэ хэргийг хийгээгүй. Гэрч *** гомдолтой байна. *** намайг буруутгасан” гэж мэтгэлцэх боловч шүүгдэгч нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй юм.
Харин гэрч *** өгсөн хохирогч *** нь *** зодуулсан талаараа түүнд хэлсэн, ** нь ***зодсон талаар мөн түүнд хэлсэн гэх мэдүүлэг, хохирогчийн зодуулсан талаараа ярьсан гэх цаг хугацаа нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 176 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “Амь хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр нас барахаас 4-с дээш хоногийн өмнө үүссэн байх боломжтой” гэснээр давхар нотлогдож байгаа түл түүний мэдүүлэгт эргэлзэх үндэслэл тогтоогдохгүй байн гэж үзэж, дээрх мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж, үйл баримтыг тогтоосон болно.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Шүүх хуралдаанд улсын яллагч: “Шүүгдэгч *** нь хохирогч *** биед санаатайгаар халдсан буюу толгойн тус газар нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** мэдүүлэг, гэрч *** мэдүүлэг, гэрч *** мэдүүлэг болон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 176 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад эдгээр нотлох баримтыг үгүйсгэсэн баримт цуглараагүй. Иймд шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна.” гэх дүгнэлтийг,
шүүгдэгчийн өмгөөлөгч: “...шүүгдэгч *** нь өөрийгөө гэм буруугүй, амь хохирогчийг зодоогүй, өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй архи уугаад мөрөөрөө явж байсан гэж өөрийгөө илэрхийлж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тухайн үйл явдлыг харсан, гэрчилсэн үйл баримт байдаггүй. *** эхний мэдүүлэгтээ толгой руу өшигдсөн талаар мэдүүлсэн байдаг. Тухайн мэдүүлгээ одоо цагдаагаас айгаад тухай мэдүүлгийг өгсөн гэж тайлбарлаж байна. Энэ асуудал дээр шүүх анхаарч үзнэ үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан бичгийн нотлох баримт, эд мөрийн баримтуудыг шинжлэн судалж, түүнд үндэслэн дүгнэлт хийх аргаар хэргийн үйл баримтыг тогтоодог.
Шүүхээс тогтоосон дээрх үйл баримтаар шүүгдэгч *** нь хохирогч **** биед “баруун чамархай, дагз хэсгийн цууралт, баруун чамархайн хуйхны цус харвалт, баруун чамархайн хатуу хальсан дээрх цус харвалт, зүүн чамархайн тархины эдэд цус харвалт, баруун хөмсөг, баруун нүд, хамрын нуруу, зүүн хацар, дээд уруул, эрүү, баруун шилбэ, зүүн өвдөгт зулгаралт. баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт” бүхий хүнд хохирол учруулсан болох нь Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 117-118 дугаар хуудас), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 176 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 194-201 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч *** үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрхийн эсрэг чиглэсэн байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учрахыг, мөн тухайн үйлдэл нь хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр мөн.
Иймд шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч: “шүүгдэгч *** эрүүгийн хариуцлагад хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа оргон зайлсан зэрэг нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулах, оногдуулсан хориг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” саналыг,
шүүгдэгчийн өмгөөлөгч: “Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Эрүүл мэндийн хувьд элэгний циррозтой бөгөөд эрүүл мэндийн асуудалтай. Оршин суух тодорхой хаяггүй, ар гэр байхгүй, орцоор амьдардаг. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан.
Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгүүлж байгаагүй болох болох нь иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 148/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 141/ зэргээр тогтоогдож байна.
Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Иймд шүүгдэгч *** гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал, хохирогчийн хүсэлт зэргийг харгалзан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** цагдан хоригдсон 35 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** нь шүүх хуралдаанд шүүгдэгч *******өөс эмчилгээний зардал, оршуулгатай холбогдох зардалд нийт 4,600,000 төгрөгийг нэхэмжилсэн.
Гэвч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** нь эмчилгээний зардал, оршуулгын зардалтай холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул энэ талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цус мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *** овогт ****Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*** оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** цагдан хоригдсон 35 /гучин тав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 4,600,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цус мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ***авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРШИХБӨРТЭ