Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2022/02691

 

 

 

 

 

 

 

 

2022 06 09 101/ШШ2022/02691

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сххххххххххххххх байр, М холдинг ХХК-ийн /РД: хххххххххх/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: хххххххххххх тоот, Э.Д констракшн ХХК-д /РД:хххххххххххх/ холбогдох

85,735,850 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Өсөхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М холдинг ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай М холдинг ХХК нь барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд юм. Манай компани нь үйл ажиллагаагаа явуулахад барилгын материал нэн ялангуяа төмөр арматур, катанг байнгын хэрэг болдог бөгөөд ковид-19 цар тахлаас шалтгаалж хил хаагдсанаас арматур, катангийн олдоц эрс муудсан.

2021 оны 06 сард Э.Д констракшн ХХК нь катанг, арматур зарна гэсэн зарын дагуу манай компани нь уг компанитай холбогдож улмаар 2021 оны 06 сарын 24-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 118,322.4 тн арматурыг нэг бүрийн үнэ нь 2,900,000 төгрөгөөр, нийт 343,134,690 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, уг гэрээний дагуу Э.Д констракшн ХХК-иас арматур, катангаа авч хамгийн сүүлийн арматур, катангаа 2021 оны 06 сарын 25-ны өдөр хүлээн авсан.

Манай компанид дахин арматур, катанг хэрэг болоод байсан тул дахин Э.Д констракшн ХХК-тай холбогдоход дахин нийлүүлэх боломжтой гэсэн тул 2021 оны 08 сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 17-р хороонд байрлах Хаан банкны Хар хорин тооцооны төвөөс 85,735,850 төгрөгийг Э.Д констракшн ХХК-ийн Хаан банкны хххххххххх тоот данс руу шилжүүлсэн.

Бид өмнө нь гэрээ байгуулан хүссэн бараа бүтээгдэхүүнийг авч байсан тул итгэж дахин бичгээр гэрээ байгуулахгүйгээр амаар тохиролцон дээрх мөнгийг шилжүүлсэн боловч өнөөдрийг хүртэл бид арматур, катангаа авч чадаагүй.

Манай компани Э.Д констракшн ХХК, түүний захирал М.Мижиддорж нь 2021 оны 06 сард бидэнтэй гэрээ байгуулан гэрээний дагуу арматур, катанг нийлүүлэн бидний итгэлийг олж авч урьдны харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглаж манай компаниас 85,735,850 төгрөгийг залилсан гэж үзэж Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 3-р хэлтэст гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл гаргаж цагдаагийн газраас 210802591 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжгүй, иргэд хоорондын маргаан гэж үзэн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2021 оны 12 сарын 01-ний өдрийн 1648 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор хаасан.

Нэхэмжлэгч М холдинг ХХК нь Э.Д констракшн ХХК-д үүргээ биелүүлэх хангалттай хугацаа өгсөн ч арматур, катангийг өнөөдрийг хүртэл нийлүүлээгүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1- дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзаж, арматур, катанг худалдан авахаар төлсөн 85,735,850 төгрөгийг буцаан нэхэмжилж байгаа.

Иймд хариуцагч Э.Д констракшн ХХК-иас арматур, катанг худалдан авахаар төлсөн 85,735,850 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Э.Д констракшн ХХК-ийн захирал М.Мижиддорж шүүхэд гаргасан тайлбартаа:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 85,735,850 төгрөгийг 2022 оны 05 сарын 28-ны өдрийн дотор мөнгөн хэлбэрээр эсхүл барилгын материал болох арматур, катангаар бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрөв гэжээ.

 

Нэхэмжлэгч М холдинг ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, О.Мөнхболдод олгосон итгэмжлэл, Э.Д констракшн ХХК-тай байгуулсан 2021 оны 06 сарын 24-ний өдрийн С-2021/08 дугаартай худалдах, худалдан авах гэрээ,

85,735,850 төгрөгийг шилжүүлсэн баримт, Э.Д констракшн ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын прокурорын 2021 оны 12 сарын 01-ний өдрийн 1648 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолын хуулбар зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Хариуцагч Э.Д констракшн ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааг баримтаар ирүүлжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М холдинг ХХК нь хариуцагч Э.Д констракшн ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлсөн 85,735,850 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

Нэхэмжлэгч М холдинг ХХК нь хариуцагч Э.Д констракшн ХХК-тай 2021 оны 06 сарын 24-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ-г байгуулан худалдагч Э.Д констракшн ХХК биет байдлын болон эрхийн доголдолгүй 118,322.4 тн арматур нийлүүлэхээр,

Худалдан авагч М холдинг ХХК нь 1 тонн арматурын үнэд 2,900,000 төгрөг, нийт 343,134,960 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцон гэрээ байгуулсан ба талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцлийн дагуу гэрээний харилцаагаа үргэлжлүүлсэн тухайд хэн аль нь маргаагүй.

/ХХ-ийн 8-11 дүгээр тал/

 

Дээрхи худалдах, худалдан авах гэрээнээс үүдэлтэйгээр нэхэмжлэгч М холдинг ХХК нь хариуцагч Э.Д констракшн ХХК-иас арматур, катанг худалдан авах зориулалтаар 2021 оны 08 сарын 09-ний өдөр хариуцагч Э.Д констракшн ХХК-ийн Хаан банк дахь хххххххххх тоот данс 85,735,850 төгрөгийг шилжүүлсэн нь мөнгөн шилжүүлэгийн баримтаар тогтоогдож байх бөгөөд энэ талаар хэн аль нь маргахгүй байгаа болно.

/ХХ-ийн 12 дугаар тал/

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан бөгөөд ийнхүү мөнгөө шилжүүлсэнээс хойш хугацаанд хариуцагч Э.Д констракшн ХХК нь арматур, катанг нийлүүлэх үүргээ биелүүлээгүй хэмээн нэхэмжлэгч М холдинг ХХК нь гэрээнээс татгалзан 2022 оны 03 сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

Гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах тохиолдолд гэрээг дуусгавар болгох хүсэл зориг адил агуулагдах ба Иргэний хуулийн 204 дүгээр 204.1Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасан бөгөөд гэрээнээс татгалзахтай холбоотой нөгөө талдаа мэдэгдэж байсан талаар хариуцагч эсэргүүцээгүй.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ,

205 дугаар зүйлийн 205.1Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу худалдан авагч М холдинг ХХК нь хариуцагч Э.Д констракшн ХХК-иас бараа худалдан авахаар шилжүүлсэн мөнгөө шаардсан нь үндэслэлтэй.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг баримтлан хариуцагч Э.Д констракшн ХХК-иас 85,735,850 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М холдинг ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

2022 оны 06 сарын 09-ний өдрийн 17 цагт шүүх хуралдааныг товлон хариуцагч Э.Д констракшн ХХК-ийн захирал М.Мижиддоржийн нэхэмжлэлд тусгагдсан 94223003 дугаарын утас руу 2022 оны 05 сарын 31-ний өдрийн 10:34 цагт ,

99114148 дугаарын утас руу 2022 оны 05 сарын 31-ний өдрийн 10:33 цагт,

91119207 дугаарын утас руу 2022 оны 05 сарын 31-ний өдрийн 10:33 цагт,

80528811 дугаарын утас руу 2022 оны 05 сарын 31-ний өдрийн 10:33 цагт тус тус мессэж илгээн мэдэгдсэн байна.

Мөн Э.Д констракшн ХХК-ийн буюу хариуцагчийн нэхэмжлэлийн хувь гардан авахдаа тодорхойлсон Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Олимп хотхон, 424-р байр, 295 тоот хаягт 2022 оны 05 сарын 31-ний өдөр баталгаат шуудангаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн байна.

/ХХ-ийн 36-41 дүгээр тал/

 

Хариуцагч Э.Д констракшн ХХК-ийн захирал М.Мижиддорж нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч шүүх хуралдааны товыг лавлах үүрэг хүлээдэг.

Мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасныг нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хариуцагч талын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Нэхэмжлэгч М холдинг ХХК, хариуцагч Э.Д констракшн ХХК нар 2022 оны 04 сарын 28-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан гэх боловч уг гэрээ Иргэний хуульд нийцсэн эсэх нь тодорхойгүй тул зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлээгүй болохыг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг баримтлан хариуцагч Э.Д констракшн ХХК-иас 85,735,850 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М холдинг ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч М холдинг ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 586,630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Д констракшн ХХК-иас 586,630 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М холдинг ХХКолгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН