| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2022/01215/И |
| Дугаар | 101/ШШ2022/02774 |
| Огноо | 2022-06-15 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 101/ШШ2022/02774
2022 06 15 101/ШШ2022/02774
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, шүүгчид З.Баярмаа, Б.Цолмонгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ххххххххххххххх тоотод оршин суух, Монхоогийн Гийн /РД: ххххххххххххххххххх/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: хххххххххххх тоотод оршин суух, Ц-н Т /РД: хххххххххххх/,
Хариуцагч: ххххххххххххх тоотод оршин суух, Д-н Б /РД: хххххххххххххххххх/,
Хариуцагч: ххххххххххххххххххххх тоотод оршин суух, Ц-н М /РД: хххххххххххх/ нарт холбогдох
2,950,350 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
М.Г миний бие 2020 оны 08 сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Элизабет хотхоны гадаа Ц.Т, Д.Б, Ц.М нарт зодуулан эрүүл мэнддээ гэмтэл авч улмаар хагалгаа хийлгэн эмчлүүлэхэд 4,450,350 төгрөгийн шууд зардал гаргасан.
Ц.Т, Д.Б, Ц.М нарт зодуулсан асуудлыг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэс 2006035232783 тоот хавтаст хэрэг нээн шалгах явцад Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдан гарч энэхүү хуулийн дагуу яллагдагч Ц.Т, Д.Б, Ц.М нар Баянзүрх дүүргийн прокурорын газарт өөрсдийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч М.Г надад эмчилгээний зардал нөхөн төлөхөө илэрхийлэн өөрсдөдөө холбогдох хэргийг Өршөөлийн үзүүлэх тухай хуульд хамруулах хүсэлт гаргасан.
Үүнийг Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор хүлээн авч 2021 оны 07 сарын 23-ны өдрийн 85 дугаар бүхий хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор Ц.Т, Д.Б, Ц.М нарт холбогдох Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.
Уг прокурорын тогтоол гарсны дараахан хариуцагч Д.Б надад 1,500,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 2,950,350 төгрөгийг одоог болтол төлөөгүй.
Иймд үлдэгдэл төлбөр 2,950,350 төгрөгийг хариуцагч Ц.Т, Д.Б, Ц.М нараас нэхэмжлэн нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Д.Б өөрт ногдох төлбөрөө төлсөн гэв.
Хариуцагч Ц.М шүүхэд гаргасан тайлбарууддаа:
Ц.М миний бие Зэвсэгт хүчний 336 дугаар ангид хугацаат цэргийн албх хааж байгаа. 2020 оны 08 сарын 10-ны өдөр иргэн М.Гт гар хүрч бэртэл учруулсан нь үнэн. 2,950,000 төгрөгөөс өөрт ногдох мөнгөн дүнг өгөхөд татгалзах зүйлгүй. Хохирогчийн эмчилгээний төлбөр 1,500,000 төгрөгийг цэргийн албанаас халагдаад төлнө. 2022 оны 10 сарын 20-ны өдөр гэжээ.
Шүүх хуралдаан оролцсон иргэдийн төлөөлөгч Р.Лхагвадорж шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Холбогдогч Ц.Т нар нь Баянзүрх дүүргийн проокурорын газрын прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгох үйл явцад нэхэмжлэгч М.Гт учруулсан гэм буруугаа хүлээсэн, мөн эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байгаа тул Ц.Т нараас нэхэмжлэгч М.Гийн нэхэмжилж буй 2,950,350 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэж байна гэв.
Нэхэмжлэгч М.Г нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Бат-Эрдэнийн 2021 оны 07 сарын 23-ны өдрийн 85 дугаар бүхий Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол зэрэг нотлох баримтыг ирүүлсэн байна.
Хариуцагч Ц.М нэхэмжлэлийн шаардлагын өөрт ногдох хэсгийг төлөх тухай тайлбарыг шүүхэд ирүүлсэн ба хариуцагч Ц.Т, Д.Б нар нь нэхэмжлэлийн хувийг 2022 оны 02 сарын 21-ний өдөр гардан авсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй болно.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Г нь хариуцагч Ц.Т, Д.Б, Ц.М нарт холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 2,950,350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч М.Г нь 2020 оны 08 сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Элизабет хотхоны гадаа хариуцагч Ц.Т, Д.Б, Ц.М нарт зодуулан гэмтэл авч эмчлүүлэхэд 4,450,350 төгрөгийн зардал гарсан хэмээн тайлбарлан уг мөнгийг нэхэмжилж байна.
М.Г нь 2020 оны 08 сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Элизабет хотхоны гадаа Ц.Т, Д.Б, Ц.М нарт зодуулсан гомдолд эрүүгийн 2006035232783 дугаартай хэрэг үүсгэн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Цолмонхүү Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ.
Дээрх хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Бат-Эрдэнэ хянажээ.
Ингээд тэрээр Ц.Т, Д.Б, Ц.М нар нь бүлэглэн 2020 оны 08 сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Элизабет хотхонд иргэн М.Гийг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, дух, дээд уруулын дотор салстад язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч М.Гийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний шинжээчийн 2020 оны 09 сарын 29-ний өдрийн 1142 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогдож тогтоогдсон байна.
Яллагдагч Ц.Т, Д.Б, Ц.М нар нь тус прокурорын газарт хандаж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид төлөх эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа тул прокурорын хяналтын шатанд надад холбогдох хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоосон, яллагдагч Ц.Т, Д.Б, Ц.М нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмэт үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчид төлөх эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж, Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр гаргасан, 2021 оны 07 сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалт, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан үндэслэл тогтоогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэжээ.
Ингээд тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Бат-Эрдэнэ нь 2021 оны 07 сарын 23-ны өдрийн 85 дугаар бүхий Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор:
2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан Цолмонгийн Т, Доржжүгдэрийн Б, Цэндсүрэнгийн М нарт холбогдох 2006035232783 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 07 сарын 02-ны өдөр батлагдсан Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон,
Уг шийдвэрийг оролцогч нар эс зөвшөөрвөл зохих шатных нь прокурорь гомдол гаргах эрхтэй хэмээн шийдвэрлэсэн бөгөөд уг тогтоол хүчин төгөлдөр болжээ.
/ХХ-ийн 4-5 дугаар тал/
Хариуцагч Ц.Т, Д.Б, Ц.М нар нь 2020 оны 08 сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Элизабет хотхонд нэхэмжлэгч М.Гийг зодон түүний биед гэмтэл учруулсан болохоо хүлээн зөвшөөрч, хохирогч буюу нэхэмжлэгч М.Гт эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлэн, Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр гаргасан тул тэдэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу үүсгэсэн эрүүгийн хэргийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь дээр дурдсан үйл баримтуудаар тогтоогдлоо.
Хариуцагч Ц.Т, Д.Б, Ц.М нарт 2020 оны 08 сарын 10-ны өдөр зодуулсаны улмаас гэмтэл авч эмчлүүлэхэд нийт 4,450,350 төгрөгийн зардал гаргасан гэж нэхэмжлэгч М.Г нэхэмжилснийг хариуцагч нар эсэргүүцэн тайлбар гаргаагүй байна.
Ийнхүү 2021 оны 07 сарын 23-ны өдрийн 85 дугаар бүхий Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор Ц.Т, Д.Б, Ц.М нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосны дараагаар хариуцагч Д.Б нь 1,500,000 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгч М.Гийн тайлбараар тогтоогдлоо.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй,
505 дугаар зүйлийн 505.1-т Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заажээ.
Хариуцагч Ц.Т, Д.Б, Ц.М нарын үйлдлийн улмаас нэхэмжлэгч М.Гийн эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, дух, дээд уруулын дотор салстад язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирч тэрээр уг гэмтлийг эмчлүүлэхэд 4,450,350 төгрөгийг зарцуулан, хариуцагч Д.Б өөрт ногдох тодорхой хэмжээний төлбөрийг төлсөн нь тогтоогдсон бөгөөд үлдэх 2,950,350 төгрөгийг хариуцагч Ц.Т, Ц.М нар төлөх үүрэгтэй.
Хариуцагч Ц.М нь эмчилгээний зардлын үлдэх төлбөр 2,950,350 төгрөгөөс өөрт ногдох хэсэг буюу 1,500,000 төгрөгийг төлнө хэмээн тайлбараа ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Р.Лхагвадорж нь хариуцагч Ц.Т нар нь Баянзүрх дүүргийн прокурорын газрын тогтоолоор нэхэмжлэгч М.Гт учруулсан гэм буруугаа хүлээсэн, эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул Ц.Тнараас нэхэмжлэгч М.Гийн нэхэмжилж буй 2,950,350 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлт гаргасныг хүлээн авах үндэслэлтэй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т заасныг баримтлан хариуцагч Ц.Тгээс 1,475,175 төгрөг, хариуцагч Ц.Мээс 1,475,175 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.Гт олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй.
Хариуцагч Ц.Тд нэхэмжлэлийн хувийг 2022 оны 02 сарын 21-ний өдөр гардуулсан боловч тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцон хэргийг шийдвэрлэсэн болно.
/ХХ-ийн 9-10, 12-14 дүгээр тал/
Нэхэмжлэгч М.Гт хариуцагч Д.Б нь 1,500,000 төгрөгийг төлсөн талаар нэхэмжлэгч М.Г шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч Д.Б нь нэхэмжлэгч М.Гт 1,500,000 төгрөг төлсөн болохыг баталж, хариуцагч Д.Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Хариуцагч Ц.Т, Д.Б нар нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд хүрэлцэн ирэх боломжгүй байсан тохиолдолд энэ талаараа шүүхэд мэдэгдээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч М.Гийн хүсэлтийг үндэслэн хариуцагч Ц.Т, Д.Б нарын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т заасныг баримтлан хариуцагч Ц.Тгээс 1,475,175 төгрөг, хариуцагч Ц.Мээс 1,475,175 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.Гт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч М.Гийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 62,156 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Т, Ц.М нараас тус бүр 31,078 төгрөг нэхэмжлэгч М.Гт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН
ШҮҮГЧИД З.БАЯРМАА
ШҮҮГЧИД Б.ЦОЛМОНГЭРЭЛ