| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 101/2017/02211/И |
| Дугаар | 101/ШШ2017/02278 |
| Огноо | 2017-06-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 101/ШШ2017/02278
2017 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 101/ШШ2017/02278
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 0-р хороо, 0 дугаар байр 0 тоотод оршин суух Ц овогт Б. А /РД:00/-ын ,
: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, Шархадны эцэс өөрийн байранд байрлах С.Э.М.Ү.Тд ,
Албан тушаал хавсран ажилласны нэмэгдэл хөлс 3,809,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Алтанзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гантулга, нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Аминий бие С.Э.М.Ү.Т эмнэлэгийн сэтгэц нийгмийн сэргээн засах эмчилгээний тасгийн эрхлэгчээр ажилладаг бөгөөд байгууллагын Ерөнхий захирлын 2016 оны 01 сарын 06-ны өдрийн А/06 тоот тушаалаар сэтгэц нийгмийн сэргээн засах эмчилгээний тасгийн цахилгаан бичлэгийн оношлогооны эмчээр хавсран ажиллуулахаар шийдвэрлэсэн юм.
Гэтэл байгууллагын захиргаанаас 2016 оны 04 сарын 01-ээс албан тушаал хавсран ажилласаны 40 хувийн нэмэгдэл болох 262,250 төгрөгийг олголгүй намайг өдийг хүртэл хохироож байна. Энэ талаар байгууллагын Ерөнхий захиралд удаа дараа уулзаж ярьж байсан боловч шийдвэрлэж өгөөгүй. Би энэхүү хөдөлмөрийн нэмэгдэл хөлсний талаар шүүхэд эрхээ хамгаалуулахад өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авч 400,000 төгрөг төлсөн болно.
Иймд миний бие С.Э.М.Ү.Тийн Ерөнхий захирлын 2016.01.06-ны өдррийн А/06 тоот тушаал, 2016.01.05-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн дагуу 2016.04.01-ний өдрөөс 2017.05.01-ний өдрийг хүртэлх 13 сарын хугацааны албан тушаал хавсран ажилласны нэмэгдэл цалин болох 3,409,260 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 400,000 төгрөг нийт 3,809,250 төгрөг хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гантулга нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Э.М.Ү.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гантулга би Б.А-ын ажил, албан тушаал хавсран ажилласны цалин 3,809,250 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож
өгнө үү.
Нэхэмжлэгч Б.А нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл, хариуцагч С.Э.М.Ү.Т хөдөлмөрийн тухай хуулийн ямар заалт зөрчсөн талаар нэхэмжлэлдээ дурдаагүй.
С.Э.М.Ү.Т 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/06 тоот тушаалд заасны дагуу Б.А-д ажил, албан тушаал хавсран гүйцэтгэсэн нэмэгдэл цалинг 2016.01 сараас 2016.04 сарыг дуустал олгосон.
С.Э.М.Ү.Тийн захиргаа, эмч Б.А-ын Тархины цахилгаан бичлэгийн оношлогоо явуулсан 2016 оны 1 дүгээр улирлын ажлын үр дүнг хэлэлцэн 2016.04.29-ний өдөр Б/61 тушаал гарсан уг тушаалд эмч Б.Алтанзулын ажил, албан тушаал хавсран гүйцэтгэсэн нэмэгдэл цалинг хасч түүнд тархины цахилгаан бичлэгийн оношлогоо хийсэн төлбөрийн 15 хувийг олгохоор заасан.
Нэхэмжлэгч Б.А-д ажил, албан тушаал хавсран гүйцэтгэсэн нэмэгдэл цалин олгох С.Э.М.Ү.Тийн 2016.01.06-ны өдрийн А/06 дугаар тушаалыг 2016.04.29-ний өдрийн Б/61 тушаалаар хүчингүй болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй байх үндэслэлтэй байна гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ань С.Э.М.Ү.Т-д холбогдуулан албан тушаал хавсран ажилласны нэмэгдэл хөлс 3,809,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Ажил олгогч нь ажилтантай 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан үзлэгийн эмчийн албан тушаалд, хөдөлмөрийн нөхцөл хүнд, сард 487709 төгрөгийн үндсэн цалинтай, хүнд нөхцөлийн нэмэгдэл 100,000 төгрөг, бусад зардал зэргийг оролцуулан хоёр тал харилцан тохиролцон гэрээ байгуулан гарын үсэг зуржээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээ сунгагдаж байсан бөгөөд талууд маргаагүй.
Ажил олгогч 2016 оны 01 дүгээр сарын 06-ний өдрийн А/06 тоот тушаалаар Б-ын А-ыг Тархины цахилгаан бичлэгийн оношлогооны эмчээр 2016 оны 01 дүгээр сарын 06-ний өдрөөс эхлэн хавсруулан ажлуулахаар шийдвэрлэсэн байна.
Дээрхи тушаалын дагуу 2016 оны 01 дүгээр сарын 06-ний өдөр хөдөлмөрийн гэрээнд орсон нэмэлт өөрчлөлтөнд А/06 дугаартай тушаалаар тархины цахилгаан бичлэг оношлогооны эмчээр хавсран ажилуулав. Ажлын цаг өдрийн 09-17 цаг хүртэл 8 цаг байна гэж оруулжээ.
Ажил олгогч ажилтанд хавсран ажилласны хөлсийг 2016 оны 01 сараас 2016 оны 05 дугаар сар хүртэл олгосон бөгөөд зохигчид маргаагүй энэ нь нийгмийн даатгалын дэвтэр, банкны хуулга зэргээр нотлогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл шагнал урамшуулалаас бүрдэнэ, ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон ажилласан эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн шөнийн болон илүү цагаар ажилласан бол үндсэн цалингаас нь тооцон нэмэгдэл хөлс олгоно гэж тус тус заасны дагуу шаардах эрхтэй боловч мөн хуулийн хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах эрхтэй гэж заасны дагуу Б.Ань 2016 оны 01 дүгээр сарын 06-ний өдрийн А/06 дугаартай тушаалыг хүчингүй болгох гомдлын шаардлагаа 2017 оны 04 дүгээр сарын 28-ний өдөр шүүхэд ирүүлсэн байх тул энэхүү шаардлагын хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч Б.Ань хэтрүүлсэн гэж үзэж хавсран ажилласны нэмэгдэл хөлс 3,809,250 төгрөгийг хариуцагчаас гаргуулах боломжгүй байна.
Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн ерөнхий захирлын 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Цалингийн нэмэгдэлд зохицуулалт хийх тухай Б/61 тоот тушаалаар Б.А-ын 40%-ийн нэмэгдэлийг 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хасч, тархины цахилгаан бичлэгийн оношлогоо хийсэн тохиолдолд нийт төлбөрийн 15%-ийг шинжлэгч эмчид олгохоор шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд болон нэхэмжлэлдээ хавсран ажилласны хөлсөө авахаар захиралтай болон үйлдвэрчний байгууллагадаа хүсэлтээ удаа дараа гаргаж байсан гэж шүүхэд үзлэг хийлгэх хүсэлт гаргасны дагуу шүүх 2016 оны 01 дүгээр сараас 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлхи өргөдөл гомдлын бүртгэл, ирсэн бичгийн бүртгэл-ийн дэвтэр, цагийн бүртгэл зэрэгт үзлэг хийхэд нэхэмжлэгч Б.А-тай холбоотой өргөдөл гомдол бүртгэгдээгүй бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлож чадахгүй байна гэж үзэв.
Харин нэхэмжлэгч Б.А нь нэхэмжлэлийн шаардлагадаа тархины цахилгаан бичлэг оношлогоо хийсэн нийт төлбөрийн 15%-ийг нэхэмжлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар С.Э.М.Ү.Тд холбогдуулан нэхэмжлэгч Б.А-ын 3,809,250 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.А-ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 76,450 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр уншин сонсгосноор хуулийн хүчин төгөлдөр болохыг мэдэгдсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ