| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зундуйн Хосбаяр |
| Хэргийн индекс | 217/2020/0039/Э |
| Дугаар | 0023 |
| Огноо | 2021-04-28 |
| Зүйл хэсэг | 22.4.1., 22.5.1., 22.8.1.1., |
| Улсын яллагч | С.Б |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 0023
Б.О, Б.А нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор С.Б /онлайнаар/
Яллагдагч Б.О /онлайнаар/
Яллагдагч нарын өмгөөлөгч Т.Э, Ц.Э
С.Б/онлайнаар/
Нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нарыг оролцуулан хийж
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 61 дүгээр захирамжтай, Б.О, Б.А нарт холбогдох, эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Б овогтой Б-н О.
Монгол Улсын иргэн, Б овогт Б-н А.
2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “С” ХХК-ийн нягтлан бодогч Б.Аыг “У” цэцэрлэгт 2 багцаар хүнсний бүтээгдэхүүн нийлүүлж байгаа тул өнгөт принтер авч өг гэж шахаж шаардан хясан боогдуулж 449.900 төгрөгийн өнгөт принтер авахуулан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан,
Б.А нь “С” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “У” цэцэрлэгт 2 багцаар хүнсний бүтээгдэхүүн нийлүүлсний хариуд тус цэцэрлэгийн эрхлэгч Б.Од 449.900 төгрөгийн өнгөт принтер авч өгч хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 61 дүгээр захирамжаар:
Яллагдагч Б.О-н өмгөөлөгч С.Б-н С ХХК-г хэрэгт татан оролцуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, яллагдагчаар дахин мэдүүлэг авах хүсэлтийг хүлээн авч, яллагдагч Б.О, Б.А нарт холбогдох эрүүгийн хэргийг Орхон аймгийн прокурорт буцааж, хэргийг прокурорт шилжүүлтэл яллагдагч Б.О, Б.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдаж, энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор эсэргүүцэлдээ:
... Шүүхээс яллагдагч Б.О-н өмгөөлөгч С.Б-н хүсэлтийг шийдвэрлэхдээ яллагдагч Б.Од 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 49 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд зааснаар яллагдагчаар татсугай гэснийг 2020 оны 08 дугаар сарын дугаартай яллах дүгнэлтээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татсугай гэсэн өөрчлөлт оруулжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 32.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн бол яллагдагчаас дахин мэдүүлэг авна” гэжээ. Яллагдагч Б.О ял хүндрүүлэн сонсгосон ч өмгөөлөгчтэйгөө мэдүүлэг өгнө гэснийг минь хүлээн аваагүй гэсэн нь үндэслэлтэй байна гэсэн нь хэргийг нэг бүрчлэн хяналгүй зөвхөн яллагдагч, түүний өмгөөлөгчийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад хэргийг прокурорт буцаалгаж хугацаа хожих гэсэн явцуу сонирхлын үүднээс удаа дараа гаргаж байгаа хүсэлтэд хөтлөгдөн ойлгомжгүй, үндэслэлгүй шийдвэрийг 2 дахь удаагаа гаргалаа гэж дүгнэхээр байна.
Яллагдагч Б.Од 2020 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 49 дугаартай прокурорын тогтоолоор хэргийн зүйлчлэлийг огт хүндрүүлээгүй. Угтаа энэ хэрэгт нэг л удаа буюу 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр прокурорын 09 дугаартай тогтоолоор хяналтын прокурор Л.О хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулсан байдаг ба энэ тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан байсныг 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татсугай хүндрүүлсэн бөгөөд энэ талаараа яллагдагч Б.О болон түүний өмгөөлөгч Т.Э-д 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 09 цаг 25 минутад аймгийн Цагдаагийн газрын мэдүүлэг авах 214 дугаартай өрөөнд Авилгатай тэмцэх гадрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Ц.М танилцуулан мэдүүлэг авч гарын үсэг зуруулсан нь хавтаст хэрэгт /хх-н 154-155/ байгаа.
Харин Б.Од 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 49 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд зааснаар яллагдагчаар татсугай гэснийг 2020 оны 08 дугаар сарын дугаартай яллах дүгнэлтээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татсугай гэсэн нь зүйлчлэлийг огт хүндрүүлээгүй буюу Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан ялын хэмжээ нь мөн хуулийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 болж өөрчлөгдөхөд урьд яллагдагчаар татсан зүйл хэсгийн сонгох санкцаас нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хувьд хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж гэсэн нь гурван жил хүртэл хугацаагаар хасаж гэж хөнгөрсөн, бусад торгох, зорчих эрх хасах, хорих ялуудын хувьд яг тэнцүү хэмжээтэй ял оногдуулах заалттай байна.
Ийм учраас яллагдагч Б.Од 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 49 дугаартай прокурорын тогтоолоор зүйлчлэлийг өөрчлөлт огт ороогүй байна. Прокуророос Б.Од 2020 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 49 дугаартай прокурорын тогтоолоор зүйлчлэлд өөрчлөлт оруулсныг мөн өдөрт нь буюу 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 17 цаг 18 минутад аймгийн Цагдаагийн газрын мэдүүлэг авах дугаартай өрөөнд Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Ц.М танилцуулан мэдүүлэг авч гарын үсэг зуруулсан нь хавтаст хэрэгт /хх-н 25-26/ байгааг яллагдагчаар мэдүүлэг авсан гэж үзэхгүй байгаа маш ойлгомжгүй байна.
Учир нь яллагдагч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, 7.4 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй гэж заасан байдаг учраас мөрдөгчөөс яллагдагчийн дээрх эрхүүдийг хангаж, мөн дээрх 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт яллагдагчийг өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хориглоно гэсний дагуу мөрдөгч хийвэл зохих ажиллагааг бүрэн хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Дээрхээс дүгнэхэд шүүгч эрүүгийн хэргийн яллагдагчийн өмгөөлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэх явцад өмгөөлөгчийн амаар нэмж гаргасан хэргийг прокурорт буцаалгаж хугацаа хожих гэсэн явцуу хүсэлтийг ямар ч нотлох баримтад тулгуурлалгүй, өнгөц байдлаар үнэлж, яллагдагчийн эрхийг зөрчсөн мэтээр ойлгож үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.
Мөн үүнээс гадна шүүгчийн захирамжид эрүүгийн хэргийн дугаарт “0” цифрийг илүү бичсэн, урьд хэргийг прокурорт буцааж байсан 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ШЗ/741 дугаартай захирамжийн дугаарыг удаах захирамждаа буруу тусгасан, яллагдагч гэх нэр томьёог “яллагдагч” гэж бичсэн зэргийг зайлшгүй дурдаж алдааг засах шаардлагатай байна
Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 61 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор С.Б дүгнэлтдээ: “...Эсэргүүцлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх прокурор С.Б-н эсэргүүцлийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл яллагдагч Б.О, Б.А нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий болжээ.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, яллагдагч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 22А дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр явуулсан урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч Б.О нь “ ...яллах дүгнэлт гардаж аваагүй ...” гэсэн тайлбар гаргасан байх ба шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 741 дугаартай захирамжаар хэргийг Прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Ийнхүү шийдвэрлэхдээ шүүхийн шатанд яллах дүгнэлт гардуулах, өмгөөлөгчийн “... хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн атлаа яллагдагчаар дахин мэдүүлэг аваагүй...” гэсэн хүсэлтийг хүлээн авч, дээрх ажиллагааг хийж гүйцэтгүүлэхээр хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Орхон аймгийн Прокурорын газарт хүргүүлсэн боловч прокурор шүүгчийн захирамжид заасан дээрх ажиллагааг хийж гүйцэтгэлгүйгээр хэргийг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр анхан шатны шүүхэд буцаан хүргүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, яллагдагч Б.О-н өмгөөлөгч С.Б-н гаргасан хүсэлтийг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, шүүгчийн 61 дугаартай захирамжаар “... өмнөх захирамжид заасан ажиллагааг гүйцэтгээгүй ...” гэсэн үндэслэлээр хэргийг дахин Прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.
Тодруулбал: Прокурор, яллагдагч, тэдгээрийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 741 дугаартай захирамжид хуульд заасан хугацааны дотор гомдол, эсэргүүцэл бичээгүй байх бөгөөд дээрх захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1.1-д заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон прокурор С.Б “... яллагдагчаас дахин мэдүүлэг авах шаардлагагүй гэж үзээд хэргийг шүүхэд шилжүүлсэн ... ” гэсэн тайлбар гаргаж байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй.
Мөн хавтаст хэрэгт яллагдагч Б.О яллах дүгнэлт гардаж авахаас татгалзсан талаар прокурор тэмдэглэл үйлдсэн /5 дугаар хх 41/ боловч 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр яллах дүгнэлт гардуулсан баримт /5 дугаар хх 36/-нд яллагдагч Б.О-н гарын үсэг зурагдсан нь ойлгомжгүй байна.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шүүгчийн 741 дугаартай захирамжийн дагуу прокурор 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хэргийг хүлээн авснаас хойш яллагдагч Б.Од яллах дүгнэлт гардуулсан гэх боловч энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй, яллагдагчид хэн, хэдийд яллах дүгнэлт гардуулсан нь тодорхойгүй байна.
Түүнээс гадна прокурор “... мөрдөгч ял өөрчилж сонсгосны дараа яллагдагч Б.О-с мэдүүлэг авсан...” гэсэн эсэргүүцэл гаргаж, тайлбарлаж байх боловч яллагдагч Б.О нь “...өмгөөлөгчтэйгөө мэдүүлэг өгнө” гэсэн байх ба энэ нь түүнийг мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Үүнээс гадна прокуророос яллагдагчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар ял сонсгосныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар өөрчилж ял сонсгосон нь хэдийгээр тухайн зүйл, хэсэгт заасан үндсэн ялуудын хэмжээ ижил, нэмэгдэл ялын хэмжээ хөнгөрч байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 2-т заасан ... хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн бол яллагдагчаас дахин мэдүүлэг авна ... гэснийг хэрэгжүүлэхгүй байх үндэслэл биш юм.
Учир нь хэргийн зүйлчлэл хүндэрнэ гэдэг нь тухайн хэргийн зүйл, хэсэгт заасан ялын хэмжээнээс гадна тухайн хуулийн зүйл заалт хүндэрч байгаа талаарх яллагдагчийн субъектив ойлголт юм.
Харин ял өөрчлөн сонсгоход урьд сонсгосон ялаас сүүлд сонсгосон ялын зүйлчлэл хөнгөрч байгаа тохиолдолд яллагдагчаас өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгнө гэж амаар болон бичгээр хүсэлт гаргасан тохиолдолд түүний эрхийг хязгаарлах боломжгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын ... өмгөөлөгчийн амаар нэмж гаргасан хэргийг прокурорт буцаалгаж хугацаа хожих гэсэн явцуу хүсэлтийг ямар ч нотлох баримтад тулгуурлалгүй, өнгөц байдлаар үнэлж, яллагдагчийн эрхийг зөрчсөн мэтээр ойлгож үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэхээр байна ... гэсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Прокурорын эсэргүүцэлд дурдсан “шүүгчийн захирамжид хэргийн дугаар, захирамжийн дугаар болон яллагдагч гэдгийг буруу бичсэн: гэх хэсгийн тухайд дээрх алдаа нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ноцтой зөрчилд хамаарахгүй боловч анхан шатны шүүх дээрх зөрчлийг дахин гаргахгүй байх талаар цаашид анхаарвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 61 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ШҮҮГЧ М.ХҮРЭЛБААТАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР