Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/142

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Г,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ц,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Д,

Шүүгдэгч: Б.Ж- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Цэвээнгэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Б-гийн Ж-д холбогдох эрүүгийн 25350004500.. дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ...................-нд Увс аймгийн ............. суманд төрсөн, ... настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ............... хамт амьдардаг, Увс аймгийн ............. сумын ... дүгээр багийн ...... тоотод оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар, 10 хоног баривчлах ялаар, мөн шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан Т овогт Б-гийн Ж- (регистрийн дугаар:............);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ж- нь 2024 оны 9 дүгээр сарын 09-нд Увс аймгийн ............. сумын 2 дугаар багийн нутагт “.........” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар 1.468 метр куб нойтон шинэс модыг цахилгаан хөрөө ашиглан бэлтгэж, иргэн Г.Р-ийн эзэмшлийн ............. улсын дугаартай Бонго Пронтер загварын авто машинаар тээвэрлэж, ойн санд 1,506,738 (нэг сая таван зуун зургаан мянга долоон зуун гучин найман) төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, дүгнэлтийн агуулга:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт:Шүүгдэгч Б.Ж-ыг 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Увс аймгийн ............. сумын 02 дугаар багийн нутаг “.........” гэх ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 1,468 метр куб нойтон шинэс модыг цахилгаан хөрөө ашиглан бэлтгэж, ............. Улсын дугаартай Бонго пронтер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 1,506,738 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч нь экологи эдийн засгийн үнэлгээ мөн байгаль орчин уур амьсгалын санд учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрээр гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэж байна.

Прокурорын байгууллагын зүгээс хялбаршуулсан журмаар эрх бүхий албан тушаалтны шийдвэрлэсэн гомдол мэдээллийг шалгалт судалгааны хүрээнд татаж хянадаг. Энэ хяналтын чиглэлээрээ прокурорын байгууллага татаж хянаж тухайн улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичиж шат шатны процесс ажиллагааны дагуу ажиллагаа хийгдсэн. Тухайн ажиллагааг явуулж байх явцад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан зөрчил нэгэнт гэмт хэргийн шинжтэй нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн шинжтэй нь тогтоогдсон учраас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн гэмт хэргийг шуурхай ......... илрүүлэх, цагдаагийн байгууллагад прокурорын байгууллагаас албан бичгээр хүргүүлж шүүгдэгчийн үйлдлийг шалгуулсан. Шинжээчийн дүгнэлттэй шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч танилцаж санал хүсэлтгүй талаараа дурдсан байдаг.  Захиргааны хэргийн шүүхээр зөрчил шийдвэрлэгдэж 2025 оны 4 дүгээр сарын 23-ний өдөр гардуулж оролцогч нар давж заалдах журмаар гомдол гаргаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зорилтод нийцүүлэн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн дагуу шалгагдаж гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэж яллагчаар татах нь хууль ёсны асуудал байгаа” гэх дүгнэлтийг,

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний үйлчлүүлэгч зөрчил шалган шийдвэрлэх хугацаанд ч мод бэлтгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч торгуулж торгуулиа төлсөн. Тухайн хүнд ял шийтгэл оногдуулж байгаа төрийн үйл ажиллагаа хууль ёсны байх ёстой. Монгол улсын Үндсэн хуульд хэнийг ч хууль бусаар эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглосон байдаг. 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр мод бэлтгээд баригдсан. Тухайн зөрчилд эрх бүхий ажилтан тушаалтан арга хэмжээ авсан. Прокурорын үүрэг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны дагуу болж байна уу үгүй юу гэдэгт хяналт тавьж байх ёстой. Тухайн үед хяналт тавиагүй өнгөрчихсөн, 3 сарын дараа хянасан. Хянасны дараа гомдол мэдээллийг Увс аймгийн Цагдаагийн газарт явуулсан нь хууль зөрчсөн үйл ажиллагаа байгаа. Захиргааны хэргийн шүүхээр явж шийтгэлийг хүчингүй болгуулж үүний дараа гомдол мэдээллийг оруулж дараачийн ажиллагаануудыг хийх ёстой байсан. 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 124/ШШ2025/0016 дугаартай шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Б.Ж-д гардуулсан. Увс аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар прокурор, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй. Гэтэл Захиргааны хэргийн шүүхээс тусгайлан 4 дүгээр сарын 23-ны өдөр 61 тоот албан бичгийг хүргүүлэхдээ тогтоол хүчин төгөлдөр болоогүй гээд байхад эрүүгийн хэрэг үүсгэсэн нь өөрт холбогдсон захиргааны хэргийн асуудлыг шүүхийн гурван шатаар буюу Улсын дээд шүүх хүртэл явж шударга шүүхээр шүүлгэх эрхэнд нь халдаж байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр биш, давж заалдах болон хяналтын шатны шүүхээр гомдол гаргах бүрэн боломжтой байсан боловч хууль бусаар прокурорын байгууллага хязгаарлаж эрүүгийн хэрэг үүсгэсэн тул эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол хуульд нийцэхгүй байна гэж харж байгаа. Хавтаст хэрэгт хэрэглээний мод байсан гэж дүгнэсэн шинжээчийн дүгнэлтийг М.Д- гэх хүн гаргасан. М.Д- ажилласан жил, мэдлэг туршлага, эрхэлж буй ажлын хувьд н.Р-гаас доогуур албан тушаалтан буюу сум дундын ойн ангийн эрхлэгч. Эрх бүхий ажилтан буюу н.Р- энэ асуудлыг болохгүй гээд шийдчихсэн тохиолдолд тухайн дүгнэлтийг н.Р-гаас дээд шатны хүн гаргавал зөв байгаа юм. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан шаардлагад дүгнэлт гаргах чадамжтай юм уу, чадамжгүй юм уу гэдгийг нотлох, хийсэн бичиг баримт нь хуулийн шаардлагыг хангахгүй байна. Шинжээчийн дүгнэлт шинжлэх ухааны үндэслэлтэй эргэлзээгүй байх ёстой. Миний шинжлэн судалсан шинжээчийн дүгнэлтэд модны нарийн үзүүр 10 сантиметр байгаа учраас хэрэглээний мод байна гэж дүгнэсэн. Энэ хэрэгт анхнаасаа гомдол мэдээллийг хүлээж авснаас эхлэн бүх ажиллагаанууд хууль зөрчсөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хууль ёсны зарчмыг зөрчсөн нотлох баримтууд болсон. Иймд эдгээр нотлох баримтыг үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байдал үүссэн учраас хэргийг хэрэгсэхгүй болгоё гэж хэлээд байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд зааснаар шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлд зааснаар Зөрчил шалган шийдвэрлэх хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ гэж зохицуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулинд байхгүй заалтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас авч хэрэглэдэг. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд хэдийгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах хориглосон заалтууд байхгүй боловч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийг урьд шийдсэн, хэрэгсэхгүй болгосон тогтоол магадлал хүчинтэй байгаа гэж тодорхой заасан. Иймд миний бие энэ хэргийн материалаар ял оногдуулах боломжгүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна.

Анхны гаргасан шийдвэр нь хүчинтэй байхад эрүүгийн хэрэг үүсгэсэн. 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр шүүх хурал болж 4 дүгээр сарын 21-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаа татсан. 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр шүүхийн шийдвэрийг гардуулсан. Давж заалдах эрхийг өөрсдөө эдлээгүй биш прокурор хүчээр хаасан өөрөөр хэлбэл Монгол Улсын шүүхээс дээгүүр гарсан шийдвэр гаргасан. М.Д-гийн дүгнэлт гараагүй бол эрүүгийн хэрэг үүсгэж чадахгүй. Өнөөдөр хэрэгт авагдсан энэ нотлох баримт, өнөөдрийн хэлэлцэгдсэн асуудлуудаар хэд хэдэн алдаа байна. Нэгдүгээрт өмнө авсан шийтгэвэр хүчин төгөлдөр байхад хэрэг бүртгэлтийн хэрэг нээж ажиллагаа хийсэн. Хоёрдугаарт  Захиргааны хэргийн шүүхийн гурван шатаар явах эрхийг хааж эрүүгийн хэрэг үүсгэж шилжүүлсэн. Гуравдугаарт хэрэг үүсгэхэд гол үндэслэл болсон хэрэглээний мод гэдэг дүгнэлтийг гаргаж байгаа М.Д-гийн дүгнэлт шүүхийн шинжилгээний тухай хуулийн 12-т заасан шаардлагыг хангахгүй байгаа гэж үзэж байна. Иймд миний үйлчлүүлэгч хэдийгээр 30 ширхэг модыг ойгоос бэлтгэсэн нь үнэн боловч эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэл байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

3. Шүүгдэгч Б.Ж- нь шүүхийн хэлэлцүүлэгт санал, хүсэлт гаргаагүй болно.

Эрүүгийн 2535000450099 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч хэргээс:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал);

2. Увс аймгийн прокурорын газраас Увс аймгийн Цагдаагийн газарт гэмт хэргийн шинжтэй үйлдэл шалгуулах тухай албан бичиг (хавтаст хэргийн 5 дахь тал);

3. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 15-18 дахь тал);

4. Мөрдөгчийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  (хавтаст хэргийн 19-22 дахь тал);

5. Мөрдөгчийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 23-26 дахь тал);

 6. Мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжилсэн тухай тогтоол, тэмдэглэл, 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 27-32 дахь тал);

7. Увс аймгийн Байгаль орчны газраас Увс аймгийн Цагдаагийн газарт хүргүүлсэн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 72 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 35 дахь тал);

8. Мод бэлтгэх 24066261 дугаартай эрхийн бичиг, мод модон материалын гарал үүслийн гэрчилгээ (хавтаст хэргийн 55-56 дахь тал);

9. Увс аймгийн Автотээврийн төвийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 42 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 63 дахь тал);

10. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 73-77 дахь тал),

 11. Гэрч Г.Р-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 78-79 дэх тал;,

12. Гэрч Д.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 80-81 дэх тал);

13. Гэрч Ж.Т-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 82-83 дахь тал);

14. Гэрч Б.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 84-85 дахь тал);

15. Гэрч С.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 86-87 дахь тал);

16.  Шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 96-97 дахь тал);

17. Хөрөнгийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 39 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 105-106 дахь тал);

 18. Б.Ж-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 122-125 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч хэргээс:

1. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 1 дэх тал);

2. Хэрэг бүртгэлтийн хугацааг сунгах тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 2 дахь тал);

3. Увс аймгийн прокурорын газраас Увс аймгийн Цагдаагийн газарт гэмт хэргийн шинжтэй үйлдэл шалгуулах тухай 2024 оны 12 сарын 16-ны өдрийн 1/1711 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 5 дахь тал);

4. Мөрдөн шалгах ажиллагаа явуулах үүргийг хэд хэдэн мөрдөгчид даалгах тухай тогтоол (хавтаст хэргийн 14 дэх тал);

5. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 15-18 дахь тал);

6. Мөрдөгчийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  (хавтаст хэргийн 19-22 дахь тал);

7. Мөрдөгчийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 23-26 дахь тал);

 8. Мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжилсэн тухай тогтоол, тэмдэглэл, 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 27-32 дахь тал);

9. Мөрдөгчийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “мэдээлэл гаргуулан авах тухай” санал (хавтаст хэргийн 33 дахь тал);

10. Прокурорын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 23 дугаартай  “Мэдээлэл гаргуулан авах тухай” зөвшөөрөл (хавтаст хэргийн 34 дэх тал);

11. Увс аймгийн Цагдаагийн газраас Увс аймаг дахь Шүүхийн тамгын газарт 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүргүүлсэн 48-3/651 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 36 дахь тал);

12. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 сарын 20-ны өдрийн 124/ШЗ2025/0027 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар (хавтаст хэргийн 38-41 дэх тал);

13. Увс аймгийн Цагдаагийн газраас Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчид хүргүүлсэн 48-3/1002 дугаартай албан тоот (хавтаст хэргийн 42 дахь тал);

14.  Увс аймгийн Цагдаагийн газраас Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн 48-3/1023 дугаартай албан тоот (хавтаст хэргийн 44 дэх тал);

15. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Увс аймгийн Цагдаагийн газарт хүргүүлсэн 44 дугаартай албан тоот (хавтаст хэргийн 47 дахь тал);

16.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал (хавтаст хэргийн 111-112 дахь тал);

 17. Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 88 дахь тал);

18. Шинжээчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа (хавтаст хэргийн 89 дэх тал);

19. Шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 96-97 дахь тал);

20. Шүүхийн хэлэлцүүлэгт шинээр нотлох баримтаар гаргаж өгсөн Увс аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэр гардуулсан тэмдэглэлийн хуулбар, Б.Ж-аас Байгаль орчин, уур амьсгалын санд 2025 оны 05 дугаар сарын 26-нд 2,763,949 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-нд 1,756,265 төгрөг тус тус шилжүүлсэн Төрийн банкны гүйлгээний баримт 2 ширхэг, Ув.ЦХ-н хүү торгуулийн орлогын дансанд 2024 оны 09 дүгээр сарын 30-нд 300,000 төгрөг шилжүүлсэн Төрийн банкны баримт-1 ширхэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, үйл баримт

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг өөр хооронд харьцуулан дүгнэж, хэргийн бодит байдлыг сэргээн тогтооход:

- Шүүгдэгч Б.Ж- нь Увс аймгийн ............. сумын 2 дугаар багийн нутагт “.........” гэх түлшний зориулалтаар 3 метр куб мод бэлтгэх 24066261 дугаартай эрхийн бичиг авч, 2024 оны 9 дүгээр сарын 09-нд тухайн газраас мод бэлтгэхдээ дээрх эрхийн бичиг буюу зөвшөөрлийн баримт бичигт заасан төрөл, зориулалтаас өөр буюу 1.468 метр куб нойтон шинэс модыг цахилгаан хөрөө ашиглан бэлтгэж, иргэн Г.Р-ийн эзэмшлийн ............. улсын дугаартай Бонго Пронтер загварын авто машинаар ............. сум руу тээвэрлэж, байгаль, экологи эдийн засагт 1,506,738 (нэг сая таван зуун зургаан мянга долоон зуун гучин найман) төгрөгийн хохирол учруулсан болох нь яллах дүгнэлтэд тусгаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болох гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөгчийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжилсэн тухай тогтоол, тэмдэглэл, 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мод бэлтгэх 24066261 дугаартай эрхийн бичиг, мод модон материалын гарал үүслийн гэрчилгээ, Увс аймгийн Автотээврийн төвийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 42 дугаартай албан бичиг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н-, гэрч Г.Р-, Д.Б- нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, ойн санд учирсан экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоосон Увс аймгийн ......... сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт, хөрөнгийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 39 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Б.Ж-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудын хүрээнд нотлогдон тогтоогдсон байна.

Хууль зүйн дүгнэлт:

1. Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг нь байгаль орчин, ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглахтай холбоотой харилцаанд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6-д хуульчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл юм.

Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана” гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ авсны дагуу мод бэлтгэж тээвэрлэхээр байна.

Түүнчлэн Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлийн 4-д “Дараах тохиолдолд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ” гэж, мөн зүйлийн 35.4.1-д “гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн”, 35.4.2-д “Зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн”, 35.4.3-д “Засварласан, хуурамч, хүчингүй гэрээ, эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр заажээ.

Шүүгдэгч Б.Ж- нь 2024 оны 9 дүгээр сарын 09-нд Увс аймгийн ............. сумын 2 дугаар багийн нутагт “.........” гэх түлшний зориулалтаар 3 метр куб мод бэлтгэх 24066261 дугаартай эрхийн бичиг авч, хураамжид 70,000 төгрөг төлсөн болох нь нотлогджээ.

Гэтэл шүүгдэгч Б.Ж- нь дээрх 24066261 дугаартай мод бэлтгэх эрхийн бичигт заасан хугацаанд Увс аймгийн ............. сумын 2 дугаар багийн нутагт “.........” гэх газраас мод бэлтгэж тээвэрлэхдээ зөвшөөрлийн бичигт заасан “түлшний мод бэлтгэх” зориулалтыг зөрчиж, уг газраас 1.468 м/куб хэрэглээний нойтон шинэс мод бэлтгэж, тээвэрлэсэн нь тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Б.Ж-ын Увс аймгийн ............. сумын 2 дугаар багийн нутагт “.........” гэх газраас 3 м.куб түлшний шинэс мод бэлтгэх 24066261 дугаартай эрхийн бичгийн бичгээр 1.468 м.куб эзлэхүүнтэй хэрэглээний нойтон шинэс мод бэлтгэсэн үйлдэл нь “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч Б.Ж-ыг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухай

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооногэж тус тус хуульчилжээ.

Увс аймгийн Увс аймгийн ......... сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ж- нь ойн сангийн 1 дүгээр мужид хамрагдах, Увс аймгийн ............. сумын 2 дугаар багийн нутагт “.........” гэх нэртэй газрын ойгоос 1.468 м/куб эзлэхүүнтэй, хэрэглээний шинэс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, тээвэрлэсэн нотлогдож байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 16-ны А/176 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар нэг шоо.метр модны экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоосон байх бөгөөд ойн сангийн 1 дүгээр мужид хамаарах ойгоос бэлтгэсэн шинэс модны 1 шоо.метр куб модны экологи, эдийн засгийн үнэлгээг 570.216 төгрөг, хэрэглээний бөөрөнхий модны итгэлцүүрийг 1.8 байхаар тус тус тогтоожээ.

Шүүгдэгч Б.Ж-ын хууль бусаар бэлтгэж, тээвэрлэсэн 1.468 м.куб модны экологи эдийн засгийн үнэлгээг дээрх аргачлалаар бодоход 1.468м3х570,216х1.8=1,506,738 төгрөг буюу шүүгдэгч Б.Ж-ын ойн санд учруулсан бодит хохирол 1,506,738 (нэг сая таван зуун зургаан мянга долоон зуун гучин найм) төгрөг болох нь тогтоогдож байна. 

 Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “Ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус заасныг үндэслэн шүүхээс шүүгдэгч А.Г-ын ойн санд учруулсан бодит хохирол болох 1,506,738 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлж, хохирлын хэмжээг 4,520,214 (дөрвөн сая таван зуун хорин мянга хоёр зуун арван дөрөв) төгрөгөөр тогтоож, хэргийг шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нийцнэ гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Ж- нь ойн санд учруулсан хохирол 4,520,214 төгрөгөөс  2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 2,763,949 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,756,265 төгрөг нийт 4,520,214 (дөрвөн сая таван зуун хорин мянга хоёр зуун арван дөрөв) төгрөгийг төлж барагдуулсан нь тогтоогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Ж-аас гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Б.Ж- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Б.Ж- гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Увс аймгийн ............. сумын 2 дугаар багийн нутаг “.........” гэх ойд 30 ширхэг шинэс мод тарьж ургуулах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ гэмт хэргийн улмаас хураан авсан 1.468 метр куб нойтон шинэс модыг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ буюу 6,660,000 төгрөг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан хөрөө 1 ширхгийг тус тус улсын орлого болгох саналтай байна” гэх дүгнэлтийг,

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Д эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Миний үйлчлүүлэгч анхнаасаа хэргийн үйл баримтыг хүлээн зөвшөөсөн. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжтой гэж харж байна. Миний үйлчлүүлэгчийг урьд Зөрчлийн тухай хуульд зааснаар 300,000 төгрөгөөр торгосон ба торгууль төлөгдөж төрийн дансанд орсныг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хохирлын хувьд эдийн засгийн хохирол, машины 6,660,000 төгрөгийг төлж барагдуулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хөрөөг хураалгасан байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялын доод хэмжээ 450-5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор хуульчилсан. Урьд өөр хэргийг үйлдэж байсан боловч энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байгаагүй мөн хөнгөрүүлэх нөхцөл байх тул миний үйлчлүүлэгчийг торгох ялын доод хэмжээгээр торгож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

4. Шүүгдэгч Б.Ж- нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд санал дүгнэлт гаргаагүй болно.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Ж- нь урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар, 10 хоног баривчлах ялаар, мөн шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан бөгөөд уг ялыг  эдэлж, дуусгавар болсон байх тул Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ж-ыг урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэх үндэслэлээр хүндрүүлэн үзэх үндэслэлгүй, харин дээрх нөхцөл байдлыг шүүгдэгчийн хувийн байдалд нь хамааруулж үзэх нь зүйтэй байна. (хавтаст хэргийн 134, 137-139 дэх тал);

Шүүгдэгч Б.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 4,520,214 төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Ж- нь хувийн байдлын хувьд .... онд төрсөн, ... настай, суурь боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгө болон тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа мал тооллогын баримтын хуулбар (хавтаст хэргийн 127-133, 145-154 дэх тал) зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

-Шүүгдэгч Б.Ж-ын хувийн зан байдлын талаар гэрч Ж.Т-, Б.Г-а мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 82-86 дахь тал)-ийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх талын нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.

6. Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг тус тус баримтлан, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 4,520,214 төгрөгийг сайн дураараа төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Б.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч Б.Ж- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн дотор сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч Б.Ж- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ нь эрүүгийн хариуцлагын нэг төрөл юм.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах, мөн гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор тухайн этгээдийн хувьд ногдох хөрөнгийг албадан гаргуулах”-аар тус тус зохицуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах гэдгийг  гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ цэнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг гэм буруутай этгээдээс шууд хураан авч улсын төсөвт шилжүүлэх гэж ойлгохоор хуульд заажээ.

Түүнчлэн мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заажээ.

Шүүгдэгч Б.Ж- нь мод бэлтгэх эрхийн бичигт заагдсан нэр төрлийг зөрчиж, хууль бусаар 1.468 м.куб, хэрэглээний нойтон 30 ширхэг шинэс модыг бэлтгэж, тээвэрлэсэн нь тогтоогдсон тул уг модыг гэмт хэрэг үйлдэж, хууль бусаар олсон хөрөнгө орлого гэж үзэж, хураан авч улсын төсөвт шилжүүлнэ.

Иймд дээрх хуулийн заалтыг баримтлан шүүгдэгч Б.Ж-ыг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого буюу хууль бусаар бэлтгэсэн, 1,506,738 төгрөгийн экологи, эдийн засгийн үнэлгээ бүхий, 1.468 м.куб эзлэхүүнтэй, 30 ширхэг шинэс модыг шүүгдэгч Б.Ж-ын эзэмшлээс шууд хураан авч, улсын орлогод оруулж, мөрдөгчийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолуудыг хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Ж- нь хууль бусаар бэлтгэсэн модыг Бонго Пронтер загварын ............. улсын дугаартай авто машинаар тээвэрлэсэн нь тогтоогдсон бөгөөд уг тээврийн хэрэгсэл нь иргэн Г.Р-ийн эзэмшлийнх болох нь тогтоогдсон тул шүүгдэгч Б.Ж-аас тээврийн хэрэгслийн үнэ болох 6,660,000 (зургаан сая зургаан зуун жаран мянга) төгрөг, хууль бусаар мод бэлтгэхдээ ашигласан 50,000 (тавин мянга) төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус хурааж улсын орлогод оруулахыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Бусад асуудал:

Шүүгдэгч Б.Ж- болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн асуудлаар маргаагүй бөгөөд харин гэмт хэргийг шалгасан процессын талаар маргасан болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Б.Ж-ын Увс аймгийн ............. сумын 2 дугаар багийн нутагт “.........” гэх газраас 3 м.куб түлшний шинэс мод бэлтгэх 24066261 дугаартай эрхийн бичгийн бичгээр 1.468 м.куб эзлэхүүнтэй хэрэглээний нойтон шинэс мод бэлтгэсэн үйлдлийг анх эрх бүхий албан тушаалтан болох Байгаль орчны газрын хяналтын улсын байцаагч Б.Р-  хялбаршуулсан журмаар шалгаж, 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 0613665 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.9 дүгээр зүйлийн 5-д зааснаар 300,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн байна.

Дээрх шийтгэлийн хуудсыг Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 124/ШШ2025/0016 дугаартай шийдвэрээр хүчингүй болгожээ.

Шүүгдэгч Б.Ж-ын  үйлдсэн гэмт хэрэгт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, 5-д “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж заасан шударга ёсны зарчимд үл нийцнэ.

Иймд түүнд оногдуулсан 300,000 төгрөгөөр торгох шийтгэлийг шийтгэлийг биелүүлсэн боловч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хүчингүй болгосон байх тул уг 300,000 төгрөгийг энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас хасаж тооцон биелүүлэх нь шударга ёсны зарчимд нийцэхийг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Б-гийн Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-д 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Б.Ж- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Ж-ын хууль бусаар бэлтгэсэн 1,506,738 (нэг сая таван зуун зургаан мянга долоон зуун гучин найм) төгрөгийн үнэ бүхий 1,468 метр.куб шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан авто машины үнэ 6,660,000 (зургаан сая зургаан зуун жаран мянга) төгрөг болон 50,000 (тавин мянга) төгрөгийн үнэ бүхий моторт хөрөөг 1 ширхгийг тус тус хурааж улсын орлогод оруулахыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхлэх хүртэл мод битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                            

                                     ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.ГАНСҮХ