Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/284

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                                                                   

       Хэргийн индекс: 307/2025/0243/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунцэцэг,

Улсын яллагч Ч.Мядагбадам,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** холбогдох эрүүгийн 2518002010307 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны 03 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***, *** нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сум, Өргөө баг, *** дугаар байр, ***тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

**** (РД:***)

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, олж авсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

Гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 9 дүгээр тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 10-11 дүгээр тал/, гэрч *** мэдүүлэг /хх-н 13 дугаар тал/, насанд хүрээгүй гэрч *** мэдүүлэг /хх-н 16-17 дугаар тал/, *** биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 24-30 дугаар тал/, ***н биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 35-36 дугаар тал/, *** мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 42-44 дүгээр тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн *** дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 47-49 дүгээр тал/, шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн*** дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 53-55 дугаар тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ***дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 59-61 дүгээр тал/, шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадлагаа /хх-н 68 дугаар тал/, яллагдагч *** мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

1. Үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:

“шүүгдэгч *** нь *** оны 03 дугаар сарын 20-ны өдөр, Дархан-Уул аймгийн Дархан сум, *** багийн нутаг дэвсгэрт байрлах “***” цэцэрлэгийн урд ургасан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт үйлчилгээ бүхий олсны ургамлыг өөрөө хэрэглэж мансуурах зорилгоор, хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл төмөр хайрцагт бэлдэж хийж, цүнхэндээ буюу өөрийн биедээ авч явсан” үйл баримт тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан:

 

- Гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 9 дүгээр тал/,

 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 10-11 дүгээр тал/,

 

- Гэрч *** өгсөн: “...өнгөт хорооллын 17 дугаар байрны урд хэсэг бүлэг хүүхдүүд бөөгнөрсөн, сандал дээр суусан байдалтай байсан. Тухайн хүүхдүүд нь сэжиг бүхий байсан тул Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу үзлэг хийхээр болсон ба****нь хар өнгийн даавуун цүнхтэй байсан ба цүнх доторх зүйлсийг тухайн хүүхдүүдийн сууж байсан сандлын хажууд байх саадан доторх ширээн дээр гаргаж тавихад цэнхэр өнгөтэй төмөр хайрцаг дотор 5 ширхэг цаасанд боосон зүйл байсан ба нэг цаастай зүйлийг нь багахан хэмжээгээр задалж үзэхэд сэтгэцэд нөлөөт бодис буюу каннабис өвс байж болзошгүй хатсан ургамал гарч ирсэн. Ингээд бүрэлдэхүүн дуудсан юм. *** нь тухайн үед энэ миний цүнх биш *** цүнх гэж хэлж байсан. Бусад хүүхдүүдийн цүнх болон биеэс ямар нэгэн сэжигтэй зүйл илрээгүй.” гэх мэдүүлэг /хх-н 13 дугаар тал/,

 

- Насанд хүрээгүй гэрч *** өгсөн: “...2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 20 цагийн үед найз, дүү нар болох *** нарын хамт тоглож байгаад 21 цаг өнгөрч байхад тоглож дуусаад бид нар Өнгөт минимаркет дэлгүүрийн урд очиж сууя гээд явцгаасан. Тэр үед хэн нэгний цүнх тоглож байсан талбай дээр үлдэх гээд байхаар нь энэ хэний цүнх вэ гэж асуухад *** андаа миний цүнх, чи үүрчих гэж хэлэхээр нь би тухайн цүнхийг үүрээд бид нар хамтдаа Өнгөт минимаркет дэлгүүрийн урд сууж байсан. Намайг тухайн цүнхийг аваад үүрэх үед цүнх дотор юм байхгүй мэт маш хөнгөн байсан. Тэгтэл цагдаагийн хоёр алба хаагч ирээд бид нарыг хаана амьдардаг юу хийдэг талаар асууж тодруулсан ба намайг цүнх дотор чинь юу байгаа вэ гэж асуухаар нь би шууд үүрч явсан цүнх дотор байгаа зүйлийг үзүүлэхээр цүнхээ цагдаа нарт өгөхөд бид нарын нүдэн дээр миний үүрч явсан *** цүнхнээс жижиг төмөр савтай зүйл гаргаж ирээд дотор нь байгаа зүйлийг шалгахад тамхи мэт хэлбэртэй цаасанд ороосон 4-5 ширхэг зүйл байсан. Тэгээд би тэр үед *** миний цүнх гэж хэлээч гэхэд **** тухайн цүнхийг өөрийнхөө цүнх гэдгийг хэлэхгүй байхаар нь би энэ цүнх миний цүнх биш хамт явж байгаа *** гээд найзын цүнх гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн алба хаагч нар ирээд бид нарыг бүгдийг нь шалгаад шалгалтын ажиллагаа хийсэн. Миний санаж байгаагаар танилцаад 4 жилийн хугацаа өнгөрч байна. Бид хоёр нэг хороололд ойрхон амьдардаг байсан болохоор анх хороололдоо тоглож байгаад танилцаж байсан хэдий ч тийм ч дотно найз нөхөд биш нэгнээ хараад таньдаг, мэнд мэдээд л зөрдөг хүмүүс байгаа юм. Сагсан бөмбөгийн талбай дээр тоглож дуусаад гадуурх хувцсаа өмсөж байхад сандал дээр хар өнгийн цүнх байхаар нь хэнийх болох талаар асуухад *** минийх чи тур үүрчих анд гэж л хэлсэн. Намайг тухайн цүнхийг үүрэх үед маш хөнгөн дотор нь юу ч байхгүй мэт байсан. Тэгээд цагдаа нар ирэхэд тухайн цүнхийг би үүрсэн байсан учир миний цүнх гэж ойлгосон бололтой байгаад байхаар нь *** рүү хараад миний цүнх гэдгээ хэлээч гэхэд юм хэлэхгүй чимээгүй зогсоод байхаар нь би цагдаа нарт би *** гээд найзынхаа цүнхийг үүрчихсэн байгаа юм. Миний цүнх биш гэдгийг хэлсэн..." мэдүүлэг /хх-н 16-17 дугаар тал/,

 

- *** биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 24-30 дугаар тал/,

 

-**** биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 35-36 дугаар тал/,

 

-****мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 42-44 дүгээр тал/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2602 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 47-49 дүгээр тал/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн *** дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 53-55 дугаар тал/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн *** дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 59-61 дүгээр тал/,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадлагаа /хх-н 68 дугаар тал/ болон зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

2. Эрх зүйн дүгнэлт:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *** үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. 

“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, Мансууруулах эмийн тухай 1961 оны НҮБ-ын конвенц, Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай 1971 оны НҮБ-ын конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгоно. 

Хүний төв мэдрэлийн системд хүчтэй нөлөөлөл үзүүлэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бус аргаар, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр, хэрэглэхэд бэлэн болгосон аливаа үйлдлийг өөрөөр хэлбэл, мансууруулах бодисыг гарган авах, түүний дотор бусад нийлмэл бодисоос цэвэршүүлэх, нэг төрлийн мансууруулах бодисоор өөр төрлийн мансууруулах бодис гарган авч байгаа бүх үйл явц, байгальд ургадаг мансууруулах бодис бүхий ургамлыг түүж цуглуулсан, цэвэршүүлснээс гадна тэдгээрийг дахин боловсруулж, хувирган өөрчилсөн, тун орцыг нэмэгдүүлсэн буюу багасгасан, бэлэн бүтээгдэхүүн, түүхий эдийн хэлбэрээр гаргаж авахыг “хууль бусаар бэлтгэсэн” гэж, 

Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур санаатайгаар орон байраас эхлэн тусгай зориулалтын байр, агуулах сав, өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж тус тус үздэг. 

Шүүх хуралдаанд шүүгдэгч *** болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг тэмдэглэв. 

 

Шүүгдэгч ***нь “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт үйлчилгээ бүхий олсны ургамлыг хэрэглэх зорилгоор хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар төмөр хайрцагт хийж цүнхэндээ авч явсан үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч *** үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна. 

 

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэхүү гэмт хэрэгт гэм буруугийн санаатай хэлбэрээр ханджээ. 

 

Иймд шүүгдэгч *** хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн, хадгалж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шийдвэрлэв. 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

  1. Эрүүгийн хариуцлага:

Шүүх хуралдаанд улсын яллагч: “шүүгдэгч ***Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагат эдлүүлэх” саналыг, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “шүүгдэгчийн хувийн байдал болон урьд ял шийтгэж байгаагүй тул хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх” саналыг тус тус гаргасан болно.

 Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч *** нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 82 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 78 дугаар тал/ зэргээр тогтоогдож байна. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, хязгаарлалтын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сум, Өргөө багийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоох  нь шүүгдэгчийн хувийн байдал болон гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ. 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно” гэж, 

7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” гэж тус тус заасан. 

Шүүхээс шүүгдэгч *** оногдуулсан ялын зорилгыг хангах үүднээс зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд, уг ял дээр нэмж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг авахаар шийдвэрлэв. 

2.    Хохирол, хор уршиг: 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нь хүний уураг тархи, мэдрэлийн системийг гэмтээж, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэнд, нийтийн болон үндэсний ашиг сонирхолд ноцтой хор хохирол учруулдаг бөгөөд мөнгөн дүнгээр илэрхийлэн тооцох боломжгүй юм. 

3.    Бусад асуудал: 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Yankees” гэсэн бичигтэй хар өнгийн даавуун куртикийг шүүгдэгчид буцаан олгож, 0,010 граммын жинтэй хатсан ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                         ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, олж авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын бүсийг *** аймгийн Дархан сум, *** багийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоож, ялтанд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч *** оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Yankees” гэсэн бичигтэй хар өнгийн даавуун куртикийг шүүгдэгчид буцаан олгож,  0,010 граммын жинтэй хатсан ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ГЭРШИХБӨРТЭ