Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2022/02754

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ааааааааааааааааааааааааааа ХХК-ийн Чингэлтэй салбарын /РД: ааааааааааааааа/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч Баааааааааааааааааааа тоот хаягт оршин суух, Боржигон овогт Цэрэндоржийн Мд /РД: хххххххххххх/ холбогдох

1,188,001.77 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранчимэг,

Хариуцагч Ц.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК-ийн Чингэлтэй салбарын захирал Ц.Амармэнд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Ц.М нь Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК-тай 2020 оны 02 сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулан самсунг А50 маркийн гар утас барьцаалан цахилгаан барааны лизингийн нөхцлөөр 869,900 төгрөгийн зээлийг сарын 5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд худалдан авч буй самсунг А50 маркийн гар утсаа барьцаалсан.

Өнгөрсөн хугацаанд зээлдэгч Ц.М нь үндсэн зээл 234,081.21 төгрөг, зээлийн үндсэн хүү 318,238.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,314.23 төгрөг тус тус төлсөн бөгөөд 2020 оны 11 сарын 12-ны өдрөөс хойш огт зээлийн төлөлт хийгээгүй.

Зээлдэгч Ц.Мд зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөхийг зээл хариуцсан ажилтнууд биечлэн уулзан шаардаж байсан байсан боловч зээлийн төлөлт огт хийгдэхгүй байсаар 391 хоног хугацаа хэтэрсэн.

Ингээд 2022 оны 01 сарын 25-ны өдөр тус шүүхэд Ц.Мд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэл гаргасан. Иймд зээлдэгч Ц.Мгаас үндсэн зээл 635,818.79 төгрөг, зээлийн хүү 505,170.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 47,012.12 төгрөг, нийт 1,188,001.77 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ц.М шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК-тай 2020 оны 02 сарын 04-ний өдөр 869,900 төгрөгийн самсунг А50 маркийн гар утас аваад хамт ажиллаж байсан хүүхдэд өгсөн. Тэр залуу гар утасны зээлийг төлж байгаад ковидоос болоод ажилгүй болж зээлээ төлж чадахаа байсан юм билээ.

Гэхдээ тэр талаараа надад хэлээгүй. Гар утас авсан хүүхэд бол миний хүүгийн ангийн хүүхэд хүү маань энэ зээлийг төлж өгнө гэсэн. Би нэхэмжлэгч Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК-иас гар утасны зээл авсан нь үнэн тул зээлийг төлнө. Гэхдээ 869,000 төгрөг төлнө гэв.

 

Нэхэмжлэгч Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ц.Мтай 2020 оны 02 сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, зээл хүсэгчийн өргөдөл, анкет, зээл, хүүгийн тооцолол зэргийг нотлох баримтаар ирүүлжээ.

 

Хариуцагч Ц.М 2022 оны 05 сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан ба 869,000 төгрөгийг төлнө хэмээн тайлбараа ирүүлсэн байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК-ийн Чингэлтэй салбар нь хариуцагч Ц.Мд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,188,001.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

/2022 оны 01 сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргасан:

үндсэн зээл 635,818.79 төгрөг,

зээлийн хүү 505,170.86 төгрөг,

нэмэгдүүлсэн хүү 47,012.12 төгрөг/

 

Ц.М нь Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК-тай 2020 оны 02 сарын 04-ний өдөр 106207132 тоот зээлийн гэрээ байгуулан хэрэглээ цахилгаан барааны лизинг-гар утас худалдан авах зориулалтаар 869,900 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөн зээлдэгч Ц.М нь зээлдүүлэгч Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК-тай 2020 оны 02 сарын 04-ний өдөр 106207132 тоот барьцааны гэрээ байгуулан худалдан авч буй самсунг А50 маркийн гар утсыг барьцаалсан нь 2020 оны 02 сарын 04-ний өдрийн барьцааны гэрээ, зохигчдын тайлбар, хэрэг авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдов.

/ХХ-ийн 6-13, 32 дугаар тал/

 

1995 оны 10 сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно,

21 дүгээр зүйлийн 3Зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно гэж заасан бөгөөд хариуцагч буюу зээлдэгч Ц.М нь зээлдүүлэгч Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК-тай 2020 оны 02 сарын 04-ний өдөр 106207132 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 869,900 төгрөгөөр самсунг А50 маркийн гар утас худалдан авсан талаараа маргахгүй хэмээн тайлбараа гаргаж байна.

 

Иймд нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК болон хариуцагч буюу зээлдэгч Ц.М нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдан тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзлээ.

 

Хариуцагч Ц.М 869,900 төгрөг зээлэн авсан болон доголдолгүй бараа бүтээгдэхүүн хүлээн авсан талаараа маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй,

мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.

Зээлдүүлэгч Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК-ийн зээлдэгч Ц.Мтай байгуулсан дээр дурьдсан зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй байна.

 

Зээлдэгч Ц.М нь 2020 оны 02 сарын 04-ний өдөр гэрээ байгуулсан цаг хугацаанаас хойш үндсэн зээл 234,081.21 төгрөг, зээлийн үндсэн хүү 318,238.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,314.23 төгрөг тус тус төлж, 2020 оны 11 сарын 12-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон ба хариуцагч Ц.М энэ талаар маргаагүй.

 

Талуудын хооронд байгуулсан 2020 оны 02 сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний 3.13-т Зээлийг бүхэлд нь болон хэсэгчлэн бусдад ашиглуулах, дамжуулан зээлдүүлэх, шилжүүлсэн эсэхээс үл хамааран зээлийн гэрээний үүргэ эзээлдэгч болон хамтран зээлдэгч өөрөө хариуцан төлж барагдуулна,

6.2-т Зээлдүүлэгч дараах нөхцөлд гэрээг хугацаанаас нь өмнө цуцална,

6.2.1-т Зээлдэгч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, үндсэн зээл, зээлийн хүүг төлбөрийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй гэж тус тус заажээ.

 

Зээлдэгч Ц.М нь гар утсыг бусдад авч өгсөн гэж тайлбарласан бөгөөд зээлийг хэнд шилжүүлсэнээс үл шалтгаалан зээлийн гэрээний үүргийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

 

1995 оны 10 сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө,

2021 оны 7 сарын 1-ний өдрөөс эхлэн даган мөрдсөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус заажээ.

 

Дээр дурдсаны дагуу банк бус санхүүгийн байгууллага гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчээс гэрээний үүргээ биелүүлээгүй хугацааны хүүг нэхэмжилсэн нь үндэслэлтэй.

 

Талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2020 оны 02 сарын 04-ний өдрөөс 24 сарын хугацаатай байгуулагдсан ба зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө тооцон нэхэмжилсэн болон төлүүлсэн нэмэгдүүлсэн хүү нийт 59,326.35 төгрөгийг зээлийн төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасны дагуу нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдэгчийн хүлээх хариуцлага учраас гэрээний хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй.

 

Зээлдэгчийн үүргийн гүйцэтгэлийн биелэлтэд 2020 оны 11 сарын 12-ны өдрөөс доголдол гарсан гэж зээлдүүлэгч тайлбарласан ба ийнхүү доголдол нөхцөлд зээлдүүлэгч гэрээний 6 дугаар зүйлд заасан арга хэмжээг аваагүй, уг хугацаанаас хойш 2022 оны 01 сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэн шударгаар хэрэгжүүлэх зарчимд нийцүүлэн нийт нэхэмжилж буй хүүгийн төлбөрөөс тодорхой хувийг буюу 106,328.65 төгрөгт холбогдох хэсгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох үндэслэлтэй.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Ц.Мгаас 1,022,346.77 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 165,655 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Ц.Мгаас 1,022,346.77 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 165,655 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,062.28 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Мгаас 29,086.32 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН